2024-07-24, Лхагва
18 C
Ulaanbaatar

Reuters: АНУ-ын тагнуулын газар Хятадын эрх баригчдын нэр хүндийг унагах тусгай ажиллагаа явуулсан

2019 онд Дональд Трамп Ерөнхийлөгчийн алба хашиж байх үедээ цахим ертөнцөд Хятадын эрх баригчдын нэр хүндийг унагах тусгай ажиллагаа эхлүүлэх тушаалыг АНУ-ын Тагнуулын төв газарт өгч байсан гэнэ. Энэ талаар Тагнуулын төв газрын тусгай ажиллагааны талаар мэдэж байсан, өмнө нь өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээс авсан эх сурвалжтайгаар Ройтерс мэдээлжээ.

Ройтерс агентлагийн нийтлэлд өгүүлснээр, АНУ-ын тагнуулчид Хятад дахь олон нийтийн үзэл бодлыг засгийн газрынх нь эсрэг болгохын тулд олон нийтийн сүлжээнд хуурамч хаягуудаас мэдээлэл оруулдаг байсан аж.

Нууцаар явуулах энэхүү ажиллагааг гүйцэтгэхийн тулд багахан баг бүрдүүлж, энэ багт багтсан хүмүүс Хятадын олон нийтийн сүлжээнд хуурамч хаяг нээн, Ши Жинпиний засаглалын талаар сөрөг нийтлэлүүд түгээж, үүнийгээ хилийн чанадын мэдээллийн агентлагуудад ч өгдөг байсан гэнэ. Ройтерс агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжийн өгүүлснээр, Тагнуулын төв газрын багийнхан олон нийтийн сүлжээнд “Хятадын Коммунист намын өндөр албан тушаалын гишүүд хууль бус аргаар олсон мөнгөө хилийн чанадад нуудаг” гэсэн мэдээлэл түгээхийн дээр Хятадын “Бүс ба зам” санаачилгыг “авлигад идэгдсэн, хөрөнгө үргүй зарцуулсан” гэх зэргээр шүүмжилдэг байжээ.

Ройтерс агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжууд Тагнуулын төв газрын үйл ажиллагааны талаар нарийвчлан мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Гэхдээ тэдний өгүүлснээр, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дамжуулан түгээдэг байсан мэдээллүүд нь өнөөх тагнуулчдын хуурамчаар үүсгэсэн хаягаар дамжсан мэдээллүүд байсан гэнэ.

Энэ ажиллагаа нь Хятадын эрх баригчид интернетийг хязгаарлахад илүү их хүч хөрөнгө зарцуулахаас аргагүй байдалд оруулан шахах зорилготой байсан гэж эх сурвалжууд өгүүлсэн байна.

“Тэд хий хоосон зүйлийн араас хөөцөлдөөсэй гэж бид хүссэн” хэмээн нэгэн эх сурвалж өгүүлжээ.

Энэ мэдээлэл гарсны дараа АНУ-ын Тагнуулын төв газрын төлөөлөгч Челси Робинсон БНХАУ дахь олон нийтийн үзэл бодолд нөлөөлөх хөтөлбөр байдаг талаар ямар нэг тайлар өгөхөөс татгалзсан байна. Харин Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэл хийхдээ, Америкийн Тагнуулын газрын тусгай ажиллагааны талаарх мэдээлэл нь АНУ “олон нийтийн үзэл бодол, олон нийтийн сүлжээний орон зайг олон улсад олон нийтийн үзэл бодлыг удирдах, хуурамч мэдээлэл түгээх зэвсэг болгон ашигладаг” гэдгийг дахин нэг нотлож байна хэмээн онцолжээ.

Ройтерс агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжуудын таамаглаж байгаагаар 2019 онд эхлүүлсэн Тагнуулын төв газрын ажиллагаа нь Хятадын олон улсад үзүүлэх нөлөөлөл хүчирхэгжсэний хариу байсан гэнэ.

Мөн Хятадад төдийгүй Зүүн Өмнөд Ази, Африк, Номхон далайн өмнөд хэсгийн орнуудад ч олон нийтийн санаа бодолд нөлөөлөх ажиллагааг тагнуулынхан зохион байгуулж байсныг эх сурвалжууд онцолжээ.

Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Ройтерс агентлаг Жо Байдены захиргааны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан, ийм хөтөлбөр байдаг эсэх, одоо энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа эсэх талаар асуухад тайлбар өгөхөөс мөн л татгалзсан байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img