2024-05-17, Баасан
10 C
Ulaanbaatar

Монгол гэр урлаж Европын улсуудад экспортлож буй австрали залуу

Олон жилийн өмнөх явдал санаанаас огт гардаггүй юм. Австрали найз минь уянга хийцийн монгол гэрт анх орж үзэв ээ. Гадаад хүн монгол гэрт анх ороод сониучирхаж шагшрах нь мэдээж л дээ. Гэхдээ найзад минь монгол гэр бүр ч гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм. Мань хүн тооноор тусах нарны гэрлийг догдлон харж, ширмэл ширдгийг нь ширтэн зогтусаж, хээтэй модон тавилгын ур хийцийг нүд салгахгүй ажиглан шагшингаа намрын шаагисан айрганд жаахан халж, морин хуурын аялгуунд уяран хайлан сууж билээ. Тэгээд буцахдаа, иж бүрэн тавилгатай, уянга хийцийн монгол гэр, морин хуур, ардын дуутай баахан CD худалдаж аваад явж билээ.

Найз минь жил болгон өөрийнхөө зургийг илгээнэ. Тэр зураг нь яг л нэг позтой. Фон нь ч өөрчлөгдөхгүй. Монгол гэрийн хажууд зогсох австрали эр. Тэр зураг монгол гэр, австрали эр хоёрын тухай ихийг өгүүлнэ. Эсгий, даавуугаар хийсэн гэр нар, усанд гандаж таарна. Гандаж муудах тоолонд өөд нь татаж сэвхийлгэчихдэгийг нь лав найзынхаа жил бүр илгээдэг зургаас олж хардаг.

Яг л найз шиг минь монгол гэрт дурлачихсан гадаад хүн цөөнгүй бий. Тэд монгол гэрт амьдарна. Монгол гэрийг олон төрөл зориулалтаар ашиглана. Сүүлд гэхэд л Европын нэгэн улсад монгол гэрийг цанын баазын амрах байр болгон ашигласан тухай мэдээ сошиалаар хөвөрнө лээ. За тэгээд монгол гэрийг ресторан, кофе шоп гэх мэт үйлчилгээний газар болгох ашигласан жишээг тоочвол барагдахгүй.

Скот Деррик

Монгол гэрт “дурласан” гадаад хүмүүсийн нэг бол Скот Деррик хэмээх эр. Тэр мөн л австрали хүн. Скот бага жаахнаасаа л нүүдэлчдийн амьдралын түүхэнд “хорхой”-той жаал байж. Нүүдэлчдийн амьдрах урц, майхан, оромж, орон сууцны хэв маягт “дурлачихсан” хүү өсвөр насандаа, манай цаатан урцтай тун төстэй, Америкийн уугуул иргэд индианчуудын “ Типи” хэмээн урцанд сэтгэл татагдсан гэнэ. “Типи” урцны тааз, хана байхгүй, нүүлгээд явахад амар гээд маш олон зүйлс хүүд сайхан санагдаж, сонирхон судлаж эхэлжээ.

Лавшруулан судлаж явтал монгол гэрийн тухай мэдээлэл таарч. За тэгээд хүү Төв Ази, Монголын тал нутгийн нүүдэлчин амьдралыг сониучирхан судалж эхэлж дээ. Тэр дундаа монгол гэрийн бөх бат унь, хана, тавилганых нь хээ хуар, өнгө, нарийн дүрслэл өвөрмөц гоёмсог санагдаж, нэг л мэдэхэд индианчуудын “Типи” урцаа орхиж монгол гэрт сэтгэл зүрхээ өгчээ. Тэрээр уйгагүй зүтгэсний эцэст 2015 оноос монгол гэр үйлдвэрлэж эхэлсэн юм.

Скот Деррик

Бүр хожим 2017 онд монгол гэрийг улам сайн судалж, монгол гэр хийх арга технологид суралцахаар Монголыг зорин иржээ. Мань эр “Нарантуул” худалдааны төвөөр явж загвар гэр худалдан аваад буцжээ. Монгол гэрийн хоббитой Скот Деррик өдгөө Австралийн Күйнслэнд мужийн Бичмоант хэмээх хөдөөний жижигхэн хотод эхнэртэйгээ амьдардаг. Тэрээр гар хийцийн ганган тансаг, өргөн хэрэглээний монгол гэрүүдээ, Канад, Америк, Европ, Австрали, Шинэ Зеландад, 3500-7000 ам.долларын үнээр борлуулж байна.

Аль орноос захиалж байгаагаас хамаарч гэр тус бүртээ багахан өөрчлөлт оруулна. Наад зах нь гэхэд л бороо ус ихтэй газраас захиалга ирвэл уснаас хамгаалах тал дээр нь анхаарна. Зарим хүмүүсийн хүсэлтээр гэрийн бүслүүр, өрх, өрхний оосор, бүч, тооно, хаалга, унь, хананы өнгүүдийг ялгаатай гаргадаг аж.

Тэр “Монголын баялаг бахархам түүх, тансаг сайхан өв соёл, монгол хүмүүс миний сэтгэл зүрхийг маш их татаж байгаа. Тийм учраас тун удахгүй талын Монголыг зорьж очно. Монголын баруун аймгууд, говь нутгаар аялахсан гэсэн хүсэл намайг амраахгүй байна” хэмээн ярьжээ.

Америк, Канад, Европын орнууд, Шинэ Зеландчууд монгол гэрийн хэлбэр маягаар байр барьж байхад зарим нь жинхэнэ монгол гэр барьж амьдрахыг илүүд үзэж байна. Амьдардаг сууцаа монгол гэрээр “өргөтгөсөн” европчуудын тухай сонин, хэвлэлээр цөөнгүй мэдээллэдгийг энд дурдах нь илүүц биз ээ.

Скот Деррик
Австрали, Английн нэрт дуучин, жүжигчин Натали Имбрулъя монгол гэрт. Тэрээр Лондонгийн хөл хөдөлгөөнөөс зугатаж найзуудынхаа хамт Английн хөдөө байдаг монгол гэрт амрахыг илүүд үздэг аж. Дуучин бүсгүй энэ тухайгаа сошиалд хуваалцахад олон мянган хүн гайхан сонирхон хүлээж авчээ.

Өрнийнхөн монгол гэрийг зочдын байр болгон ашиглах нь түгээмэл. Өсвөр насны хүүхдүүдээ амьдруулах зориулалтаар ашиглах нь ч бий. Жижиг кафе хийх, албан байгууллагын нэгэн хэсэг болгон тэлэх, их дээд сургуулиудад уулзалт, сургалтын зорилгоор ашиглах гээд монгол гэрийн хэрэглээ улам л өргөжиж байна.

Австралийн нийслэл Канберра хотын нэр хүндтэй газрын нэг бол “ANU” буюу Австралийн Үндэсний Их Сургууль юм. Уг сургуульд манай улсаас тус улсад суугаа Монголын элчин сайдаар дамжуулан 2013 онд гэр бэлэглэж байв.

Тэр гэрийг Монгол хэл судлалын оюутнуудын сургалтад ашиглаж байгаа аж. Монголын түүх, соёлыг мэдрүүлэхэд чухал хэрэглэгдэхүүн болж буй талаар тус сургуулийнхан онцолж байна. Монгол судлалд хувь нэмрээд оруулж яваа тэр гэрт богино хэмжээний сургалт, уулзалт, соёл урлагийн үйл ажиллагаа зохион байгуулдаг гэнэ.

Скот Деррик

Ийм үйл ажиллагаа зохион байгуулахад их бодитой, сонирхолтой сайхан болдог хэмээн Австралийн Үндэсний их сургуулийн нэгэн багш онцолж байж. Тэрээр “Гэрийн тухай уншиж судлах, бүтэц, зохион байгуулалтыг нь өөрийн нүдээр харж ойлгох, элдсэн сур, эсрэг тэсрэг эрчилсэн дээс уяа, гэрийн бүслүүр, олом, дээс, оосор хошлон, тулга зуухаас эхлэн олон зүйлсийг ойлгож мэдэх боломжийг манай сургуульд бэлгэнд ирсэн монгол гэрээс бид авч байна” хэмээн ярьжээ.

Скот Деррик
Грант Кристан гэр бүлтэйгээ.

Монгол гэрт сургалт хичээлд суусан оюутнууд “Монголын уламжлалт зан, ахуй соёл нь гэрийнхээ дугуй ханыг даган эзнээ хүрээлэн тойрч байдгаараа онцлогтой” гэсэн сэтгэгдлийг олонтоо хэлсэн байдаг юм билээ.

Грант Кристан хэмээх бас нэгэн австрали эр сүүлийн 30 орчим жилийн туршид эхнэр хоёр хүүхдийнхээ хамт 2000 км аялахдаа дан монгол гэрт амьдарчээ. Тэд Америкт амьдарч байгаад нутагтаа ирж газар худалдаж авсан аж. Тэр газар руугаа гэрээ ачуулаад гурван сар гаруй хүлээж байж авсан гэдэг. Тэд Австралийн байгалийн нөхцөл байдлаас шалтгаалж монгол гэрийнхээ зарим хэсгийг өөрчилжээ.

Тооноо гэр дотроосоо нээж хаах, эсгий туурга ялзраад болохгүй байсан тул NASA-гийн тусгайлан хөгжүүлсэн дулаалгаар давхарласан байна. Гранд Кристаны эхнэр Эмма “Монгол гэрийн хамгийн гоё нь шөнийн тэнгэрт одод гялалзахыг ширтэж хэвтэх. Өдрийн цагт бол толгой дээгүүр үүлс чимээгүй нүүхийг харна. Энэ чинь амьдралын бас нэгэн жаргал шүү дээ” хэмээн сэтгэл хөдлөн ярьжээ.

Грант Кристан

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img