2024-07-26, Баасан
14 C
Ulaanbaatar

Путин 87 хувийн саналаар ялж, дээд амжилт тогтоолоо

Гуравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Энэ сонгуульд гол нэр дэвшигч нь урьдын адил Владимир Путин байсан бөгөөд түүнтэй өрсөлдсөн гурван нэр дэвшигчийг саналын хуудсанд ёс төдий багтаасан гэхэд болно.

Анхнаасаа л ялагч нь тодорхой байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн гуравдугаар сарын 18-ны үдэш гарсан байна. Саналын хуудсыг 100 хувь тоолж дуусахад өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путин 87 хувийн санал авч ялалт байгуулжээ.

Сонгуулийн ирц 77,4 хувьтай байсан бөгөөд энэ удаагийн сонгууль ялагчийн авсан саналын хувь болон ирцээрээ орчин үеийн Оросын түүхэнд дээд амжилт тогтоож байна. Түүгээр ч зогсохгүй Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко сонгуульд авч байсан саналаас ч илүү хувийн санал Путин авснаар сонгуулиар 90 гаруй хувийн санал авч ялалт байгуулдаг Төв Азийн дарангуйлагчдын дээд амжилт руу дөхөж очлоо гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Путиныг ийм өндөр саналтайгаар ялуулах стратегийг Ерөнхийлөгчийн захиргаа аль эртнээс л боловсруулсан байв. Оросын хараат бус хэвлэл болох “Медуза” агентлагийн мэдээлснээр, бүс нутгийн захиргаа сонгуулийн ирцийг 70-аас дээш хувь, харин Путинд өгөх саналын тоог 80-аас дээш байлгах үүрэг авчээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд төрийн албан хаагчид болон төртэй ойр компаниудын ажилтнуудыг дайчлахаар төлөвлөсөн байж.

“Путинд захидал илгээхгүй”

Оростой ойр харилцаатай байдаг орнууд Путинд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, мэндчилгээ илгээсэн бол барууны орнууд энэ сонгуулийг төдийлөн таашаахгүй байна.
Тухайлбал, Герман Оросын Ерөнхийлөгчийн сонгуулийг “цензур, хавчлага, хүчирхийлэл дээр тулгуурласан авторитар удирдагчийн үеийн хуурамч сонгууль” хэмээн нэрлэсэн гэж ВВС мэдээлжээ.

Мөн Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Путинд баяр хүргэхгүй, “Путинд захидал илгээхгүй” гэсэн байр суурьтай байгааг хэвлэлийн нарийн бичгийн дарга нь мэдэгдсэн байна.

Францын Гадаад хэргийн яам энэ сонгуулийг олон улсын ажиглалтгүй болж өнгөрсөн хэмээсэн бол Польшийн Гадаад хэргийн яам мэдэгдэл хийхдээ “Орост болсон ерөнхийлөгчийн сонгуулийг хууль ёсны, чөлөөт, шударга сонгууль гэж тооцож болохгүй. Санал хураалт хүн амын эсрэг хэрцгий хавчлагын нөхцөлд болсон бөгөөд ингэснээр чөлөөт ардчилсан сонголт хийх боломжгүй болсон” хэмээн онцолжээ.

Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон ч мөн шүүмжлэлтэй хандсан байна.
“Путин улс төрийн өрсөлдөгчдөө устгаж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянаж, дараа нь өөрийгөө ялагчаар зарлаж байна. Энэ бол ардчилал биш” хэмээн Дэвид Кэмерон онцолжээ.

Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “Оросын дарангуйлагч ээлжит сонгууль явуулж байгаа мэт дүр эсгэж байна. Энэ хүн эрх мэдлээр өвчилсөн, насан туршдаа эрх барихын тулд бүхнийг хийдэг гэдгийг дэлхий даяараа мэднэ” хэмээн мэдэгджээ.

Харин ОХУ-тай ойр харилцаатай байдаг орнууд Владимир Путиныг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн байна.

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, БНХАУ-ын дарга Ши Жинпинь, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиеев, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Боливийн Ерөнхийлөгч Луис Арсе, Никарагуагийн Ерөнхийлөгч Даниэль Ортега, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, Мьянмарын Ерөнхий сайд Мин Аун Хлаин, Гондурасын Ерөнхийлөгч Сиомара Кастро, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси, Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррилья нар Путинд баяр хүргэн мэндчилгээ хүргэжээ.

Хятадын дарга Ши Жинпинь Путин руу утасдаж баяр хүргэхдээ Путины удирдлага дор “Орос улс үндэсний хөгжилд илүү их амжилтад хүрнэ” хэмээн онцолсон гэнэ.

Энд дуулгахад, Путин эрх мэдлээ баталгаажуулах хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2021 онд баталсан юм. Тодруулбал, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийгөө дахин хоёр удаа сонгогдох хуульд 2021 оны дөрөвдүгээр сарын тавны өдөр гарын үсэг зурсан. Энэ хуулийг мөн л Путин санал болгосон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу баталсан юм.

“ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай” Холбооны хуулийн 19-д зааснаар хоёр удаа улиран сонгогдсон эсвэл сонгууль товлох тухай албан ёсны шийдвэр нийтлэгдсэн өдөр хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа Оросын иргэн дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхгүй гэж заажээ.

Харин энэ заалт Путинд үйлчлэхгүй аж. Учир нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болох үед төрийн тэргүүний алба хашиж буй хүний ерөнхийлөгчөөр ажилласан хугацааг тооцохгүй гэж хуульд тусгасан байна. Ингээд Үндсэн хуулийн энэ нэмэлтийг баталж байлаа.

Владимир Путин 2000, 2004, 2012 болон 2018 онуудад Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Харин ийнхүү Үндсэн хуульд өөрчлөлт орсноор тэрбээр 2024 болон 2030 онуудад дахин нэр дэвших эрхтэй болж, 2024 онд ялалт байгууллаа. Өдгөө 71 настай Путин 2030 онд мэнд сэрүүн байвал дахин нэр дэвшиж, 2036 оныг дуустал Оросыг удирдах боломжтой болсон нь энэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img