2024-07-27, Бямба
15.9 C
Ulaanbaatar

Газрын тосны салбарыг нь онилсон Украины довтолгоо ОХУ-ыг тэвдүүлж байна

Сүүлийн үед Украины тал Оросын дайныг санхүүжүүлж байгаа гол салбар болох газрын тосны боловсруулах үйлдвэрүүдийг онилж, эдгээр үйлдвэр рүү дроноор цохилт өгөх болсон. Улмаар ийм цохилтын дүнд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн гуравны нэг нь хохирол амссан гэж Forbes сэтгүүл өнгөрсөн долоо хоногт мэдээлж байлаа.

Сүүлийн үеийн мэдээллээр, гуравдугаар сард Оросын томоохон газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өгсөн Украины дроны цохилт ОХУ дахь түлшний үйлдвэрлэлийн 10 орчим хувийг саатуулсан гэж Москва Таймс сонин мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар, Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн газрын тос боловсруулах анхдагч төхөөрөмжүүдийн нийт хүчин чадлын 13 хувь нь ослын зогсолттой байгаа гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Бензин болон дизель түлш үйлдвэрлэн гаргадаг газрын тосны боловсруулах үйлдвэрүүдийг л онцгойлон авч үзвэл Оросын эдийн засаг үйлдвэрлэлийн есөн хувь буюу хоногт 77,4 сая тонн боловсруулсан газрын тосны алдагдал амссан аж.

Мөн дроны цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн хуримтлагдсан ослын сул зогсолт 3,5 сая тоннд хүрсэн нь өмнөх хоёр оны нийлбэр үзүүлэлтээс 10 дахин их байгаа гэнэ. Үүний зэрэгцээ газрын тос боловсруулах төхөөрөмжийн эвдрэл гэмтэл гурав дахин нэмэгдсэн бол гуравдугаар сарын дунд үе гэхэд ослын сул зогсолтын хэмжээ төлөвлөгөөт засварын хэмжээнээс 1,4 дахин их болжээ.

Далд хохирол

“Газрын тос боловсруулах үйлдвэрийг цохилтын бай болгон сонгосон нь Оросын эрх баригчид тийм чухал аж үйлдвэрийн объектын аюулгүй байдлыг бүрэн хангаж чаддаггүй гэсэн сэтгэгдэл төрүүлэх зорилготой” хэмээн Санхүүгийн их сургууль, Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн шинжээч Станислав Митрахович Форбес сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Түүний өгүүлснээр, Украин дронуудаа тусгайлан газрын тосны үйлдвэрүүд рүү чиглээгүй, ердөө л Украины дронууд хүрч чадах зай нь үйлдвэрийн объектууд байсан гэнэ.

“Чухамхүү анхнаасаа газрын тос боловсруулах үйлдвэрийг чиглэсэн цохилт байсан гэвэл Украины хүчин чадлыг хэтрүүлсэн хэрэг болно. Украины дронууд хүрч чадах зайндаа л цохилт өгсөн. Гэхдээ Оросын дотоодын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний хомсдол бий болгох зорилго агуулсан ч байж мэдэх юм” хэмээн шинжээч өгүүлжээ.

Шинжээчийн үзэж байгаагаар, одоогоор хохирлыг тооцох хүндрэлтэй гэнэ. Томоохон үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн гэмтлээс үүдэн тодорхой хэмжээний алдагдалд орж, дотоодын зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээнд нөлөөлж мэдэх хэдий ч Орост дахин бензиний экспортын хориг зарласан тул энэ нь алдагдлыг нөхөх боломжтой гэж Станислав Митрахович үзэж байгаа аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img