2024-10-08, Мягмар
-0 C
Ulaanbaatar

Жейми Ли Кертис: Би гоо сайхны мэс засалд дургүй, өтөлнө гэдэг чинь сайхан шүү дээ

Холливудын нэрт жүжигчин, Оскарын шагналт Жейми Ли Кертис өдгөө 65 настай, гэхдээ тэр зарим хатагтай шиг дүр төрхөө залуугаар нь хадгалах гэж эцсээ хүртэл хичээгээгүй гэдгээрээ алдартай. Кертис залуу харагдах гэж хичээж байсан үе бий. Гэхдээ л байгалийн жамыг эсэргүүцэх нь ямар ч сайн зүйл авчирахгүй гэдгийг цагаа олж ойлгосон нэгэн. Тиймдээ ч одоо гоо сайхны мэс заслын аргаар залуужах сэдвийг эсэргүүцдгийн дээр гоо сайхны эмч дээр очдоггүй, зургийг нь засварлахыг ч зөвшөөрдөггүй гэнэ.

Гоо сайхны мэс заслыг эсэргүүцэгч

Кертис өмнө нь хэд хэдэн гоо сайхны мэс засалд орж байснаа нуудаггүй. Харин одоо ийм аргыг эрс эсэргүүцдэг нэгэн. Хүүхдүүддээ ч “нүүр царайгаа мэсээ бүү эвдүүл” гэж захьдаг гэнэ.

Жейми Ли Кертис

“Би ботокс тарилга хийлгэж байсан. Үрчлээ тэнийлгэхэд нэмэртэй юу гэж үү? Тийм ээ, үнэхээр нэмэртэй. Гэхдээ ийм тарилга хийлгэсний дараа таны царай амьгүй хүүхэлдэй мэт л харагдана” хэмээн Кертис Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлж байв.

Кертис гоо сайхны тарилга хийлгэж үзсэн, түүнийхээ үр дүн, нөлөөг ч мэдэрсэн нэгэн тул одоо гоо сайхны мэс заслыг эсэргүүцэж, ямар ч үнээр хамаагүй залуу нас гоо үзэсгэлэнгээ хамгаалах ёстой гэсэн олон нийтийн хандлагыг шүүмжилдэг. Ахимаг насандаа сэтгэл хангалуун байгаа тэрбээр бусдыг ч өтөл насыг талархан хүлээн авахыг уриалдаг аж.

“Залуужуулагч” гэсэн үгийг амьдралаасаа нэг мөр хасчихмаар байгаа юм. Би байгалиараа өтлөхийг дэмждэг нэгэн. Би ухаантай, давуу талтай, бие даасан хүн болж өтлөмөөр байна” хэмээн Кертис онцолж байв.

Кертис зураг засварлахад ч дургүй

Олон эмэгтэйн хувьд өөрийгөө байгаагаар нь хүлээн авахад тун хүнд байдаг. Тиймдээ ч гэрэл зургаа олон нийтийн сүлжээнд оруулахдаа ихэнх хүн зургаа засварладаг, үрчлээсийг арилгаж, нүүрний төрхийг засаж, хамраа нарийсгаж, уруулыг бомбойлгох гэх мэт. Цахим ертөнц биднийг төгс зурганд дасгасан учраас л тэр.

Харин Жейми Ли Кертис гэрэл зургаа ямар нэг программ ашиглан засварлах туйлын дургүй.

Жейми Ли Кертис

“Бид хуурамч нийгэмд амьдарч байна. Хүний дүр төрхийг өөрчилдөг гоо сайхны мэс ажилбарт би таагүй ханддаг. Одоо гэтэл технологи дээр нь нэмэгдчихлээ. Бид утсан дээрх зургаа гаргаад л шууд элээж өнгөрүүлсэн он жилүүдийнхээ ул мөрийг арилгачихаж байна. Алдартнууд байнга л ингэдэг. Тэд үнэндээ бодит байдал дээр огт өөр төрхтэй байж засварласан тэнэг зургаа байнга нийтлэдэг” хэмээн Кертис өгүүлжээ.

Тэрбээр төрөлх гоо үзэсгэлэнг дээдэлдэг. Харин олон нийт ийм гоо үзэсгэлэн байдгийг хэдийнэ мартсанд шүүмжлэлтэй ханддаг нэгэн. Тиймдээ ч олон нийтийн сүлжээндээ байнга л засваргүй зураг оруулдаг аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img