2024-07-22, Даваа
17 C
Ulaanbaatar

Нагважавын Энхжаргал: Хүн чинь осгохоо алдахаар утсандаа дэмий л бичлэг хийж эхэлдэг юм билээ

Их зохиолч Д.Нацагдоржийн болон Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэнгийн нэрэмжит “Урины шувуу” өсвөрийн уран уншлага, яруу найргийн наадам энэ сарын 16-17-нд Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Говь-Алтай аймгийн ихэнх сумдаас ирээдүйн уран үгсийн дархчууд оролцсон эл наадмыг зохион байгуулсан Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, ардын боловсролын тэргүүний ажилтан, үндэсний сурын харвааны спортын мастер, хүндийг өргөлтийн олон улсын хэмжээний мастер, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Нагважавын Энхжаргалтай уулзаж хөөрөлдлөө. Намхан биетэй шавилхан энэ эр монголчуудын хэлдгээр ёстой л “бие нь бага ч бэлчээр нь хол” хүн ажээ.

-“Урины шувуу” найргийн наадам өргөн дэлгэр сайхан боллоо-

-Та сайхан хаваржаад байна уу. Баян-Уул суманд өвөлдөө ямаршуухан байдалтай өвөлжив?

-Монгол орон даяар өнгөрч буй өвөл овоохон шалгалт шүүлэг авах шиг боллоо. Манай суманд өнгөрөгч өвлийн 11-р сарын 4-нөөс эхлэн цас орж цасан бүрхүүлтэй өвөлжсөн. Одоо цас ханзарч өмнө жилийн сайхан болсон зуны ачаар хур өвс нь гарч мал намар шиг налайн бэлчиж байна. Говийн хоёр баг маш хүнд өвөлжлөө. Цас маш олон удаа орсон. Эхний цас чинь анхандаа бороо шаагитал орж байснаа шөнө нь цас болоод хувирчихсан юм шүү дээ.

-Цас аль хэр их оров?

-Хятад мотоциклийн дугуй далдраад явах аргагүй болж байсан.

-Та өвөл осолдохоо шахсан гэв үү?

-Аймаг явах замд гэнэт нүд харанхуйлсан цасан шуурга нүдэж машинтайгаа хээрийн замд булагдсан. Машин асаалттай байхад л дотор халуунаа алдаад хүйт даагаад байдаг юм билээ.

Хүн чинь тэгээд цаг дээрээ тулахаар “Ингээд өнгөрдөг юм байжээ” гэсэн юм бодогдосхийгээд, дэмий л утсандаа бичлэг хийж байлаа. Азаар хэдэн муу хүүхдийн минь буян заяа харсан юм байлгүй дээ, өглөө нь сумын онцгой байдлынхан олж авсан даа.

Тэр үед дотор хүйт орсноос ч болдог юм уу одоо хүртэл даараад л байх юм. Энэ осголтын дааралтыг зуны халуун элсэн дээр хэвтэж байж гаргадаг гэж байгаа. Өвлийн тэр их дааралтаас ч болсон уу хөлийн хаван одоо хүртэл буухгүй юм байна шүү.

-Баян-Уул сумаа танилцуулаач. Зуд турханд хэр ширвэгдээ бол?

-Манай Говь-Алтай аймгийн Баян-Уул сум 1924 онд байгуулагдсан. Энэ жил 100 жилийн ой нь тохиож байна. Хуучнаар Засагт хан аймгийн Баатар засгийн хошуунд харьяалагдаж байжээ. Засаг захиргааны хувьд Алтан гадас, Баянговь, Баянбогд, Баянхайрхан, Хүйсийн говь, Чандмана хайрхан гэсэн зургаан багтай. Аймгийн төвөөс баруун хойд хэсэгт 146 км, Улаанбаатар хотоос 1147 км зайд байрладаг.

Н.ЭнхжаргалШарга, Жаргалан, Дарви, Хөхморьт сум, Завхан аймгийн Дөрвөлжин, Ховд аймгийн Дарви сумдтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1500-3000 м өргөгдсөн. Баян-Уул сум 3000 гаруй хүн амтай, сургуульд 558 хүүхэд сурч байгаагийн 80 нь дотуур байранд байдаг. Мал тооллогын дүнгээр 169620 тоо толгой мал тоолуулсан. Манай суманд цас хэдий их орсон ч малын зүй бус хорогдол гайгүй юм шиг байна шүү.

-Одоо та өөрийнхөө тухай яриач. Аль сургуулийг ямар мэргэжил эзэмшиж төгссөн хүн билээ?

-Хуучнаар Улсын багшийн дээд сургууль (МУБИС)-ийг Дүрслэх урлаг, шугам зураг, технологийн багш гэсэн гурван ч мэргэжлээр дүүргэсэн. Тэр үед тэнд тийм боловсон хүчин хэрэгтэй гэсэн улсын хэмжээний боловсролын мундаг концепци байж дээ гэж би боддог юм.

Биднийг урьдчилсан төгсөлт гэдгээр 1983 онд гуравдугаар курсээс төгсгөсөн. Хичээлийн хөтөлбөрөөр их шахна. Оюутнууд бид шөнийн хоёр гурван цаг хүртэл сууна. Ардын зураач, төрийн шагналт агуу зураач Одон багш бидэнд хичээл орж байлаа. Ардын зураач Гаваа бас бидэнд хичээл орно. ЗХУ-аас Виктор гэж мэргэжилтэн хичээл зааж байлаа. Нэг жил сургуульд багшлуулчихаад төгсгөж байсан. Тиймээс бид юм юмны зах зухтай хүмүүс болсон.

Манай сургуульд дугуйлан хичээллэнэ. Тэнд би Монгол Улсын бар зургийн манлай С.Жамц багшийнхаа удирдлагад хулдаасан бар зураг зурдаг байсан. Дээд сургуульд технологийн, шугам зураг, барилгын шугам зураг гээд бүгдийг судалсан. Гончигдорж, Шагдарсүрэн, Мөнхбаяр гээд Монголын толгой багш нараар хичээл заалгасандаа одоо ч баярладаг.

-Та оюутан ахуй үеэсээ хүндийг өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн гэл үү?

-Хичээлийнхээ завсраар хүндийг өргөлтийн спортоор Монгол Улсын анхны гавьяат дасгалжуулагч, Өвөрхангайн уугуул Жигмэддорж багшийн шавь болж штанг өргөж явлаа. Намайг Октябрийн баярын парадан дээр алхаж явахад анх хараад уулзсан юм.

Дэлхийн хошой аварга Зэвгийн Ойдов тэр хоёр намайг нэлээд хурцалж чангалж өгсөн. Тэгээд хүнд-хөнгөн жингийн аварга шалгаруулах тэмцээнд орлоо. Би хойтон жил нь хүрэл медаль хүртсэн.

Хүнд, хөнгөн жингийн аварга шалгаруулах гэдэг маань 48, 52, 86, 90 килограммын хамгийн доод, дээд жингийн чөлөөт бөхийг хөгжүүлэх тэмцээн юм билээ л дээ. Би уул нь улсын оюутны хоёрдугаар шигшээ буюу даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын дасгалжуулдаг клубт сарын 150 төгрөгийн цалинтай мэргэжлийн тамирчин байсан юм. Намайг багш нар минь Жаргай гэнэ.

Мөнхбат аварга бидний жинг өглөө болгон үзнэ. Тэр бол маш том ухаан байж. Эрүүл зөв амьдарч байна уу гэдгийг мэдэхээс гадна ар гэрийн байдлыг ч түүгээрээ судалдаг байж.

Н.Энхжаргал
Үндэсний сур харвааны спортын мастер Н.Энхжаргал Сутай хайрханы төрийн анхны тахилгын эхний сумыг тавьж байв.

-Ар гэрийн байдлыг яаж судална гэж?

-Жин хэтэрхий хасагдчихсан байвал “Миний хүү өчигдөр яагаад хоолоо идсэнгүй вэ” гэж асуугаад намайг шалгалт өгөх гээд зураг зураад хоол идэж амжаагүйг сонсоод МХЗЭ-ийн Төв хорооны гуанзанд оруулж хоол авч өгч байлаа.

Хамгийн гол нь тамирчиндаа баталгаатай хоол өгч байгаа нь тэр л дээ. Тэр үед хоолны газар тийм ч олон байгаагүй. Хүний сэтгэл маш жижигхэн зүйл дээр ч анзаарагддагийн жишээ энэ л дээ. Жигмэддорж багш минь Мөөеө аварга, З.Ойдов багш хоёртой уулзаад намайг хүндийг өргөлт рүү уруу татсан юм.

-Өө, та чинь багш нар булаалддаг тамирчин байж. Хүндийн өргөлтөөр хэдэн жил “үзэв”?

-1984-1991 он хүртэл арван долоон жил улсын аваргад оролцож алтан медаль гурвыг, мөнгө, хүрэл медалийг бишгүйдээ хүртсэн дээ. Хөдөө орон нутгаас улсын аваргад тасралтгүй оролцож медаль авсан хүн гэвэл Говь-Алтайн Энхжаргал, Монгол Улсын заан Тулгаа хоёр шүү дээ. Тулгаа ах үндэсний бөх, самбо, жүдо гээд бөхийн төрлийн спортуудаар их амжилт гаргасан. Олимпийн хорооноос бид хоёрт хүндэтгэл үзүүлж хүлээн авч, медаль хүртэл гардуулж байлаа.

-Та сургуулиа төгсөөд хаана хуваарилагдав?

-Дөнгөж төгсүүтээ Бигэр суманд хувааригдлаа. Агуу их яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн номоо хүртэл нэрлэж байсан Бурхан Буудай уул байдаг мөн ч сайхан нутаг шүү дээ. Аав, ээжийн маань нутаг Баян-Уул, Жаргалан, Шарга гурван сум чинь засаг захиргааны нэгжээрээ нэг сум байсан юм.

Жаргалан сумын Эвлэлийн үүрийн дарга нь манай нагац ах Чуваадорж байлаа. Улсын газарзүйн олимпиадад хэд хэдэн удаа байр эзэлж байсан хүн л дээ. Миний хүргэн ах Базаррагчаа гэж аавын минь оронд аав болсон эмч ах эд нар л ярьж байгаад Бигэрт хуваарилуулахгүй юу. Дараа нь Жаргалан сумандаа багшиллаа. Эндээс олон ч шавь төрүүлсэн дээ. Манай Говь-Алтай аймгийн барилгын чиглэлийн шавь нар олон бий. Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Магнайсүрэн гэж шавь минь байна. Багш хүний бахархал шавь нар нь байдаг.

Би гучаад жил багшлахдаа олон шавь төрүүлжээ. Гэхдээ заримдаа хичнээн мундаг хүүхдүүдийг уран зурагт уруу татаж буруу замаар явуулсан байх вий гэсэн нэг айдас байдаг. Бас намайг зориод ирэх байсан хичнээн зураач болох хүүхдүүдийг таниагүй бол гэсэн битүүхэн шаналан байна.

-Та зураачийнхаа хувьд олон үзэсгэлэн гаргаж байв уу?

-Бие даасан үзэсгэлэнгээ аль эрт наяад онд нэг гаргаж байсан. Төгсөөд хоёр жилийн дараа 1988 онд юм даа. Гэхдээ би өөрөө яваагүй, миний хулдаасан бар зургийн бүтээл шалгаран явж байсан. Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал, ардын багш Цэрэндорж гэж мундаг хүн байлаа даа.

Н.Энхжаргал
“Урины шувуу” наадмын шагналт байрын сурагчид, шүүгч, хөтлөгчид. Зүүн гар талаас Н.Энхжаргал

Би тэр хүнтэй нэг өрөөнд хамт сууж үзээгүй ч мөн ч их зүйл сурсан даа. Цэрэндорж гуайн хөдөлмөрч, шаргуу үйл ажиллагаанаас нь суралцсан. Төрийн шагналт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог гэж миний найз агуу хүн байлаа. Хүүхдийн уран бүтээлийн буянаар бид хоёр уулзаж учран нөхөрлөж явлаа. Жаргалан суманд багшилж байхдаа сурагчдын хулдаасан бар зургийн үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвд 1987, 1989 онд хоёр ч удаа гаргалаа.

Ерэн дөрвөн онд Говь-Алтай аймгийн хүүхдийн урлагийн их наадам болоход бас нэг үзэсгэлэнгээ дэглэсэн. Сүүлд шавь нартайгаа хамтарсан нэг үзэсгэлэн гаргасан. Зохиолоос сэдэвлэсэн дан хулдаасан бар зургийн бүтээлүүд багтсан. Миний шавь Алзахгүйбаатар гэхэд их зохиолч Д.Нацагдоржийн “Од” шүлэгт хийсэн хулдаасан барын бүтээл одоо ч нүдэнд харагддаг юм. Цэрэндорж багш тэр зургийг харуутаа “Галерейдаа авлаа, батламж өгнө” гэж байлаа.

-Шавь нар тань гадаадаас медаль хүртэж байсан байлгүй?

-Манай шавь нарын үзэсгэлэнг үзэж явсан япон хүн шавь Рагчаагийн Лувсандорж гэдэг хүүхдийн бүтээлийг үзээд арлын оронд урьж байсан. Их гүрнүүдийн бодлого чинь авьяастай хүнийг сүрхий таньдаг юм билээ. Японы гар зургийн уралдаанаас бүтээл нь гранпри шагналыг авчирч байлаа.

Хүүхдийн ордны захирал, гавьяат багш Ш.Цог над руу холбооны дууддаг утсаар ярьж баяр хүргэхэд хөл газар хүрэхгүй баярлаж явлаа. Жаргалан сумын сургуулийн захирал Загдрагчаадаа хэлтэл намайг хот руу томилолтоор явуулж шавийн минь шагналыг авахуулж байсан. Захирал маань намайг орой болгон хоол идэхэд санагддаг том шагналаар шагнаж байлаа.

Н.Энхжаргал
Яруу найрагч Ламжавын Мягмарсүрэнгийн “Алтай” шүлэгт зориулж зурсан Н.Энхжаргалын бүтээл

-Юугаар шагнав?

-Энэ захирал маань их хүнлэг хүн байсан юм. Намайг дөнгөж багшаар очиход сэрүүлэгтэй цаг, халуун сав хоёроор урамшуулж байсан. Нэгдүгээрт миний эрүүл мэндийг, хоёрт намайг цагийн зөв дэглэмтэй байгаасай л гэсэн үүднээс ийм зүйлээр шагнажээ дээ. Тэр шавийг гранпри авахад ёстой нэг бүдүүн иргээр мялаасан. Нас залуу, хүүхэд нялх, хаврын тарчиг цагт бүдүүн эр хонь чинь ёстой нэг өвлийн идэш шиг санагдана биз дээ.

-Ёстой л тэгнэ дээ. Та улсын олимпиадад аль хэр амжилт үзүүлж байв?

-Орж байсаан. Хоёр удаа хоёрдугаар байрт, нэг удаа гуравдугаар байрт орж байсан. Намайг Говь-Алтай аймгийн гуравдугаар сургуульд захирлаар ажиллаж байхад Бадамсэрээжид гэдэг шавь маань алтан медаль авч байлаа.

-Шинийг санаачилсан олон бүтээл байдаг гэж сонссон юм байна?

-“Өнө-Мөнх” гэж хүүхдүүдийнхээ нэрээр нэрлэсэн нугалдаг тоглоомонд Оюуны өмчийн газраас патент олгож байсан. “Урлал дасгалын дэвтэр” маань улсад анхлан түүчээлж гарч байлаа. Надад “Урлал дасгалын дэвтэр” хориод бий шүү. Хүн хөдөө хөхөрч, гадаа гандана гэдэг худлаа л юм билээ. Би лааны гэрэлд суугаад сурах бичиг бичиж л байлаа.

-Таны хань бас технологийн багш гэв үү?

-Би ханьтайгаа дөчөөд жил амьдарч байна. Миний ханийг Цэвэгсүрэнгийн Оюунчимэг гэдэг. “Хантайшир эрдэм” цогцолбор сургуульд технологийн багшаар ажиллаж байна. Улсын олимпиадад Говь-Алтай аймгаасаа шалгарч түрүүлж байсан ардын боловсролын тэргүүний ажилтан. Бид хоёр дөрвөн сайхан хүүхэдтэй, маш баян амьдарлаа. Ууган хүү Мөнхдөл маань хүндийг өргөлтийн спортын олон улсын хэмжээний мастер хүн байна.

Удаахь охин Мөнхзул маань архитекторч, барилгын зургийн “Өрх” компанид ажиллаж байна. Гуравдахь охин Өнө-Энэрэлт Америкт сэтгэлзүйч эмчээр ажиллаж байгаа. Отгон охин Монгол Улсын өсөх идэр мэргэн, байт сурын харвааны тамирчин хүн. Монгол Улсынхаа нэрийг олон улсын хэмжээнд гаргах болов уу гэж бодож явдаг даа. Ханийнхаа сэтгэлийг би үгээр илэрхийлж чадахгүй юм.

-Их зохиолч Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн агсны нэрэмжит “Урины шувуу” уран уншлага, яруу найргийн наадам сайхан болж өндөрлөлөө. Олон сумын хүүхдүүд оролцов уу?

-Хөдөө суманд болсон анхны наадам гэхэд аймгийн 9-10 сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өргөн дэлгэр оролцсон өрнүүн сайхан наадам боллоо. Мягмарсүрэн найрагчийн гэргий Майдарын Чимгээ эгч, охин М.Наранзаяагийнхаа хамт наадмын зочноор ирлээ.

Яруу найрагч маань Японы сүмогийн 70дахь их аварга Ама Бямбадоржийн ээж Ц.Мягмарсүрэн эгчтэй амьдай бөгөөд үеэлүүд юм байна. Үеэл Ц.Мягмарсүрэн, Амар ах нар ирсэнд баяртай байна. Би бурхан болооч найрагчийг гэгээн саруул ахуйд нь танихгүй нэгэн.

Тэгсэн атлаа “Болор цом” наадамд шүлгээ унших үед нь зурагтаар харчихаад ёстой л нэг захыг нь мушгих шиг болсон доо. “Манай Баян-Уулын найрагч ах минь Болор цомд түрүүлчихээсэй” гэж залбирч байсан даа. Харамсалтай нь их сайн шүлэг уншсан ч хасагдсанд шүүгч нарын үнэлгээг гайхах шиг болсон шүү.

Хүүхдийн яруу найргийн “Урины шувуу” наадмын дүнг би танд харин цуваагаар нь өгчихье. Та хэвлүүлчихнэ биз дээ. Та тэгээд өөрөө ерөнхий шүүгчээр ажилласан хүн ямархан наадам болсныг надаар хэлүүлэлтгүй мэднэ дээ. Энэ “Урины шувуу” наадам бол манай Баян-Уул сумын түүхт 100 жилийн ойд зориулсан анхны том үйл ажиллагаа байлаа даа.

-Олон юм асуувал өөрөө занганд унах шинжтэй. Яриагаа өндөрлөе дөө. Танд ажил амьдралын их амжилт хүсэн ерөөе!

Н.ЭНхжаргал
Яруу найрагч Ламжавын Мягмарсүрэнгийн төрсөн бууцан дээр. Баян-Уул сумын Алтан гадас багийн нутаг Заламтын Улаан толгойд. 2024.03.15-нд.

Их зохиолч Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэнгийн нэрэмжит “Урины шувуу” наадмын өсвөрийн яруу найрагчдын дунд насны ангилалд:

1. М.Мөнгөндолгион (Есөнбулаг сумын Нэгдүгээр сургууль)
2. Б.Сугармаа (Тонхил сумын ЕБС)
3. С.Мичидмаа (Эрдэнэ сумын ЕБС)
4. Б.Чулуунчимэг (Тайшир сумын ЕБС)
5. А.Санчирмаа (Хөхморьт сумын ЕБС)
Ахлах насны ангилалд:
1. Н.Алтаyзул (Баян-Уул сумын ЕБС)
2. Э.Анхбаяр (Баян-Уул сумын ЕБС)
3. Ү.Номин-Эрдэнэ (Дэлгэр сумын ЕБС)
4. Е.Номин (Баян-Уул сумын ЕБС)
5. Б.Буянхишиг (Баян-Уул сумын ЕБС) нар шалгарлаа.
“Урины шувуу” уран уншлагын наадмын бага насны ангилалд:
1. Б.Хэрлэн (Баян-Уул сумын ЕБС) “Эмээгийн бор авдар” бүтээлээр,
2. Г.Ану-Үжин (Шарга сумын ЕБС) “Балдан, Галдан хоёр” бүтээлээр,
3. Я.Тэргэл (Дарви сумын ЕБС) “Өлгөөтэй Хайдав” бүтээлээр,
Уран уншлагын дунд насны ангилалд:
1. Т.Гантуяа (Дэлгэр сумын ЕБС) “Хөх даалимбан тэрлэг” бүтээлээр,
2. Б.Анударь (Есөнбулагийн Дөрөвдүгээр сургууль) “Эмээ” бүтээлээр,
3. Х.Тамжидмаа (Дарви сумын ЕБС) “Цэдэндамбааг мангас идчихлээ” бүтээлээр,
-“Өсөх ирээдүйтэй хүүхэд” шагналыг Б.Маралжингоо( Баян-Уул сумын ЕБС) “Хайрлаж яваарай” бүтээлээр,
Уран уншлагын ахлах насны ангилалд:
1. Н.Ганбаатар (Есөнбулагийн Гуравдугаар сургууль) “Залуус дүү нартаа хүргэх шүлэг” бүтээлээр,
2. Ө.Цэцэгжаргал (Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургууль) “Хөх даалимбан тэрлэг” бүтээлээр,
3. Н.Оюун-Эрдэнэ (Баян-Уул сумын ЕБС) “Аавыгаа хайрлаж яваарай” бүтээлээр тус тус шалгарлаа.

Наадмыг МЗЭ-ийн болон Төрийн шагналт Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит “Хүрэн морь” цомын эзэн яруу найрагч, сэтгүүлч Л.Батцэнгэл, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, шүүмжлэгч Г.Батжавхлан, МЗЭ-ийн болон Ч.Лодойдамба, М.Цэдэндоржийн шагналт зохиолч, сэтгүүлч Г.Чардаг нар шүүн тунгаав. Уг наадмыг Баян-Уул сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, Ерөнхий броловсролын сургууль, Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Засаг даргын Тамгын газрын Залуучуудын хөгжлийн төв, “Л.Мягмарсүрэн сан” хамтран зохион байгууллаа.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img