2024-07-26, Баасан
14 C
Ulaanbaatar

Орос дахь хядлага: Хэн, юу гэв

Бямба гарагт ОХУ төдийгүй дэлхий нийтийг цочирдуулсан мэдээлэл тархсан юм. Энэ бол Оросын Москва мужийн Красногорск хотод болсон алан хядах ажиллагаа байлаа.

Хэргийг сануулвал, “Пикник” хамтлагийн тоглолтыг үзэхээр “Крокус Сити Холл” тоглолтын танхимд үзэгчид олноор цугласан үед хэд хэдэн зэвсэгт этгээд барилга руу нэвтэрч, хүмүүс рүү буудаж эхэлсэн бөгөөд дараа нь тэсрэх төхөөрөмж дэлбэлж, барилгыг шатаасан юм.

Оросын Мөрдөн шалгах хорооны мэдээлснээр, Красногорск хотод болсон энэ алан хядах ажиллагааны улмаас 133 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархдан эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Мөн гал түймэр, дэлбэрэлтийн улмаас барилгын дээд давхрын танхимууд шатаж, дээвэр хэсэгчлэн нурсан бөгөөд нурангин дор хүмүүс байж болзошгүй гэж үзэн эрэн хайх, аврах ажиллагааг ням гараг хүртэл үргэлжлүүлжээ.

Сүүлийн жилүүдэд тохиож байгаагүй асар их хохирол дагуулсан энэ алан хядах ажиллагааны улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр ОХУ даяар гуравдугаар сарын 24-ний өдрийг Үндэсний хэмжээний гашуудлын өдөр болгон зарласан юм.

“Исламын улс” бүлэглэл хариуцлагыг хүлээв

ОХУ-д болсон энэ халдлагын хариуцлагыг “Исламын улс” алан хядах байгууллага өөр дээрээ хүлээсэн юм. Хэдийгээр хэргийн дараа Оросын хууль сахиулагчид Тажик гаралтай хэд хэдэн хүнийг энэ хэргийг үйлдсэн гэж сэжиглэн баривчилсан тухай мэдээлэл гарсан ч “Исламын улс” бүлэглэл цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийхдээ, халдлагын үйлдэхэд оролцсон бүх хүн нуугдаж, зугтаж чадсан гэж онцолжээ.

Америкийн тусгай албад ч тэдний энэ мэдэгдлийг үнэн байж болзошгүй гэж үзэж байна. Энэ халдлага гарахаас хоёр долоо хоногийн өмнө АНУ Орос болон Орост байгаа иргэддээ хандан ойрын үед хүн олноор цугласан газарт алан хядах ажиллагаа үйлдэгдэж болзошгүй гэж анхааруулж байсан юм.

Тодруулбал, Афганистанд байрладаг, Исламын улс бүлэглэлийн салбар “Исламын улс-Хоросан” бүлэглэл алан хядах ажиллагаа үйлдэхээр төлөвлөж байгаа талаар Оросын талд анхааруулж байсан талаар “Евроньюс” агентлаг мэдээлжээ.

ОХУ

Сэжигтнүүдийг баривчилсан нь

Алан хядах ажиллагаа үйлдсэн байж болзошгүй хоёр сэжигтнийг Брянск орчмоос баривчилсан гэх бөгөөд тэдний сууж явсан машинаас ПМ гар буу, АКМ автоматын дайз, Тажикистаны иргэдийн паспорт олжээ.

Тухайн үед машин цагдаагийн шаардлагыг үл тоон зогсоогүй тул араас нь хөөж, улмаар гал нээсэн гэнэ. Ингээд машин онхолдож, нэг алан хядагчийг газар дээр нь баривчилсан бол үлдсэн нь ой руу зугтжээ. Эрлийн явцад хоёр дахь сэжигтнийг баривчилсан бөгөөд цаашлаад эрэн хайх, баривчлах ажиллагааны хүрээнд нийтдээ 11 хүнийг баривчилсан гэж Оросын төв телевиз мэдээлсэн байна. Тэдний дөрөв нь халдлагад шууд оролцсон хүмүүс байсан гэж Оросын Холбооны аюулгүй байдлын алба мэдэгджээ.

Дэлхийн улс төрчдийн мэдэгдэл

Гуравдугаар сарын 22-нд “Крокус Сити Холл” барилгад гарсан алан хядах ажиллагаа нь орчин үеийн Оросын түүхэн дэх хамгийн их үхэл дагуулсан алан хядах ажиллагааны нэг болсон юм.

Энэ аймшигт хэрэгтэй холбоотойгоор дэлхийн улс орон ОХУ-д хандан эмгэнэл илэрхийлжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен

“Гуравдугаар сарын 22-ны өдөр Москвад болсон алан хядах ажиллагааг АНУ эрс буруушааж байна. Бид энэхүү аймшигт үйл явдлын дараа амиа алдсан хүмүүсийн араас гашуудаж буй Оросын ард түмэнтэй эв санаа нэг”

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер
“Москвад гарсан энэхүү аймшигт алан хядах ажиллагааг АНУ эрс буруушааж байна. Ойр дотныхноо алдсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж, гэмтэж, шархадсан хүмүүсийг түргэн эдгэрэхийг хүсье. Исламын улс бол хаа сайгүй бид хамтдаа ялах ёстой манай дайсан”

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон
“Франц улс Москвад гарсан, хариуцлагыг нь “Исламын улс” өөр дээрээ авсан алан хядах ажиллагааг эрс буруушааж байна. Бид амиа алдсан, хохирсон хүмүүсийн ар гэр болон Оросын ард иргэдтэй эв санаа нэг гэдгээ илэрхийлье”

Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон
“Хохирсон хүмүүсийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Энэхүү аймшигт хүчирхийллийг юу ч, хэзээ ч зөвтгөж чадахгүй”

Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони
“Москвад энгийн иргэдийг хөнөөсөн аймшигт явдал байж боломжгүй санагдаж байна. Италийн засгийн газар энэхүү байж болшгүй алан хядах ажиллагааг хатуу шүүмжилж байна”

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган

“Хэн үйлдэж байгаагаас үл хамаараад терроризм бол байж болшгүй зүйл. Терроризмын цуст нүүр царайг мэддэг улсын хувьд бид Оросын ард түмний уй гашууг хуваалцаж байна. Бид терроризмтой тэмцсээр байх болно”

Ийнхүү дэлхийн бараг бүх орны удирдагчид эмгэнэл илэрхийлж, алан хядах ажиллагааг шүүмжилсэн бол яг одоо Оростой дайтаж буй, Оросын түрэмгийллийн хохирогч болж байгаа Украины тал энэ хэрэгт Оросын эрх баригчдыг буруутгажээ.

Тодруулбал, Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Михаил Подоляк мэдэгдэл хийхдээ, Крокус Сити Холлд гарсан халдлагад Украин ямар ч хамаагүй, Оросын армитай гагцхүү дайны талбар дээр л тулалдана, хэзээ ч ийм алан хядах ажиллагааны арга хэрэглэж байгаагүй хэмээн онцолсон байна.

“Украины эсрэг дайн болон дараа нь тэмцэгч угсаатны бүлгүүдийн эсрэг ажиллагаа явуулахын тулд өөрийн иргэдийн эсрэг алан хядах ажиллагаа зохион байгуулах аргыг ашигладаг Оросоос ялгаатай нь Украин хэзээ ч ийм арга ашиглаж байгаагүй. Волгодонскийн хэргийг санахад л хангалттай (nio.mn: 1999 онд Оросын Волгодонскод орон сууцны барилгад дэлбэрэлт болж 300 гаруй хүн амиа алдсан. Энэ хэргийг Хойд Кавказын дайчид үйлдсэн гэсэн албан ёсны тайлбар байдаг ч барууныхан энэ хядлагыг Оросын тусгай албад үйлдсэн байж болзошгүй гэж үздэг юм).

Түүнчлэн хэрэг гарахаас олон хоногийн өмнө алан хядах ажиллагаа үйлдэгдэж болзошгүй гэсэн сэрэмжлүүлэг гарч байлаа. Эндээс харахад энэ хэргийн дараа цэргийн суртал ухуулга эрс хүчирхэгжиж, цэрэгжилт түргэсч, дайчилгааг өргөжүүлж, эцсийн дүнд дайны байдалд шилжинэ гэдэгт эргэлзэх зүйл алга” хэмээн Михаил Подоляк мэдэгджээ.

Түүнчлэн Украины Тагнуулын газрын төлөөлөгч Андрей Юсов ч энэ хэргийг Оросын тусгай албад үйлдсэн гэж үзэж байгаа аж.

“Энэ бол олон улс урьдчилан анхааруулж байсан, Путины тусгай албадын зориудын өдөөн хатгалга. Кремлийн дарангуйлагч энэ аргаар л карьераа эхлүүлсэн, иргэдийнхээ эсрэг ийм гэмт хэргээр л карьераа дуусгахыг хүсэж байна” хэмээн Андрей Юсов мэдэгдсэнийг ВВС дамжуулжээ.

Энд дуулгахад, “Крокус”-д болсон халдлагаар амиа алдсан хүний тоо 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Театрын төвд болсон алан хядах ажиллагааны хохирогчдоос давсан юм. Тухайн үед “Норд-Ост” мюзикл тоглогдох үеэр 40 алан хядагч барилгыг эзлэн, 137 хүний амийг хөнөөсөн. Харин Орост хүний амь хамгийн ихээр үрэгдсэн халдлага нь Беслан дахь алан хядах ажиллагаа юм. 2004 оны есдүгээр сарын нэгний өдөр Чеченийн салан тусгаарлагчид хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Бесланы №1 сургуулийг эзлэн авч, 334 хүнийг хөнөөснөөс 186 нь хүүхэд байв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img