2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: АН “999 сорьцтой” мөрийн хөтөлбөр боловсруулж хүлээлгэж өглөө

Өнгөрсөн өдрүүдэд АН-ын удирдлагууд салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж асуудал бэрхшээлийг нь сонсоод тун завгүй байлаа.

Эдийн засгийн том ачааг үүрч яваа эрдэс баялгийнхныг төлөөлж ажилладаг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийнхнаас эхлээд “Хашаандаа сайхан амьдаръя” төслийнхөн гээд нийгмийн бүх л хэсгийн санаа оноог сонсч, мөрийн хөтөлбөртөө тусгаснаараа АН бусад намаас тод ялгарав.

АН-ын удирдлагуудтай уулзсан бүхэнзовлон бэрхшээлээ яриад зогсохгүй, гарц шийдэл эрсэн асуудлуудыг хөндөж байсныг нь энэ дашрамд тодотгоё.  

“Хашаандаа сайхан амьдарья” төслийнхөн гэхэд л Чингэлтэй дүүргийн нэг хороонд Германы олон улсын байгууллагатай хамтарч ногоон орон сууц барьсан туршлагаа сонирхуулж байв.

Нэг айлын байшинг 78 сая төгрөгийн өртөгтэй барьж, 50 саяыг ипотекийн зээлээр, 10 хувь буюу 7.8 сая төгрөгийг иргэнээс урьдчилгаа маягаар, үлдсэнийг нь олон улсын төслийн дэмжлэг хэлбэрээр  гаргуулж байж. Ийм ногоон сууц барихад эхэндээ өртөг шаарддаг ч яг ашиглаад ирэхээрээ цахилгаан бага хэрэглэдэг давуу талтай аж. Товчхондоо энэ шийдлийг  том төсөл болговол цахилгааны эх үүсвэр хэцүүдээд буй энэ үед төрийн ачаа огцом багасах нь.

Татвараас чөлөөлөх, дэд бүтцийн нөхөн олговор гэх мэт асуудлыг шийдчихсэн байхад агаар, хөрсний бохирдолгүй хотод амьдрах боломж, шийдэл “Хашаандаа сайхан амьдарья” төслийнхөнд бэлээхэн байж байна.

Амьдрал дунд хэрэгжээд өгөөжөө өгсөн ч төрийн дэмжлэг авч чаддаггүй ийм шийдлүүдийг сонсч тусгасан  нь АН-ын мөрийн хөтөлбөрийн онцлох өнгө болж чадсаныг давтан онцолъё.

Тэд салбар бүрийн төлөөллийг сонсох ажлаа өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлүүлжээ.

Монгол орноо тойрон эдийн засгийн бүсчилсэн уулзалтыг хийж нийт 71 мянган намын гишүүд, салбар мэргэжлийн 39 холбоодоос  5100 орчим санал  авч мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байна. Эдгээр саналыг  “Өрийн дарамтгүй Монгол Улс” гэсэн хэлэлцүүлгийн үр дүнгээр шигшиж  “Бүтэн Монгол-Бүрэн ардчилал” гэсэн хэлбэрээр дахин  шүүж намын удирдах зөвлөл Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэлэлцэн баталсан аж.

АН ингэж баталсан мөрийн хөтөлбөрөө  өчигдөр Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджавт  2024 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгсөн юм.

Хөтөлбөр хүлээлгэж өгөх үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр “Өнгөрсөн найман жилийн хугацааг монголчууд хүнд нөхцөл байдалд өнгөрүүллээ.

Нийгмийн хөгжлийг гацаасан, ухраасан, зогсоосон энэ хүнд он жилийг  нөхөхийн тулд бидэнд эрчимт хөгжлийн бодлого хэрэгтэй. Эдийн засаг, авлига, нийгмийн бусад бүх л салбарыг хамруулсан мэдлэг, шинжлэх ухаанд суурилсан хэрэгжихүйц мөрийн хөтөлбөр, ажлын төлөвлөгөөгөө боловсруулж хуулийн хугацаанд нь хүлээлгэн өглөө” хэмээн онцолж байв.

Харин  АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө есөн бүлэг 90 дэд хэсэг, 900 ажлыг багцалж боловсрууллаа. Тоогоор илэрхийлбэл, “999 сорьцтой хөтөлбөр” гэсэн үг юм. Ардчилсан нам Ардчилсан үндсэн хууль баталснаас хойш найман удаагийн сонгуульд оролцсон туршлагатай хүчин.

Ардчилсан нам Засгийн эрх барьж байх үед хэрэгжүүлсэн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсад эрх чөлөө, хүний эрх, хувийн өмчийг дээдэлсэн хувь хүний хөдөлмөрлөх, бизнес хийх бололцоог нээж өгснөөрөө түүх болон үлдсэн. Харамсалтай нь МАН Засгийн эрх барьсан 2016-2024 онд бүх зүйл урвуугаар эргэж намын тогтолцоот төрт улс болж ардчиллын индексээр өдөр ирэх бүр ухарсаар байгааг олон улсын байгууллагын судалгаа харуулсаар байна. Тэр дундаа авлигын индексээр 40-50 байраар ухарлаа.

Авлига авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй байна. Хэрэв Ардчилсан нам  Засгийн эрхийг авбал энэ бүх болохгүй байгаа асуудлыг эхний 100 хоногт хууль эрх зүйн хүрээнд засах арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөөг мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Нэн түрүүнд Засгийн газрын бүтцийг цомхон чадварлаг болгохоос эхэлнэ. Хүний эрх чөлөө, бизнесийн эрх чөлөөнд суурилсан бодлого явуулж богино хугацаанд эдийн засгийг сэргээж болно” гэсэн  юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img