2024-07-24, Лхагва
17 C
Ulaanbaatar

ОХУ-ын эрх баригчид дайны улмаас эх орноо орхисон иргэдийг сүрдүүлэв

ОХУ одоогоос хоёр жилийн өмнө 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украины нутаг руу армиа оруулснаар өнөөгийн дайныг эхлүүлсэн. Энэ дайн эхэлсэн цагаас л эх орноосоо явж, Украиныг дэмжих Оросын иргэн олон байсан юм.

Дайн эхэлснээс хойш улсаасаа явж, Украиныг дэмжиж байгаа хүмүүсийг Оросын эрх баригчид удаа дараа буруушааж байсан бол энэ удаад тэднийг “буцаж ирээд ч хэрэггүй” гэх утгатай мэдэгдэл хийжээ.

Тодруулбал, Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий
Песков 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр мэдэгдэл хийхдээ, эх орноосоо явсан, Украиныг дэмждэг хүмүүс эргэж ирээд хэрэггүй, ийм хүмүүст Владимир Путин ойлгомжтой сануулга өгсөн хэмээн онцолсон талаар Москва таймс сонин дамжуулсан байна.

“Та нар Ерөнхийлөгчийн яриаг анхааралтай сонссон бол нэг зүйлийг сайтар ойлгосон байх. Санал нийлэхгүй байгаа хүмүүсийн дунд эх орондоо үлдсэн хүмүүс бий, мөн дайсан болсон хүмүүс ч бий. Улс орныхоо дайсны талд орчихсон хүмүүс. Ийм хүмүүсийг энд хүлээж авахгүй” хэмээн Песков мэдэгджээ.

Түүнчлэн Оросыг орхиж, Украины талд тулалдахаар шийдсэн хүмүүсийг устгана хэмээн тэрбээр сүрдүүлсэн байна.

“Гартаа зэвсэг барьж, та бидний эсрэг тулалдаж эхэлж байгаа тэр урвагчдын талаар Ерөнхийлөгч өчигдөрхөн ярьсан. Тэднийг устгах хэрэгтэй. Бурхны авралаар, ийм замыг сонгосон хүн цөөхөн юм даа” хэмээн Песков мэдэгджээ.

Өмнө нь тэрбээр улс орноо орхин явсан хүмүүсийг “дайсан” хэмээн нэрлэж, Орос руу ирэхгүй байхыг анхааруулж байв.

“Эндээс явсан хүмүүсийн дунд хилийн чанадад очоод Украины Зэвсэгт хүчинд зориулан мөнгө цуглуулж, Украины армид туслаж, төрөл бүрийн нийгэм улс төрийн арга хэмжээнд оролцон, манай улсыг хараан зүхдэг хүмүүс ч бий. Ихэнхдээ манай орныг гүтгэдэг. Ийм хүмүүс наашаа буцаж ирэх боломжгүй болно” хэмээн Песков цохон тэмдэглэж байлаа.

Песков ийм мэдэгдэл хийхээс өмнө, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бүх урвагчдыг олох тушаалыг гуравдугаар сарын 19-ний өдөр Холбооны аюулгүй байдлын албанд өгсөн юм. Тэрбээр 2024 оны хавар Украинтай хил залгаа бүс нутгуудад халдлагаа эрчимжүүлсэн хорлон сүйтгэх, тагнуулын бүлгийн гишүүдийг “толгой дарааллан” олохыг тушаасан.

“Тэд хаана ч байсан бид олж, хөөн хэлэлцэх хугацаагүйгээр тэднийг шийтгэнэ. Хэнийг ч үлдээхгүйн тулд энэ чиглэлд онцгой анхаарал хандуулахыг хүсье” хэмээн Путин өгүүлж байв.

Энд дуулгахад, 2022 онд ОХУ- д шилжин суурьшигчдын хоёр давалгаа гарч байлаа. Эхлээд Украин руу халдсаны дараа олон мянган хүн хилийн чанадыг зорьсон бол 2022 оны намар хэсэгчилсэн дайчилгаа зарласнаар энэ нүүдлийн хоёр дахь давалгаа эхэлж байв.

Энэ хоёр давалгааны үеэр хичнээн хүн хилийн чанадыг зорьсон талаарх албан ёсны тоо баримт байхгүй, хэвлэлүүд, барууны судалгааны төвүүдийн тооцоолсноор 600 мянгаас 1,1 сая хүртэлх хүн ОХУ-ыг орхин гарчээ. ОХУ-ын засгийн газар барууны хэвлэлүүдээр гарсан энэ тоог үгүйсгэдэг ч өнгөрсөн жил цагаачлалын урсгалыг тогтоон барих тал дээр холбогдох арга хэмжээ авсан нь Оросоос багагүй тооны хүн цагаачлан гарсныг илтгэж байгаа юм.

Түүнчлэн Оросын эрх баригчид дайны дараа хилийн чанадыг зорьсон хүмүүст төрөл бүрийн хориг тавина гэж мэдэгдэж байлаа. Тухайлбал, дайн эсэргүүцэн хилийн чанадыг зорьсон хүмүүсийн өмч хөрөнгийг хураах, татвар нэмэгдүүлэх, зайнаас ажиллах боломжийг хаах, тэдний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах зэрэг саналууд гарч байсан юм

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img