2024-10-07, Даваа
12.3 C
Ulaanbaatar

Коко Шанелийн амьдралын таван зарчим

Габиэль Шанель хүүхнүүдийг корсетоос салгаж, хар өнгийг энгийн хэрэглээнд нэвтрүүлж, загварын тайзнаа шинэ журам тогтоож явсан нэгэн. Үзэсгэлэн гоо, хурц ухаан, гайхалтай зан чанараараа домог болсон энэ эмэгтэй эрх чөлөөнд тэмүүлэхийн сацуу ганцаардал руу эцэс төгсгөлгүй татагддаг байсан гэдэг. Шанелийг маш олон хүн хайрлаж, үүний зэрэгцээ олон хүн үзэн яддаг байв. Учир нь тэр энгийн нэгэн биш.

Дахин давтагдашгүй онцгой хэв маягаа хадгалахад нь тусладаг зарчмуудыг тэрээр амьдралдаа баримталдаг байв. Шанелийг орчин цагийн ажил хэрэгч эмэгтэйн анхдагч дүр гэж ч нэрлэж болохоор. Тэр ямар зарчим баримталдаг байв?

“Бүтэлгүйтнэ гэсэн бодол толгойд нь ч орж ирдэггүй хүмүүст л амжилт ирдэг”

“Өөртөө, авьяас, хүчиндээ итгэх нь амжилтын төлөөс. Чи өөрийгөө хайрлахгүй, анзаарахгүй, өөртөө итгэхгүй л бол хэн ч чамайг анзаарч харахгүй” хэмээн Коко өгүүлдэг байв.

Коко Шанель хоол хийдэггүй байсан гэдэг. Гэхдээ хоол хийж чаддаггүй,эсвэл залхуурсандаа ч биш, харин хоол хийх дуртай хүмүүс л түүнийгээ хийг, харин би брендээ хөгжүүлэхэд эрч хүчээ зарцуулна гэсэн үзэл бодолтой байжээ.

Шанель

“Францчууд их хэмжээгээр хооллож байхыг харахаар дургүй хүрдэг”

Коко Шаналь оргилуун дарс, халуун шоколад, бяслаг, крекерт туйлын дуртай нэгэн байж. Тэрээр залуухан, үзэсгэлэнтэй хэвээр үлдэхийн тулд өдөр бүр түрс идэж, улаан дарс шимдэг байсан гэнэ.

Харин хоолоо хэзээ ч хэтрүүлдэггүй, маш бага иддэг, илүүдэл жинтэй хүүхнүүдийг шүүмжилдэг байж.

“Хамгийн гол нь идэхгүй байх” хэмээн тэрээр загварын сэтгүүлийн нэгэн гэрэл зурагчинд өгүүлж байжээ. Гэхдээ мэдээж энэ үгийг шууд утгаар нь хүлээн авах хэрэггүй. Түүнчлэн Шанель эмэгтэйчүүд эрчүүдийн тэвэрт байхдаа хөнгөхөн, бяцхан шувуухай шиг байх ёстой, эрчүүд тэднийг гар дээрээ өргөж явмаар санагдахуйц жинтэй байх ёстой гэж үздэг байжээ.

“Идсэний дараа амнаас үнэртдэг хоолонд би дургүй”

Хоолны тал дээр тэр тун энгийн хоолонд дуртай, хурц амттай, үнэртэй хоолыг үзэж чаддаггүй нэгэн байж. Дээдсийн хүрээлэнгийн оройн зоогон дээр төрөл бүрийн тансаг амттан амсдаг байсан ч өөрөө энгийн хоолыг эрхэмлэж, тогооч нартаа жигнэсэн төмс, эсвэл нухаш оройн хоолонд бэлдэх үүрэг өгдөг байсан гэнэ.

Түүнчлэн хоолонд сонгино хийхийг хатуу хориглодог байжээ. “Идсэний дараа амнаас үнэртдэг хоолонд би дургүй” гэж Коко Шанель ярьдаг байсан гэнэ.

“Тэр хоол хүнсний тал дээр их сонин дуршилтай байсан. Хурц хоолны үнэрийг тэвчдэггүй, шарсан хавирга, халуун ногоотой соус, сонгино зэргийг үзэж чаддаггүй байсан юм” хэмээн дээдсийн хүрээлэнгийн үдшийн зоогон дээр түүнтэй хамт сууж хооллосон хүмүүс ярьжээ.

“Тансаглал таашаалтай байх ёстой, тийм биш бол тансаглал биш”

Коко Шанелиас өмнө хар өнгө гашуудлын өнгөд тооцогддог байлаа. Харин Коко өвдөг дөнгөж давсан урттай хар өнгийн даашинз бүтээж, энэ нь ямар ч галбиртай хүнийг гуалиг харагдуулдаг байснаараа Кокогийн бүтээл цаг хугацааны эрхэд огтхон ч мартагдаагүй, өөрийгөө хүндэлдэг бүсгүй бүрийн шүүгээнд өлгөөтэй байх болсон юм.

Мөн тэрээр “Чамд таашаал авчирахгүй зүйлд мөнгө, цаг, хүчээ үрэх хэрэггүй” хэмээдэг байв.

Шанель

“Сүрчиг хэрэглэдэггүй эмэгтэйд ирээдүй гэж байхгүй”

Түүний энэ үг ихээхэн алдартай. Мөн Коко Шанель гэж хэн бэ гэдгийг энэ алдарт үг бэлхнээ хэлнэ.

“Хаанаа сүрчиг түрхэх вэ гэж үү? Үнсүүлэхийг хүссэн газартаа л” хэмээн олон эрчүүдийн сэтгэлийг булааж явсан Коко Шанель хатагтай нарт зөвлөдөг байв.

Коко Шанель өөрийнх нь компанид ажилладаг байсан химичийн тусламжтайгаар альдегид суурьтай, тогтоц удаантай үнэртэн бүтээснээрээ сүрчгийн ертөнцөд эргэлт хийсэн юм. Энэ нь одоо ч алдартай “Chanel No.5” үнэртэн.

“Та далавчгүй төрсөн бол далавч ургахдаа саад болохгүйг хичээгээрэй”. Энэ бол Коко Шанелийн алдартай үг. Үнэхээр ч түүний зөв байв. 87 наслахдаа тэрээр хувцас, загвар, сүрчгийн ертөнцөд өөрийн нэрээ тамгалж чадсан нэгэн. Үргэлжид л шинийг сэдэж бүтээж явсан Кокогийн шинэлэг бүхнийг тоочвол дуусахааргүй, гэхдээ хамгийн гол нь тэр түүнээс өмнө хэн ч төсөөлж чадахааргүй байсан эмэгтэйн дүр төрхийг бий болгосон юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img