2024-07-26, Баасан
19 C
Ulaanbaatar

Чулуу ч бас ярьдгийг таниулсан гайхамшигт аялал

Чулууны яруу найрагч, геохимич, эрдэс судлаач, академич А.Е.Ферсманы “Чулуу ч бас ярьдаг” гэдэг үгийг хүүхэд байхдаа сонссон бол би геологич болох байжээ гэж бодогдов. Багадаа сансар огторгуйтай холбоотой бүхэнд хачин их татагддаг байсан надад олон сая жилийн тэртээх дэлхий ертөнц, газрын хэвлий, эрдэс чулуулгийн түүхийг олж мэднэ гэдэг эсрэг чигт л болохоос биш бараг өөр гараг эрхсийн чанадад аялахаас ялгаа юун.

Эрдэс чулуулгийн энэ их мэдлэгийн ертөнцийн уурхай нь Монголын геологи, эрдэс баялгийн музей билээ. Энэхүү музейг хүүхэд багачуудтайгаа хамт сонирхон үзэж, эрдэс чулуулгийн ертөнцийн нууцыг тайлах гайхамшигт анхны аяллыг “Эрдэс баялгийн тойм” сонин, “Уул уурхайн тогтвортой хөгжлийг дэмжих хүрээлэн” ТББ -аас 3 дугаар сарын 23-нд зохион байгуулж, “Datastory” криетив агентлагийн уран бүтээлчид, уул уурхайн чиглэлээр бичдэг сэтгүүлчид хамрагдав.

Музейн үүсгэн байгуулагч Монгол Улсын Ардын багш, доктор профессор Ж.Лхамсүрэн, музейн эрхлэгч Ё.Мажигсүрэн нар бидний хүсэлтийг уриалгахан хүлээн авч, амралтын өдөр цаг гарган хүүхэд багачуудад маань чулууны нууцыг хуваалцахын зэрэгцээ Монгол орны эрдэс баялгийн амьдралыг бодитоор харуулсан юм.

Музей ШУТИС-ийн Төв номын сантай байрны төв хаалгаар ормогц л угтаж авах нь тэр. Огт харж байгаагүй сонин ертөнц. Анх удаа орж ирсэн болоод ч тэр үү амьтангүй, ургамалгүй, этгээд боловч сонин ертөнц.

Музейн танхимын хойморт Монгол орны ашигт малтмалын томоохон ордуудаас цугласан дээжүүдийг залжээ. Дээдэх хананд нь тэдгээр ордыг тэмдэглэсэн томоо гэгч газрын зураг өлгөсөн нь Монголын аль нутгаас ямар чулуу олдсон бэ гэдгийг ойлгоход энгийн хялбар болж. Зэсийн хүдэр, молибден, бал чулуу, төрөл бүрийн болор, жонш гээд л… жагсаагаад бичвэл овоо их эрдсийн дээж байх юм. Хамгийн сүүлд энэ хоймор литийн ордын дээжээр баяжаад байгаа аж.

Гэхдээ үзэгч багачуудад маань жонш, болор, бал чулуу илүү сонирхолтой байв. Харандаа анд нь байгаль дээрээ ийм том хэлбэртэй байдгийг мэдээд “хөөх” хэмээн дуу алдаж, зарим нь хуруугаараа үрж үзээд үнэмшив бололтой гайхан баясцгаана. Музейд Монгол орны өнцөг булан бүрээс авчирсан 2000 орчим чулуулгийн дээжийг дэлгэжээ.

ayalal

Цаана нь дахиад төдий тооны үзмэр байгаа аж. Үзмэрүүдийн дийлэнх нь социализмын үед бүрдсэн гэнэ. Сүүлийн үед бол хүмүүс олсон чулуугаа авчирч таниулчихаад, буцаагаад аваад явдаг болсон аж. Тиймээс жилд 3-4 л ховор сонин үзмэр ирдэг болсон гэж музейн удирдлагууд ярив. Хэдий тийм ч музейн сан хөмрөг байрандаа багтахааргүй арвин аж.

Сүүлийн үед үзмэрүүдийнхээ тохижилтод илүү анхаарч, жижиг гэлтгүй өөрчлөлтүүд хийж байгаа юм байна. Тухайлбал, газрын тосны булантай болжээ. Газрын тосноос боловсруулан гаргаж авдаг 70 гаруй төрлийн бүтээгдэхүүний заримаас нь үзмэр болгон залж, заримынх нь зургийг ч атугай дэлгэжээ.

Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэрэмжит булантай болж, 45 жилийн түүхтэй тус уурхайгаас анхлан олдож байсан ховор сонин эрдсийн олдворууд, зэс молибдений баяжмал тэргүүтнийг дээжлэн тавьжээ. Удалгүй Оюутолгойн нэрэмжит булантай болохоор ид тохижуулж буй аж.

Энд Ханбогд сумын нутаг дэвсгэрээс олдсон бүхий л ховор сонин чулууны дээжээс тавих юм байна. Гэхдээ хүүхдүүдэд музейн танхимын төвд байрлах боржин чулуугаар хийсэн яст мэлхий, сийлбэрчдийн урласан арслан, шувууд, таван хошуу мал гээд төрөл бүрийн амьтдын дүрс, гэрэлтэж эсвэл гоёмсог дүрс үүсгэн харагдах чулуунууд илүү сонин байв.

10 настай хүү Б.Отгонбаяр шилэн хоргоны цаана байгаа Мэгжид Жанрайсаг бурхны гэрэл зургийг зааж тайлбар нэхэв. Гандантэгчинлэн хийд дэх 80 тохой буюу 26.5 метр өндөр Мэгжид Жанрайсаг бурхны бэлгийн мэлмий, цээжний өмсгөлийг хийхэд Монголын геологи, эрдэс баялгийн музей үнэт чулуулгийн дээжээсээ хандивлаж байжээ.

Мөн 21 аймгийн өнцөг булан бүрээс эрдэнийн чулуу цуглуулж Жанрайсаг бурхныг “гоёсон” түүхтэй аж. Харин 14 настай хүү Ц.Даянбаатар үүдэнд тавьсан томоо гэгч усан болрыг зааж, шамбааралдаж ургасан учрыг асуув. Музейн үүсгэн байгуулагч Ж.Лхамсүрэн гуай “энэ том том шовх толгойтой усан болор бол том болж ургаж чадаагүй чулуу юм. Нүхэн дотор олноороо ургасан учраас зөвхөн толгойнууд нь шавааралдаж гарч ирснээр ингэж бурзайж харагддаг юм” хэмээв.

Гэнэт хажуунаас “энэ чулуу кимбаб шиг харагдаад байна” хэмээн 6 настай бяцхан хүү Б хэлэв. Гайхаад харвал доторх нь цагаан, гаднах нь хар ногоон өнгөтэй яг л далайн байцаанд ороосон будаа шиг танил харагдав. Тайлбарыг нь “хар гартаам” хэмээн бичжээ.

Музейн эрхлэгч Ё.Мажигсүрэн “хүүхэд болгоны тусгах онцлог янз янз. Зарим хүүхэд чулууг хоол шиг хардаг. Энэ ээзгий байна, будаатай хуурга шиг байна гээд л. Гэтэл зарим нь торгон алчуур шиг, саатай даавуу шиг гэх мэтээр зүйрлэдэг нь төсөөлөн бодох чадвар нь янз бүр байдагтай холбоотой. Зөвхөн ногоон чулуунд татагддаг хүүхэд бий, эсвэл тунгалаг л байвал гоё, хэлбэр дүрснийх нь онцгойг илүү сонирхох зэргээр янз бүр байдаг” гэв.

Музейд оюутнууд, судлаачид, гаднын зочдоос гадна үе үе өнөөдрийнх шиг бяцхан зочид ирж бужигнадаг аж. Энэ өдөр хүүхдүүд маань аав, ээжтэйгээ ирээд бие биетэйгээ танилцаж, шинэ содон орчинд эх орныхоо эрдэс баялагтай танилцаж, сонирхолтой мэдээлэл сонсож, элдэв амттан тэргүүтэнг зооглож ёстой л тархи, зүрх, ходоод гурваа нь баясгасан билээ.

Музейд өнгөрүүлсэн хоёрхон цаг хэдий ахар ч насан туршдаа үл мартах гайхамшигтай дурсамж болон үлдэнэ гэдэгт эргэлзэх юун. “Ийм хүүхдүүд л геологийг сонирхож, эх дэлхийгээ хайрлаж, хаана сонин содон чулуу байдгийг харж анзаарч явдаг болно.

Тийм чулуу оллоо гэхэд цуглуулж магадгүй юм, юу юм бол гээд ном эргүүлж ч магадгүй шүү дээ. Ийм танин мэдэхүйн аялал бол хүүхдэд хэрэгтэй олон зүйлийн суурь болдог. Өнөөдөр ирсэн хүүхдүүдийн ихэнх нь10-аас доош настай, ид сониуч үедээ байгаа тул аливаа зүйлийг хамгийн сайн тусгаж авч байгаа.

Ирээдүйнхээ мэргэжлийг ч сонгох юм бил үү” хэмээн Ё.Мажигсүрэн багш хөөрөлдөв. Мэргэн ард маань эртнээс эх нутагаа хайрлахдаа “Чулуу бүхэн амьтай” гэж үр хойчдоо сургаж ирсэн. Энэ үгийн шинжлэх ухааны тайллыг ардын багш Ж.Лхамсүрэн гуай “Аливаа нэг эрдэс гэдэг бол оргүй хоосноос гарч ирдэггүй, бас алга болдоггүй.

Ихэвчлэн газрын их гүнд үүсэж бий болсон халуун магма царцахад түүн дотор байсан химийн элементүүд хоорондоо нэгдэж, хүйтэн хананд сууж үр хөврөл үүсгэдэг. Тэрхүү үр хөврөлийг тэтгэх шингэн уусмал нь байгаа нөхцөлд тал талаасаа атом ионуудаа авч ургадаг.

Ингэхдээ химийн элементийн шинж чанараас шалтгаалж гурвалжин, дөрвөлжин янз бүрийн тал үүсгэдэг. Тэжээж буй өнөөх химийн уусмал нь дуусч эсвэл халуун температур нь хөрөхөд цааш ургахаа больж, тухайн үедээ ямар байсан яг тэр чигтээ л зогсчихдог. Зарим нь хувиран өөр төрлийн эрдэс болдог” гэв. Үүнийг орчин үед генетик минералоги хэмээх цоо шинэ шинжлэх ухаан судлах болсон аж. Чулуу бүхэн амьтай гэдгийг генетик минералогийн шинжлэх ухаан олон талаар баталж, өдгөө лабораторид алмаз хүртэл ургуулдаг болсон билээ.

Гэсэн ч шинжлэх ухааны тайлж чадаагүй олон нууц эрдэс чулуулагт бий. Тэрхүү нууцыг тайлах их үйлд гар бие оролцох ирээдүй хойч маань нэгэн жарныг насалж яваа Монголын геологи, эрдэс баялгийн музейн бяцхан үзэгчид байх биз ээ.

ayalal

С.АРИУНГЭГЭЭ: НАДАД ИХ САЙХАН САНАГДАЖ БАЙНА

Анх музей үзнэ гэж ээжийг хэлэхэд юу байдаг юм бол их бодсон. Тэгсэн зөндөө их чулуу байсан. Нэг эгч тэр чулуунуудыг бүгдийг нь тайлбарлаж өгсөн. Чулуугаар аяга бас харандаа хийдэг юм байна лээ. Бас рашаанд ороход муухай үнэр үнэртээд байдаг даа. Тэр нь шар өнгөтэй чулуу байсан юм билээ. Надад их сайхан санагдаж байна.

О.НЯМДЭЛГЭР: ӨӨРТӨӨ МЭДЛЭГ ХУРИМТЛУУЛЛАА

Эрдэс баялгийн музейд орж ирээд зөндөө их мэдэхгүй зүйлүүдийг мэдэж авсан. Бидний амьдардаг дэлхий тэр дундаа Монгол улсад маань эрдэс баялгаар ямар их баялаг юм бэ гэдгийг нүдээр үзлээ. Өмнө нь чулуугаар хөөргө, ээмэг зүүлт, замын хавтанг зэргийг л хийдэг гэдэг жижигхэн ойлголттой байсан бол энд ирээд чулуу, эрдсийн талаар их зүйл мэдэж авлаа. Өөртөө мэдлэг хуримтлууллаа, баяртай байна.

З.ГЭГЭЭННАРАН: ЖАМЦ ДАВСАН УУЛ БАЙДАГ НЬ СОНИРХОЛТОЙ САНАГДЛАА

Анх удаа музей үзлээ. Маш их чулуунууд байсан. Тэр дотроос бал чулуу, алмаз, алт хамгийн их таалагдсан. Харандааг чулуугаар хийдэг юм байна. Бас жамц давсан уул байдаг гэдэг нь сонирхолтой санагдлаа.

Б.ДӨЛГӨӨН: ЧУЛУУЖСАН ҮЗМЭРҮҮД СОНИРХОЛТОЙ

Өмнө нь Чингис хааны музей орж үзэж байсан. Энэ удаагийн музейнээс галт уулын чулуу, чулуужсан мод, үлэг гүрвэлийн өндөг нь үнэхээр сонирхолтой санагдсан. Гоё музей байна.

Б.ОТГОНБАЯР: ЭРТНИЙ ОЛДВОРУУД ИХ БАЙНА

Эрдэс баялгийн музейд миний өмнө нь харж байгаагүй маш их зүйл байна. Мөн эртний олдворууд их байна. Өмнө нь заримыг нь интернэтээс харж байсан. Харин зармыг нь огт харж байгаагүй юм билээ. Их ховор, эртний чулуунууд нь таалагдлаа.

Ж.АНИР: ЭРДЭС БАЯЛГИЙН МУЗЕЙ БУСАД МУЗЕЙНЭЭС ТЭС ӨӨР

Өмнө нь музей орж үзэж байсан. Энэ удаагийн музей эрдэс баялаг байдгаараа өөр юм байна. Маш олон төрлийн чулуу байдаг юм байна. Алмаз хүртэл байсан нь сонирхолтой санагдсан.

Ц.ДАЯНБААТАР: ҮЗМЭРҮҮДИЙН ТАЙЛБАРААС ХИМИЙН ТОМЪЁОГ ОЛЖ ХАРЛАА

Үнэхээр сонирхолтой музей байна. Ихэнх музейн үзмэрүүд шилэн гонх дотор байдаг. Харин энэ музейн зарим үзмэрүүд нь ил, хүрч мэдэрч болдогоос гадна бүх үзмэрүүдийнх нь тайлбар дээр химийн томъёо нь бичээстэй байсан нь хамгийн их таалагдлаа. Надад утаат болор, хар манын байгалийн тогтоц нь үнэхээр сонирхолтой санагдсан.

И. ЭНХЖИН: ЭХ ОРНЫХОО БАЯЛГААР БАХАРХЛАА

Эрдэс баялгийн музейн үзмэрүүдтэй танилцаад эх орноороо бахархах, хайрлах сэтгэл төрлөө. Энэ гайхалтай музейг үүсгэн байгуулж, өдий хүртэл хөгжүүлж, монголчуудыг эх орныхоо баялгаар бахархах боломжийг олгосон Төрийн соёрхолт, Ардын багш Ж.Лхамсүрэн гуай бидэнд үзмэрийн талаар олон сонирхолтой мэдээлэл өглөө. Ашигт малтмал, үнэт чулууны дээж судлалын чиглэлээр домог болсон “нэвтэрхий толь” гэж аав маань бидэнд хэлж байсан. Ё.Мажигсүрэн багш маань маш гоё, ойлгомжтой тайлбарлаж, бид ч асуух зүйл их байлаа.

Б.ТЭМҮҮЛЭН: ТӨСӨӨЛСНӨӨС ИЛҮҮ СОНИРХОЛТОЙ БАЙСАН

Бидний өнөөдрийн үзэж байгаа энэ музей доторх уул уурхайн бүтээгдэхүүн чулуунууд ямар их хэрэгтэй, хэрэгцээтэй болохыг маш сайн ойлгож авсан. Мөн эдгээр олон төрлийн чулуу байхгүй бол аав ээж, ах эгч та бүхний унадаг машин, бидний өдөр бүр ашигладаг гар утас, бидний амьдардаг гэр гэх мэт бидэнд хамгийн их хэрэгцээтэй эдгээр зүйл бий болох боломжгүйг олж мэдсэндээ баяртай байна.

Миний зурахдаа хамгийн их хэрэглэдэг харандааг бал чулуугаар хийдгийг мэдэж барьж үзсэн. Болор чулуу нь зургаан талтсаар ургадаг, миний идэх дуртай амттанд хүртэл ашигт малтмал ордог гэхээр төсөөлснөөс илүү сонирхолтой санагдсан.

З.ЦЭЛМЭГ
“Datastory” криетив агентлагийн сэтгүүлч

эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img