2024-07-23, Мягмар
19 C
Ulaanbaatar

Д.Ширэндэв: Будда бол супер шинжлэх ухаанч хүн байсан

Монголын Випашяна судлалын төвийн тэргүүн Дорлигийн Ширэндэвтэй уулзаж хөөрөлдлөө.

-Манайхан Випашяна бясалгал гэж их ярих болж. Та Випашяна бясалгалын талаар энгийнээр тайлбарлаж өгөөч!

-Випашяяна бясалгал гэхээр хорвоо дээр хааяа хааяа залардаг Бурхадын хийдэг ажил байхгүй юу. Өөрөөр хэлбэл Бурхадын бясалгал гэсэн үг. Бурхад гэж ямар хүмүүс байдаг вэ гэхээр оюун ухааны оргилдоо хүрсэн хүмүүс байдаг. Манайхан ярьдаг шүү дээ, энгийн хүмүүс бол оюун ухааныхаа таван хувийг ашигладаг, суут хүмүүс бол арван хувийг ашигладаг бол Будда бол оюун ухаанаа зуун хувь ашигласан байгаа юм.

Одооны орчин үеийн хүмүүст ойлгомжтой болгохын тулд ийм л юм хэлье. Тэгэхгүй бол Бурхан багш гэж нэг уулан дээр, үүлэн дээр завилаад биднийг хараад сууж байдаг. Хааяа нэг залбирчихаар намайг харж үздэг, уучилдаг, залбирахгүй болохоор яадаг ч юм бэ тиймэрхүү л ойлголттой байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ хүн бол орчин үеийнхээр бол супер шинжлэх ухаанч байсан.

Аугаа их эрдэмтэн судлаач байсан. Яагаад аугаа их супер саянтист гэж хэлээд байнав гэхээр энэ хүн орчин үеийн шинжлэх ухааны хүрээгүй салбарт аль хэдийнэ 2600 жилийн өмнө хүрээд, аугаа их нээлт хийгээд явсан хүн байгаа юм.

-Аугаа их физикч Альберт Эйнштэйн “Будда бол аугаа хүн байж” гэж биширсэн гэдэг нь ортой болох нь ээ?

-Аргагүй шүү дээ, шинжлэх ухаан очоод гацчихаад байгаа юм чинь. Шинжлэх ухаан юун дээр гацаж байна гэхээр матери дээр яваад байгаа юм. Материас цааш оюун ухаан гэж нэг юм байна. Тэр рүү шинжлэх ухаан орж чадахгүй байгаа юм.

Буддагийн нээсэн нээлт юу вэ гэхээр одоогоос 2600 жилийн өмнө зүгээр бясалгал хийж суугаад өөрийнхөө сэтгэлийн төвлөрлийнхөө хүчээр доошоо өөр лүүгээ хандаж өөрийн биед байгаа материйг задалж явсаар байгаад хүн төрөлхтөн, шинжлэх ухаан 19-20дугаар зуунд л атом, молекул гэж юм байнаа гэж нээсэн (одоо ч хүн төрөлхтөн атом, молекул, нейтрон, плутон дээр очоод байгаад байгаа) тэрнийгээ цааш задалж чадахгүй байгаа. Тэгэхэд Будда тэрийг чинь задлаад, цаашаа задлаад задлаад дахин задрахгүй болох эцсийн цэгт хүргээд тэрийгээ аштокала гэж нэрлэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл материйн эцэст хүрсэн. Оюун ухааныг бас судлаад, мөн бясалгал хийж дотогшоо харж байгаад “Бидний энэ бие дотор гаднахь ертөнц тэр чигээрээ байж байгаа”-г нээсэн. Гадагшаагаа хайж явсанд орвол дотогшоогоо хайх өөрт илүү амар байдаг. Өөр лүүгээ харж явж байгаад материйг задалж эцэст нь хүрээд, оюун ухааныг задалж эцэст нь хүрсэн. Ингээд эцэст хүн төрөлхтөнд юу зааж өгсөн гэхээр бид биеийн хирийг угааж мэдэж байгаа шиг сэтгэлийн хирийг угаах аргыг зааж өгсөн.

-Аан, тэгвэл бясалгал хийнээ гэдэг чинь хамгийн энгийнээр ойлгоход сэтгэлийн хирийг л угаах арга юм байна, тийм үү?

-Биеийг барьж угааж болж байгаа бол сэтгэлийг ингэж барьж угааж болдог гэсэн аргыг зааж өгсөн. Ийм л гайхамшгаар сэтгэлийн хир арилна. Яагаад гэвэл бид нар зовдог амьтад байхгүй юу. Хорвоогийн хүн бүхэн зовж байгаа. Асуудалгүй хэн ч байхгүй. Билл Гейтс ч гэсэн зовж байгаа. Өчигдөр яав даа, тэрбумтан нөхөр сандарлаа ш дээ. (Биднийг хөөрөлдөхийн өмнөх шөнө фейсбүүк орчин нэлэнхүйдээ зогссон байсан юм. Л.Б) Фейсбүүк, хамаг юм хаагдангуут баларч байгаа биз. Хүн төрөлхтний аж төрөл ийм их зовлонтой. Зовлонгүй болох гайхамшигтай аргыг заасан гэдэг талаараа Будда бол гайхамшигтай хүн.

Б.Ширэндэв

Хоёр мянган зургаан зуун жилийн өмнө материйн эцэст хүрсэн, оюун ухааны эцэст хүрэн судлаад гаргаад ирсэн, дээрээс нь материас цаашлаад оюун ухаан, матери хоёр алга болоод, энэ хоёрын цаадахь шат руу хүрсэн байгаа юм. Буддагийн хүрснийг төсөөлөхөд хэцүү.

-Тийн төсөөлшгүйн хязгаарт хүрэх хүн гэж байхгүй гэхэд болох нь ээ дээ?

-Орчин үеийн эрдэмтэд ч хүрэх аргагүй. Буддагийн хүрсэнийг ойлгож мэдье гэвээс нүдээ аниад бясалгал хийхээс өөр арга байхгүй. Орчин үеийн шинжлэх ухааны багаж зэмсэг хэрэглээд үүнийг хэмжих ямар ч боломжгүй. Хүний сэтгэл оюун өөрөө тийм аугаа хүчтэй зүйл байна шүү дээ. Орчин үеийн хүмүүст хамгийн энгийн ойлгомжтойгоор хэлэхэд ийм байна. Ийм аугаа Будда нар хорвоо дээр хааяа хааяа төрдөг. Байнга аж төрдөггүй. Галавт нэг төрнө. Зарим галавуудад нэг ч Будда төрөөгүй харанхуй галавууд ч байдаг.

Хүн төрөлхтнийг оюуны хөгжилд нь хүргэдэг бясалгалыг нээж өөрөө гэгээрээд хүн төрөлхтөнд зааж сургаснаар хүн төрөлхтөн тодорхой хугацаанд амар амгалан аж төрдөг. Бидний шүтээд байгаа тэр Будда бол монголчууд Шагэмүни хэмээн нэрлэдэг. Гуатама Будда ч гэж ярьдаг. Яг энэ галавт таван бурхан залрах ёстой. Манай галавыг Сайн галав гэж ярьдаг. Сайн галавт мэндэлсэн дөрөвдэх бурхан Гоутама бурхан байсан.

Хорвоо дээр ирсэн бурхад яадаг вэ гэхээр хүн төрөлхтөнд бүгдээрээ л аз жаргал хүсдэг. Тайван амгалан, аз жаргалтай байхыг хүсээд байгаа. Аз жаргалд яаж хүрэх аргыг мэддэггүй. Тэр аргыг Будда Гоутама бясалгал хийж байгаад олсон. Гэрээсээ гараад дахиж өвдөхгүй, өтлөхгүй, үхэхгүй нирвааны тэр амгаланд хүрэх аргыг нээж олоод заасан нь випашина бясалгал юм.

-“Эртний сайхан ерөөлөөр учирсан” гэдэг шиг их эртний угшилтай амар амгалан байх арга байх нь ээ?

-Одоогоос тооцоолшгүй дөрвөн галав зуун мянган галавын өмнө (тооцоолшгүй нэг галав гэдэг нь 141 тэг тавьсан тоо шүү. Нэг галав гэдэг нь хорвоо дээр амьдрал бий болоод хэдэн тэрбум тэрбум жилээр үргэлжилж байгаад галав юүлэх хугацааг хэлдэг. Д.Ш) хорвоо дээр Дибангир гэж бурхан байсан.

-Манайхан Дивангирын үед гэж яриад байдаг чинь тэр бурхны үед гэсэн утга болж таарах нь…

-Гоутама бурхан тэр Дибангир бурхантай уулзахдаа самадигийн наймдахь шатанд хүрчихсэн, огторгуйгаар үүл хөлөглөөд нисдэг чадвартай хүн байсан. Гоутама бурхан Дибангир бурханаар яг одоо випашина заалгавал хормын дотор гэгээрэх юм байна гэдгээ мэдэж байсан.

“Хэрвээ би гэгээрчихвэл олон хүнд тусалж чадахгүй явчихна, Дивангар бурхан энэ олон сая хүн, тэнгэр, брахма нарыг гэгээрэлд хүргэж байхад би зөвхөн хувиа бодоод яахав. Асар олон хүнийг гэгээрэлд хүргэчихээд дараа нь өөрөө гэгээрэлд хүрье” гэж асар их энэрэхүй төрсөн байгаа юм. Ийм сэтгэл үүссэн хүнийг бодисадва гэдэг. “Боди” нь бурхны хутаг, “садва” нь хүсэгч.

Бурхан хутгийг олохыг хүсэгч, зорилго нь олон хүнийг гэгээрүүлж зовлонгоос гэтэлгэчихээд өөрөө гэгээрэх зорилготой хүмүүс. Өөрөө тооцоолшгүй дөрвөн галав зуун мянган галавын өмнө аль хэдийнэ гэгээрээд зовлон нь дуусчих байсан хүн та биднийг бясалгал хийж амар амгалан болоосой гэсний төлөө өөрийнхөө аз жаргал, нирваанд хүрэх боломжийг орхиод энэ олон галавын турш зовж явсан байхгүй юу. Өөрийн паарамигаа хөгжүүлсэн. Олон хүнийг хөтөлсөн. Энэ Сайн галавт тэр хүсэл нь биелсэн.

Б.Ширэндэв-Паарами гэж юуг хэлэх бол?

-Чинадад хүрэх, нирвааны чинадад хүрэх хүнд хөгжүүлдэг чадварууд байдаг. Тэвчээрийн чинадад хүрэх гэж байна. Бясалгалд суухад хатуу шийдвэрийн цаг гэж байдаг шүү дээ. Хатуу шийдвэргүй, шийдвэр тааруухан хүмүүс хэцүү байдаг биз дээ? (Инээлдэв. Хатуу шийдвэр гэж бясалгалын үед бүтэн цагийн турш нүдээ нээхгүй, хөл, гараа хөдөлгөхгүй бясалгаж суухыг хэлдэг.

Шийдвэр тааруухан шавиа эрхэм багш маань эл инээдээрээ цаагуураа сургааль айлдан ширвээд авав бололтой. Л.Б) Дибангир бурхны үед ингэж анх бодисадва болсон. Хэрийн хүссэн хүн бодисадва болоод байдаггүй. Тодорхой шалтгаанууд байдаг. Нэгдүгээрт, тэр хүн найман самадид хүрсэн байх ёстой. Тухайн үед Бурхантай уулзвал шууд архад болон гэгээрэх хувьтай байх ёстой. Бурхантай уулзаад хүслээ илэрхийлнэ.

Тэрийг нь Бурхан хараад “Энэ хүн гэгээрэх нь үү, үгүй юү” гэдгийг мэднэ. Дибангир бурхан хараад “Тооцоолшгүй дөрвөн галав зуун мянган галавын дараа энэ хөвгүүний хүсэл биелэх болно. Энэ хүн хорвоо дээр Гоутама нэртэй бурхан болно” гэж Дибангир бурхан лүндэгнэсэн байдаг. Ийм нөхцөл, шалтгаан бүрдэж байж бодисадва болдог. Тэрнээс биш Их хөлгөний ном сонсонгуутаа бодисадва болно гэж байхгүй. Бурхан лүндэгнэж, баталгаажиж байж тэр хүн бодисадвагийн замаар ордог.

-Бодисадвагийн замаар орсон хүн ямар чадвартай байх бол?

-Хаана төрөхөө сонгоно. Хэнийг аав ээжээ болгохоо мэднэ. Хаана төрөхөв, аль улс оронд төрөхөв, хаана төрвөл илүү олон улс амьтанд тусалж болохоор байнав гэдгээ сонгодог. Гоутама бурхан тооцоолшгүй дөрвөн галав зуун мянган галавын өмнө гэгээрчих байснаа олон галавыг үдэж 2600 жилийн өмнө л энэ дэлхийд мэндэлсэн юм.

Хорвоо дээр заларсан бурхад випашина бясалгалыг хүн амьтанд заадаг ч мартаад устгачихдаг. Түүнийг дараачийн бурхан гарч сэргээдэг. Бурхан багш өвдөхгүй, өтлөхгүй, үхэхгүй шалтгааныг хайж олъё гэж гэрээс гарсан. Гэрээс гараад Энэтхэгийн хиндү шашны самади бясалгалын наймдахь шатанд хүрсэн.

Гоутама бурхан Дивангир бурхантай уулзахдаа л самади бясалгалын наймдахь шатанд хүрсэн байсныг санаж байгаа биз. Гэгээрсэн бурхад чинь өмнөх төрлийн үйлдлүүдээ заах төдийд л шууд санадаг юм байна. Сэтгэлийн өнгөн хэсэг ариусаж байсан ч гүн хэсэг ерөөсөө ариусаагүй. Гүнд байгаа үйлийн үр хэвээрээ байсан. Тэнд үйлийн үр байна гэдэг чинь дахиад төрөл, зовлон үргэлжилнэ гэсэн үг шүү дээ. Тэрийг устгах аргыг хайсан. Тэр үеийн Энэтхэгийн жейн шашныхан “Сэтгэлийн гүнд байгаа үйлийн үрийг биеэ зовоож байж устгадаг юм” гэж хатуужил үйлддэг байж.

Бурхан багш хатуужил үйлдэж зургаан жил суусан гэж яриад байдаг даа. Зургаан жил хатуужил үйлдсэн ч санкхаара-үйлийн үр нь нэмэгдсэн байсан. Зургаан жил зовсон юм чинь үйлийн үр нэмэгдэлгүй яахав дээ. Биеэ зовоох бол гэгээрэх арга биш байна гэдгийг ухаараад таван настайдаа хийж байсан анапана-амьсгал орж гарахыг ажиглах дасгалыг санангуутаа хийж эхлээд арван дөрөв хоногийн дараа сайжруут нэгхэн хоногийн дотор випашина хийж өөрөө өөрөө багшгүй гэгээрсэн байдаг. Бурханд заадаг хүн гэж хэн байх вэ дээ.

Б.Ширэндэв
Зохиолч Гүн Аюурзана, Д.Төрмөнх нарын хамт.

Монголчууд Бурханы сургаалтай ард түмэн. Би үүнийг яагаад яриад байна гэхээр манай Монголын лам хуврагууд Энэтхэгт очоод түвдүүдийн сүм хийдүүдэд суралцаад ирж байна. Бурханы сургааль ном Энэтхэгээс үүсэлтэй. Будда чинь энэтхэг хүн шүү дээ. Пали хэлээр ном сургаалиа айлдаад, пали нь санскрит хэлнээ буугаад, санскритээс түвдүүд орчуулсан. Түвдээс манай монголчууд орчуулсан гэсэн үг л дээ.

-Бурханы сургааль ном дам дамаа дөрөв таван хэл дамжиж манайд ирсэн гэсэн үг байх нь ээ?

-2600 жилийн өмнө Будда хүн төрөлхтөнд заасан сургааль нь энэ. Буддын сургааль Бурхны шашин гэдэг үгээсээ эхлээд буруудаад яваад өгсөн. Шашин гэдэг чинь шасиня гэдэг энэтхэг үг. Шасиня гэдэг үгийн жинхэнэ утга “Заасан зүйл, сургасан зүйл” гэсэн үг.

Тэрийг зохион байгуулалттай юм болгоод явчихаар буддизм гээд гажуудаад явчихаж байгаа юм. Бурхан Буддагийн өөрийнх нь пали хэлнээ буй 140 боть номуудыг компьютерт хийчихээд хайлт хийхээр “Буддизм” гэдэг үг ерөөсөө байхгүй. Буддизм гэдгийг сүүлд хожим зохиосон үг. Бурханы гайхамшигт ном бол хүн төрөлхтөнд хэрэгтэй болохоос зөвхөн буддистуудад зориулсан ном биш. Христийн номлолтой хүнд ч хэрэгтэй. Энэ гайхамшигтай заасан зүйлийг шашин болгоод цөөхөн хэсэг бүлэг хайрцаглаад явчихсан байгаа юм.

Шашин гэж үзээд байгаа энэ гайхамшигт номууд зохион байгуулалттай шашин биш сургааль гэсэн үг байхгүй юу. Бурхан хүн төрөлхтөнд юу зааж сургасан юм бэ гэхээр “Нүгэлийг бүү үйлд. Буяныг хотол чуулган болго. Өөрийн сэтгэлийг огоот номхотго. Энэ Бурханы сургааль болой” гэсэн шүлэгт бүхнийг хураангуйлсан байдаг. Нүгэл бүү үйлд гэдэг нь сахил сахихыг хэлээд байгаа юм. Хар хүмүүсийн хувьд бол таван сахил сахих. Буяны хотол чуулган болго гэдэг нь анхаарлаа төвлөрүүлэхийг хэлээд байгаа юм.

Хүний анхаарал төвлөрөхгүй болохоор нүгэл рүү явчихаад байдаг. Удаан самадид төвлөрөөд буян хураад байгааг буяны хотол чуулган гэж байгаа юм. Түвд, Монголд өөрийн сэтгэлийг номхотгох гэж буруу орчуулсан байдгаас жинхэнэ утга пали хэлнээ өөрийн сэтгэлийг огоот ариусгах гэж байдаг. Сэтгэлийг огоот ариусгах гэдэг нь билгүүнээрээ випашина бясалгал хийж сэтгэлийн хирийг ариутга гэсэн утга байгаа байхгүй юу. Энэ хорвоод заларсан бурхад юу заадаг юм бэ?

-Юу заадаг юм бол?

-Сахил сахихыг заадаг. Самади бясалгал хийхийг заадаг. Випашина бясалгал хийж билгүүнээ хөгжүүлээд сэтгэлийнхээ хирийг арилгахыг заадаг. Хорвоо дээр заларсан бүх бурхад ийм л зүйлийг заадаг.

Энэнээс өөр юм байдаггүй. Энэтхэгт явж суралцсан, түвдийн буддизмыг гадарлах надад юу ажиглагддаг вэ гэхээр Ганга мөрнөөр жишиж харахад анх урсаж ирж байгаа мөрний эх асар цэвэр тунгалаг ч тал дундуур ай саваа дэлхэн явах замд үй олон хүн усанд орж, бохироо юүлсээр далайд цутгах үед хэлэхийн эцэсгүй юм очиж байна. Тэрэнтэй адил Бурхан хүн төрөлхтөнд маш гайхамшигтай, маш энгийнээр сахил сахихыг заадаг юм байна, муу юм хийхээ болихыг заадаг юм байна. Анапана бясалгал хийж сэтгэлээ төвлөрүүлэхийг, эзэмдэхийг заадаг юм байна.

Випашина бясалгал хийж сэтгэлийнхээ хирийг арилгахыг заадаг юм байна. Ийм л гурван зүйл заасан чинь одоо XXI зуунд Монголд орж ирэхдээ тэс өөр болсон байна. Үүнийг би одоо хэлэх цаг нь болсон гэж бодож байна. Одоо бидний Бурхны шашин гэж ойлгоод байгаа зүйл Бурхан багшийн зааснаас шал өөр болчихсон байна.

-Түвд, монгол ёс заншил холилдоод, бөө мөргөлтэй ч бөөгнөрөөд ёстой холион бантангаа хутгасан юм байна л даа?

-Тэр талаар яривал дуусашгүй их асуудал байгаа.

-За тэгвэл, түр зуур энэ сэдвийг орхиод таны “гэрээс гарч” Энэтхэг орныг зорьсон шалтгааныг сонирхъё!

-1990 оны Ардчилсан хувьсгалын дараа оюутан болж, МУИС-ийн Өрнө, дорно судлалын ангид элссэн юм. Сонголтоо ийн хийх болсон шалтгаан гэвэл хуваарь авсан тэр зун амьдрал, түүний утга учир, оршихуйн тухай эргэлзэл төрж “Төрсөн бие зайлбаргүй үхдэг. Тэгвэл энэ ахар хугацаанд хүн гэгч яаж амьдрах ёстой юм, бидний хорвоод ирсний утга нь яг юу юм, аз жаргал гэж юуг хэлэх юм” гэх зэрэг асуултууд толгойд тасралтгүй орж ирээд байсантай холбоотой.

Асуултын минь хариу буддизмд, барааг нь харах битгий хэл нэрийг нь сонсох ч хориотой байсан судруудад байгаа гэж итгэсэн л дээ. Үүний үндсэн дээр мэргэжил сонголтоо хийсэн. Нөгөө талаас энэ чухал сонголтоо хийхтэй зэрэгцэн Монголд Ардчилсан хувьсгал гарч бид шашин шүтэх, миний хувьд бол судлах эрхээ олж авсан минь азтай.

Оюутан болсон эхний жилдээ Гандангаар их эргэлдсэн. Өнөө асуултууддаа л хариу хайгаад байгаа юм. Тэгсээр нэгдүгээр дамжаагаа төгсөөд байтал тухайн үеийн Монголд суугаа Энэтхэгийн Элчин сайд Бакула ренбүүчи Энэтхэг рүү хоёр оюутан явуулах болов оо. Гандангаас нэг, МУИС-аас нэг хүүхэд. Их сургуулиас явуулах хүүхдийг Шинжлэх ухааны академиас бодлогоор томилох болсон. Аз болоход тэр нь Бурхан багшийн сургааль номоо айлдсан эх хэлийг сурах юм сан гэдэг хүсэлтэй минь огтлолцож, 1991 онд Энэтхэг улсад санскрит хэл судлалаар суралцах оюутан болж явж байлаа.

-Энэтхэгт очоод та юу сурав даа?

-Тэнд би зургаан жил яг л хүсээд байсан пали, санскрит хэлээ судалсан. Хүний хүсэл гэдэг хүчтэй. Идэвхтэй хичээл зүтгэлийн дүнд тун богино хугацаанд чадвар ахиж, төдөх юмгүй үеийн лам нарыг орхиж чадсан шүү. Магадгүй зорилго хол байсан болохоор хэл сурах нь том даваа санагдаагүй байх.

Тэр хэлээр л дамжуулж хүн төрөлхтний оюун санааны гол түлхүүр бүхий гүн ухаантай танилцах нь зайлбаргүй байсан. Нөгөө талаас өгүүлбэрийн бүтэц, зарчмын хувьд монгол хэлтэй их төстэй байсан нь дэм болсон. Ингээд л буддын онолыг шунаж судалсан даа. Тодорхой хугацаанд хангалттай уншиж судалсан болохоор цаашид шат ахиж практикийг нь хийж туршмаар болох нь баараггүй биз дээ.

-Бурханы ном сургаалуудыг лам нараар заалгав уу?

-Надад лам нар зааж өгөөгүй ээ. Тухайн үед Будда Гоутамагийн номлосон бясалгал Энэтхэг улсад алдагдаж мартагдаад, олон жилийн хугацаанд хадгалагдаж ирсэн шашны судрууд л үлдсэн юм билээ. Аз болоход сургууль дээр маань Випашяна бясалгалын их багш С.Н.Гоенка багшийн томилсон Л.Н.Ратхи багш заларч, яг л хайгаад байсан шашны элдэв зан үйлд дарагдаж өөрчлөгдөөгүй, цэвэр ариунаараа дамжиж ирсэн бясалгалыг зааж эхэлснээр тэнд өнгөрүүлсэн хамгийн жаргалтай цаг хугацаа минь эхэлсэн дээ. Үндсэндээ бясалгал өөрөө над дээр ирчихсэн юм.

“Шавь бэлэн болоход багш өөрөө ирдэг” гэдэг нь тэр байсан байх. Би Энэтхэгээс хоёр эрдэнэ олж ирсэн. Нэг нь 2500 жилийн тэртээ амьдарч асан Бурхан Буддагийн өөрийнх нь зааж үлдээсэн випашяна бясалгал болон түүний гэгээрэл, амар амгалангийн тухай буюу бясалгалынхаа философийг тайлбарлан үлдээсэн “ТипиТака” судар. Монголчууд маань “Ганжуур”, “Данжуур” гэж сайн мэднэ дээ.

Ширэндэв

-Төгсөж ирээд Випашина бясалгалаа шууд хичээллүүлж эхэлсэн үү?

-1997 оны долоодугаар сарын 16-нд Энэтхэгээс Гоенка багшийн томилсон анхны дөрвөн багшийн нэгийг урьж авч ирэн Монголд бясалгалыг заан түгээх ажлаа эхлүүлж байв. Хоёр жил орчим болоод гэр бүлийнхээ амьдралыг дээшлүүлэхээр АНУ-ыг зорьсон ч бясалгалаа огт орхиогүй, явуулсаар таниулсаар байсан.

Тэнд үлдээд амьдрахаар төлөвлөж байхад 2002 онд Гоенка багш АНУ-д ирэхтэй таарч уулзсанд “Монголдоо буцаж, бясалгалыг түгээх үйл хэрэгтээ шамд” хэмээн захисан нь шийдвэр гаргахад хүчтэй нөлөөлсөн юм. Ирснээсээ хойш өнөөг хүртэл тасралтгүй энэ ажилдаа бүрэн анхаарч явна даа. Өнгөрөгч жилүүдэд амаргүй үе олон байсан ч номын үр шим гэдэг асар хүчтэй юм байдаг юм байна. Бясалгал гэхээр нүдээ аньж суугаад л гоё болоод байдаг юм бодож болохгүй. Их хугацаа, хичээнгүй хичээл зүтгэл шаардана. Хүмүүс бясалгалаас зөвхөн гоё сайхан болохыг л хүсэж ирдэг.

Харин бодит амьдралд сайхан, муухай бүхэн ээлжлэн, зовлон жаргал ээлжлэн учирч байдгийг мартаж болохгүй. Тийм учраас бясалгалаас гоёыг олж хайхаас гадна бодит амьдралын сайхан муухай, зовлон жаргалын аль ч үед сэтгэлийн тэнцвэрээ хадгалж чадах тэр хандлагыг хайвал зохино. Випашяна бясалгал энэ л тэгш орших чадварыг хүнд суулгаж өгдөгөөрөө онцлогтой. Випашяна бясалгалд өнөөдрийн байдлаар 50 мянга гаруй хүн хамрагдаад байгаа. (Үргэлжлэл бий)

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img