2024-07-22, Даваа
21 C
Ulaanbaatar

Т.Дүүрэн: “Найрамдал” зусланд сурсан гоё дуунууд аавынх байсныг мэдээд жигтэйхэйхэн догдолсноо мартдаггүй

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дууны шүлгийн нэрт мастер, зохиолч, яруу найрагч Загдын Түмэнжаргал агсныг монгол түмэн сэтгэлд мөнхөрсөн уран бүтээлээр нь сайн танина. Загдын Түмэнжаргал нь 1953 онд Угтаалцайдам сумын Сонин хангай уулын бэлд мэндэлжээ. Сумын долоон жилийн сургууль /1968/, Багшийн сургууль /1971/, МУИС /1980/- ийн Монгол хэл-Уран зохиолын ангийг тус тус төгссөн. 1971 оноос Нийслэлийн нэгдүгээр дунд сургуульд багш, АБЯ-нд орчуулгын уран зохиолын редактор, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд редактор, “Үнэн” сонинд нийтлэлч, Сэлэнгийн Ерөө сумын ТМС-ийн захирал, “Ардын эрх”, “Өнөөдөр”, “Өдрийн сонин”-д сэтгүүлчээр тус тус ажилласан. УИХ-ын даргын болон Ерөнхийлөгчийн зөвлөх, Орос, Франц улсад соёлын мэргэжилтний албыг хашиж явсан. Парисын Дорно дахины сургуульд багшилж байжээ. 1970 оноос уран бүтээлээ эхэлж, яруу найргийн “Бид” /1977/, “Шинэ танил” /1979/, “Үүрийн тэнгэр” /1980/, “Арван найман нас минь” /1982/, “Голын жараахай” /1984/, “Нарны хүүхдүүд” /1985/, “Ус мөрөн олон чиг”/1997/, “Аниргүйн хөгжим” /2007/, хүүхдийн уран зохиолын “Нисдэг алим” /1991/, “Нарны хэлтэрхий” /1992/, “Зүүдний байшин” /2001/, “Чингис хаан” /2002/, дууны шүлгийн “Уяхан цэнхэр хавар” /1994/, “99 дуу” /2007/, “Монголын тал нутаг” CD /2001/, “Ижийгээ баярлуулж яваарай” CD /2003/, сурах бичгийн “Сонирхолтой математик” /1996/, “Унших бичиг-1” /1997/, “Нэгдүгээр ангийн унших бичиг”, “Цэцэрлэгийн сурах бичиг” цуврал, “Цагаан толгой” /2001/ номууд эрхлэн хэвлүүлжээ. 2004 онд МУЗ-ын дээж 108 ботид шилмэл бүтээл нь бие даан хэвлэгджээ. Дууны урлагт “Могжоохон Даагатай жогжоохон хүү”, “Бага насаа хайрлаж явна”, “18 нас”, “Гэрэлт орчлонгийн залуус”, “Цэцгэн зүйрлэл”, “Дууны хорвоо”, “Зүрхний хайртай эх орон” зэрэг 200 гаруй бүтээл нь мөнхрөн үлджээ. “Очоод золгоно доо”, “Сургууль минь баяртай” дууны шүлгээрээ МЗЭ-ийн нэрэмжит шагнал /1992/, “Монголын тал нутаг” шүлгээрээ “Алтан өд” шагнал /2001/, бага ангийн “Сурах бичиг”-ийн бүтээлээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /2004/, “Соёлын гавьяат зүтгэлтэн /2007/ цол тэмдгээр тус тус шагнагджээ. Найрагчийн хүү Түмэнжаргалын Дүүрэнтэй аавынх нь тухай хөөрөлдлөө.

-Түмээ найрагчийг Монголын ард түмэн уран бүтээлчийнх нь хувьд дэндүү сайн мэднэ. Та аавынхаа тухай сайхан дурсамж хуваалцаач?

-Миний аав 1953 онд Төв аймгийн Угтаал цайдам суманд мэндэлсэн. Арван хүүхэдтэй Загд хэмээх өнөр өтгөн айлын хоёр дахь хүү л дээ. Нэг эгчтэй. Сумынхаа долоон жилийн сургуулийг төгсөөд Улаанбаатар хотын Багшийн сургуульд элсэн суралцсан.

Аав байгалиас заяасан унаган авьяастай, бичгийн их хүн байжээ гэдгийг нэгдүгээр ангид байхдаа сайхан бичгийн аварга болж байснаас нь харахад ч тодорхой байгаа юм. Их нямбай хүн учраас сайхан бичгийн аварга болж байсан хуудсаа хүртэл хавтсанд хадгалчихсан байсныг би сүүлд хараад бахархсан.

Бичгийн цаасан дээр шугам татчихсан юм шиг бичсэн байгаа биз. Хэвлэлд гарсан анхны шүлгүүд нь байж байна. Арван таван насандаа Москвагийн радиод захидал хүртэл бичиж байсан хэнхэгдүү ч гэмээр тийм л бадрангуй нэгэн байж дээ.

Наймдугаар ангидаа сургуулийнхаа математикийн аварга болсон гэрчилгээ нь ч бий. Тэр бүхнээ нямбай хадгалсан нь хожим үр хүүхдэд нь үлгэр дуурайл болно гэж боддог байж. Багшийн сургуулийн оюутан байхдаа төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав ахтай хамт “Пионер” хэмээх анхны дуугаа зохиож уралдаанд оролцож хоёрдугаар байр эзлэн Филатова гуайн гараас шагналаа гардаж байсан байдаг.

Филатова шагнал гардуулахдаа мань

Дүүрэн аавын хамт. Парис хот

хоёрыг “Ийм балчирхан мөртлөө ямар гайхамшигтай авьяастай юм бэ” гэж дуу алдаж байсныг ээж маань дурсдаг юм.

-Ажлын гараагаа хаанаас эхэлсэн юм бол?

-Багшийн сургуулиа дүүргээд Нийслэлийн нэгдүгээр сургуульд бага ангийн багшаар ажиллаж, даасан ангид нь дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн хүү Амараа, их эрдэмтэн Чой.Лувсанжав гуайн хүү Өлзийт нар суралцаж байсан байдаг.

Энд нэг инээдтэй юм ярихад аавын уран бүтээлийн багш Явуу найрагч хүүгийнхээ өмнөөс хоёр удаа бичгээр чөлөө гуйсан нь хүртэл баримтаараа байж байна. Тэр үеийн хүмүүс ийм гайхамшигтай ёс зүйтэй байсан байгаа юм.

Аав маань сургуулийнхаа тэргүүний бага ангийн багшаар хүртэл шалгарч байсан гээд бод доо.

Дараа нь МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг 1980 онд улаан дипломтой дүүргэсэн юм билээ. Их сургуулийн онц төгсөгчдийн самбарт нэр нь байдаг юм.

-Их л энгийн хүн байсан санагддаг?

-Аав өөрөө хөдөөний хүүхэд болохоор ч тэр юм уу монгол ахуйг ойлгуулах гэж намайг дөрвөн настайгаас наймдугаар анги төгстөл зуны амралтаар хөдөө явуулдаг байсан.

Би нэг зун “Найрамдал” зусланд амарч ирээд аавыг “Юу сурав” гэхээр нь
“Цагаан баавгайн бамбарууш тоглон наадаж байна.
Цэгээн туйлын мөсөн дээр бөмбөг битгий хаяарай”,
“Хүүхдийн сэтгэл шиг цэлмэгхэн
Монгол наадмын тэнгэр дор
Эв найрамдал дүүрэн, дүүрэн
Инээд баясал тодхон, тодхон
Бөөн баяр аа
Бөөн баяр аа” зэрэг зуслан дээр байнга дуулдаг дуунуудыг сурснаа хэллээ. Манай аав чинь ямар ч хүнтэй наргиад байгаа нь ч мэдэгдэхгүй, хошиндуу ч гэмээр харьцдаг хүн ш дээ. Тэгсэн мань эр “Миний зохиосон дуу ш дээ” гэж байна. “Аав аа, та худлаа яриад байгаа юм биш үү” гэсэн чинь шөнө хэрэг болгож босож ирээд баахан бичиг цаас үзүүлж, ямар уралдаанд хэддүгээр байр эзэлснийг хүртэл баярын бичигтэй нь харуулж байна.

Аавыгаа тэр гайхамшигтай дуунуудыг бичсэн найрагч гэж бодсон чинь бахдал төрөөд цонхоор тусах сарны гэрэлд нэг л гайхамшигтай мэдрэмж төрж, даль жигүүртэй ч болчихсон юм шиг санагдаж, нойргүй хонож байж билээ.

-Таны нэрийг мэдээж аав тань өгөө байлгүй?

-Нэрийг маань аавын амьдралын ч, яруу найргийн ч багш Тангадын Галсан гуай өгсөн байдаг. Аав дүү Дөлгөөн бид хоёрын тухай бүхнийг нялх үстэй нойтон зүстэйгээс бичсэн дэвтэр одоо ч ээжид минь байгаа.

Аж төрөлдөө бүхий л зүйлээр дүүрэн байг гэсэн утгатай шүлэглэж бичсэн ерөөл тэнд бий. Зулай дээр минь гишгэж төрсөн ах минь ой хүрэлгүй өөд болсон болохоор аав ээж хоёр минь дүүрэн жаргалтай байхыг хүсэж байсан нь лавтай.

Манайх миний нэр шиг ёстой дүүрэн халгиж цалгисан айл байлаа. “Хонх”-ын Цогтсайхан манай хоёрынх хөрш. Цогоо ах гитараа үүрээд ороод ирнэ. Аав “Рашаантын-18”-ыг нь дуулуулна. Шог зохиолч Ж.Барамсай, яруу найрагч Ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ, хүүхдийн зохиолч Даваашарав, зохиолч Ж.Зана ах нар мөн ирж уран бүтээлийн халуун яриа өрнүүлдэг сэн. Ардын уран зохиолч Б.Догмид ах намайг бага байхад их хардаг байлаа. Төрийн сүлд зурсан төрийн шагналт зураач Ц.Ойдов ах аавтай их дотно. Аав “Ажнай”-н Бат-Эрдэнэ ахад их баярлаж явдаг байсан.

Уран бүтээлийн тоглолтоо хийх гээд мачийж явахад гар сунгаж, ажлыг нь амжуулж өгсөн юм билээ. Уран бүтээлч хүн урмаар л урагшаа явдаг шүү дээ.

-Аав чинь бүтээж туурвихаас гадна ямар битүү авьяастай хүн байсан бол?

-Баян хуур дарна, аман хуур үлээнэ. Хүүхэд байхад аав гэртээ өөрийнхөө дуунуудыг баян хуурдан тоглож, дуулдаг байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна.

Тухайн үеийнхээ гайхамшигтай дуучдын хуурцагийг сонсоно. Дуучин Адарсүрэн гуайн дууг хэдэн зуун удаа сонсоо л “Өнгө нь ингэж орж ирж байна, дээд өнгөнд нь хоолой хүрэхгүй нь” гэх мэтээр нэг хоббийтохоороо шөнөжингөө дуугаа давтчихдаг байсан. Би харжээ суусаар нөгөө дууг нь сурчихна.

Дүүрэн
Т.Дүүрэн аав, ээж, дүүгийн хамт.

Нэг зүйл сонирхохоороо түүнийхээ эцсийг үзэх гээд зүтгэдэг тэр чанар нь надад бас өвлөгдсөн дөө. Ааваас өмнө дөрвөн хүү нь хүн болоогүй болохоор өвөө эмээ маань буруу энгэртэй дээл өмсүүлж, алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн юм билээ. Тиймдээ ч тэр үү дүү бид хоёрыг эрхлүүлэх гэж жигтэйхэн хүн байлаа.

Намайг дөрөвдүгээр ангидаа гэрэл зургийн дугуйланд ороход аав Москва явж долоон зуун рублиэр “Зенит” аппарат авчирч өглөө. Уг нь сонирхогч хүүхдэд 16 рублийн ердийн аппарат байхад л болоо шүү дээ.

Тэгэхэд хүүдээ хэдэн сарынхаа ч цалингаар ийм их үнэ цэнэтэй зүйл авчирч өгч байсан юм, хөөрхий. Би энэ аппаратаар олон ч зураг дарж, угааж сурсан даа.

-Аавтайгаа авахуулсан зураг уул овоо шиг л олон байгаа юм байна даа, тэгвэл?

-Харамсалтай нь аавтайгаа авахуулсан зураг надад байдаггүй юм. Парист амьдарч байхад нь авахуулсан зургийг эс тооцвол. Би аавыгаа дуурайсан сониуч хүүхэд байлаа.

Нөгөө “Зенит”-ийг задалж үзчихээд яг байгаагаар нь эвлүүлчихье гээд задалчихсан чинь дахин угсарч чадаагүй.

-Алган боовыг ч хүртээ биз?

-Өө ёстой яагаа ч үгүй. “Задалж үзэв үү, дотоод ажиллагаатай нь танилцсан биз. За тэгвэл яахав яахав” гээд тоогоо ч үгүй.

Ер нь их сонин хүн дээ. Хүүхдийн паркаар хамт явж байгаад намайг хөөсөн чихэр сонирхохоор “Аманд ороод хоол болохгүй араанд ч үлдэцгүй юмаар яах гэсэн юм бэ” гэснээ намайг авахуулсны дараа “Аав нь нэг амсаадахъя” гэснээ амтанд нь ороод бүгдийг нь идчихээд “Энэ чинь харин зүгээр юм байна ш дээ” гэж жишээтэй.

Хүүдээ боловсрол эзэмшүүлэх гэж орос сургалттай сургуульд оруулж, Боловсролын яаманд нэр хүндтэй мэргэжилтний ажлаа хүртэл хүлээлгэж өгөөд Орел хотод ажиллаж байсныг нь бодохоор сэтгэлд нэг л өег гэгээн байдаг юм.

-Найрагчийн хүү болохоор уран бүтээл төрөхийн жаргал зовлонг дэндүү мэдэрч өсөө дөө?

-“Хүүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол
Хүн бүхэн сууна даа гэж
Хааяа би боддог юм
Ийм сайхан
Тийм сайхан
Бага насаа би
Хайрлаж явнаа” гэсэн дууг хүн бүхэн мэднэ. Энгийн үгтэй мөртлөө миний ааваас өөр хэн ч бичиж чадаагүй дуу л даа.

Хүүхдийн сэтгэхүйд үүнээс илүү яаж ойлгомжтой хэлэх вэ дээ. Сэлэнгэ аймгийн Ерөө дэхь тусгай сургалттай ТМС-ийн захирлаар ажиллаж байхдаа ээжийг хот руу ажлаар явахад “Бага насаа хайрлаж явна би”, “Амгалан цэнхэр дэлхий” гэсэн хоёр шүлгийг Л.Галмандах ахад явуулж дуу болгосон түүхтэй.

“Америк сөнөтүгэй” гэж үзэл сурталжсан тэр бэрх цагт “Москва, Дели, Нью-Йорк хаана ч гэсэн хүүхэд бүхэн адилхан байна” гэж хэлж чадсан нь ертөнцийн бүх хүүхдэд хайртай, тэднийг өмөөрөх нинжин сэтгэлтэй найрагч байсан гэхээс аргагүй.

Аав маань унаган монгол уламжлалаа дээдэлсэн, төгс төгөлдөрт тэмүүлсэн уран бүтээлч байж. Төгс төгөлдөр гэдэг ойлголт маань маш энгийн байна гэсэн үг биз дээ.

Дүүрэн

Хүн муулах ясны дургүй. Харин хүнийг магтах, өөрөө ч магтуулах дуртай өөдрөг, юмыг дандаа сайн талаас нь харж, хийж бүтээдэг хүнийг дэмжээд явчихдаг хүн байсан. Тэр нь уран бүтээлд нь ч тусгалаа олсон.

Дуучин Сэрчмаагийн тоглолт болоход сонин хэвлэл рүү утасдаад их тус болсон гэж манай найз Тэмүүлэн хэлдэг юм.

-Мөн ч өргөн олон сэдвээр дууны уран бүтээл туурвисан даа?

-Сургууль төгсөх үеэр жил болгон оюутан сурагчид “Уяхан цэнхэр хавар”, “Салаа хархан гэзгэн дээр чинь” гээд дуулахад би саатаж сонсдог. Хүүхдийн баяраар “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг”, “Могжоохон даагатай Жогжоохон хүү”, “Бөөн баяр” гээд дуунууд заавал хангинана.

Тэр үед би хүүхдүүддээ та нар ийм мундаг өвөөгийн удам юм шүү гэж хэлэх дуртай. Аав “Миний өвөө Богдын Мөрцэрэн жаа лам гэж мундаг эрдэмтэй хүн байсан.

Аав нь удмынхаа сайн сайхныг өргөж Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллалаа.

Ямар ч байсан өвөөгийнхөө хүрсэн өндөрлөгийг уруудуулсангүй” гэдэг байсан нь үр хүүхдүүдэд нь гэрээс болон үлдсэн дээ. Би хэдийгээр шүлэг найраг бичээгүй ч “Интернэтийн цагаан толгой” гаргаж, орчуулгыг бол өөрийн хэмжээнд хийчихнэ шүү.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хир халдаахгүй биз?

-Н.Энхбаяр гуайн орчуулгын анхны бүтээлийн редактороор ажиллаж энэ хоёр анд бололцсон түүхтэй юм билээ. Намайг Энэтхэг рүү сургуульд явах болоход Энхбаяр ах Соёлын сайд байсан.

Би уг нь бор зүрхээрээ сургууль авсан ч заавал ч үгүй нэг яамны нэр дээр явах ёстой гэсэн шаардлага тавиад аав намайг дагуулж орсноор миний эрдмийн гараа эхэлсэн.

Аав ер нь нөхөрлөлдөө үнэнч, хүнд туслахын одонд төрсөн хүн байсан ч өөрөө их даруу, гавьяа шагналын хувьд их ичимхий хүн байсан. “Та яруу найрагч л юм бол “Болор цом”-д нь ороод түрүүлчих л дээ, Ерөнхийлөгчийн зөвлөх юм чинь Төрийн шагналаа авчих л даа” гэж намайг хорыг нь маажихад “Өө тэр дэмий зүйл, битгий ийм зүйл ярьж бай” гээд ер тоодоггүй байсан даа.

-Аавынхаа уран бүтээлээс хамгийн дуртай нь?

-Их олон бүтээлээ албаар бүр хүүхдүүддээ ухаарал хайрлахуйцаар бичдэг байсан юм. Галхүү ахын ая “Цэцгэн зүйрлэл” чинь ээжид зориулсан дуу шүү дээ. “Очоод золгоно доо”, “Халтар манан хөөрөг”, “Багш та”, “Баярлалаа”, “Сургууль минь баяртай”, “Алтан нар”, “Үүр шөнийн оддоос асуугаарай”, “Мөнгө” гээд бичээгүй сэдэв үнэндээ байхгүй. “Баярлалаа” дууг гэхэд өөрийн дотнын анд, соёлыг гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдорж ахад зориулж бичсэн шүү дээ.

Танай “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Жамбалын Мягмарсүрэн ахын гэрэлт сайхан сэтгэлд үргэлж талархаж явдаг байсан. Хүний ачийг санаж явахыг аав минь амьдралынхаа алтан мөрдлөг болгосон олонтой хүн байсан.

Өөрийгөө ойлгохгүй явах үед минь аав “Дууны хорвоо” гэдэг дуундаа:
“Идэр омголон насны өнгөөр
Эрдэж бардаж яваагүй л бил үү.
Эндүү андуугийн халуухан харгуйг
Эргээд санахад харамгүй л бил үү” гээд биччихсэн байсан нь их гүн сэтгэгдэл төрүүлсэн.

Тэгээд “Миний хувьд энэ таны топ дуу” гэсэн чинь аав “Ямар сонин юм, хүн болгон л “Улс гүрэн нь олон чиг Монголыг минь яаж гүйцэхэв дээ”-г л агуу гэдэг, чамд л тэгж санагдсан юм байлгүй” гэж билээ. Миний нэрийг дуундаа бас их хавчуулна аа.
“Дүүжүү алсаас ирээд
Дүүрэн амьсгаа авахад” гэдэг дууг намайг Энэтхэгт сургууль төгсөж ирээд “Монголын агаар сайхан шүү” гэж ярьж байсныг тусгаж бичсэн. Нэг талаасаа цээж дүүрэн амьсгаа гээд байгаа юм шиг нөгөө талаасаа Дүүрэн, хүү нь амьсгаа аваад байгаа биз. Янзтай биз.“Эрдмийг сураад буцна гэхээр
Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай” гэж байна. Олон дуундаа оруулсан байдаг юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img