Америкийн алдарт зохиолч, яруу найрагч, нийтлэлч, утга зохиолын шүүмлэгч Эдгар Аллан Погийн мэндэлсний 125 жилийн ой энэ жил тохиож байна. 1809 оны нэгдүгээр сарын 19-нд төрөөд дөчхөн насандаа нас нөгчсөн түүнийг сонгодог детектив, декадент, сэтгэл зүй болон уран зөгнөлт зохиолыг үндэслэгч гэж үздэг.
Сонирхолтой нь, тэрээр анхны номоо Монголын Барлас хэмээх түрэгжсэн овгоос гаралтай, 14 зуунд Дундад Азид аварга том эзэнт гүрэн байгуулсан Доголон Төмөр эмирийн нэрээр “Доголон Төмөр ба бусад шүлгүүд“ гэж нэрлэжээ. Монголтой тэрээр өөр бас нэг сэжмээр холбогддог. Анх түрүүнд Эдгар Аллан Погийн “Алтан цох”-ыг их зохиолч Д.Нацагдорж 1936 онд герман хэлнээс хөрвүүлэн хэвлэснийг нэн ялангуяа манай ахмад, дунд насны уншигчид андахгүй биз ээ.
Энд түүний амьдрал, уран бүтээлийн талаарх есөн баримтыг толилуулж байна.
1.Эдгар Аллан Погийн амьдрал эмгэнэлээс эхэлсэн нь
Эдгар Аллан По нэгдүгээр сарын 19-нд явуулын театрын жүжигчин Дэвид ба Элизабет Погийн гэр бүлд төрсөн аж. Түүнийг төрөөд удаагүй байхад архи нэлээд хүртдэг аав нь гэр бүлээ орхин яваад сураггүй болжээ. Харин ээж нь бяцхан Эдгарыг хоёр настай байхад сүръеэгээр нас баржээ. Нялх хүүг Ричмонд хотын тамхины чинээлэг наймаачин Жон ба Франсис Аллан нар үрчлэн авч хүмүүжүүлжээ.
Иймээс ч алдарт зохиолч хожим Аллан По овогтой болсон аж.
2.Эдгар По оюутны төлбөрөө төлөхийн тулд мөрийтэй тоглоом тоглодог байв
Баян айлд үрчлүүлсэн Эдгар Погийн амьдрал дурдан замаар явах учиртай гэмээр. Гэвч Виржинийн их сургуульд элсэхэд Алланы гэр бүл түүнд төлбөрийг нь бүрэн өгөөгүй аж. Үлдэгдэл төлбөрөө төлөхийн тулд тэрээр мөрийтэй тоглоом тоглоход хүрсэн ч эцэстээ их сургуулиа орхиход хүрэв. Үүнээс үүдэн өргөж авсан эцэгтэйгээ зөрчилдөж, ирээдүйн зохиолч 1827 онд армид элсэн хоёр жил алба хаажээ.
3.Эдгар По үеэл дүүтэйгээ гэрлэжээ
27 насандаа тэрээр өөрийн үеэл дүү Виржиниа Клеммийг 13 настай байхад нь гэрлэв. Эдгар По цэргийн албаа хааж дуусаад 1829 онд ирээдүйн эхнэрээ бүр жижигхэн охин байхад нь танилцжээ. Хэдийгээр тэр үед үеэлүүд хоорондоо гэрлэхийг хорьдоггүй байсан ч сүйт бүсгүйн нас хүүхдээрээг нийгэм хүлээн авахад хэцүү байлаа.
4.Эдгар По хайрын уянгын шүлгүүд
Уран бүтээлийнхээ гарааны үед Эдгар По романтизмын үеийн яруу найрагч Байрон, Киттс, Шелли нарыг зориудаар дуурайн хайрын уянгын шүлгүүд бичдэг байсан ч хожим голдуу хүний сэтгэхүйг судалсан шүлгүүд бичсэнээс хамгийн алдартай нь мэдээж “Хэрээ”.
Гэвч “Еленад” гэх өөр нэг шүлэг нь бий. Эмэгтэй хүний гоо сайхныг магтан дуулсан энэхүү бүтээлийг англи хэлнээ бичсэн хамгийн яруу сайхан шүлэг гэж өнөөг хүртэл үзэх нь бий. Сонгодог яруу найрагтай ямар нэг байдлаар төстэй, баяр баясгалантай, зөөлөн хэллэгтэй энэ шүлэгт Трояны Еленагийн тухай өгүүлдэг ба энэ нь түүний “аймшигтай” өгүүллэгүүдээс газар, тэнгэр шиг ялгаатай.
5.Эдгар По нууц код судалдаг криптографийг судалдаг байв
Тэрээр элдэв нууц код тайлж, зохиох дуртай байжээ. Зохиолч нэг удаа түүнд тайлах боломжгүй нууц үг байхгүй гэж мэдэгдсэн нь ч бий. Эдгар По криптографийн судалгаануудаа зохиол бичих авьяастайгаа нэгтгэн алдарт “Алтан цох”-оо бичжээ. Энэ зохиолын гол баатар Вильям Легранд олсон илгэн цаасыг халааж, дээр нь нууцлаг зурвас бичигдсэнийг илрүүлдэг. Тэрхүү нууц зурвас дээр заасны дагуу явсаар эрдэнэсийг олдог билээ.
Эдгар По криптографид олон нийтийн анхаарлыг татахын тулд 1840 онд нэгэн сэтгүүлд нийтлэл бичихдээ түүний тайлж чадахгүй нууц үг зохиож илгээхийг санал болгожээ. Нууц үгийг нь тайлж чадахгүй бол түүнийг зохиосон уншигчид сэтгүүлийн нэг жилийн захиалгыг үнэгүй өгнө гэж байв.
6.Францын яруу найрагчид Эдгар Погийн уран бүтээлийг дэлхий даяар алдаршуулжээ
Францын нэрт яруу найрагч Шарль Бодлер, Стефан Малларме нар Погийн уран бүтээлийг ихэд үнэлэн тухайн үеийн утга зохиолын хүрээнийхэнд ач холбогдлыг нь дэлгэхэд үнэлшгүй хувь нэмэр оруулжээ. Погийн хүний оюун санаа, сэтгэл хөдлөлийн өвөрмөц илэрхийллийг нь Францын уншигчдад хүргэхийн тулд 1852-1865 онуудад түүний олон зохиолыг франц хэлнээ орчуулсан байдаг.
Ингэснээр Погийн уран бүтээл Францын шинэ давалгааны символист яруу найрагчид болох Поль Верлен, Артур Рембо, Поль Валери нарт ихэд нөлөөлж, улмаар Пог дэлхий даяар, тэр тусмаа эх оронд нь алдаршуулахад хүргэжээ.
7. Артур Конан Дойлийн уран бүтээлд Эдгар По шиг нөлөөлсөн хүн байхгүй
Эдгар Пог адал явдалт детектив зохиолын анхдагч хэмээн зүй ёсоор үздэг.
1841 онд тэрээр мэргэжлийн бус ч маш чадварлаг, гярхай мөрдөгч Огюст Дюпен хэмээх гол дүртэй “Морг гудамжин дахь аллага” хэмээх уншигчдын сонирхлыг ихэд татсан зохиолоо бичжээ. Хожим тэрээр Огюст Дюпений тухай 1842 онд “Мари Рожегийн нууц”, 1844 онд “Хулгайлагдсан захидал” гэх хоёр ч өгүүллэг дахин бичсэн байдаг.
Мөрдөгч Шерлок Холмсын дүрийг бий болгосон Артур Конан Дойль уран бүтээлд нь Эдгар По шиг нөлөөлсөн хүн байхгүй гэж удаа дараа хэлжээ.
8.Эдгар Погийн архины донтолт
Виржиниа Клеммтэй гэрлэснийхээ дараахан хэт их архи хэрэглэснээс болж тэрээр сэтгүүлийн эрхлэгчийн ажлаасаа халагдаж санхүүгийн асуудлаа шийдэхэд хэцүү болжээ. Эхнэр нь ээжтэй нь адил сүръеэгээр 1837 онд цэл залуугаараа нас барахад Эдгар По архинд улам бүр донтох болжээ. Тэрээр нас барахаасаа хэдэн сарын өмнө донтолтоосоо салахын тулд Архинаас татгалзагчдын нийгэмлэгт элссэн ч гэдэг.
9. Эдгар Погийн үхлийн нууц одоо хэр тайлагдаагүй
Алдарт зохиолч 1849 оны аравдугаар сарын 7-нд нас барсан нь түүний “аймшигт” зохиолуудын нэгийн сэдэв болохуйц. Эдгар По өөд болохоосоо дөрвөн хоногийн өмнө Балтимор хотын нэгэн сонгуулийн тойргийн төвийн хажуугаар гуйлгачны гэмээр хувцастай явах нь харагджээ. Тэрхүү сонгуулийн тойрогт шаардлагатай нэр дэвшигчид санал өгүүлэх гэж хүмүүст зориудаар хар тамхи татуулдаг байсан луйварчдын сүлжээ сүүлд илчлэгджээ. Эмнэлэгт хүргэгдсэн Эдгар По элдэв утга учиргүй зүйл ярин юу тохиолдсоноо тайлбарлаж чадалгүй тэнгэрт хальсан гэдэг.
Дөчхөн насандаа түүнийг ямар учраас, юунаас болж нас барсан нь нууц хэвээр үлдсэн аж. Эдгар Пог Балтиморын Вестминстер Холл оршуулгын газар сүүлчийн замд нь үджээ.