2024-07-22, Даваа
19 C
Ulaanbaatar

Н.Төмөрхуяг: Ардчилал ялаагүй бол би Р.Чойном шиг хавчигдаж мэдэх этгээд амьтан байлаа

“Хан Хэнтийн Төмөрхуяг” гэхээр хаа газрын хэний ч сэтгэлд намуун зөөлөн уянга эгшиглэдэг биз ээ. “Амьдрал хайр дээр тогтдог”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Өр өвтгөх юм бүхнийг дуул”, “Саа мөнгөн Хэрлэн”, “Халхын сайхан хүүхнүүд”, “Насны намар”, “Намрын дурсамж”, “Зүрхний уяа”, “Зүүдэн бороо”, “Зүүдэлсэнгүй явлаа”, “Ухаарч амьдрах хорвоо” гээд олон сайхан дуугаараа ард түмний хүндэтгэлийг хэдийнэ хүлээж, цагтаа охид бүсгүйчүүдийн хайрын захианд дарагдаж явсан дуучин Намдагийн Төмөрхуяг энгийн даруу, нам гүмхэн амьдарч явна. Төмөрхуяг 1959 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж, 1967-1974 онд Өндөрхаан хотын найман жилийн дунд сургууль төгсөөд 1974-1976 онд ХАА-н Техник мэргэжлийн сургуульд суралцаж, трактор комбайнчийн мэргэжил эзэмшжээ. Улмаар 1976-1979 онд Хэнтий аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байгаад 1979 онд цэрэгт татагдан 1982 он хүртэл Ардын армид алба хаав. 1983-1991 онд ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгад дуучин, 1991-1993 онд Улаанбаатар хотын захиргааны дэргэдэх эстрад дуу бүжгийн “Варьете” чуулгад дуучнаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болжээ. Дуучин Н.Төмөрхуягтай хөөрөлдсөнөө толилуулъя. Эл ярилцлагыг авах үед нэрт дуучин маань бор дарсанд орж нэлээд ядруухан аж төрж байсан ч сэтгэлдээ сайн сайхныг тээж явсныг миний бие сайтар мэдэх билээ.

-Монгол хүн болсных Монголоороо бахархаж явах хэрэгтэй-

-Та одоо хаана амьдарч байна?
-Толгойтын цагаан байшиндаа, ганцаараа л амьдарч байна. Сая эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Жаахан тэнхээрхэж, хөл өвдөөд.
-Та солгой мөртлөө гитар яаж тоглож сурав?
-Дагдандоржийн Ганбаатар гэж миний найз залуу байлаа. Түүнийг бид “Есөн хуруу Ганбаа” гэж дуудна. Гитар гайхалтай тоглоно. Анх түүнээс л би гитар тоглох урам авч, түүний чадварт өдөөгдөн өөрөө үзээд алдахаар шийдсэн юм. Тэгэхэд арван тавтай байл уу даа. Шинэ гитар 35 төгрөг байсан үе. Би гитар тоглохсон гэж найздаа хэлбэл “Чи солгой гартай юм чинь яаж чадах юм” гэж байна. Тэгэхээр нь өдөр бүр гэрт нь очиж гитар тоглохыг нь харж, аккордыг нь нүдлээд, орой гэртээ очиж давтаж эхэлсэн.
Оролдсоор “Өргөн Сэлэнгэ” дууг алдалгүй тоглодог боллоо. Нэг удаа тэдний зуны амбаарт нь сууж байгаад өнөө сурсан дуугаа гитардаж үзүүлтэл манай Ганбаа ёстой нэг гайхсан даа. Их ч үнэлсэн. Тэгж би урам авч, тэрнээс хойш гитар бид хоёр салаагүй ээ.
-Ингэхэд та бие даасан тоглолтоо хийж байв уу даа?
-Би чинь дангаараа бие даасан тоглолт хийгээгүй хүн шүү дээ. 1993 онд “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Цэндийн Чимэддоржтой хамтран “Морьтой дуу” гэдэг яруу найраг, дууны цэнгүүн хийж байлаа.
ТөмөрхуягБид хоёрынх шиг тийм тоглолтыг сая яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, хөгжмийн зохиолч Батхуяг хоёр арав гаруй жилийн хийх шив дээ. 1996 онд дуучин С.Цэрэнчимэд, “Чандмань эрдэнэ”-ийн Мөнхбаяр бид гурав “Уянгын дууны гурван уулзвар” тоглолтоо Соёлын төв өргөөнд хийж байлаа. Юм ярих гэхээр л бурхан болсон хүмүүсийн нэр аман дээр гарч ирээд байх юм. (Бодлогошров. Л.Б) Одоо ч хүмүүсийн тоглолтод л хаа нэг дуулах юм даа.
-“Амьдрал хайр дээр тогтдог” дуу хүмүүсийн танил болоход нөлөөлсөн уран бүтээл гэж ойлгож болно биз?
-С.Цэрэнчимэдийн ая, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Шагдарын Дулмаагийн шүлэг “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээх энэ дуу Монголын радиогоор цацагдсан миний анхны уран бүтээл.
Намайг “Хан Хэнтий” чуулгад ажиллаж байхад 1987 оны тавдугаар сарын 30-нд нэвтэрсэн өдрөөс хойш өдөр болгон явж байсан.
Миний дуулсан дуунууд Монголын радиогийн “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр цаг хугацаагүй хит болж болж байлаа гэхэд хилсдэхгүй. Дуучнаас дуу үлддэг. Түүндээ сэтгэлээ шингээсэн байх аваас дуулсан хүний байх, байхгүйн хамааралгүйгээр аяндаа амьдраад явдаг аж.
Миний дуунууд тэгж амьдарчээ. Хүмүүс энд тэнд таарахаараа таниад сүйд болдог юм.
-Одоо ч тан шиг хит парадыг цаг наргүй эзэмшдэг дуучин байхгүй болж дээ?
-Одооны дуучид чинь нэг дуу дуулсан болоод клип хийлгэж, долоо хоногийн хитэд өөрсдөө санал өгч, “Миний дууг явуулаад өгөөрэй” гэж мөнгө хүртэл төлдөг гээ биз дээ? Худал юмыг мянга дахин давтахад үнэн болдог гэдэг шиг дуугаа мэдээллийн олон хэрэгслээр хүний чихэнд хоногштол давтсаар байгаад улиг болгоод авч байна шүү дээ.
-Их л гунигтай явдал юм даа. Таны урын санд хэдэн дуу байдаг бол. Шинэ уран бүтээл хийж байна уу?
-Урьд дуулсан дөчөөд дуу байдаг. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бадарчийн Бямбабаярын ая “Ээлийн үүдтэй нутаг”, “Зул цэцэг”, Ч.Занданпүрэвийн шүлэг, Самдангийн Тараагийн ая “Сэтгэлийн эрхээр” гээд ганц нэг дуу дуулах гэж байгаа.
Дуулахаар дуу барахааргүй их хуримтлагдчихаад байна. Заримыг нь “Сайхан дуу байна уу” гээд сураглаад явж байдаг дуучдад өгдөг ч юм уу гэж бодох юм. Одооны дуучдын дуулж байгааг сонсохоор санаа зовмоор юмнууд их байх юм.
-Санаа зовмоор юмнууд юу байна?
-Дууныхаа шүлгийг судалдаггүй, анзаарч мэдэрдэггүй юм шиг байгаа юм. Цэрэнчунтын дуулсан нэг дууг “шанага шиг хөхтэй” гэсэн гээд шүүмжлээд байна. Санаанд орсноо ингэж хамаагүй дуулж болохгүй л дээ.
Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн “Монголын үзэсгэлэнт саран гуа намайг төрүүлсэн эжий” гэхэд ямар сайхан сонсголонтой билээ. “Од мод” гэх дуучид толгойдоо жаахан гэгээтэй болмоор.
Төмөрхуяг-Толгойдоо жаахан гэгээтэй болох уу, таны санаа зовсноор…
-“Эрдэнэ уулын бараа” гэдэг барга дууг би наяад онд Монгол Улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригт дуулж сонирхуулсан чинь “Ийм сайхан дуу байхад бид нар дуу зохионо ч гэж юу байхав дээ” гэж байлаа.
Чинжиг өөрөө хэн билээ, мундаг амьтан шүү дээ. Юмны үнэ цэнийг ухаантай хүн ингэж л ойлгодог юм билээ. Одоо арай л замбараагүй, хэт завхарчихаад байна. Урлагийн ёс зүйд нийцсэн л юм байх ёстой. “Жимсний бөөр” түүврээрээ овоглодог Хархорины яруу найрагч Сольтогтохын Дамдиндоржийн
“Сүмбэр уул шиг хоёр мөөмийг
 Сүү ивэлтэл хөхөж өслөө…” гэдэг мөр бол “шанага шиг хоёр хөх” гэдгийн дэргэд гайхамшиг л даа.
-Анхны юм бүхэн сэтгэлд дотно байдаг даа, хань ижил, үр хүүхэд гээд. Таны авааль эхнэр чинь хаана байдаг вэ?
-Амьдралд юу эс л тохиолдох юм даа. Би хоёр ч ханийн нүүр үзсэн хүн. (Санаа алдав. Л.Б) Анхны хань маань Хэнтий аймагт байдаг. Гурван сайхан хүү байна. Том нь одоо хань ижилтэй болсон. Отгон хүү маань гэхэд арван наймтай залуу байна ш дээ. Хоёр хүү маань хотод ажил хийж байгаа. Хүүхдүүд давгүй ээ.
Харин ач зээ гээд ирэхээр л сэтгэл өвтгөөд зовлонтой байх бололтой юм. Охид бол бүр хэцүү дээ. Одоо чинь монгол бүсгүйчүүд гадаад дотоодынхонтой их орооцолдох боллоо, амь насаа алдлаа, худалдагдлаа гээд хачин хачин юм дуулдах юм байна ш дээ.
-Хүүхдүүд чинь таны авьяасыг өвлөсөн бол уу?
-Одоогоор мэдэгдсэн юм алга. Бага маань яадаг бол гэж бодох юм.
-Тоглолтоо хэзээ хийх вэ?
-Энэ намраас хийнэ. Гарцаагүй хийнэ гэж бодож байгаа. Арлааны Эрдэнэ-Очир, Батхуяг хоёрын тоглолт дээр дуулахад хүмүүс хүсэн хүлээж байдаг нь мэдэгдсэн. Найз нөхөд ч тусална гэсэн.
-Найз нөхөд гэхээр хэн хэн тусална гэж байна?
-Өө зөндөө. Хэнтийгээс гэхэд л хэчнээн олон хөгжмийн зохиолч, дуучид, гавьяатууд байдаг билээ. Тэд нар маань туслахаа амлаад байгаа. Хүнд гэмгүй явсан болохоор надад олон найз нөхөд бий.
-Танд ноднин нэг төрийн бус байгууллага “Ард түмний гавьяат” цол олголоо гэж байсан. Үүнийг яаж хүлээж авав?
-Яахав, тийм цол өгсөн. Баярлаж л байдаг. Ард түмнийх гэдэг утгаараа сайхан шагнал. Би яах вэ, Адарсүрэн, Цэрэнчимэд, Мөнхбаяр нарын тэр сайхан авьяаслаг хүмүүсийг баярлуулж чадаагүйд л харамсаж явдаг.
-Адарсүрэн гуай таны багш гэл үү?
-Миний өмнөх үеийн бүх хүн миний багш. “Хан Хэнтий” чуулгын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Жонон хонгор” дууны Дашням гэдэг хүн бол яах аргагүй миний багш шүү.
-Тоглолтоор Монголоороо бишгүй яваа байлгүй. Очиж үзээгүй аймаг байх юм уу?
-Хөвсгөлд л очиж үзээгүй байдаг юм. Тэр ариун дагшин сайхан нутагт очно гэж боддог. Хөвсгөлөө үзээд үхнэ ээ. (Цайлганаар инээв. Л.Б)
-Хөвсгөлийн цэнхэр хязгаарт очих байх аа, та?
-Гадаад улс орныг гүйцээчихсэн мөртлөө Монголоо мэдэхгүй үхсэн хүн зөндөө л байна шүү дээ. Төв аймаг орж үзээгүй байтлаа Эрээн рүү долоо хоногтоо гурав дөрөв явдаг, наймаагаар хэлд орсон улсууд байна. Эд бол мөнгө бодохоос өөрөөр амьдралын сайхныг ч мэдрэхээ больсон хүмүүс юм даа. Монгол хүн болсных Монголоороо бахархаж явах хэрэгтэй. Би өөрөө Орост явж л байсан. Гэхдээ л Монгол минь сайхан даа.
-Орос руу ямар ажлаар явж байв?
-Наймаа шуумуу мэдэхгүй хүн чинь тоглолтоор л явахгүй юу. Би наймаа байтугай хөзөр даалуу ч мэддэггүй. Ном, сонин их уншина. Сайхан кино үзнэ.
-Таныг хутга сүрхий шиддэг байсан гэж сонссон юм байна?
-Тэр бол миний багаасаа сурсан “мэргэжлийн” шахуу ганц хообий шүү. Гэхдээ би хүн амьтанд муу муухай юм хийж яваагүй ээ.
-“Цагаан шонхор”-ын Энхтайвантай найзууд гэсэн байх аа?
-Нэг нутаг нугын, ар өврийн гудамжны аргагүй л нэг довны улс даа, бид хоёр.
Төмөрхуяг
Гэр бүл, үр хүүхдүүдийн хамт

-Ид сайхан дуулж, мандан бадарч явахад охид бүсгүйчүүд яаж ханддаг байв?

-Захиа их ирнэ. Ирсэн захиа болгонд сэхүүн зан гаргалгүй хариу бичдэг байлаа. Захиа гэдэг хүний сэтгэлийн нандин илэрхийлэл, том ч соёл байж дээ. Эрдэнэтийн нэг багш бүсгүй жигтэйхэн сайхан захиа бичнэ. Уран зохиолын ном шиг салахын аргагүй тийм сайхан бичих. Уншаад л баймаар санагддаг сан.
-Нийтийн дууны залуу “од” гэх хүмүүсээс хэнийг сонсож байна?
-Бидний үед гарын арван хуруунд багтахаар дуучидтай байж. Одоо хүн болгон л дуучин болчихож. Соёл урлагийн их сургууль дуучид гэгчийг илүүдэл бараа шиг үйлдвэрлэж өгч байна шүү дээ. Дуурийн мастер, бурхан болооч Ганбат шиг дуучид төрж байгаа бол бас нэг хэрэг. Гэтэл одооны дуучдын хоолой нь нэгнээсээ ялгарахгүй юм. Зарим хүн “Энэ олон дуучдаас залхаж байна” гэх юм байна ш дээ.
-Хэн тэгж байна?
-Энэ бол миний үг биш ард түмний үг. Манай хорооны халуун усны үйлчлэгч авгай гэхэд л ингэж хэлж байсан. Энэ чинь залхаж эхэлж байгаагийн шинж биз дээ. “Классик жем”-ийн Уянгаа (эдүгээгийн Монгол Улсын гавьяат жүжигчин Өншихбаярын Уянга. Л.Б), “Ньюанс” хамтлагийнхан гээд сонсоод баймаар хоолойнууд байна аа байна.
-Та цэргийн алба хаана хаав?
-БНМАУ-ын Ардын армийн 072дугаар ангид цэргийн алба хаасан. Үндсэндээ энэ анги Ардын армийн торгуулийн анги байлаа.
-Торгуулийн анги гэдэг чинь дайны үед л ялтнуудаар бүрдүүлсэн анги нэгтгэлийг хэлдэг байсан байх аа?
-Зүүнхараагийн чанга дэглэмтэй хорих ангийн хоригдол зургаан куб метр мод бэлтгэх нормтой байхад байлдагч Төмөрхуяг би, тухайлбал, та бид хоёр ганц түлээний хөрөөгөөр 24 куб метр мод бэлдэх ёстой байсан гээд бод доо. Дөрвүүлээ нийлээд өдөрт хоёр гурван вагон мод хийдэг байсан. Тэглээ гээд муудаагүй ээ. Эр хүнийг шалгадаг л газар алба хаалаа.
-Овоо чанга газар байж дээ?
-Орост Офицерын сургуулийн сонсогч сахилгагүйтээд ч юм уу, Эрдэнэтийн цэргийн ангийн дарга байлдагч болоод л хөөгдөж ирдэг газар байлаа. Монгол Ардын Хувьсгалт нам ийм л муухай юм хийж байсан дарангуйлагчид шүү дээ. Миний хамгийн дургүй юм юу вэ гэвэл Хувьсгалт нам, цагдаа хоёр.
-МАХН-ыг та яагаад тэгтлээ үзэн ядах болчихоо вэ?
-Зүв зүгээр ажлаа хийж явсан жирийн нэг гуталчин хүнийг архичин гээд Ерөөгийн албадан эмчилгээнп аччих жишээтэй. Манай хүргэнийг шүү дээ. Одоо Хадгаламж зээлийн хоршоо, Монголын Ардчилсан социлист залуучуудын холбоо гээд бүхий л бузар булай бүхний үүр голомт энэ нам л болоод байгаа биз дээ.
Ард түмнээ доромжлоод байвал зэвсэгт мөргөлдөөн гарахыг ч үгүйсгэх аргагүй. Зарим нь хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө алдлаа гэж гэрээслэл бичээд амиа хорлож байна. Энэ чинь эсэргүүцлийн хэлбэр мөн өө дөө. Намайг л гэхэд 1980-аад онд “Чи эсэргүү Тангадын Галсангийн дууг дууллаа” гээд тоглолтоос хасаж байлаа. Тэр нь “Загийн алим” киноны дуу шүү дээ. Ер нь тэр нам мамд урлаг юуны хамаа байна аа.
-Та ч бүр төр засгаа эсэргүүцэж байж цалин цуухаа хасуулж явсан гэдэг байх аа?
-Ах нь их эсэргүү хүн шүү дээ. Дарга нартай таарахгүй. Ажилдаа очилгүй хоёр хоночихсон байсан чинь араас хүн ирлээ. “Жамбын Батмөнх дарга аймагт ирнэ” гэнэ. “Ажилдаа оч” гэж байна. Би тэгэхээр нь “Битгий солиор, Жамбын Батмөнх байтугай Ленин багш нь босоод ирлээ гэсэн ч очихгүй ээ”  гээд хэлээд явуулсан.
Тэр нөхөр миний хэлснийг яг тэр чигээр нь дамжуулсан байсан. Ингээд зургаан сар цалингаа хасуулсан. Амнаасаа болж байхгүй юу. Харин ч зөөлөн шийтгэсэн байгаа юм. Шоронд хийе гэвэл  хийх л байсан шүү дээ, тэр үед. Намайг чинь энэ мэтээр эсэргүү юм ярьдаг болохоор их дардаг байсан. Аймгийн чуулгын тайзан дээр бол гоцлол дуу дуулуулахгүй. Хөдөө урлагийн бригадаар явахад л нэг юм гоцлол дуулуулах жишээтэй. Тэгж яваад ашгүй 1989 онтой золгосон.
Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөлгөөнд Хэнтийгээс тав, зургуулаа оролцсон. Модернист яруу найрагч Б.Галсансүх, аймгийн чуулгын Авирмэд гэх мэт бидний хэдэн залуус ирж байлаа. Тэр үед одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улаан-Од” сонины сурвалжлагч гээд уг зөвлөлгөөнд оролцож байсан. Хэрвээ ардчилал ялаагүй бол би гавьяат авах ч үгүй л байсан. Р.Чойном шиг хавчигдаж, шорон оронд ч орж мэдэхээр тийм л этгээд амьтан байлаа.
Түүний уран бүтээлүүд:
1. “Амьдрал хайр дээр тогтдог”,
2. “Саа мөнгөн Хэрлэн”,
3. “Халхын сайхан хүүхнүүд”,
4. “Зүүдэн бороо”,
5. “Насны намар”,
6. “Ухаарч амьдрах хорвоо”,
7. “Хорвоод ганцхан ээждээ”,
8. “Намрын дурсамж”,
9. “Зүүдэлсэнгүй явлаа”,
10. “Ханийн минь нутаг”,
11. “Өр өвтгөх юм бүхнийг дуул”,
12. “Хожуу хайрын дуу”,
13. “Сэтгэлийн эгшиг”,
14. “Сүүдэртэй хорвоо”,
15. “Бурхан заяа”,
16. “Ханийн сэтгэл”,
17. “Миний алдрай хаа явна”,
18. “Цэцгийн дунд”,
19. “Өхөөрдлийн дуу”,
20. “Тэрэлжийн гол”,
21. “Тоонот нутаг”,
22. “Сэтгэлд шингэсэн намар”,
23. “Хайранд шингэсэн орчлон”,
24. “Хүүтэй цаас”,
25. “Хөндүүр эгшиг”,
26. “Хайрын төөрөг”,
27. “Сумын наадам”,
28. “Ээжийгээ хайрлаж яваарай”,
29. “Зүрхний уяа”,
30. “Гунигийн дуу”,
31. “Чин сэтгэлийн дуун”,
32. “Жирмийн цагаан нуур”,
33. “Хүү чинь зүүдэндээ…”,
34. “Дурсаа л юм болов уу”,
35. “Орлуулж болдоггүй орчлон”,
36. “Цагаан дарь эх ижий”
Гавьяа шагнал
  • “Морин хуур-88”, “Морин хуур-89” уралдааны тэргүүн, дэд байруудад шалгарчээ.
  • 1989 онд АДБЧ-ын уулзалт тоглолтоор МХЗЭ-ийн Төв хорооны “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар шагнагдав.
  • 2006 оны долоодугаар сарын 06-ны өдөр “Монголын арт түмний гавьяат дуучин”
  • 2011 оны 11дүгээр сард “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдав.
  • 2012 оны 12дугаар сарын 20-нд “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр,
  • 2014 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулжээ.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img