2024-07-24, Лхагва
18 C
Ulaanbaatar

NYT: Украин руу зугтсан Оросын нисгэгчийг Макаров буугаар хөнөөсөн

Орос, Украины хооронд дайн эхэлснээс хойш сөргөлдөгч талууд эсрэг талынхаа дайчдыг бууж өгөх, эгнээндээ элсүүлэх төрөл бүрийн арга хэмжээ авч байсан. Украины талын ийм ажиллагааны хүрээнд Оросын нисгэгч 2022 нисдэг тэргээр зугтаж, Украины талд орсон нь ихээхэн дуулиан тарьж байлаа.

Түүнд асар их шан амласны хариуд тэрээр ийнхүү Украины талд орсон бөгөөд Оросоос зугтсаныхаа дараа Украинд очиж, дараа нь Испанийг зорьсон ч тэндээ амиа алдсан талаарх мэдээлэл хоёрдугаар сарын сүүлээр гарч байв.

Тухайн үед нисгэгч Максим Кузьминов хэрхэн амиа алдсан талаарх мэдээлэл тодорхой гарч байгаагүй. Харин Америкийн “Нью-Йорк Таймс” сонин Максимыг хөнөөсөн хэргийн дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэжээ. Эдгээр мэдээллийг нэрээ нууцалсан Испанийн мөрдөгчид, Украины өндөр албан тушаалтнууд сонины редакцид өгсөн байна.
Кузьминовын хачирхалтай сонголт

нисгэгчМаксим Кузьминов нисдэг тэрэг аван Украин руу зугтаж очсоны дараа түүнийг Украинд үлдэж, Оросын эсрэг байлдахыг санал болгож байжээ. Харин нисгэгч Испанийг сонгосон бөгөөд тэндээ Игорь Шевченко гэх нэрээр Газрын дундад тэнгисийн эрэг дээр байх Вильяхойос хотод төвхнөсөн аж.

“Нью-Йорк Таймс” сонин түүний энэ сонголтыг “нэн хачирхалтай” хэмээн онцолжээ. Учир нь энэ бүс нутагт Оросын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг, зарим нь ОХУ-ын тусгай албаныхантай холбоотой байдаг гэнэ.

Түүнчлэн, Оросын эрх баригчид өөрийг нь хөнөөх гэж байгааг мэдсэн ч Максим орос, украинчууд ихээр үйлчлүүлдэг уушийн газруудаар үйлчлүүлж, мөнгө цацдаг байсан гэнэ.

Алуурчид Игорь Шевченко нэрээр амьдарч байгаа нисгэгчийг чухам хэрхэн олсон нь одоогоор тогтоогдоогүй, харин Украины хоёр өндөр албан тушаалтны өгүүлснээр, Максим Орост байсан хуучин найз бүсгүйтэйгээ холбогдож, түүнийг Испанид ирэхийг урьжээ.

“Энэ нь үнэхээр ноцтой алдаа байсан” гэж Украины албан тушаалтан өгүүлсэн байна.

Улмаар хоёрдугаар сарын 13-ны өдөр Максим амьдарч байсан олон давхар байрны доорх гаражд цагаан өнгийн Hyundai Tucson машин ирж зогсжээ. Энэ машинд хоёр гэмт хэрэгтэн байсан бөгөөд тэд Максимыг хэдэн цаг хүлээсэн аж. Ойролцоогоор 16:20 цагийн үед Максим гараж руу орж машинаа зогсоогоод, цахилгаан шат руу явах үед нь гэмт хэрэгтнүүд машинаасаа бууж, Максим руу зургаан удаа буудсан аж. Максим шархдаад газар унасны дараа түүн рүү халдсан хүмүүс цогцсон дээгүүр алхаад гарчээ.

“Энэ бол “би чамайг олоод, ална, гутаана, доромжилно гэдгийг илтгэж байгаа маш ойлгомжтой дохио” хэмээн Украины Иргэний гвардын өндөр албан тушаалтан өгүүлсэн байна.

Макаровын хонгио

Цагдаагийнхан хэргийн газраас Макаров бууны 9 миллиметрийн сумны хогнио олжээ. Ийм буу ашигласан нь гэмт хэрэгтнүүдийн гарал үүслийг нотлох баримт гэж цагдаагийнхан үзэж байгаа аж.

Мөн ажиглалтын камерт бичигдсэн, юүдэнтэй цамцтай хоёр алуурчин Максимыг асар богино хугацаанд хөнөөгөөд сураггүй алга болсон нь тэднийг мэргэжлийнх гэдгийг харуулж байна гэж цагдаагийнхан үзэж байгаа гэнэ.

Тэдний сууж явсан машин нь хэдэн өдрийн өмнө хулгайлагдсан машин байсан бөгөөд машиныг хэргийн газраас хэдэн километрийн цаанаас олжээ. Гэмт хэрэгтнүүдийн унаж явсан тээврийн хэрэгслийг олоход машиныг шатаасан байсан бөгөөд тусгай бодис ашиглан шатаасан гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа аж.

“Нью-Йорк Таймс” сонинд мэдээлэл өгсөн өндөр албан тушаалын цагдаагийн алба хаагчдын өгүүлснээр, Максим Кузьминовыг хөнөөсөн хэрэг нь 2019 онд Берлинд Чеченийн иргэн Зелимхан Хангошвили, 2018 онд Британийн Солсберид Тагнуулын Ерөнхий газрын ажилтан асан Сергей Скрипаль руу халдсантай ижил шинж тэмдэг агуулж байгаа гэнэ. Эдгээр гэмт хэргүүдэд бүгдэд нь Оросын тусгай албад сэжиглэгддэг юм.

“Нью-Йорк Таймс” сонины онцолсноор, Украин руу зугтаж, дараа нь Испанид амьдарч байсан нисгэгчийн үхэлд Оросын эрх баригчид оролцсон гэх ул мөрийг одоогоор олж чадаагүй, гэхдээ Испанийн тусгай албад энэ хэргийг Оросоос захиалсан гэдэгт эргэлзэхгүй байгаа гэнэ. Харин Испанийн эрх баригчид одоогоор энэ хэрэгт нэн болгоомжтой хандаж, Оросын эрх баригчдыг буруутгахаас зайлсхийж байгаа аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img