2024-07-27, Бямба
23 C
Ulaanbaatar

Reuters: Крокуст халдлага болохоос өмнө Иран ОХУ-д сэрэмжлүүлж байсан

Өнгөрсөн сард ОХУ-ын Красногорск хотод байрлах “Крокус Сити Холл” концертын танхимд алан хядах ажиллагаа болж, 140 гаруй хүн амиа алдсан. Оросын шинэ үеийн түүхэн дэх хамгийн том алан хядах ажиллагааны нэгд тооцогдож байгаа энэ хэрэг болохоос хэд хоногийн өмнө Иран улс Оросын талд хандан “томоохон алан хядах ажиллагаа үйлдэгдэж болзошгүй” талаар сэрэмжлүүлж байжээ. Энэ талаар Ройтерс агентлаг гурван эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулсан байна.

“Орост алан хядах ажиллагаа болохоос хэд хоногийн өмнө Орост томоохон алан хядах ажиллагаа үйлдэгдэж болзошгүй талаарх мэдээллийг Тегеран Москвад дамжуулсан” гэж Ройтерс агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлжээ.

Түүний өгүүлснээр, нэгдүгээр сарын гуравны өдөр Иранд болсон дэлбэрэлттэй холбоотойгоор баривчилсан хүмүүсээс мэдүүлэг авах явцад Орост халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа гэх мэдээллийг олж авсан аж.

Нэгдүгээр сарын гурванд Ираны Керман хотод дэлбэрэлт болж, 100 орчим хүн амиа алдсан бөгөөд энэ халдлагын хариуцлагыг “Исламын улс” алан хядах байгууллага өөр дээрээ авч байв. Хэргийн дараа Ираны тагнуулын газар 35 сэжигтнийг баривчлан саатуулсан юм.

“Бүлэглэлийн зарим гишүүд хэдийнэ Орос руу явсан гэж Иранд баривчлагдсан алан хядагчдын нэг нь мэдүүлсэн” хэмээн Ройтерс агентлагт мэдээлэл өгсөн өөр нэг эх сурвалж өгүүлжээ.

Иран Орост дамжуулсан мэдээлэлд “Исламын улс алан хядах бүлэглэлийн гишүүд Оросын нутаг дэвсгэр дээр “томоохон халдлага” үйлдэхэд бэлдэх зааварчилгаа авсан” гэдгийг онцолсон байна. Гэхдээ халдлага болох цаг хугацаа, халдлагын зорилгын талаарх мэдээлэл Орост дамжуулсан мэдээлэлд байгаагүй гэж эх сурвалж өгүүлжээ.

“Иран улс олон жилийн туршид алан хядах ажиллагааны золиос болж байгаа тул Ираны эрх баригчид баривчлагдсан алан хядагчдаас олж авсан мэдээлэл дээрээ тулгуурлан Москвад сэрэмжлүүлэг өгөх үүргээ биелүүлсэн” гэж Ройтерс агентлагт мэдээлэл өгсөн өөр нэг эх сурвалж онцолжээ.

Ройтерс агентлагийн сэтгүүлч энэ мэдээллийн талаар Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковоос лавлахад “Би ийм мэдээлэл огт сонсоогүй” хэмээн хариулсан байна. Түүнчлэн Ираны Гадаад хэргийн яам ч ямар нэг тайлбар өгөөгүй аж.

АНУ ч Орост сэрэмжлүүлж байв

Оросын нутаг дэвсгэр дээр халдлага үйлдэгдэж болзошгүй гэх мэдээллийг АНУ Оросын талд өгсөн талаар “Крокус Сити Холл”-д алан хядах ажиллагаа болсны маргааш өдөр нь Оросын тусгай албаныхнаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг дамжуулж байв. Агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжийн өгүүлснээр, АНУ-ын талаас өгсөн мэдээлэл нь ерөнхийлсөн, тодорхой мэдээлэл байгаагүй гэнэ.

Үүний дараа, Оросын Холбооны аюулгүй байдлын албаны захирал Александр Бортников мэдэгдэл хийхдээ гуравдугаар сарын эхээр ОХУ АНУ-аас алан хядах ажиллагааны эрсдэл байгаа талаарх мэдээлэл хүлээж авсан, гэхдээ энэ нь Крокус ситид болно гэсэн мэдээлэл агуулаагүй байсан хэмээн онцолжээ.

“Ерөнхий мэдээлэл байсан. Иргэд олноор цугласан газарт алан хядах ажиллагаа үйлдэхээр бэлтгэж байгаа тухай. Бид энэ мэдээлэлд анхаарал хандуулж, зохих арга хэмжээнүүдийг авсан. Нэн харамсалтай нь тухайн үед энэ мэдээлэл батлагдаагүй ” хэмээн Бортников мэдэгдэж байв.

Харин Орос дахь АНУ-ын Элчин сайд Линн Трейси “Оросын эрх баригчдад бичгээр гарган өгсөн мэдээлэл нь тодорхой, цагаа олсон, итгэж болохуйц мэдээлэл байсан” хэмээн мэдэгдсэн юм.

ОХУ-д ийм аймшигт халдлага болох гэж байгаа талаар урьдчилан сануулж байсныг илтгэх өөр нэг мэдээлэл гуравдугаар сарын эхээр гарч байлаа.

Тодруулбал, гуравдугаар сарын долооны өдөр АНУ-ын Элчин сайдын яам болон Их Британийн Гадаад хэргийн яам Москвад, тэр дундаа тоглолтын үеэр алан хядах ажиллагаа үйлдэгдэж болзошгүй гэж иргэддээ сэрэмжлүүлснийг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд дамжуулж байв.

ОХУ

Энэ хоёр улсын эрх баригчид Орост байгаа иргэддээ хандан экстремистүүд халдлага үйлдэж болзошгүй тул олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байсан юм. Түүнчлэн АНУ-ын Төрийн департамент Орос руу аялах эрсдэлийн түвшнийг хамгийн дээд буюу дөрөвдүгээр түвшин болгож нэмэгдүүлж байлаа.

Үүний дараа Герман, латви, Чех, Швед, Өмнөд Солонгос зэрэг орны Элчин сайдын яам иргэддээ хандан сэрэмжлүүлэг гаргаж байсан юм.

Харин ийнхүү гадаад орны дипломат албаныхан ийм сэрэмжлүүлэг гаргаж байгааг “өдөөн хатгасан хэрэг” хэмээн Владимир Путин мэдэгдэж байв. “Крокус Сити Холл”-д аймшигт алан хядлага болохоос ердөө гурван өдрийн өмнө Путин дипломат албаныхны мэдэгдлийн хариуд “энэ бүхэн манай олон нийтийг зориудаар айлгаж, тогтворгүй байдлыг бий болгох гэсэн илэрхий сүрдүүлэг мэт санагдаж байна” хэмээн мэдэгдэж байлаа.

Халдлага гарсны дараа энэ хэргийн хариуцлагыг “Исламын улс” алан хядах бүлэглэл өөр дээрээ хүлээж, үүнтэй АНУ, Герман, Франц ч санал нэгтэй байгаа юм. Харин Оросын тал энэ хэргийг Киевийн оролцоотой хэт даврагч исламистууд үйлдсэн гэж үзсэн хэвээр байгаа юм. Тэр дундаа АНУ, Их Британи, Украины оролцоотойгоор энэ хэргийг үйлдсэн гэж Оросын Холбооны Аюулгүй байдлын албаны захирал Александр Бортников мэдэгдэж байв.

Эргэн сануулахад, гуравдугаар сарын 22-ны өдөр Красногорск хотын “Крокус Сити Холл” -д “Пикник” рок хамтлагийн тоглолтыг үзэхээр үзэгчид цугласан үед зэвсэгт этгээдүүд халдан орж, хүмүүс рүү гал нээн, үзэгчдийн танхимыг шатаан дараа нь зугтсан юм. Энэ халдлагын улмаас 144 хүн амиа алдаж, 551 хүн шархадсан бөгөөд энэ хэрэг Оросын түүхэн дэх хамгийн аймшигт алан хядах ажиллагааны нэгд тооцогдож байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img