2024-12-03, Мягмар
-26 C
Ulaanbaatar

Тансаглалын хууль бус наймаа буюу Хойд Солонгосын чинээлэг залуус хэрхэн амьдардаг вэ

2006 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын эсрэг хориг тавьж, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг энэ улс руу нийлүүлэхийг хориглосны дараа “Хойд Солонгосын оршин суугчид ижил загварын саарал костюм өмсөж, харин Chanel цүнхийг кинон дээрээс л харах болох нь” Вашингтон Пост сонин хошигнон бичиж байв.

Гэтэл хориг тавьснаас ердөө хоёр жилийн дараа Пхеньян руу брендийн бараа нийлүүлдэг Хятадын хоёр нийлүүлэгчийг барьсан бол 2011 онд Сингадурын OCN болон T Specialist компани хоёр сая долларын үнэ бүхий тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнийг Хойд Солонгос руу нийлүүлсэн байв. Харин үүнээс 10 жилийн дараа, энэ улсын эсрэг тавьсан хориг үйлчилдэггүй, Хойд Солонгосын элитүүд Германы автомашин, Францын загварын хувцас өмсдөг нь тодорхой болсон юм.

Хойд Солонгос

Үүний бэлээхэн жишээ нь Ким Жон Уны унаа. 2023 онд тэрбээр Восточный сансрын буудалд Maybach лимузин хөлөглөн ирсэн бөгөөд энэ нь түүний цуглуулгад байх цорын ганц тансаг машин биш гэнэ билээ. Хойд Солонгосын удирдагчид лексус, тойота, BMW зэрэг чанартай, өндөр өртөгтэй олон машин байдаг бол түүний харьяанд төрийн алба залгуулдаг түшмэд ч өндөр зэрэглэлийн машин унадаг талаар Форбс мэдээлж байв.

Diplomat сонинд бичсэнээр, Барууны хоригт орсныхоо дараа Хойд Солонгосын эрх баригчид брендийн хувцас, согтууруулах ундаа, машины хил дамнасан хууль бус наймааны сүлжээ бий болгожээ. Энэхүү хууль бус логистикийн сүлжээ нь дэлхийн 80 орныг хамрах бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд гэхэд л Хойд Солонгос руу 5 000 000 000 000 долларын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг зөөсөн байна.

Мэдээж, энэ улсын амьдралын дундаж өртгийг тооцвол, хууль бусаар зөөж байгаа тансаг зэрэглэлийн эдийг гагцхүү элитийнхэн л авч дөнгөнө.

“Хойд Солонгосын удирдагч үнэтэй эдлэлийн тусламжтайгаар өөрийнхөө дэмжигчдийг хэвээр хадгалах гэж хичээж байна. Тансаг эдлэл их байх тусам л харьяат ард нь түүнийг хайрлана” хэмээн Diplomat сэтгүүлдч бичжээ.

“Аугаа залгамжлагч. Суут нөхөр Ким Жон Уны бурхнаас өгсөн төгс хувь тавилан” номыг бичсэн сэтгүүлч Анна Файфландын онцолсноор, өмнө нь саарал, хүрэн, хар өнгийн даавуугаар өөрсдөө хувцсаа оёж өмсдөг байсан Хойд Солонгосын бүсгүйчүүд 2018 оноос хойш Zara, H&M, Uniqlo брендийн хувцас өмсөх болжээ.

Түүнчлэн залуусын дунд Nike, New Balance, Adidas брендийг илүү чухалчилдаг гэнэ. Чинээлэг хүмүүс л үйлчлүүлдэг спорт зааланд тэд энэхүү хувцсаараа гангарч, бусдаас ялгардаг аж.

Фитнессд гагцхүү чинээлэг хүмүүс явдаг гэдэг нь ч учиртай. Энэ улсын сарын дундаж цалин хөлс 10 доллар, атал фитнесс танхимд нэг удаа хичээллэхэд 3,5-4 доллар байдаг аж. Түүнчлэн энэ танхимд чинээлэг залуус энгийн нэгэн солонгос хүний сарын цалингийн талаар буюу 4-5 доллараар нэг аяга кофе авч ууна.

Хойд Солонгост орчин үеийн бараа бүтээгдэхүүн орж ирж байгаа нь “жангмадан” гэх хар захын ач. Энэ зах 1990-ээд онд Хойд Солонгост хямрал нүүрлэж, хүнсний картын систем нуран унаж, хүмүүс өөрсдөдөө байгаа бүхнээ зарахаар захыг зорьжээ. Тэд өлсөж үхэхгүйн тулд байгаа бүхнээ зардаг байж, ингэснээр худалдааны шинэ систем үүссэн аж.

Анхандаа жагмадан дээр зөвхөн хүнс зардаг байв, харин яваандаа техник хэрэгсэл, хувцас, хөгжим, кино бичсэн DVD, гоо сайхны бараа гээд эрэлт нь байгаа бүхий л бараа бүтээгдэхүүн зарагдах болжээ. Чухамхүү энд л Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүн зарагддаг аж.

CNN агентлагийн мэдээлснээр, жангмадан зах дээр хууль бус сэтгүүл, кино гарах болсон нь шинэ үеийнхний ухамсарт нөлөөлөөд зогсохгүй БНАСАУ дахь гоо сайхны стандартыг бүрэлд нь өөрчилсөн гэнэ. Өмнөд Солонгосын дорам үзсэн залуу үеийнхэн гадна төрхөө өөрчлөхийг эрмэлзэлдэг болж, загварлаг хувцас өмсөж, үс, нүүрээ будаж ганган дэгжин явахыг хүсэх болжээ.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын гоо сайхны брендүүдийг сонирхох болсноор Хойд Солонгосын миллениалууд гоо сайхны мэс засалд ч татагдах болж. Мөн л гоо сайхны мэс ажилбар алдартай байдаг хөршийнх нь нөлөө. Гэхдээ энд гагцхүү чинээлэг айлын хүүхдүүд л ийм үйлчилгээ авч чадна. Энд гоо сайхны мэс ажилбар дундаас давхраа хийлгэх, хамраа засуулах үйлчилгээ илүүтэй алдартай байдаг гэнэ.

Хойд Солонгос

Давхраа хийлгэхэд 50-200 доллар, хамраа жижигрүүлэхэд 500 доллараас дээш үнэтэй.

Түүнчлэн европчуудыг дуурайж, үсээ шараар будуулах нь ч нэмэгдсэн бөгөөд нэг удаад ийм үйлчилгээ авахаар үсчинд орвол 50 доллар төлөх хэрэгтэй. Гэхдээ энд үсээ шараар будуулахыг журам зөрчсөн гэж үзэн торгодог.

Үүний зэрэгцээ жангмадан зах дээр Өмнөд Солонгосын төрөл бүрийн маск, ВВ крем мөн л хууль бусаар оруулж ирэн зарах бөгөөд худалдагч мэдээж эдгээр барааг ил тавихгүй, харин худалдан авагч түүнд дөхөж очиж далд утгатай өгүүлбэрээр харилцдаг аж. Тухайлбал, “ямар нэг амттай юм авмаар байна” гэвэл худалдагч түүнийг агуулах руугаа дагуулан очиж, уруулын будаг эсвэл крем үзүүлдэг гэнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img