2024-05-17, Баасан
10 C
Ulaanbaatar

Л.Балхжав: Морин хуур хөгжим ганцхан Монголынх гэдгийг бид баталгаажуулж авах ёстой

Монгол Улсын Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, Хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, “UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжавтай ярилцлаа. Монголын соёл, урлагийн салбарт авьяас билэг, хөдөлмөр бүтээлээ олон жил зориулж, хөгжмийн урлагт туульсын төрлийн шинэ урсгал чиглэл гарган, орчин цагийн рок-поп хөгжмийг хөгжүүлэх, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэхэд идэвх санаачилгатай ажилласан Л.Балхжавын эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулах, их түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Амин хайрын эх орон”, “Бурхан эх орон”, “Миний Монголын наадам” хөгжмийн бүтээлд Монгол Улсын төрийн шагналыг ноднин хүртээсэн билээ.

– Би алдарт морин хуурч Жамьян, Зундуйн Хангал нарын гарын шавь –

-Урлагаар хүний нийгмийг баясгаж гэгээрүүлнэ гэдэг гайхамшиг. Таны хувьд мянга гаруй дууны аялгуу зохиож ард түмнээ баярлуулсан даа?

-Мянгаад дуу байна. Хорь шахам жүжиг, киноны хөгжим, үндэсний оркестор болон Морин хуурын чуулгад зориулсан дан хөгжмийн бүтээлүүд гээд нэлээд бүтээл бий. Анхны дуу маань гэвэл ардын уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдоржийн шүлэг “Амин нутаг” шүү дээ.

Яагаад ч юм Монгол эх орондоо сэтгэл зүрхнээс хайртайн илэрхийлэл болж энэ дуу надаас төржээ. Тэрнээс залуу хүн хайр сэтгэлийн тухай дуу ч юм уу бичиж болох л байсан. Зохиосон мянгаад дууны минь жаран хувь нь эх орны тухай байгаа нь “Амин нутаг”-аар эхэлсэний буян заяа гэж боддог.

Сүүлд гэхэд би С.Эрдэнэболдын шүлгээр “Хамтдаа хайрлах эх орон” гэж дуу бичсэн. Эх орны тухай хоёр дууны хооронд би “Тэр намайг дурсдаг болов уу”, “Зүүдний ханхүү”, “Нулимсаа арч охин минь”, “Би жаргалтай”, “Зүүдэнд ургасан тэр минь”, “Үггүй мордсон чи минь”, “Ижий бурхан”, “Шинэ жил манайд ирлээ”, “Жинжиймаа” зэрэг олон бүтээл туурвижээ. Аль бүхнийг нэрлэж барахав.

-Та хөгжим зохиох суурь дэвсгэрийг хаанаас өвлөн авсан бол?

-Манай аав Байшин үйлдвэрлэх комбинатад насаараа жолоочоор ажилласан ч урлагийн асар өндөр мэдрэмжтэй хүн байсан. Цэргийн гуулин хөгжим тоглож байхад минь дэмждэг байлаа.

-Аав чинь Байшин үйлдвэрлэх комбинатын жолооч байсан гэхээр та хотын унаган хүүхэд байх нь ээ?

-Би өөрийгөө хоёр сэтгэлгээтэй хүн байж гэж одоо бодоод байгаа юм. Миний аав, ээж хоёр намайг цэл залуухан насандаа гаргасан, би бол цэргийн хүүхэд байхгүй юу. Тиймээс миний хүүхэд насны бүх амьдрал Төв аймгийн Алтанбулаг суманд өвөө эмээтэйгээ өнгөрсөн. Зун нь хөдөө байдаг байсан болохоор яаж морь тарлахав, хонио хаагуур хариулахав, тэр бүгдийг сайн мэднэ.

Өвөл нь харин хоёрдугаар дөчин мянгатын хүүхэд болно. Хотын хүүхэд орцондоо гитар тоглож, дуулна. Ийм хоёр амьдралын дунд өссөн болохоор миний уран бүтээл морин хуур болоод орчин үеийн бүх хөгжимтэй холбоотой байдаг. Хэрвээ би тас хөдөөгийн хүүхэд байсан бол зохиолын дуу талдаа, бас хотын унаган хүүхэд байсан бол эстрадын чиглэлийн хүн байх байсан шүү.

-Таны “Талын Монгол айл” дуу ч монгол поп мөртлөө этник талдаа байдаг нь “хоёр нутагтан” байсны чинь илэрхийлэл байна шүү дээ?

-Балхжав гэдэг сэтгэлийн хүн маань хоёр хуваагдсаны л нэг илрэл наад дуу чинь мөн шүү. Одоогийн манай телевизийн “Universe best songs”-ын шалгаруулалтыг Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш нар тухайн орон нутагт нь очиж авдаг байлаа. Тэгэхэд 24дүгээр сургуулиас нэрт хуурч Жамьян багш маань манай ангиас балетын ангид Баярааг, морин хуурчийн ангид намайг шалгаруулж авч явж байсан. Тэр чинь би гуравдугаар ангид байсан гэхээр 1970 он юм.

-Та агуу их Жамьян хуурчийн гарын шавь байх нээ?

-Ёстой гарын шавь нь. Гурваасаа арванхоёрдугаар анги төгстлөө тэр их хүний морин хуурчийн ангид сурлаа. Даанч тоглоогүй гучаад жил болсон болохоос биш яах аргагүй мэргэжлийн морин хуурч юм, би. Морин хуур хөгжим ч хийл шиг хөгжчихлөө. Ширэн цартай хуурыг ваннын өрөөндөө тоглоход чийг цохиод хэцүү байдаг.

Одооны морин хуурыг гадаадад захиалаад хийлийн стандартын дагуу олон жил хатаасан модоор урлаж байна. Тийм ч учраас морин хуур хоёрхон чавхдастай мөртлөө дэлхийн сонгодог хөгжмүүдийг тоглож болж байна.

Жамьян багш болон эрдэмтэн багш нар маань хөгжмийн урлагийг зүгээр нэг заагаад зогсохгүй тэрэнд дурлуулж, эх орноор бахархуулж, ээж аавыгаа хайрлах сэтгэгдэл төрүүлэн, ахмадыг хүндлэх хүмүүжлээр хүмүүжүүлсэн. Морин хуур бол өөрөө ид шидтэй хөгжим. Ид шидтэй гэж би хаа ч бардам хэлнэ.

-Монголчуудын бүтээсэн нэг сайхан зүйл яах аргагүй мөн л дөө…

-Цаанаасаа л хийморилог, уянгалаг, зөөлөн хөгжим. Морин толгой молор эрдэнэ тэргүүнтэй. Их бэлгэдлийн чанартай. Арьс ширээр нь царыг нь, дэл сүүлээр нь чавхдасыг хийдэг. Хос утастай. Хос гэдэг чинь бэлгэдлийн утгатай. Урлагийн бурхан тэнгэр монгол хүнд морин хуурыг бэлэглэсэн байх.

Балхжав

Морин хууртай амьдралаа холбосон хүмүүс их өөдрөг явдаг юм шиг санагддаг. Олон сайхан хөгжмийн зохиолчид морин хуурчид байдаг. Жамьян багшийнхаа ид сайхан идэр залуу насанд нь шавь нь болсон хувь заяандаа би бахархдаг. Жамьян багшийн маань заасан бүхэн телевизийн болон урлагийн салбарт ажиллахад миний амьдралыг хөглөж ирлээ.

-Морин толгойтой хуураа та “Говийн домог” кинонд сайхан мөнхөлсөн дөө?

-Монголын ард түмнийг морин хуургүйгээр төсөөлөхийн арга байхгүй. Өнөөгийн залуус морин хуурыг бидний үеийнхэн шиг мэдэрч, мэдэхгүй. “Энэ морин хуур шүү” гэж заахад ойлгоход хэцүү. Харин уран сайхны маягаар киногоор дамжуулж морин хуураа дээдлэх, үндэсний бодит бус өв соёлоо мэдрэхэд “Говийн домог” кино хувь нэмрээ оруулсан болов уу.

Морин хуур хөгжим ганцхан Монголынх гэдгийг бид баталгаажуулж авах ёстой. Дэлхий дээр морин хуур сонирхдог олон хүн гарч ирсэн. Урд, хойд хөршийнхөн хөгжимдөж байна. Япончуудын сурах бичигт морин хуурын тухай орсон. Тиймээс монголчууд бидэнд өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн өв соёл юм гэдгийг хойч үедээ мэдрүүлэх ёстой.

Тиймээс “Би морин хуурын тухай кино хийхгүй бол өөр хэн хийх вэ” гэсэн бодол надад байсан. Миний сайных биш. Яагаад гэвэл би морин хуурч хүн, хөгжим зохиодог. Дээр нь кино найруулагчийн мэргэжилтэй. Бас кино хийх баг надад байна. Нас маань одоо хэд хүрч байгаа билээ. Энэ насандаа хийж авахгүй бол болохгүй байсан.

-Хөгжим бүжгээ төгсчихөөд хаана хуваарилагдав?

-Хөгжим бүжгийн сургуулиа төгсөөд Улсын ардын дуу, бүжгийн чуулгад ангийнхаа Цэнгэлмаагийн хамт хуваарилагдлаа. Манай ангийнхан бүгд Дарханд оччихсон байгаа. Тэр үед Дархан хот шинээр байгуулагдаад дуу хүртэл зохиогдчихсон байсан. Залуу хүн болохоор тэднийгээ нэг дор байгаад их атаархаж, бараг л нойргүй хонодог байлаа. Харин би энд нэг их удалгүй гадаадын сургуульд явсан шүү.

-Хаанахын ямар сургуульд явав?

-Польшийн Лодсын хөгжмийн сургуульд явсан. Тэр сургуульд явахад ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай шалгалт авч дэмжсэнийг мартах аргагүй. Тэгтэл Польшид өөрчлөн байгуулалт өрнөж ЗХУ-ын Ленинград хотод найруулагчийн ангид ирж байсан.

1986 онд сургуулиа онц төгсөөд иртэл Монголын үндэсний телевизэд туслах найруулагчаар томиллоо. Эндээсээ “Телекино” үйлдвэр рүү шилжиж “Шувууд буцах намар” анхны киноны зураг авалтаар хөдөө ажиллаж байтал хотын захиргаанаас захирамж гарч, шинээр байгуулагдах хотын телевизийн уран бүтээл хариуцсан дэд захирлаар томилогдсоныг дуулгасан.

Ингэж 1992 оны долоодугаар сард томилогдож есдүгээр сард телевизээ нээх үүрэг авсны дагуу өдөр шөнөгүй ажиллаж “Улаанбаатар” телевизийг үүсгэн байгуулж гуч гаруй жил ажиллаж байна даа.

-Та “UBS” телевизийн хамт олныхоо тухай ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?

-Би хамт олондоо үнэхээр хайртай. Яагаад гэвэл миний уран бүтээлчид баярлаж гуниглаж, гомдож шаналж чаддаг. Ийм л хүмүүсээс уран бүтээл төрдөг. Энэ бол хүнээрээ байгаагийн шинж. Баярлаж, гуниглахыг мэддэггүй хүн гантай зуны тэнгэр шиг хуурай хоосон байдаг. Анхны тоглолтоо 1999 онд хийхэд аав маань хэвтэрт, нүд нь юм харахгүй болчихсон байлаа.

Гэхдээ орныхоо хажууд радиогоо аваачиж тавиад хүүгийнхээ тоглолтын тухай сонсож, хамт олноор минь бахархаж байж билээ. Тэгэхэд манайхан миний өмнөөс баярлаж, нүдэндээ нулимстай зогсож байсныг би хэзээ ч мартахгүй. Амьдрал иймдээ л сайхан даа.

Анхны тоглолтод маань төсөөлж байснаас ч хавьгүй олон хүн ирсэнд урамшиж түүнээс хойш тоглолтоо жил өнжилгүй хийсэн. Монголын гайхамшигтай дуучид, хамтлагууд ирж миний дуунуудыг толилуулдаг болохоор би үзэгчдээ сэтгэл өндөр байдаг гэж боддог доо.

-Та хамт олондоо их хайртай чинь нүдэнд чинь хураад ирсэн нулимс чинь гэрчилж байна даа?

-Хэдийгээр би том телевизийн захирал, мундаг хүн шиг харагддаг ч гэсэн хэлж ирэхгүй зовлонгийн өмнө өөрийн эрхгүй өвдөг сөхрөх үе ирдэг. Тэр үед хажуунаас өргөөд босгох хамт олон надад байдаг. Аавыгаа алдчихаад яахаа ч мэдэхгүй зогсож байхад аавыг минь тэврээд гарч байсан тэр хүний ачийг би мартахгүй. Дараа нь Монгол Улсаараа овоглосон уран бүтээлч болоход манайхан аавын минь оронд аав болж, тэр орон зайг хайраараа нөхсөн.

-Танай хамт олны бүтээл “Содура” уран сайхны кино сайхан болсон шүү?

-Хоёр жилийн турш хийсэн зураг авалтаа дуусгаж, цаатан эмэгтэйн нэрээр нэрлэсэн “Содура” киногоо үзэгчдэд сайхан хүрсэн. Бидний сайн мэдэхгүй цаатан ардын амьдрал ахуйг дэлгэцэнд мөнхөлсөн бүтээл дээ.

Кино бүтээх ажил эхэлсний дараахан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөлийн их тайгыг зорьж, цаатны урцад хонож, тэдний зовлон жаргалыг хуваалцахад “Зөв ажил эхлүүлжээ” гэж өөртөө урмын ташуур өгч байлаа.

-Таны “Миний дуунууд” тоглолт уламждлал болон тогтчихлоо. Өдий олон жил ямархан олон даваа гүвээг давж ирэв дээ?

-Уран бүтээлийг ямар ч уран бүтээлч өөрийн оюун ухаанаа шавхаж хийдэг. Хамгийн гоё нь тухайн уран бүтээлч хэн нэгнээс юм хүлээлгүй, өөрийнхөө оюуны ертөнцөд бүтээж туурвидаг учраас ариун гэгээн бүхнээ олон түмэндээ толилуулахыг эрхэмлэдэг. Уран бүтээл гэдэг урнаар бүтээнэ гэсэн үг.

Балхжав

Урлагийн салбарт ажиллаж байгаадаа би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Ганц би зөвхөн хөгжмөө зохиогоод байвал юу ч билээ, хамтын уран бүтээл дээр амин сүнс нь оршдог. Миний ард олон сайхан яруу найрагч, дуучид, хөгжмийн найруулагчид байдаг. “Миний дуунууд” тоглолт маань хориод жил үргэлжлэхдээ Монголын орчин үеийн урлагийн түүхийн нэгээхэн хэсгийг бичилцсэн юм шиг санагддаг.

Олон жилийн гэрэл зургийн үзэсгэлэнгээс харахад он цаг хурдан өнгөрсөн ч гэлээ эргээд харахад бахархалтай сайхан л байдаг.

-Хүн чанаргүй хүн олигтой уран бүтээл туурвидаггүй гэлцдэг. Та энэ талаар ямар бодолтой явдаг бол?

-Урлаг ямар ч хүний сэтгэлийг зөөлрүүлдэг. Урлагийн ямар ч төрлийг сонгосон хүн ямар ч шалгуурыг сайхан сэтгэл, зөөлөн сэтгэлээрээ даван гэтэлж урлагийг л сонгодог. Урлагийн гэсэн бүх хүнийг анзаараад үзээрэй.

Ямар ч гэсэн тэгтлээ муухай аашлаад байхгүй. Арай л нандин мэдрэмжтэй, аливааг өөр өнцгөөс хардаг, баруун тархи нь хөгжчихсөн хүмүүс байдаг. “UBS” телевизийн “Баруун тархи” нэвтрүүлэг ч энэ талаар хөндөж байдаг. Гэгээлэг зүйлийг мөрөөдөж боддог, гэгээн үйлдлийг хийдэг хүмүүс байдаг гэж энд тэндээс уншсан даа.

Би баруун тархи нь хөгжсөн төгс төгөлдөр хүн зуун хувь болж чадахгүй ч гэсэн тийм хүмүүжлээр хүүхэд залуус маань хүмүүжээсэй гэж боддог учраас эх орны тухай дуунууд бичдэг.

-Өнөө цагт хүн чанар байхгүй боллоо гэцгээх юм. Танд анзаарагдаж байна уу. Хүүхдээ хүмүүжүүлж чадахаа больсон ч юм уу?

-Хүүхдийн хүмүүжилд эцэг эх, багш нар, уран бүтээлч бид л анхаарах ёстой. Дэлхий даяаршсан ийм үеийн аж байдлыг бидний хүүхэд үеийнхтэй яаж харьцуулахав. Бидний үед ахмадаа хүндэлдэг, дээдсээ дээдэлдэг байлаа. Тэрэнтэй харьцуулахад хэцүү. Гэхдээ монгол хүүхдүүд бусад орны хүүхдүүдийн дэргэд харьцангуй зөөлөн сэтгэлтэй. Ямар ч байсан цагаан сараар эцэг эхтэйгээ очиж золгоно.

Үндэсний ёс заншлууд маань тэртэй тэргүй хүмүүжүүлчихдэг. Оройтоогүй дээрээ хүүхдүүдэд эх оронч сэтгэлгээ суулгах хэрэгтэй. Монгол оронд монгол хүн болж төрнө гэдэг их хувь заяа гэдгийг ойлгуулах учиртай. Эцэг эхээ хайрлах ёстой. Тэгээд дээрээс нь өөрийгөө хайрлаж хүндлэх чухал. Хүн болж төрнө гэдэг асар их хувь заяа.

Монгол иргэд маань нэг нэг айлд орж суучихаад “Манай гэр муухай байна” гээд байвал утгагүй. Голомтоо тойрч сууж байгаад гэм зэмээ ярих учиртай. Эндээ, эх орондоо амьдрах нөхцөлийг бид хойч үедээ бий болгож өгөх ёстой. Бие нь явсан ч сэтгэл зүрхийг нь уран бүтээлээрээ Монголдоо уях юм сан. Ямар сайндаа би “Гүрэн Монгол чинь хүлээж байна” гэж дуу хүртэл зохиохов.

-Зундуйн Хангал гэж нэг гайхамшигтай хөгжмийн зохиолчтой таныг их ойр байсан гэдэг дээ?

-З.Хангал бол миний багш. Нэрт хөгжмийн зохиолч хүн. Тэр бол зөвхөн хөгжмийн зохиолч хүн байгаагүй, Монголын урлагт тохиосон үзэгдэл байсан. Богинохон хугацаанд амьдарсан ч асар их зүйлийг бүтээж ард түмэндээ үлдээсэн уран бүтээлч.

Гайхалтай, гайхамшигтай төрмөл авьяастан байлаа. Би яагаад багш гэдэг гэхээр Хөгжим, бүжгийн сургуульд сурч байхад бидэнд хөгжмийн онол, түүхийн хичээл орж байсан. Орчин үеийн хөгжмийг морин хууртай хослуулах мэдрэмжийг Хангал багш маань төрүүлсэн юм. Зохиолууд нь нийгмээс асар их түрүүлж явсан. Төрсөн дүү Зундарь гэж “Соёл-Эрдэнэ” чуулгын том уран бүтээлч, хөгжмийн зохиолч байсан. Гэр бүлээрээ авьяастай хүмүүс.

-Агуу их Хангал очдог байсан гэхээр Бөмбөгөрийн Өвгөнтийн хөндий алдрын диваажин байсан ч юм шиг гэж нэг хүн цахимд сэтгэгдлээ оруулсан байсан?

-Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг дээ. Манай Хангал багш хүнийг дугаарлаж үзэлгүй, хэнтэй ч найзалж нөхөрлөдөг, хэлэх үгээ хаана ч хэлдэг жинхэнэ эр хүн байсан. Тиймээс найз нөхөд нь хаана ч байсан байж болно. Бид шавь нар нь учраас тэр талаар нарийн сайн мэдэхгүй, харин уран бүтээлийг нь бишрэн шүтдэг байсан даа.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img