2024-05-17, Баасан
13 C
Ulaanbaatar

Америкт эсийн аргаар гаргаж авсан Монгол тахийн унагануудыг Курт, Олли гэж нэрлэжээ

Хүн төрөлхтөнд үлдсэн цорын ганц зэрлэг адуу бол Монголын тахь. Дэлхийд хамгийн сүүлчийн цөөхөн тахь үлдэж, устан арилах аюул тулахад олон орны эрдэмтэд эгэл жирийн хүмүүсийн санаа зовж, аварч авч үлдэхийн төлөө сэтгэл зүтгэл, хөрөнгө мөнгө зарсан нөр их, урт удаан ажлуудыг хамтран хийсэн юм. Дэлхийд үлдсэн цорын ганц зэрлэг адууг өсгөн үржүүлэх ажил өнөө ч үргэлжилсээр байна.

Курт

2020 оны наймдугаар сарын 6-нд Америкийн Техас мужид хүнд хэзээ ч гаршаагүй онгон зэрлэг тахийн унагыг анх удаа эсийн аргаар төрүүлж байв. Техас бол өндөр технологи, био анагаах ухаанаар дагнасан, судалгааны маш том суурь баазтай муж юм. Мал эмнэлгийн салбарынхан нь гэхэд л дэлхийд устан мөхөж буй олон зүйл ангийн ан амьтад, тэдний эд эс генетикийг цуглуулж хадгалсан арвин нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Үүний тод жишээ нь бараг 40 орчим жилийн тэртээд монгол тахиас авч хадгалсан эс.

курт
Бяцхан Курт тахийн унага 2020 оны 8 дугаар сарын 28. Техасийн Тимбер греек мал эмнэлгийн хүрээлэнгийн гадаа.

Тэр эсээс Курт хэмээх унага энх саруул төрж, эхийгээ тойрон тоглон давхиж байгаа бичлэг адуунд хайртай олон сая хүнийг баярлуулсан юм. Тээгч эх нь Техасын уугуул нутгийн гүү. Техасын уугуул нутгийн гүү унаганыхаа хамт Тимбер Грийк мал эмнэлэгийн хяналтад багагүй хугацаанд байгаад одоо Калифорни мужийн Сан-Диего Зоо Паркийн сайхан талд идээшилж буй.

Хонгор шаргал зүстэй, толгой томтой, босоо сөөвгөр дэлтэй, хамрын нүхний дээд талаараа цайвар, шилбэ өвдөгний ар тал борвиндоо үл мэдэгхэн хөндлөн хар судалта тахийн өхөөрдөм эр унаганд Курт гэдэг нэр өгсөн нь бас учиртай. Амьтны угшил зүйн судлаач, генетикч, нэрт паталогич доктор Курт Бенирсчкийн дурсгалд зориулж ийн нэрийджээ. Алдарт эрдэмтэн Курт Бенирсчке Германы хойд хэсэг дэх Глюкштадт хэмээх хөдөөний жижигхэн хотод 1924 төрж, 2018 он хүртэл амьдрахдаа бүх л амьдрал, карьераа байгалийн шинжлэх ухаанд зориулсан гайхамшигт хүмүүн.

Германы Хамбургийн Их Сургуулийг дөнгөж төгссөн цэл залуухан Курт Бенирсчке дайны дараа буюу 1949 онд Америк улсад цагаачилж очсон түүхтэй. Тэрээр Харвардын Анагаах Ухааны Их Сургуультай нягт холбоотой ажиллахдаа патологийн чиглэлийг сонгон сурч, тэр дундаа нөхөн үржилийн талыг ихээхэн хөгжүүлсэн нэрт эрдэмтэн юм. Дэлхийн хамгийн анхны “Хөлдөөсөн Зоо Парк” гэгчийг 1972 тэрээр үндэслэн байгуулж байж. Курт энэ зоо паркдаа устан алга болж, мөхөх аюулд хүрчихсэн, хамгийн сүүлчийн амьтдын эд эсийг үхэж үрэгдэхээс нь өмнө амжин авч, аварч чадсан гайхалтай үйлстэн.

Хулан

Хорогдон цөөрч, устан үгүй болж буй амьтдын удамшилын ген, эр эм бэлгийн эс, өндөг, үр хөврөлийн эс түүнчлэн булчинлаг эдээс нь хүртэл авч байж. Курт тэдгээр үнэлж барамгүй эрдэнэ адил үнэт эд эсүүдийг -196°C хэмд тусгай хадгалалтын саванд хийж нөөцөлсөөр байлаа.

Хулан

Тэрээр 1976 оноос Калифорни мужийн Сан-Диего Зоо Паркт “ Устах аюулд орсон амьтдыг нөхөн үржүүлэх” тусгай тасаг нээж эрдэм шинжилгээ, судалгааныхантай эрчимтэй ажиллах их ажлыг эхлүүлж чадсан аж. Зөвхөн амьтдыг төдийгүй газрын хөрснөөс арчигдан ул мөргүй болж буй олон төрлийн ургамал моддын үндэс, үр, үрслэгийг хүртэл амжин цуглуулж, хойч үеийнхэндээ үлдээж чаджээ.

Наад захын жишээ гэхэд л ховор кондор- хангис аварга тас шувуу, хар хөлт үенч, цагаан хирс, Өмнөд Америкийн маш ховор үс ноосорхог зэрлэг гахайн төрлийг эргэн төрүүлж байв. Энэ мэтээр 44 ховордсон амьтдыг эргэн төрүүлсэн байна. “Хөлдөөсөн Зоо”-д одоогоор 10.000 гаруй амьтдын өндгөн эс, 1200 амьтан, ургамлын дэд төрөл ангийн эд эсийг хадгалж байгаа юм байна.

Эрдэмтэд тахийн тухай ярихдаа “Бид монголын зан заншлыг их судалсан. Монголчууд өвөг дээдэс, эрт цагаасаа эхлэн зэрлэг тахь болон адуу морьдоо “хийморь” хэмээн бэлгэдэж “ тахин шүтэж биширч” ирсэн гайхалтай үндэстэн” хэмээн онцолж байж.

Одоогоос 100 гаруй жилийн тэртээд Монголын хээр талаар тахийн сүрэг эрх дураараа сүрэглэн амьдарч байжээ. Даац нь хэтэрсэн бэлчээр, байнгын салхи шуурганд элээгдсэн хөрс, хайр найргүй шавхуурдах хахир хүйтэн, хатуу ширүүн өвлийн урт сарууд, хүмүүсийн хайхрамж тоомсоргүй олон уршигт үйлдэл, хулгайн ан, дайн дайжин, улс төр болон соёлын өөрчлөлт зэрэг үй түмэн шалтгаанаас болж дэлхийд цор ганц үлдсэн зэрлэг адуу тахь огцом хорогдож эхэлсэн аж.

Монгол тахь байгаль дэлхий, угуул нутаг уснаасаа алга болсоор байлаа. Үүнийг шинжлэх ухааны хэлээр генетик боттлниск гэж нэрлэдэг. Энэ үгийг утгачилж тайлбарлавал аливаа амьд биет, амьтад, ургамлын тоо толгой эрс цөөрч устан үхэхэд ген удам угшилынхаа хувьд маш цөөхөн ахиж олдохоо больж байна гэсэн үг.

Kurt
Play Video
2020 оны 8 дугаар сарын 31-нд төрсөн газар Техасийн мал эмнэлэгийн хүрээлэнд.

Монголд хамгийн сүүлд 1969 онд тахь хаа нэгтээ харагдаад ахиж олдоогүй тухай баримтат тэмдэглэл бий. Энэхүү онгон зэрлэг, ховор сайхан амьтад бараг л устан алга болж байлаа. Дэлхийн II дайны дараа зоо паркуудад байсан тахь мөн л эрс цөөрсөөр 1950-иад онд дөнгөж 12-хон үлджээ.

Ийнхүү манай дэлхийн цорын ганц гэгддэг тахь хэмээх зэрлэг адуу газрын хөрснөөс арчигдан алга болох аюул нүүрлэсэн юм. Монгол тахь олон улсын “Аймаг угсааны ном”-д нэн ховордож буй “амьтан, ургамлын үлдэх- эсэх” гэдэг тусгай бүлэг ангилалд аргагүй оржээ. 1959 онд ийм харангын дохио сонссон герман зоологич, амьтан судлаач, нөөшлөн хадгалагч эрдэмтэд шуурхайлан хөдөлсөн гэдэг. Тэд нөхөн үржүүлэх программыг зохион байгуулж, мэргэжлийн өндөр түвшинд, маш няхуур нямбай ажиллагаа эхлүүлжээ. Харин 1990 он гэхэд тахийн тоо өсөж 33 орон, 129 инситутуудын дунд нийт 961 тахьтай болсон байна. Эдгээр тахиуд зөвхөн зоопаркад байсныг онцлохгүй өнгөрч болохгүй.

Энэхүү үзүүлэлтийг тооцож үзсэн эрдэмтэд тахийг эргэн нутагшуулахад аюулгүй гэж үзжээ. Ийнхүү эх нутаг Монголд нь хууль хамгаалалттай, гурван хэсэг газарт авчирч тавьж байнга ажиглаж байхаар болсон түүхтэй.

Kurt
Генийг хадгалан нөөцлөх салбарын захирал Доктор Оливер Райдер хадгалалтыг шалгаж буй нь.

Тахь усталгүй өсөн нэмэгдэж, буцаж эх орон, эх дэлхийдээ ирж байгаа нь монголчуудын төдийгүй хүн төрлөхтний баяр болж байна. Өдгөө дэлхийд нийтдээ 2000 гаруй тахь амьдарч байна. Үүнээс 500 гаруй нь эх байгальдаа, нутагт нугадаа эрх чөлөөтэй идээшин амьдарч байгаа нь өнөөх л 12- хон үлдсэн тахийн үр садын үргэлжлэл юм. “Генетик боттлниск” буюу удам угшил тасрах аюул нүүрлэхэд адгуус мал тоо толгойны хувьд цөөрөх төдийгүй бүхий л хүчтэй сайн генүүд тэр дундаа нөхөн үржих чадвар нь алдагддаг аюултай аж. Мөн амьдарч буй байгаль цаг уурын амьсгалыг тэсэн даах сайн чанараа алдаж сул дорой болдог зэрэг олон муу уршиг ажиглагддаг байна.

Эсийн аргаар төрүүлсэн тахийн унагандаа эрдэмтэд их найдвар тавьж байна

Эсийн аргаар төрсөн тахийн унага Курт нь өөр нэгэн үүлдэр угсааны ямар ч адууны ямар ч цустай холилдоо, холбоогүй. Олон жилийн турш, үеэс үед тахийн цусаар дамжин явсаар устан алга болсон ховор сайн зарим нэг ген Куртээс гарсан нь эрдэмтдийн сэтгэлийг ихээр хөдөлгөжээ. Монгол тахийн генийн олон сайн шинж чанарыг хадгалж тээж байгаа энэхүү чухал “шугамыг” алдалгүйгээр тодорхой хугацааны дараа тахийн сүрэгт нь хүргэх нь хамгаас чухал гэнэ. Эцэг болон эхийнхээ талаас удам угшил сайтай Куртын үр төл үе залгамжлан үргэлжлэх нь тодорхой аж.

kurt
2021 оны 2 дугаар сарын 16.
Анхны цаснаар 6 сартай Курт

Америк гүү “тээгч” эхээс төрсөн энэ унаганы эцгийн талыг сонирхуулъя. 1975 онд Англид төрсөн тахийн азарганаас эсийг нь авч ирээдүйд хэрэглэхээр “Хөлдсөн Зоо Парк”-д хадгалжээ. Англид төрсөн монгол тахийн азаргыг 1978 онд Америкт шилжүүлэн авчирсан байдаг. Уг азарга 1998 он хүртэл амьдарсан түүхтэй. Эрүүл чийрэг удам угшилтай уг азарганы ген нь олон улсын “Аймаг угсааны ном буюу Stud Book number (SB615) – (СБ 615) гэдэг дугаарт “Купоровик” хэмээх нэр томьёог бий болгожээ.

Хамгийн сонирхолтой нь SB615- СБ 615 гэгдэх энэ эсийг задлан шинжилж судлаваас тахийн хамгийн сайн удмыг хадгалж байгаа аж. Ингээд ч зогсохгүй одоо амьдарч буй тахиудаас илүү сайн чанарын генийн төрөл, хувилбарыг хадгалан тээж яваа нь нотлогджээ. Өнөөдрийн байдлаар хамгийн сайн генийн удам угшил сайтай тахийг эрдэмтэд Курт гэж онцгойлон үзэж байна.

Тэр утгаараа Курт Америкт “хамгаас” чухал үнэтэй тахь. Олон сайн генийг тээж буй энэ тахь сүргийн тоог өгсөн үржүүлэх төдийгүй, бие эрүүл чийрэг, шандас сайтай, тэсвэр хажуужил, жинхэнэ сайн цусны тахийн үр төл үлдээж өгнө гэдэгт эрдэмтэд ихээхэн найдвар тавьж байна

Хулан

Доктор Курт.

Монголчууд бидний тухайд генийн хувьд зарим нэг чанар нь алдагдан муудаж байсан тахийн сүрэгтээ цус сэлбэн сайн угшилаа буцаан авчирч удамшуулан үлдээх нь хамгаас чухал. Эцэг талаас ч, эх талаас ч хүчтэй сайн ген өвлөн авсан тахийн унага зургаан сартайдаа, анхны өвөлтэй золгож шилбээрээ татсан нойтон цасан дунд манартал давхиж, хүйтэн нойтныг огт ажралгүй давсан нь гайхмаар байсан гэнэ. Өчнөөн жилээр хадгалсан олон зуун мянган амьтдын тэс хөлдүү эс дундаас зөвхөн монгол тахийг шилж сонгосон хүн бол Доктор Оливер Райдер.

Тэрээр “Монгол тахь гэдэг юугаар ч үнэлж хэмжиж чадамгүй үнэт, эсийн аргаар гаргаж авахад яг тохирсон нэр дэвшигч. Тиймээс би бусад амьтдаас онцгойлон шилж авсан юм” хэмээн мэдэгджээ. Унагыг хөхнөөсөө гарсаны дараа тэд “Сан Диего сафари зоо паркад” аваачиж эрх чөлөөтөй тавьсан байна.

Олли

Оливер Райдер 1975 оноос Курт Бенирсчке багшийнхаа удирдлага дор хамтарч эхэлснээр академик ажлынхаа гарааг эхэлжээ. Доктор Оливер Райдер анхныхаа тахийн унаганд хайртай башийнхаа Курт нэрийг өгч байсан бол 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр тахийн хоёр дахь унагаа гардан авчээ. Сан-Диего Зоо Парк-ийнхан хоёр дахь тахийн унагаа хүлээн авахдаа, хүндэт докторын нэрийг шинэхэн унаганд өгч “Олли” хэмээн нэрлэсэн юм. Монгол тахийг авран үлдээхэд зүрх сэтгэлээ зориулсан доктор энэ мэдээг нүд дүүрэн нулимстай сонсчээ. Тэрээр зүрхээ дарж хэсэг зогссоноо зангиртсан хоолойгоор “Монголын сайхан тахь улам өнөр өтгөн болж, уртаас урт наслаарай” хэмээн ерөөж байв.

Оли
Оли

Тэрхүү бичлэг нь дэлхийн олон орны сая сая хүний сэтгэлийг догдлуулж эрхэм докторт болон тахийн үр төлд сайн сайхныг хүсч ерөөсөн олон сэтгэгдэл үлдээж байлаа. Доктор Оливер “Курт, Олли нэртэй эрүүл чийрэг сайхан төлүүд маань тахийн азаргууд болж, хамгийн сайн угшилын үр удамдаа үлдээх юм. Цөөнгүй тахь Монголын тал эх орондоо очиж нутагшаад амьдарч байна. Эрдэмтэд бидний зүгээс генетикийн чанарт хазайлт өөрчлөлт огт оруулахгүй маш сайн ажиллахад л тахь өөрөө амьдрах чадвартай. Тахь сүрэг, сүргээрээ амьдардаг тул нялх унагыг тээгч эхээс хамаагүй салгаж болохгүй. Тиймээс аажуудаа, зэрлэг тахиудтай нь нийлүүлэн паркийнхаа сафарид тавина.

Тахь
Сүүлчийн лекцийн дараах агшин.

Манай паркийн сафарийн онцлог нь зэрлэг онгон байгаль, бэлчээрийн ургамлын бүтэц нь Төв ази, Монголын тал нутагтай маш төстөй. Тэнд эрх чөлөөтөй давхиж яваа Курт, охин тахь Холлиг сүрэгт нь нийлүүлнэ” хэмээн ярьсан байна. Зөвхөн монгол тахийг харах гэсэн олон зуун жуулчин Сан-Диего Зоо Паркийг зорин ирсээр байгаа аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img