ХАВРЫН ТАТАЛБАР
Хуучин модон хүрээтэй цонхны шил дагаж урсах
Дээврийн мөсөн унжлаганы хувирлыг анзаарнам
Хуруун чинээхэн шувууны үүр тэрүүхэнд аниргүй өвөлжсөн ч
Түүнээс уур дэгдэн буйг анзаарнам
Хэд гурваараа нисч өнгөрөх болжморууд
Хэсэг хэсэг инээд орхиод өнгөрөхийг нь анзаарнам
Тоос суусан нэхмэл цагаан хөшигний
Тогосон хээнүүд араас нь хээнцэрлэвч
Хэсэг зуур гунихыг нь анзаарнам
Урд уулын модод
Уруул уруулаа жимийн байвч дотроо дуу аялан буйг нь анзаарнам
Мөчир мөчрийнхөө зөөлөн салхийг минийх, чинийх гэж шивнэлдэвч
Мөн чанартаа ертөнцийнх хэмээлцээд
Чимээ алдрахыг нь анзаарнам
Огторгуй улам цэнхэрлэн цээлшихийг анзаарнам
Одох, ирэхийн жим тэнд гэцлэн савлахыг анзаарнам
Айсуй шувуудын тэмүүлэлт нүд цонх нэвт гэрэлтэхийг анзаарнам
Аж төрөхүйн хөнгөн уй яг энэ агшинд
Мөрөн дээрээс алгуурхан хийсэхийг анзаарнам
Үнэрийг нь мартах шахсан бэх минь
Гэнэт анхилахыг анзаарнам
Үзэгний минь судсаар гүйх түүний цэнхэрхэн урсгалыг харжээ суугаад
Эрдэнэт тэнгисийн хэсэгхэн болохыг нь анзаарнам
Ай энэ өдөр…
ХАВРЫН ШҮЛЭГ
Хаврын шувууд амандаа бэхийг минь балгасаар ирнэм
Тийм болохоор тэднийг удтал саравчлан хүлээдэг юм
Хачин анхилуун тэр бэхийг хаанаас авчирдгийг нь мэдэхгүй ч
Ер бусын чинадаас тээж ирдгийг нь мэдэрнэм
Дотоод билгийг минь сэрээдэг тэр уянгат бэх
Дорно зүгийн нэгээхэнд мэлтрэн байдагт итгэдэг
Намрын шувуудаас өөр хэн ч олж очихгүй
Нандин аглагт тэр бэх ундарч байдаг гэж төсөөлдөг
Сэрэхүй минь хаврын хаварт
Болор үзгэнд хувирдгийн учир энэ
Сэтгэлийн минь мутар түүнийг эрхэмсгээр бариад
Сартай ханьсан бясалгадгийн нууц энэ ээ
Мөндрийн чинээ тэр бэхнүүдийг шувуу шувууны амнаас цуглуулаад
Мөнхийн ус шиг шүлэг бичнэ гэж
Бөртийн суух сайхан байдаг даа
Мөнх бусын орчлонг мэдсэн ч гэлээ
Мөнх юм шиг амьдрахад нь хэн нэгэнд тус барих гэж
Мэтгэж явах гайхам байдаг даа
Шувууд минь урт холын аяндаа ганганалдсаар л байгаарай
Шуурга, салхитай энэ орчлон
Өнөд уярлаар дутна
Хөлчүүхэн шүлэгчдэд бэхийг нь дөхүүлж өгсөөр л байгаарай
Хөөрхий тэд л дуусан дуустлаа
Хорвоог бүлээцүүлэх үгийн эрэлд шаналсаар байдаг юм шүү
ХАВРЫН САЛХИНАА
Хөндүүрлэн явааг минь энэ салхи бүү мэдэг ээ
Хөх мэлмийд нь гуниг бүү хөвөг
Энэ салхи хаврынх болохоор тэр шүү
Ариун гэнэхэн тэрбээр орчлонг өөрийнхөөрөө мэдрэг
Алтан өргөсийг нь урьтаж бүү дуулга
Болор мэт гэж энэ цэцэгсийг биширч байгаа
Богинохон настайг нь бүү сонсго
Царцаан сүрэг гэнэт царгисаар ирдгийг бүү өгүүл
Цасны тухай бол юу ч бүү дурс
Энэ нялх ногоо нэгэн цагт гандаад хийсдийг бүү шивнэ
Эвий энэ л хаврын салхи эрхэлж сэвэгнэсээр шувуудыг угтаг ээ
Тэгээд борооны хөлд цэнгэлтэйгээр амирлаг
Тэнгэр нь ч гэж тэнгэр, газар нь ч гэж газар хэмээн хорвоог бахадсаар
Аниргүйд уусаг
Бөмбөрцгийн минь тухай ариун мэдрэмж тээгээд одог ээ
Бүлээхэн тэр мэдрэмж нь
Сав шимийн ертөнцийг
Сартай элбэж гийгүүлэх гэрэлт эрвээхэй болог
Бидний тухай бас ариун дурсамжтай буцаг
Бие биеэ хайрлахуйн суутнууд гэж дуулсаар одог
Зүрх нь ямар тунгалаг мэлмийтэй юм бэ гэж дуу алдсаар сарниг
Зөн билиг нь ямархан яруу юм бэ гэж хүндэлсээр алдраг
Хавар хаврын салхи зөвхөн бидний гэрлийг олж хараг
Харанхуйг гэрэлд урвуулж бөмбөрцөгөө дахин бүтээж чадсан
Тийм нэг хавар
Харин энэхэн урин салхи бидний хар, цагааныг мэдэж аваг
Халуун зуураа нулимс унагахдаа
Өөрсдийгөө дийлж чадсан биднээр бахархаг
Үлэмж дээд та бүхний шавь больё хэмээн
Намирсан цэнхэр биеэрээ хадаг бариг
Налархай дулаахан харцандаа бишрэл дүүргэн сөгдөг ээ
Хаврын урин салхи…
ХАВРЫН ӨГЛӨӨ
Хэдэн дусал бороо шиг
Хэлхээ болжмор цонхон доогуур жиргэн жиргэн өнгөрнөм
Хэлцэн буй үгсийг нь тээгээд хоцорсон салхи
Хэнэггүй миний гэгээвчээр шидэж орхином
Тэнийлгэж тавьсан шүлгийн минь дэвтэр агшин зуур өндөглөж
Тэнгэрийн дууг сурагласан хэдэн цэнхэр ангаахай өөдөөс жив жив дуугарна
Хаврын үүрийн уянганд автсан шүлэгч
Халуун зуураа нэгээхэн ярууслыг мэдэрнэм
Тэр хэдэн ангаахайг хоёр алган дээрээ дэрвүүлсээр
Салхивчаар гарган нисгэхдээ
Тэнгэрийг бус
Оршихуйг хайрла гэж зүрхэнд нь шившнэм
Гал улаахан сарнай
Таримал хэдий ч хэн нэгний зүрхийг төлөөлдөг тухай
Гар гараасаа хөтлөлцсөн залуус
Маргааш ч, нөгөөдөр ч, нөгөөдрийн цаад өдөр ч
Аж төрөхүйг гэрэлтүүлэх сар болсоор байх тухай
Урины шувуудын ганганаа
Усан нүдтэний ертөнцийг хэзээ мөнхөд хөглөсөөр байх тухай
Утгын өвс цуглуулж хүн төрөлхтөнд шинэ үүр засч өгөх гэсэн
Уянгат шүлэгчид энд тэнд ганц нэгээрээ аж төрдөг тухай
Орчлонд дуулгаж ниссээр л байгаарай
Одно гэдэг чинь ирэхүйн нэгэн шалтгаан…
Тэднийг ийн үдэж мэхийнэм
Билиг билгүүний дэнлүү барьсан хаврын нар
Бичгийн ширээг минь зөөлөн шар туяагаараа хулдсаар
Цонхоор шагайхуй
Шүлгээ бичдэг эх хэл минь мөрөн дээр мутраа тавинам
Шүхрэн гэрлээрээ нөхөрсөг гэгч тэврэн талархахад нь
Мөнхөд анд минь байгаач гэж өөрийн эрхгүй залбирнам
СЭТГЭЛ
Өндөр тэнгэрийн нэгээхэн мөчир дээр
Үл үзэгдэх шувуу шиг суунам
Үзэсгэлэнт мэдрэмжийнхээ өдөөр
Үдэш бүхний саран дээр гэгээхэн сэтгэл урланам
Хуйлран догшрох орчлонгоос сувд шүүрдэх нэгэнд
Уурга болог
Хуудас бүхэнд нь билиг нуугдсан судрын
Гээгдсэн үсгийг орлох гэрэл болог
Орь ганц тэнүүлчид хоног төөрүүлэх урц болог
Огторгуйг таньсан даяанчид эрдэнийн олбог болог
Ангаж яваа нэгэнд балга сүү болог
Амьдралын модны мөчир дээрх хөхөө болог
Дотроосоо гэрэлтсэн нэгэнд бодь мод болог
Дорнын мэлмийнээс тасрах лянхуаг тосох алганы хонхор болог
Тэнгис байгаад ширгэж одсон их усны
Тэнгэрийн ой санамжинд үлдсэн давалгаа нь болог
Чулуужсан эрвээхэй дэвсээр байдгийг
Зуны эрвээхэйдэд дуулгах хэлмэрч болог
Хорвоог орхих нэгэнд дэрлүүлэх
Хаш эрдэнийн чулуу болог
Сацрах гэрэл, бүрхэх сүүдрийг гэтлэн
Сансрын цонхоор гэнэт орсон болжмор болог
Өнийн инээмсэглэл болог
Өдөр өдрийн нарнаас үлдэж хоцорсон бурхан болог
Тэвэрч яваа цэцгэнд тань анхилуун үнэр нь болог
Тэрслүү шүлэгч нөхдийн минь жүнзэнд сар болог
Ай…Сэтгэл минь