Чулуу, ган, гантиг, зэс, гууль, хүрэл гэх мэт материалуудын үнэ суга өсөж буй нь уран бүтээлчид, тэр дундаа уран барималчдад хүндхэн тусч байгаа нь тодорхой. Хэдий тийм ч юунд ч баригдахгүй салхи адил эрх чөлөөтэй сэтгэдэг тэд зэвт хадааснаас ч цэцэг ургуулах ид шидтэй улс.
Тийм уран бүтээлчдийн нэг бол орчин цагийн барималч, Өмнөд Солонгосын Жи Ян Хо. Тэрээр уран бүтээлээ хийхдээ уламжлалт хүрэл, зэс, хэвэнд цутгадаггүй. Хэрэгцээгүй болсон машины хуучин дугуй, хаягдмал резин ашигладаг. Нэг зүйлийг тодотгоход тэр уран бүтээл хийхдээ хэзээ ч шинэ дугуй ашигладаггүй.
Бүх төрлийн хуучин дугуйгаар бүтээлээ урлана. Трактор, унадаг дугуй, мотоцикль, моторт дугуй, уралдааны машины хог дээр хаягдах нь тодорхой болсон дугуйнууд түүний гараас гайхамшигтай бүтээл болон амилдаг юм.
Жи Ян Хо урласан баримлаараа хүн төрөлхтний хэт их хөгжлийн дутагдалтай талыг “шүүмжилдэг”. Тэрээр уран бүтээлээ “Хайбрид мутант ба өнгөний мутант” тийш чиглүүлэхдээ орчин цагийн нийгмийг хурцаар тусгаж, чимээгүй хэрнээ тод чангаар шүүмжилж байна. Хайбрид мутант гэдэг нь хоёр өөр төрлийн амьтдын дундаас төрсөн үр төл. Бидний сайн мэдэх жишээ гэвэл илжиг, адуу хоёрын дундаас төрсөн үр төл болох луус байна. Сарлаг, үхрийн дундаас төрсөн үр төлийг хайнаг гэдгийг монголчууд андахгүй сайн мэднэ.
Жи Ян Хо-гийн машины хаягдмал дугуйгаар хийсэн өвөрмөц дүр төрхтэй, этгээд сонин бүтээлүүд олны анхаарлыг шууд татсан гэдэг. Маш олон үйлдвэр, институт, компаниуд түүний бүтээлийг сонирхож, хамтран ажиллах том төслүүдийг санал болгожээ.
Тэрээр өдгөө Сөүл хотын Ханган голын Арт Паркийн төсөл, Америкийн нэртэй “Riot Games” нэртэй тоглоомын компани, Лондонд төвтэй тансаг зэрэглэлийн автомашин “Bentley”, “Golfzon Zoimaru” гэх гольф соёл үйлчилгээний томоохон төвтэй хамтран ажиллаж байна.
Лондон дахь “Bentley” уран барималчид захиалга өгч “Далавчит арслан” урлуулахдаа зөвхөн өөрсдийнхөө машины дугуйгаар хийлгэжээ. Үзэсгэлэнгийнх нь дараа “Bentley” өнөөх бүтээлийг компанийнхаа үнэт цуглуулгандаа авсан юм. Араатны хаан арслан ид хаваа багтааж ядан зогдор дэлээ босгон сүр хүчтэй архирч буйг дүрсэлсэн уг бүтээлийн бэлгэдэл нь мэдээж “машин машины дээд хүчит “Bentley”.
Тус брэндийн төлөөлөл машиныхаа дууг арслангийн хүчит архираантай зүйрлэж бэлгэдсэн талаар хожим сонирхуулан ярьсан удаатай. Мөн “Bentley” брэндийн бэлгэ тэмдэг болох далавчийг арслангийн барималд хийлгэж хүч чадал, эр зоригийн бэлгэдэл болгосноо ч дурдаж байв.
Жи Хо Ян үнэн бодит байдлыг зориуд, бүр огт тоолгүй орхидог “тэрсүү бүтээлчид”-ийн нэг. Тэр шинэ хэлбэр дүрд шилжиж хувирсан, байгалаас заяасан ген нь алдагдан өөрчлөгдсөн араатан амьтад, ургамал модыг уран бүтээлдээ илүү тусгадаг.
Ингээд ч зогсохгүй, шинжлэх ухааны аргаар хүн дээр хүртэл туршилт хийдэг мөнхийн маргаантай, нийгэмд дандаа шуугиан дэгдээдэг сэдвээр “тоглох дуртай”. Тэгж “тоглохдоо” голд орж, дотор сэртхийлгэм бүтээл урлаж чаддаг нэгэн.
Түүний баримлын төсөөлөл гайхалтай уран сэтгэмжтэй. Олон аймаг ангилалд багтах араатан амьтад хоорондоо төдийгүй бүр үлгэр домгийн амьтадтай холилдон нэгдсэн байх нь энүүхэнд. Уран зөгнөлөөр төсөөлсөн мангас, харь гаригийнхан, хүн дүрт араатан, удам угшилийг нь өөрчилсөн бие организм… Ер санаанд оромгүй бүхэн барималчийн авьяас, чадвар, зөн мэдрэмжээс мэндэлж, урлагт дурлагчдыг соронздон татдаг.
Шинжлэх ухааны элдэв янзын туршилтын гай балаг хүн- байгаль-эрүүл мэнд гэсэн хоршилд хэрхэн нөлөөлж буйг бүтээлээрээ тасхийтэл харуулдаг түүний баримлууд “Нью- Йоркийн Орчин Цагийн Урлаг”,“Сөүлийн Урлагийн Музей”-д бий. Жи Хогийн бие даасан үзэсгэлэн Лондонгийн “Саатчи Галирия”, “Сингапурын Арт Хаус”-т дэлгэгдэж байсан юм.
Тэрээр Бээжин, Франц, Герман, Амстердамд үзэсгэлэнгээ гаргасаар байна.
Түүний зарим бүтээлийг ойртон харвал ер бусын амьд, эрчимлэг мэдрэмжид эзлүүлнэ. Булчин шөрмөс нь товойн зангирсан ууртай догшин араатан амьтад хэзээ мөдхөн дайрах нь уу гэлтэй “архирч хүрхэрнэ”. Тэдний хөдөлгөөгүй хар нүд огт цавчихгүй “тас ширтэх” нь нуруу агзасхийлгэм сүртэй.
Жи Хо-гийн “тэрслүү өнцөг”-ийн өөр нэг сэдэв нь хүний шунал. Тэр шунал нь эрчүүдэд голдуу байдаг ан авын хобби. Эрчүүд сайн буу, сайн унаагаар хүч түрэн араатан жигүүртэн загас жараахай намнаж толгой, эврийг нь ханаараа дүүрэн өлгөж бахархан гайхуулдаг. Энэ хоббигоор хүний амиа хичээсэн чанар, ихэдсэн дэмий шуналыг хатгаж, егөөдсөн бүтээл барималч залууд цөөнгүй бий.
Түүний ийм өнцөг хөндсөн бүтээлийг харсан хэн ч амьтны аминд хүрснээ гайхуулах болтлоо “донтсон” хүн төрөлхтний хэтийдсэн шуналыг эмзэг, хөндүүртэйгээр бодоход хүрнэ.
Жи Хо “Машины хуучин дугуй миний үзэл бодлыг гаргаж харуулахад маш тохирсон эд. Хатуу чанга хэрнээ уян. Бас хээ нь ашиглахад тун таатай. Миний хувьд хуучин дугуйгаар эхлээд ан амьтад хийж байлаа. Дараа нь хагас хүн-хагас амьтан, цаашлаад хүний баримал урласан. Эцэст нь өнгө будгаар бүтээлээ амилуулдаг.
Энэ мэтээр поп-арт чиглэл хүртэл бүтээлээ хийж байна” хэмээн ярьжээ. Тэрээр хувийнхаа амьдралыг дэлгэх дургүй нэгэн. 1978 онд төрсөн, Сөүл дэх Хонгик Их Сургуулийн барималын ангийг 2005 онд төгссөн, Нью-Йоркийн Их Сургуульд 2008 онд мастер хамгаалсан гэснээс өөр хувийн мэдээлэл нь олонд ил болоогүй уран бүтээлч.
Сонирхуулж хэлэхэд түүний “Аварга загас” бүтээл дуудлага худалдаанд 2007 онд орж 140 мянган ам доллараар зарагдаж байжээ. Түүнд 10 метр өндөр, 4.5 тонн бүтээл ч бий.