2024-05-03, Баасан
15 C
Ulaanbaatar

“Ардчиллын Гонгор”

Намхан бор аав минь саравчтай малгайн дор дугариг хар нүдээ гялалзуулан өнөө хэдэн шүлгээ хүүхэд шиг хөөрчихсөн уншаад зогсч байдагсан…

Яагаад ч юм аавыгаа дурсахаар хамгийн түрүүнд энэ л төрх нь нүднээ ургаад ирнэ. Агуу Пушкиний “Хүний гараар босгошгүй хөшөө дурсгалаа босгов би” гэсэн алдарт мөртийг бардам хэлэх гавьяаг аав минь хорвоод амьдарсан дөчин хоёрхон насандаа бүтээжээ, одоо эргээд бодохноо. Хүүхдийн зохиолч цөөхөн байдаг юм шигээ.

Том хүн бүр хүүхэд шиг сэтгэж, инээж, уйлж, хүүхдийн гэнэн, гэгээн ертөнцөд амьдарч, тэр ертөнцийн агаараар сэтгэл дүүрэн амьсгалж чаддаггүй болохоор тэр юм болов уу. Хүн гэдэг дэндүү мартамхай амьтан юм.

Бага байхдаа аав, ээжийгээ яагаад гэсэн түмэн асуул­таар булдаг байсан хэрнээ хүүгийнхээ сониучхан асуултад “Аав нь ядраад байна. Багшаасаа асуу л даа” гэж бултахдаа сэтгэл төвдөхгүй. Хамтдаа тоглох зав гаргаж чаддаггүй. Нөгөө л ажил ихтэй гэдэг үгээр бамбай хийчихнэ. Яагаад ч юм томчууд хүүхдийн ертөнц ийм ялихгүй шалтгаар зааглагдчихдаг. Харин хүүхдийн зохиолчдын хувьд өөр.

Хүүхэд шиг сэтгэж байж бичсэн шүлгийг нь хүүхэд уншина. Тэд адтай нь аргагүй шүлэг бичдэгийн нууц нь энэ ч байж болох. Сэтгэлийн ертөнцдөө хүүхэд гэдэг ариухан орчлыг бий болгож чадсан цөөхөн уран бүтээлчийн нэг бол аав минь. Шүлгийн номыг нь эргүүлж байхнаа нээрээ л тийм дээ гэж бодохоор хөөрхөн зураглал, хөгжимлөг өнгө аялгуу мэдрэгддэг.

Хацар нь улаан алим шиг
Хараацай жаахан дүү минь
Хараарай, хараарай наашаа
Хайр гэрэлтсэн нүдэт минь
Инээх нь мөнгөн хонх шиг
Эрвээхий жаахан дүү минь
Ирмээрэй, ирмээрэй наашаа
Ирээдүй гэрэлтсэн нүдэт минь…
/Өхөөрдөл/

* * * * * * * *
Буурал аавд морины нь
Олмыг чангалж өгтөл
Бууж мордох үед нь
Ойчих вий гэж түштэл
“Гялайлаа, хүү минь
Зуу насал” гэлээ
Гялайлаа би
Зуун настай боллоо
Эмээ ээжид өрхийг нь
Эргүүлж татаж өгтөл
Ээдэм ааруул тавихад нь
Элбэж тусалж өгтөл
“Гялайлаа, хүү минь
Зуу насал” гэлээ
Гялайлаа би
Зуун настай боллоо
Хөгшдөд тус хийвэл
Хүүхэд бүхэн зуу насална
Хөх цэнхэр гаригийн
Хүн бүхэн урт насална...
/Ерөөлийн нас/

Манайх Баянхонгор аймгийн Заг суманд амьдарч байв. Уг нь аавын төрсөн нутаг Баянцагаан сум. Халимаг тавьсан, гонжоом энэ тэр болсон намхан цагаан залууг багшаар анх очиход Заг сумынхан “Говийн залуу” гэдэг байж.

Социализмын бүтээн байгуулалт гэж улс нийтээр оволзож байх үед аав шиг юм юм оролддог хүн хэрэгтэй л байсан биз. Ид зав­гүй байж байтал хайрлаж хүндэл­дэг багш нь иржээ. Хүүхдийн нэртэй зо­хиолч Самбуугийн Надмид гэж олны танил, аавын хайртай багш. Уулзаж чадаагүйдээ аавын сэтгэл нэг хэсэгтээ л жаахан тиймхэн явсан гэж хожмоо дурсан ярьж бай­сан.

Аавын бор цүнхэнд хадгалаастай буй багш шавийн захидлаас дэлгэе.

-Багш аа би сумын төвөөс гарч явмаар байна. Уг нь уран зохиолын хамаг дүрслэгдэхүүн суманд, энэ сайхан хөдөөд л байна. Наяад онд та нэг ирсэн дээ. Заг суманд сургуу­лийн зургаан пийшин барих даалгавартай, шавартай ноцолдож байсан тул тантай жаахан ч цуг байж чадсангүй. С.Надмид зохиолчтой уулзалт зохион байгуулъя гэж хичээлийн эрх­лэгч­дээ хэлсэн боловч “Намын үүрээс юм хэлээгүй гээд халгаасангүй” гэсний хариуд:

-Надаар онцын сонин зүйлгүй шив дээ. “Хар нүдэн”гээ хэвлэлд шилжүүлсэн. “Ялимгүй маргааны төгсгөл” түүвэр удахгүй худалдаанд гарна. Энэ номын талаар шүүмж, сэтгэгд­лээ бичвэл сайнсан. МЗЭ-ээс намайг тоож төрийн соёрхолд нэр дэвшүүлж байна билээ. Баярлаж л байлаа.

Дэвшсэн нь наддаа шагнал болно доо. Шүл­гээ бич. Сайн бич, дүү минь… гэжээ. Аав минь өөрийн сүүлчийн шүлгэн түүвэр “Ерөөлийн нас”-ыг хэвлүүлэх эрхийг мөн л багшдаа даатган үлдээж байсансан. Хүүхдийн зохиолын нэрт төлөөлөгч, аавын анд Ж.Дашдондог гэж мундаг ах. “Аранзал зээрд”-ийг нь миний насныхан бүгд л цээжилж өссөн шүү дээ. Бор цүнхэн дэх бас нэгэн захидал…

Ж.Дашдондог зохиолч аавд бичсэн захидалдаа “Уулзсангүй үнэхээр удлаа. Урт үстэй хүн таныг сураглаад явсан гэж гадаа тоглож байсан хүүхдүүд надад хэлсэн. Хэн юм бол эргэлзэж байлаа. Тэр нь чи биш байгаа. Бас нэг удаа гадуур яваад иртэл хүн сураад явсан гэнэ.

Хэрэв тэр хүн мөн бол чи бид хоёр орж гарч зөрөөд л байжээ. Хүүхдийн зохиолын сонин гаргая гээд хүмүүсээс материал автал тийм ч сайн юм олдохгүй байна. “Унага” сэтгүүл бэлдэх явцад ч тийм зовлон эдлэв. Үүнээс үзэхэд манай хүүхдийн зохиол ямар зог­сонги байдалд орсон нь тодорхой. Шүлгийг чинь үзлээ. Сайн болж. Бичлэг чинь жигдэрч уяа сойлго нь таарч буйд баяр хүргэе.

Ямар нэг санааг хүүхдэд хэлэх гэсэн чинь сэтгэлд нийцтэй байна” гэсэн урмын үг хайрласан байх юм. Яруу найргийн, тэр тусмаа хүүхдийн шүлгийн ертөнцөд аав өчнөөн олон найзтай явжээ.

Туулын бургасанд П.Бадарч найрагчтай лонх юм султгангаа шинэхэн шүлгүүдээ сонирхуулж, Данигайн Давааням, Загдын Түмэнжаргалтай зовлон жаргалаа хуваалцаж явсан гэгээн дурсамж аавын тэмдэглэлийн дэвтэрт л үлджээ.

Шинэ ном нь уншигчдын хүртээл болно гэдэг яруу найрагчийн баяр бахдал болой. Аавд нэг өдөр яг ийм жаргалтай мөч тохиов.

-Тэр ээ, хөөе. “Хөөг хөөг, сөөг сөөг” номын минь зургийг хар даа. Ц.Байды зураач ямар гоё зурж өгөө вэ. Довон дээгүүр тэмээ унаж яваа хүү яг миний бага нас” гэж аав хэлээд учиргүй инээд алдав. Байсхийгээд л өнөө номоо цүнхнээсээ гаргаж ирээд хавтсыг нь хараад суучихна. Бага насаа дурсч байна уу гэлтэй хэсэгтээ нам жим бодол болно. Миний аавын бага насны дурсамж тийм ч гэгээн биш байсан юм билээ.

Номын хавтасны зураг харчихаад “яг миний бага нас” гээд инээж байсан хүн тийм гунигтай өссөн гэж яаж санахав. Сүүлд, бурхан болсон хойно нь аавынхаа бага насны амьдралын жинхэнэ үнэнийг мөн л “шүлгийн цүнх”-нээс нь олж билээ. Нямбай нь аргагүй бичсэн арав гаруй бичгийн цаас дурсамж нь өмнө минь дэл­гээтэй байна.

Миний аав ядуу эмэгтэй Бүнчингийн зургадугаар хүү. Ядуу хүний, тэр дундаа олон хүүхэдтэй ганц бие бүсгүйн зовлон барагдах биш. Ямар сайндаа л төрөөд удаагүй улаан нялзрай амьтнаа явуулын хүнд өгөөд явуулахав. Сүртэй том үзүүрсгэн дээлтэй идэр насны эр “Хүүг чинь өргөж авъя” гэж хэлээд тэр дороо хэл үг тохиролцон хүүг нь өвөртлөөд давхисан тэр л үеэс аавын минь гунигтай бага нас эхэлжээ. Нутаг усандаа шаггүй баянд тооцогддог, Бээжин Жанчхүүд жин тээдэг хүнд өргөгдсөн нь энэ.

Баян айлын хар бор ажлыг нуруундаа үүрч явсан жаахан хүүд үеийнхэнтэйгээ тоглох зав ч гардаггүй байж. Нэг удаа аав нь хааяахан нууцаар сөхөж үздэг байсан англи хэлний сурах бичгийг нь олж үзчихээд “Чиний англи хэл сурна гэж юу байсан юм. Малдаа яв” гэж зандран гал руу хийчихэж.

Хөндлөнгийн хүмүүст баян айлын ганц хүү гэж харагддаг хэрнээ сургуульд ороход нь дотуур байр олдохгүй, хэдэн сараар хичээлээ тасалж байсан гэдэг. Бага насных нь хүнд амьдрал аавын минь эрүүл мэндийг авчихсан юм билээ. “Би бага нас­ны дээгүүр дэвхрэг шиг харайгаад өн­гөрсөн болохоор надад хүүхэд бүхэн хөөрхөн, хайрлахгүй байхын аргагүй энхрий харагддаг. Энэ ариун, үнэнч, энхрий ертөнцийг улам бүр танин мэдэхийг хичээж явна. Хүүхдийг зовоож, дарангуйлж байгаа хүмүүстэй тэмцэх сэтгэлийн гал цээжинд минь байдаг” хэмээн бичиж үлдээжээ.

Нээрээ ч хүүхдийн сайн сайхны төлөө чадах бүхнээ хийсэн гэж боддог. Өөрөө хүүхэд шиг сэтгэлтэй болоод ч тэр үү, бидэнтэй ямар дотно харилцана гээч. Тийм болохоор бид ааваасаа эмээдэггүй, сэтгэлд байгаа бүхнээ уудлан ярьж чаддаг байв. Магадгүй, хүүхдийн дотоод ертөнц рүү ингэж өнгийж байснаараа найзуудынх нь хэлдгээр, бага насны хүүхдийн бодол санааг илэрхийлсэн шүлгүүд ундран төрдөг байсан болов уу.

Хээр хамт явж байгаад аав надад “Хоёулаа барилдах уу хө” л гэлээ. Би гайхна биз. Аав надтай жаахан “ноцолдсон” болоод өөрөө унаад өгөв. Тэгснээ өврөөсөө дэвтрээ гаргаж ирээд ямар нэг юм бичээд суучихав.

Бэлчээр дээр уулзангуут
Уралдах уу хөө гэнэ
Бие биеийгээ танихгүй ч
Барилдах уу хөө гэнэ
Уяач эцгийн хүүхдүүд
Уралдах гэлгүй яах вэ
Бяртай ахын дүү нар
Барилдах гэхээс яах вэ.
Даанч жаахан наснаасаа
Дааган мориор уралдана
Даахин хонгор нялхаасаа
Даацтай мэхэнд суралцана
Ноцолдох гээгүй харин
Барилдах гэсэн юм аа
Номхон мориороо ч гэсэн
Уралдах гэсэн юм аа
Найз аа хоёулаа
Барилдах уу?
Наашаа ир дээ
Уралдах уу?…”Уралдах уу, барилдах уу” шүлэг нь ингэж төрсөн түүхтэй.

Манайх гэж хүний хөл тасардаггүй бужигнасан айл. Аав хэдэн муусайн найзтайгаа хааяахан шилтэй цэнхэр задлаад тэрүүхэндээ “бут авна аа”.

Жаахан халамцаад ирэхээрээ “Шүлгээ уншина” гэж хөөрнө.
Би нэртэй хүний зүстэй Гонгор
Билиг авъяасаа билүүдсэн хонгор
Газарт шингэн цэцэг болон дэлгэрнэ
Гадаад далайг зорьж
Ганган сувд хэлхэнэ
гэж ирээд өндөр дуугаар уншихад нь эгч бид хэд ичиж холоо очоод суучихаж билээ. Харин найзууд нь “Сайхан уншлаа” гэж хөгжөөж хөөрөгдөөд л тэрүүхэндээ жүжиг шийрхүү юм болдог байв. Яруу найрагчид аа гэж. Аав минь тэдний л нэг юм чинь ингэх нь арга байж уу дээ хэмээн би том болсон хойноо ухаарсан хэрэг.

Ардчиллын салхи сэвэлзэж эхэлж байсан үе. Хүмүүс яах ийхээ мэдэхгүй үймэлдээд, яг л олон ааштай хаврын өдрүүд шиг цаг. Сумын хэдэн залуус аавтай ардчилал энэ тэр ярина гээд орой үдшийн цагаар хашаа даван манайд цугладаг болов. Шөнөжин элдвийг хөөрнө. Бодвол аавын улстөрийн талаархи яриа сумын залуусыг шөнөжин манайд уядаг байсан байх. Намрын нэг өдөр байсан санагддаг.

Аав босч суугаад нэг л тогтож өгөхгүй, хальт харсан хүнд хаашаа ч юм нэг зүйлд яараад байгаа юм шиг. “Аймгийн захиргаан дээр том хурал болж байна. Ардчилсан намынхныг бут ниргэж байна гэнэ” гэсэн яриа аавын чихэнд хүрчихсэн нь тэр байж. Гэнэтхэн л “Би очиж үгээ хэлдэг хэрэг ээ” гээд босоод ирэв. Баян-Овоо сумаас аймгийн төв ороход гуч гаруй километр.

Ардчилал ярьдаг эсэргүү нөхрийг унаандаа дайх хүн олдсонгүй. Гэлээ гээд аав шантарсангүй. Ганцаараа түнэр шөнөөр аймгийн төв рүү алхчихав. “Тэр олон буцалж бужигнасан хүний дунд аав шиг чинь зоригтой, хурц ярьж, ардчиллын талд дуугарсан хүн цөөхөн байсан шүү” гэж хожим сумын нэг ах ярьж байсан нь санаанд тод үлджээ.

Хожмоо “Цагаан лавай” гэдэг сонин гаргаж, Аймгийн ардчилсан намын анхны дарга болж, Ардчилсан холбооны анхны их хуралд төлөөлөгчөөр оролцож, хүүхдийн зохиолч Гонгор ардчиллын Гонгор болсон түүх энэ. Тэр үед Ардын их хурлын сонгуульд жүжигчин Д.Сосорбарам Баян-Овоо сумын МАХН-ын хорооны дарга Бүдээтэй өрсөлдөж билээ.

Баян-Овоо сумын унаган хүү ардчилал гээд ид шуугиулж явсан цаг л даа. Аав сонгуулийн ажилд нь туслалцаж, гавьяат манайхаар орж гарч явсан нь 19 жилийн тэртээх юм.

-Чш, намдуухан. Хүүхдүүд унтаж байна. Наад тамхины утаагаа. “Дорнын цагаан саран”-гаа та нарт дуулаад өгье гэсээр Сосорбарам гуай гитараа намуухнаар эгшиглүүлэв. Гэр дүүрэн зочид шөнөжин дуулж, ардчиллын тухай амттай яриа өрнүүлж байсан нь миний санаанаас гардаггүй.

МЗЭ-ийн гишүүн, “Алаг чулуутай нутаг”, “Шинэ сурагчийн үг”, “Хөөг хөөг, сөөг сөөг”, “Ерөөлийн нас” зэрэг дөрвөн номоо бяцхан жаалууддаа барьсан аавын тухай өгүүлье гэхнээ тийм ч амар хэрэг биш юм. Бичье гэх сэтгэл дутсандаа бус, сачий минь хүрэх вий гэж өдий хүртэл эмээж ирсэндээ тэр л дээ.

Тээр холоос Их Богдын нуруу дүнхийж цэнхэртээд… зундаа таана хүмүүлийн үнэр хамар цоргиж, царцаа шаргисан их шаргал тал. Аавын нутаг хэчнээн сайхан гээч. Аавынхаа нутгийг зорьж очилгүй хэчнээн ч оныг үдэв дээ. Гэсэн ч нэг л өдөр нутаг усаа санасан хүлэг морь шиг давхиад л очно.

Тэгээд их өвгөд шиг ханхайж хүглийх их уулстай нь аавынхаа тухай шивнэн шивнэн ярилцана…
Хүн гэдэг чинь төрсөн өдрөө
Хөхсөн сүүнээсээ жаргал амсдаг юм
Хөлд, хэлд оруутаа сайхныг
Хүсэж тэмүүлж өөдөлж явдаг юм
Хүй цөглөсөн анхны мөчөөс
Хүсэл мөрөөдлөө дагаж өсдөг юм
Хөөтэй, гайтай өөдгүй бүхнийг
Хүүхэд багаасаа тойрч явдаг юм
Хүн гэдэг чинь агуу гайхамшиг
Хүү минь чи азтай, азтай
Хүрэх зорих маргааш чинь саруул
Хүлэг морь чинь эмээлтэй,
эмээл­тэй

/Аавын бүүвэй шүлгээс нь/

“Үндэсний шуудан” сонин

2009.3.13¹ 058 (460)

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img