2024-10-08, Мягмар
13 C
Ulaanbaatar

Дайн санхүүжүүлэхэд ашигладаг байсан ОХУ-ын дамжуулах хоолойг Украины тал дэлбэлжээ

ОХУ Украинд дайн өдүүлснээсээ хойш олон улсын хоригт өртөж, улмаар эдийн засгаа дэмжих, тэр дундаа дайны санхүүжилт олж авах цорын ганц хэрэгсэл нь хий, газрын тосны дамжуулалт болсон.

Тиймээс Украины тал сүүлийн үед газрын тосны салбарыг онилж, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд ойр ойрхон дроны цохилт өгч байсан бол энэ удаад газрын тос дамжуулах хоолойг дэлбэлжээ.

Тодруулбал, Ростов мужийн газрын тосны баазаас “Азовын тэнгисийн боомт” боомт орчмын нутаг дэвсгэр дэх танкерууд руу газрын тосны бүтээгдэхүүн дамжуулдаг байсан стратегийн дамжуулах хоолойг Украины тал дөрөвдүгээр сарын зургаанд шилжих шөнө дэлбэлжээ.

Энэ дамжуулах хоолойгоор нийлүүлсэн газрын тосыг зарж борлуулан, улмаар Украинд дайн үргэлжлүүлэх санхүүжилтийг олж авдаг байсан гэж Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын хэвлэлийн алба мэдээлснийг Фокус агентлаг дамжуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Донын Ростов хотоос холгүй орших Азов хотод дамжуулах хоолойг дэлбэлжээ.

“Орон нутгийн газрын тосны баазаас “Азовын тэнгисийн боомт”-ын нутаг дэвсгэр дэх танкерууд руу газрын тосны бүтээгдэхүүнийг шахдаг байсан дамжуулах хоолойг дэлбэлсний дүнд танкеруудад газрын тос ачих ажиллагаа тодорхойгүй хугацаагаар зогссон” гэж Украины Тагнуулын ерөнхий газар мэдэгджээ.

Тагнуулын Ерөнхий газрын онцолсноор, энэ дамжуулах хоолойг ОХУ цэргийн зорилгоор ашигладаг цэргийн объект байсан, учир нь Украины эсрэг дайн явуулахад энэ хоолойгоор дамжуулсан газрын тосны бүтээгдэхүүний орлого тусалдаг байсан гэнэ.

Энд дуулгахад, энэ хоолойг дэлбэлэхээс өмнө, дөрөвдүгээр сарын гуравны өдөр Азов хотод полимер баглаа, зөөлөн уут сав үйлдвэрлэдэг үйлдвэрт гал гарч, гал түймэр 250 кв.м талбайг хамарчээ.

Энэ мэдээлэл гарсны дараа Оросын Онцгой байдлын яам мэдэгдэл хийхдээ гал үйлдвэрт гараагүй, харин барааны тавиур мод шатсан хэмээн онцолсон байна.

Харин үүнээс нэг өдрийн өмнө, ОХУ-ын Татарстан дахь цэргийн объектууд дроны халдлагад өртсөн юм. Тухайн үед “Шахед” камиказе дронууд үйлдвэрлэдэг талбай болон газрын тос дахин боловсруулах цогцолборт дэлбэрэлт болж байв.

Гуравдугаар сард ч мөн ОХУ-ын газрын тос боловсруулах хэд хэдэн үйлдвэр дроны цохилтод өртөж, үйл ажиллагаа нь доголдсон бөгөөд энэ нь дотоодод нь шатахууны нөөц хомсдож, үнэ тогтворгүйжих нөхцөлийг бүрдүүлж байлаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img