2024-05-02, Пүрэв
24 C
Ulaanbaatar

Хууль зөрчсөний улмаас уналтад орсон Хятадын алдартнууд

Хятадад алдартан байна гэдэг амаргүй ажил. Алдартнууд үйлдэлдээ төдийгүй үгэндээ ч анхаарах ёстой. Хууль зөрчсөн бол эрх баригчид тэднийг хар жагсаалтад оруулах бөгөөд энэ нь тэдний замналд цэг тавьж байгаа хэрэг. Дуулианд өртсөн зарим алдартан эргээд уран бүтээлдээ орох гэж хичээдэг бол нөгөө хэсэг нь нам гүмхэн амьдрахыг сонгодог. Сүүлийн жилүүдэд хууль зөрчиж хар жагсаалтад орсон алдартнууд одоо юу хийж байгаа талаар South China Morning Post сонин мэдээлжээ.

Фань Бинбин

42 настай Фань Бинбин өнөө цагийн Хятадын хамгийн суут эмэгтэй жүжигчдийн нэг. 2017 онд Time сэтгүүл “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтад түүнийг багтааж байлаа. Харин үүнээс нэг жилийн дараа тэрбээр томоохон дуулианд нэр холбогдсон нь дэлхий дахины анхаарлыг татсан юм. Ингээд хэдэн сарын хугацаанд олны хараанаас зугтаж амьдрав. Үүний шалтгаан нь татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдсан явдал байлаа.

Хятадын эрх баригчид түүний компанид 880 сая юань 392 тэрбум төгрөгийн торгууль тавьжээ. Үүнээс хойш хэсэг нам гүм байсан жүжигчин аажмаар олны өмнө гарч эхэлж, 2019 оны дөрөвдүгээр сард Fan Beauty хэмээх гоо сайхны брэндээ үүсгэсэн бол өнгөрсөн онд жүжигчний замналаа дахин сэргээжээ. Ингээд тэрбээр Холливудын “Код 355”, Хонконгийн “Ногоон шөнө” кинонуудад тоглосон юм.

Крис У

КрисКрис У бол Канад, Хятадын жүжигчин, дуучин, ЕХО к-поп хамтлагийн гишүүн байсан хүн. Одоо тэрбээр 33 настай, сүүлийн хоёр жилд Хятадын шоронд хоригдож байна. Крис У бэлгийн дарамт үзүүлснийхээ төлөө 2021 оны долдугаар сард Бээжинд баривчлагдаж байв. Үүнээс өмнө түүнийг Хятадын 18 настай оюутан бүсгүй түүнийг болон өөр охид, тэр дундаа насанд хүрээгүй охидод бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн мэдэгдсэн юм.

Ингээд Крис У шүүхээр орж, түүнийг бэлгийн хүчирхийллийн гурван тохиолдол, завхай үдэшлэг зохион байгуулсан, орлогоо нуун дарагдуулсан, бусад татварын зөрчил гаргасанд буруутайд тооцсон юм.

Жүжигчин 13 жилийн ял авсан, ялаа эдлэж дууссаных нь дараа түүнийг Канадын талд хүлээлгэн өгөх аж.

Хууль зөрчиж, ноцтой хэрэг үйлдсэн Крис У-ийн тоглосон кино, оролцсон телевизийн нэвтрүүлгүүд, дуулсан дууг Хятадад хориглосны дээр олон нийтийн сүлжээн дэх хаягууд нь бүгд устжээ. Баривчлагдахаасаа өмнө тэрбээр дэлхийн томоохон 15 брэндтэй хамтран ажилладаг байсан ч хэрэг нь дуулиан тарьсны дараа бүгд гэрээгээ цуцалжээ.

Жэн Шуан

Жэн ШуаньӨдгөө 32 настай Жэн Шуан мөн л Хятадын хамгийн алдартай эмэгтэй жүжигчдийн нэг. Гэвч тээгч эхтэй холбоотой дуулианд өртсөн юм. 2021 оны нэгдүгээр сард салсан нөхөр Жэн нь түүнийг тээгч эхээр төрүүлэх гэж байсан хоёр хүүхдийг АНУ-д хаясан хэмээн буруутгаж байлаа.

Үүний дараа Жэн Шуань татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдаж, 299 сая юанийн торгуульд унасан байна. Үүний зэрэгцээ телевизийн драм бусад хөгжөөнт нэвтрүүлэгт оролцохыг хориглож, улмаар Жэн Шуантай хамтран ажилладаг байсан томоохон брэндүүд гэрээгээ цуцалжээ.

Тэрбээр нэгэн цуврал кинонд тоглосон ч өөрөө хар жагсаалтад багтсан тул энэ киног хориглож, улмаар шүүх кино бүтээгчдээс гарсан бүх зардлыг нөхөн төлөхийг Жэн Шуанд даалгаж байв. Харин энэ сарын нэгний өдөр жүжигчин дампуурсан, шүүхээс ногдуулсан төлбөрийг төлөх чадваргүй гэсэн мэдээлэл гарчжээ.

Жан Жэхань

Жан32 настай Жан Жэхань 2021 онд л олонд танигдаж, хүлээн зөвшөөрөгдөж байсан ч ердөө нэг жилийн дараа хар жагсаалтад багтжээ.

Үүний шалтгаан нь тэрбээр Токио хотноо байх Ясукуни сүмийн хажууд зураг авахуулсан байв. Олон улсад цэргийн гэмт хэрэгтнүүд гэж тооцогддог Японы цэргийн дарга нарыг оршуулсан газар гэдгээрээ энэ сүм алдартай. Ингээд түүнийг Хятадын төрийн хэвлэлүүд шүүмжилж, ихээхэн дуулиан дэгдсэний дараа 20 гаруй компани Жантай хамтран ажиллах гэрээгээ цуцалжээ.

Хэдийгээр тэр уучлалт гуйсан ч түүний оролцсон бүх бүтээлийг цахим орчноос устгаж, Хятадын урлагийн холбоо түүнийг хар жагсаалтад багтаажээ.

Харин 2023 онд Жан дахин уран бүтээлдээ орж, Тайваньд соло цомгоо гарган, Таиланд, Малайз, Сингапурт тоглолт хийсэн байна.

Ли Ифэн

Ли

Өдгөө 36 настай Эван Ли нэрээрээ алдартай Ли Ифэн олон киногоор алдаршиж, Хятадад байнга л шилдэг жүжигчний шагнал хүртэж байлаа. Хятадын Weibo олон нийтийн сүлжээн дээр түүнийг 61 сая хүн дагаж байв.

Гэтэл 2022 онд Бээжингийн цагдаагийн газар Лиг биеэ үнэлэгчдийн газраар удаа дараа үйлчлүүлсэн хэмээн баривчилжээ. Жүжигчин ч гэм буруугаа хүлээв. Ингээд Prada зэрэг томоохон брэндүүд түүнтэй хийсэн гэрээгээ цуцлаж, харин Ли сурталчилж байсан бараануудыг шүтэн бишрэгчид нь шатааж байлаа. Олон нийтийн сүлжээн дэх хаяг нь ч устав. Энэ дуулианаас жилийн дараа Ли Ифэн хэвийн амьдралдаа эргэн орж, 2023 онд төрөлх хот болох Сычуань мужийн Чэнду хотод ирэх үед нь түүнийг онгоцны буудал дээр 100 орчим шүтэн бишрэгч нь угтжээ.

Жоу Либо

Жоу

Хятадын алдарт комедиан Жоу Либо “хайпай цинкоу” хэмээх стендапын төрлийг үүсгэсэн юм. Тэрбээр нийгэм, улс төрийн хурц сэдвүүдээр хошигнодог байв. Харин 2017 онд түүнийг бэлгийн хүчирхийлэл, дарамт, хар тамхи хадгалсан хэрэгт сэжиглэн хоёронтаа шоронд хорьж байжээ. Ингээд түүний тоглолтыг Хятадад хориглосон байна. Тэр одоо 56 настай, АНУ-д амьдарч, дэлхийгээр аялдаг гэнэ.

Кэ Жэньдун (Кай Ко)

6

Кай Ко нэрээрээ алдартай, 32 настай Тайванийн дуучин, жүжигчин Кэ Жэньдун Тайбэйн кино наадамд шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртэж, Weibo дээр 33 сая дагагчтай байлаа. Харин 2014 онд тэрбээр Жеки Чаны хүүгийн хамт хар тамхи хэрэглэсэн хэргээр саатуулагджээ. Суллагдсаныхаа дараа тэрбээр амьдралынхаа эцэс төгсгөл хүртэл хар тамхинд дахин ойртохгүй хэмээн ам өгч байв. Одоо тэр уран бүтээлдээ эргэн оржээ.

Жейси Чан (Фан Жумин)

Жэйси Чан

41 настай Жейси Чан бол тулааны урлагийн домог Жеки Чан болон Тайванийн жүжигчин Жоан Линь нарын хүү. Жейси дуучин, жүжигчний аль алинаар өөрийгөө сорьсон, Хонконг болон АНУ-д ихээхэн нэртэй.

Тэрбээр 2014 онд Кай Когийн хамтаар марихуан хадгалсан хэргээр Бээжинд баривчлагджээ. Ингээд түүнд зургаан сар хоригдох ял оноосон байна. Суллагдсаныхаа дараа Жейси Чан кино найруулагчаар ажиллах болж, 2021 онд Los 7 Angeles гэх өөрийн нэрийн текилагийн брэндтэй болсон аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img