2024-11-11, Даваа
-7 C
Ulaanbaatar

Шатахууны нөөц хүндрэлтэй болсон ОХУ Казахстанаас тусламж хүсчээ

ОХУ, Украины дайны фронт дээр байлдааны ажиллагааны эрчим суларч байгаа ч ар талд Украины цохилтууд ОХУ-ын стратегийн чухал объектуудыг онилж, эдийн засагт нь ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.

Тухайлбал, сүүлийн үед Украины Зэвсэгт хүчин дрон ашиглан ОХУ-ын газрын тосны боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгч, ихээхэн хохирол учруулж, ингэснээр Оросын талын дайны санхүүжилтийг багасгана гэж Украины тал удаа дараа мэдэгдэж байлаа.
Хамгийн сүүлд гэхэд л Азов дахь газрын тос дамжуулах хоолойг Украины Зэвсэгт хүчин дэлбэлснээр газрын тосны бүтээгдэхүүнүүдийг танкерт ачих ажиллагаа тодорхойгүй хугацаагаар саатсан юм.

Энэ бүхэн ОХУ-ын шатахууны нийлүүлэлтэд цохилт өгч, улмаар ОХУ Казахстанд хандан нөөц бензин бэлдэхийг хүссэн гэх мэдээлэл гарсан байна.

Газрын тосны салбарын гурван эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлэл өгөхдөө, ОХУ 100 мянган тонн бензин нийлүүлэхэд бэлэн байх хүсэлтийг Казахстаны талд тавьсан гэдгийг онцолжээ. Нэг эх сурвалжийн өгүүлснээр, Казахстанаас нөөц бензин авах талаар талууд хэдийнэ тохиролцсон гэнэ. Түүнчлэн бензин нийлүүлэлтийн тал дээр Беларусь улс ч Орост туслахыг зөвшөөрчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын тавны байдлаар Казахстаны АИ-92 бензиний нөөц 307 700 тонн, АИ-95 58 000 тонн байсан аж. Харин дизель түлшний нөөц 435 300 тонн, онгоцны түлш 101 000 тонн байгаа гэнэ.

ОХУ түлшний гол экспортлогч ч гэлээ Украины тал газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү дроноор цохилт өгч байгаагийн улмаас Оросын газрын тосны компаниуд түлш импортлохоос аргагүй болж байгааг шинжээчид онцолж байна.

Түүнчлэн өмнө нь дроны халдлага эрчимжиж, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгсний улмаас шатахууны хомстол үүсэж, гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн зургаан сарын хугацаатайгаар бензиний экспортод хориг тавьсан юм. Гэхдээ энэ хоригт Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болон Монгол Улс багтаагүй. Гэвч нөхцөл байдал дордвол ОХУ түлшний хоригт орох улсын тоог нэмж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.

Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр НАТО-ийн албан тушаалтан мэдээлснээр, Украин Оросын нутаг дэвсгэр дээр дроны цохилт өгсний улмаас ОХУ-ын хүчин чадлын 15 хувь нь доголдсон байна. Түүнчлэн Украины дроны цохилтын улмаас гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт ОХУ-д бензин үйлдвэрлэлт хоногт 110,7 мянган тонноор буурсан нь хоёрдугаар сартай харьцуулахад 12 хувиар буурсан үзүүлэлт юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img