Оросын математикч Григорий Перельманы амьдралын талаарх мэдээлэл тун хомс. Тэр сэтгүүлчдэд яриа өгдөггүй, гар утас ч барьдаггүй. Мянганы бодлогын хариуг гаргасан, асар өндөр шагналаас татгалзсан нь домог мэт яригддаг.
Оросын математикч Григорий Перельман хэвлэлийнхний анхааралд өртөөд олон жил болж байна. Учир нь тэрбээр мянганы долоон бодлогын нэг болох Пуанкарегийн таамаглалыг шийдсэн дэлхийн цор ганц хүн юм.
Харин тэр бусдын нүдэнд өртөх дургүй. Гэрээс гарах нь ховор, гар утас барьдаггүй, нэг л хувцсаа байнга өмсөж, хүнсээ ч хэмнэдэг Оросын суут математикч Перельман гэж хэн бэ?
Григорий Перельман 1966 оны зургадугаар сарын 13-ны өдөр Ленинград хотод төржээ. Тэрбээр еврей гэр бүлийн ууган хүүхэд юм.
Түүний ээж Любовь Штейнгольц хийл тоглодог, Петербургийн техникийн их сургуульд математикийн багш байсан бөгөөд тиймдээ ч хүүгээ байгалийн шинжлэх ухаан, сонгодог хөгжимд дуртай болгожээ.
Григорий дунд сургуульд байхдаа л хосгүй авьяас нь илэрсэн гэдэг. Тэрбээр туйлын цэгцтэй ярьдаг, маш зөв, найруулгын өндөр чадвартай бичдэг, математик бодлогуудыг гайхалтай боддог байж. Есдүгээр анги хүртлээ ердийн сургуульд суралцаж байгаад дараа нь Пионерын ордны дэргэдэх математикийн төвийн багш нар авьяаслаг хүүг анзаарснаар физик-математикийн сургуульд оруулжээ.
1982 онд Григорий Зөвлөлтийн сурагчдын багийн хамтаар Будапешт хотноо болсон Олон улсын математикийн олимпиадад оролцов. Хүү бүх бодлогыг ямар ч алдаагүй бодож, хамгийн дээд оноо авсан бөгөөд улмаар алтан медаль, Ленинградын их сургуульд шалгалтгүй элсэх эрхээр шагнуулжээ. Их сургуульд суралцаж байхдаа бүх хичээл дээр онц гардаг байсан тэрбээр Лениний тэтгэлэг хүртдэг байсан гэнэ.
Их сургуулиа төгсөөд В.А.Стекловын нэрэмжит Математикийн хүрээлэнд аспирантурд элсэж, дэд эрдэмтний зэрэг хамгаалан, эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байгаад АНУ руу нүүжээ.
АНУ-д байх хугацаандаа төрөл бүрийн их сургуульд ажиллаж, математикчидтай уулзан, шинжлэх ухаанч яриа өрнүүлдэг байсан бөгөөд бусад үед олны нүднээс далдуур нам гүм амьдардаг байсан нь ойр тойрныхныг нь ихээхэн гайхшруулдаг байж.
Мянганы бодлогыг бодсон нь
АНУ-д байх үед орчин цагийн математикийн хүндхэн асуудлуудын нэг болох Пуанкарегийн таамаглал Григорий Перельманы анхаарлыг ихэд татаж байв. 1904 онд гаргасан энэ таамаглалыг 100 жилийн хугацаанд хэн ч баталж чадаагүй аж.
Энэ таамаглалыг энгийн үгээр хэлвэл, гурван хэмжээст гадаргуу ямар нэг шинжээрээ бөмбөрцөгтэй адил бол энгийн гурван хэмжээстийг бөмбөрцөг болгон хувиргаж болно гэсэн таамаглал юм. Заримдаа энэ таамаглалыг Огторгуйн томъёо гэж нэрлэх нь ч бий. Энэ таамаглал нанотехнологийн хөгжилд ч ихээхэн үүрэг гүйцэтгэдэг аж.
2000 онд Кембриж дэх Клейн Математикийн хүрээлэнгийн шинжээчид Пуанкарегийн таамаглал болон өөр зургаан бодлогыг Мянганы бодлогын жагсаалтад нэгтгэжээ. Эдгээрийн аль нэгийг бодож чадвал орчин үеийн шинжлэх ухааны төсөөллийг орвонгоор нь эргүүлэхийн дээр шинэ таамаглал, боловсруулалтын үндсийг тавих аж.
Эрдэмтэд эдгээр бодлогын аль нэгийг бодохыг оролдож болно. Оролдлого амжилттай болвол шинжлэх ухааны хүрээлэлд хүлээн зөвшөөрөгдөхийн сацуу Бостоны тэрбумтан Лэндон Клэйгийн зүгээс нэг сая доллараар шагнуулах учиртай байв.
Григорий АНУ-д байхдаа биш харин Орост ирснийхээ дараа энэ бодлогын шийдлийг гаргажээ. Тодруулбал, 2002-2003 онд Григорий Перельман Пуанкарегийн таамаглалыг батлах аргыг товч дурдсан алдарт гурван нийтлэлээ цахим орчинд байршуулсан байна. Эхний нийтлэл гармагц л олон улсын шинжлэх ухааны хүрээлэлд шуугиан дэгдэв. Ингээд таамаглалыг батлаж чадсан гэдгийг тогтоохын тулд гурван жилийг эрдэмтэд зарцуулжээ.
Григорий Перельман гурван нийтлэлээ гаргасны дараа Америкийн их дээд сургуулиудаас урилга хүлээн авч, таамаглалыг батлах ажлынхаа талаар цуврал илтгэл тавьжээ. Орост буцан ирснийхээ дараа хилийн чанадын эрдэмтдийн олон асуултад цахим шуудангаар хариу өгч байв.
Ингээд 2010 оны гуравдугаар сард Клэйн математикийн хүрээлэн Григорий Перельманд шагнал олгохоор болсон тухай мэдээ гарлаа. Мөн оны зургадугаар сард Парис хотод математикийн бага хурал болж, шагналыг гардуулах байсан ч Перельман энэ хуралд очсонгүй.
Харин долдугаар сарын нэгэнд дараах мэдэгдлийг гаргажээ.
“Би шагналаас татгалзсан. Надад олон шалтгаан байгааг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс би ийм удаан бодсон. Товчхондоо гэвэл, шагналаас татгалзсан гол шалтгаан нь зохион байгуулалттай математикийн хүрээлэлтэй санал нийлэхгүй байна. Тэдний шийдвэр надад таалагдахгүй байна, би шударга бус гэж үзэж байна. Энэ бодлогыг бодоход Америкийн математикч Гамильтоны хувь нэмэр минийхээс багагүй” хэмээжээ.
Учир нь Ричард Гамильтон математикчийн онолыг Перельман хөгжүүлснээр, Пуанкарегийн таамаглалыг баталсан аж.
Хэсэг хугацааны дараа түүнд нэгэн захидал ирэв. Түүний татгалзсан шагналын мөнгө болох нэг сая долларыг залуу, авьяаслаг оюутнуудын судалгааны ажилд зарцуулах санал тавьжээ. Григорий үүнд хариу өгсөнгүй, ингээд шагналын мөнгийг бусдад зориулсан гэнэ.
Их алдрын дараах он жилүүд
Мянганы бодлогыг бодсны дараа Григорий Перельман дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун ажлын санал авсанд гайхах зүйлгүй. Тэр бүү хэл 2011 онд Оросын Шинжлэх ухааны академийн гишүүн болох санал тавихад мөн л татгалзжээ.
“Би Гриогрий Перельмантай физик-математикийн лицейд хамт сурч байсан. Одоо энэ сургуульдаа би захирлаар нь ажиллаж байна. Өмнө нь бид хоёр найз нөхдийн харилцаатай байлаа. Харин одоо тэр ямар ч санал хүлээж авахгүй, дотроо бүгчихсэн. Миний мэдэж байгаагаар тэр одоо хэнтэй ч холбогдохгүй байгаа. Тэр юу ч хүсэхгүй байгаа. Бид хамтран ажиллах төрөл бүрийн л санал тавьж байлаа.
Ямар ч ажил хийхгүйгээр цалин аваад суух хүндэт деканы ажил ч санал болгосон, тэр бас л татгалзсан” хэмээн Физик-математикийн сургуулийн захирал, математикч Максим Пратусевич ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлж байв.
Эрдэмтэн одоо ч бусдын нүднээс далд амьдарч, хэвлэлийнхэнтэй холбогдохыг хүсдэггүй гэнэ. Хэдэн жилийн туршид нэг л хувцсаа өмсөж, дэлгүүрээс өнөөх л авдаг хүнсээ л авна.
“Гриша Пуанкарегийн таамаглалыг батласан гэдгийг бид сонсоод огт гайхаагүй. Харин түүний өмнөөс баярласан. Ингэж нэг хүмүүсийн дунд ороод, ажил нь амжилттай өрнөх нь гээд л. Тэр үүнийг хүртэх эрхтэй хүн. Гэвч тэр огт өөр замыг сонгосон” хэмээн Григорийн хөрш Сергей Краснов Комсомольская правда сонины сурвалжлагчид ярьжээ.
Хөршүүдийнх нь өгүүлснээр, Оросын суут математикч гэрээсээ гардаггүй, гарлаа гэхэд ээжтэйгээ хамт гарч, зөрж өнгөрөх хүмүүстэй огт ярьдаггүй гэнэ.
Холбоо харилцааны хэрэгслээс гэвэл түүний гэрт интернет, гэрийн утас бий. Гэвч зөвхөн танил дугаараас ирсэн дуудлагад л хариу өгдөг. Түүний тухай баримтат кино хийхээр төлөвлөж, Израилиас зураг авалтын баг ирэхээр болсон ч Перельман холбоо барихаа больжээ. Ингээд л энэ киноны зураг авалт гацсан аж.