2024-12-04, Лхагва
-23 C
Ulaanbaatar

Софи Лорен ба түүнийг од болгосон Карло Понти нарын хайрын түүх

Нэрт жүжигчин Софи Лорен гагцхүү хайрт Карлогийнхаа ачаар дэлгэцэнд од болон гялалзсан гэдэг. Карло Понти байгалийн хосгүй ховор эрдэнэсийг өнгөлж зүлгэн, кино урлагт шигтгэж өгчээ. Үүгээр ч зогсохгүй гал халуун хайр дурлалаар холбогдож, амьдралынх нь туршид үргэлжилсэн хайрын түүхийн эзэн болсон юм.

Софи Лорен, Карло Понти хоёрын харилцаанд хэн ч итгэж байгаагүй ч тэдний гэрлэлт дэлхийн кино урлагийн салбарынхны дунд хамгийн бат бөхд тооцогддог. Софи 16-хан настай загвар өмсөгч, урлагт дөнгөж хөл тавьж байсан нэгэн байх үед найруулагч Карло 38 настай байв.

Насны зөрүү ихтэй тэдний хайр дурлалын өрнөлийг харсан хүмүүс түр зуурын л амраглал гэж боддог байв. Гэвч тэд андуурчээ, Софи, Карло хоёр ажил дээр төдийгүй амьдрал дээр ч бат бэх хос болсон юм. Үүний зэрэгцээ гагцхүү нөхрийнхөө ачаар Софи алдарт хүрсэн гэдэг.

Анхны уулзалт

Софи Лорены хүүхэд нас дайн болон дайны дараах хүнд хэцүү жиллүүдэд өнгөрчээ. Түүний ээж ар гэрээ тэжээх гэж байдаг чадлаараа зүтгэсэн ч хүч хүрдэггүй байв. Ингээд өлөн зэлмэн амьдарч байсан Софи эцэнхий турайнхайгаасаа болж сургуульдаа “Шүдний сойз” хочтой болсон гэдэг.

Софи Лорен

Гэвч 14 настайдаа нугасны муухай дэгдээхий үзэсгэлэнт хун болон хувирав. Эрчүүд түүнээс хараа салгаж үл чадна. Ингээд ээж нь охиноо гоо бүсгүйн тэмцээнд оруулснаар Софи ялав.

Үүний дараа Софи загварын агентлагтай гэрээ байгуулж, төрөл бүрийн шалгаруулалтад орсоор байлаа. Ийм шалгаруулалтын нэг дээр, 1951 онд 16 настай гоо бүсгүй шүүгчдийн сандал дээр сууж байсан найруулагч Карло Понтитой танилцжээ.

“Та маш сонирхол татахуйц төрхтэй юм” гэж Карло Понти хэлсэн нь тэдний урт удаан харилцааны эхлэл байсан гэдэг.

Байгалийн эрдэнэсийг өнгөлж, зүлгэсэн нь

Ийм гоо үзэсгэлэнг өөрөөсөө холдуулахыг хүсээгүй Карло нэгэн төсөлд нь оролцох саналыг Софид тавьжээ.

Ингэхдээ ихээхэн хатуу шаардлага тавьж. Охиныг турж, хамраа засуулахыг зөвлөсөн аж. Өөрийн царай төрхөнд сэтгэл хангалуун явдаг Софигийн хувьд энэ нь доромжлол байв, ингээд киностудийг тэр дороо орхилоо. Харин Карло Понти өөрийнхөөрөө зүтгэж байв, ердөө жилийн өмнө тэр Жин Лоллбрижидийг олж, амжилтад хүргэж чадсан, тиймээс энэ удаад ч залуу бүсгүйг кино урлагийн ертөнцөд од болон гялалзана гэдэгт итгэлтэй байжээ. Тиймээс “Анна” кинонд тоглох урилгыг Софид өгөв.

Софи Лорен

Ингээд тэд хамтдаа ажиллаж эхэллээ. Өмнө нь засаагүй, байгалиараа байгаа алмаз зогсож байгааг мэдэрсэн Карло Понти хатуу боловч уран гар түүнд хэрэгтэй хэмээн шийдэв.

Нэн тэргүүнд нэрийг нь өөрчлөхөөс ажлаа эхэллээ. Охины жинхэнэ нэр София. Харин Карло энэ нэрийг, Софи болгон товчлож, харин Шиколоне гэх овгийг Лорен болгон сольжээ. Карло Понти охины нэрийг хөдөөнийх гэж боддог тул ийм алхам хийсэн гэнэ. Түүнчлэн тухайн үед кино урлагийн салбарт бутач хүүхдүүдийг ойшоодоггүй байлаа. Харин Софи чухамхүү ийм хүүхэд байв. Тэр хууль ёсны эцэггүй, эцэг нь хэн гэдгийг ч мэдэхгүй.

Понти хөдөөний үзэсгэлэнт бүсгүйг хатан хааны ааш аягтай, язгууртан төрх бүхий боловсролтой эмэгтэй болгох зорилт өмнөө тавьжээ. Ингээд найруулагч Карло Понти урлагийн түүхийн ном Софид уншуулж, сонгодог хөгжим сонсгож, англи хэл сургаж, ёсзүйн багшаар хичээл заалгаж, хувцаслалт, нүүр будалт, үс засалтанд ч анхаарч энэ бүхэнд сургаж байв. Тэр бүү хэл хэрхэн ташаагаа хаялж, гунхаж явахыг заасан гэдэг.

Ийн хамтран ажиллах явцад тэд нэгэндээ татагдаж эхлэв. Тэр үед 19 настай байсан Софи багш, хамтрагчаа эр хүн талаас нь харах болов. Найруулагч ч мөн адил бодолтой. Гэхдээ тэдний харилцаанд гэрлэлт саад болж байлаа. Тухайн үед Карло албан ёсоор гэрлэсэн байжээ.

Нууц амраг

Тэр үедээ л амьдралаа нэгэнгүйгээр төсөөлж чадахаа больсон Карло, Софи хоёр нууцаар уулзалдаж байв. Энэ бүхнийг мэдсэн Софигийн ээж ихэд цочирдсон гэдэг. Охиндоо өөрийнхөөс нь өөр амьдрал хүссэн ч үнэндээ ээжийнхээ замналаар явж байгааг харсан ээж охиноо хууль бус хүүхэд төрүүлэхээс эмээж, дурлалт хосын харилцаанд саад болохыг хичээсэн ч ямар ч үр дүнд хүрсэнгүй.

Найруулагчийн нууц амраг төдий байх нь Софид ч хүнд байв. Гэхдээ Карлогоос салах зориг зүрх байсангүй.

“Би энгийн гэр бүл, бусад шиг л хууль ёсны нөхөр, хүүхэд хүссэн. Эцэггүй өссөн болохоор ийм хүсэлтэй байсан байж мэдэх юм” хэмээн олон жилийн дараа Софи хэвлэлд ярьж байжээ.

Мөрөөдөл нь хэзээ нэгэн цагт биелнэ, гагцхүү хүлээх хэрэгтэй гэдэгт тэр бат итгэлтэй байв.

Энэ зуур түүний карьер болон хувийн амьдрал хоорондоо огт адилгүйгээр өрнөж байлаа. Жүжигчин гэдгээрээ алдаршиж, 1950-иад оны дунд үед олны танил болсон төдийгүй Италийн секс бэлгэ тэмдэгт тооцогддог болсон байв.. Харин Карлотой харилцах харилцаанд юу ч өөрчлөгдсөнгүй. Католик шашинтай оронд гэр бүл салах нь тийм ч амаргүй. Ватиканаас зөвшөөрөл авах ёстойн дээр ийм зөвшөөрлийг ч өгдөггүй байв. Гэр бүл, хүүхэдтэй болохыг хамгаас их хүсэн мөрөөддөг байсан Софигийн сэтгэлийн шаналлыг амжилт, алдар нэр нөхөж чадсангүй.

Сонголтоос үүдсэн шаналан

1956 онд Софи “Бахархал ба шунал тачаал” киноны зураг авалтын үеэр Кэри Гранттай танилцан, Кэри Софид ухаангүй дурлав. Царайлаг жүжигчин залуу харилцааг сунжруулахыг хүссэнгүй, Софи Лоренд гэрлэх санал тавилаа. Софи тэр үед ямар ч хариу өгсөнгүй. Харин Кэри бууж өгөх талаар огт бодсонгүй, хэсэг хугацааны дараа тэд өөр нэг кинонд хамтран тоглосон нь “Хөвөгч байшин” байв.

Софи Лорен

Энэ үед л Софи яах нь тодорхойгүй хүний нууц амраг байх уу, хайргүй ч гэсэн хууль ёсны эхнэр болох уу гэж бодох боллоо. Грант түүнийг эргүүлж, халамжилж, түүний зэрэгцээ киноны дүр бүтээхдээ тэд яг л жинхэнэ мэтээр харилцдаг байв. Энэ бүхнийг харсан Карло аймшигтайгаар хардах нь мэдээж. Ямар ч алхам хийхгүй бол Софиг алдах нь гэдгээ ойлгож, улмаар Мексикт нууцаар гэрлэх санал Софид тавьжээ.

Мэдээж Софи хайрлаж байсан Карлогоо сонгов.
“Миний хувьд зөв гэж бодсон алхмаа л хийсэн” гэж Софи Лорен хожим нь дурсаж байжээ.

Хоёр хурим

1957 онд Мексикт хуульчид Карло эхнэрээсээ салж, гэр бүлээ цуцлуулахад нь шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж, Карло Софи хоёр хуримаа хийв. Харин Италид энэ салалт, гэрлэлтийг хууль бус хэмээн үзжээ.Карло Понтиг хоёр эхнэр авсан, харин Софи Лореныг хууль бусаар хамтран амьдарч байгаа гэж буруутгажээ.

Дурлалт хос хамтдаа байхын тулд эх орноосоо зугтахаас аргагүй болов. Ингээд таван жилийн туршид Итали руу очиж чадалгүй Швейцар, Францад амьдарсан гэдэг.

Чухамхүү Франц улс дурлалт хосын хувьд хоёр дахь гэр нь болсон юм. 1966 онд тэд хоёр дахь удаагаа гэрлэж, дараа нь Францын иргэншил авчээ. Энэ үед 32 настай байсан Софи одоо л нэг бүх хүндрэл бэрхшээл дуусаж, аав ээж болох нь хэмээн найдаж байлаа. Харамсалтай нь энэ мөрөөдлөө биелүүлэхэд ч багагүй хугацаа хэрэгтэй байв.

1963 онд Софи зулбаж, дахиад, 1967 онд хоёр дахь удаагаа зулбажээ. Гурав дахь удаагаа хөл хүнд болох үедээ Софи гормоны эмчилгээнд орохоос аргагүй болов. Түүний зэрэгцээ хэвтрийн дэглэм хатуу барьж, зурагт, радио ч сонсох боломжгүй байлаа. Өдөрт хагас цагаас илүүгүйгээр л босохыг эмч нар түүнд анхааруулсан аж. Софи бүхий л шаардлагыг зөвшөөрөв, гэртээ хэвтрийн дэглэм сахиж, гадна ертөнцөөс бараг л тасрав, ээж болохын тулд.

Ингээд 1968 онд тэд аав ээж болж, дөрвөн жилийн дараа хоёр дахь хүүгээ төрүүлжээ.
Уй гашуу, баяр жаргалд ч хамт

Софи, Карло хоёр ганцаар тогтохгүй сорилтыг хамтдаа туулжээ. Үүний нэг нь олон жил амьдарч, үнэтэй засал чимэглэлийн ажил хийлгэж, засаж тохижуулсан харшаа хураалгасан явдал байв. 1977 онд тэд харшийн засал чимэглэлийн ажлаа дуусгамацг цагдаагийнхан ирж, үл хөдлөх хөрөнгийг нь хураан авчээ.

Тэднийг татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт буруутган ийнхүү хөрөнгийг нь хураан авсан нь энэ. Карло юу ч хийж чадсангүй. Ингээд Софи 17 хоног хоригдож, харин Карло хэдэн жилийн хугацаанд нийтэд тустай хөдөлмөр эрхлэх болов. Тэд энэ харшаа 1990 онд л эргүүлэн авчээ.

Найруулагч, жүжигчин хоёр хэдэнтээ салах дөхсөн гэдэг. Тэднийг бусадтай амрагийн холбоотой гэх яриа байнга гардаг байсан ч хүмүүс төдийлөн итгэдэггүй байв. Мөн Понти, Лорен хоёр гэр бүлийн дуулиан, олон нийтийн шүүмжлэлээс хол амьдардаг ховорхон хосын нэг.

Тэд бүхий л амьдралынхаа туршид олон сорилт бэрхшээлтэй нүүр тулсан тул үлдсэн амьдралаа хайрлаж, эв нэгдэлтэй өнгөрүүлэхийг хүссэн. Үүндээ ч хүрсэн юм. Карло Понти, Софи Лорен хоёр 2007 онд найруулагчийг бие барах хүртэл бараг хагас зуун жил хамтдаа амьдарчээ.

“Бидний хайр бол ховор тохиодог бурхны бэлэг” хэмээн Софи Лорен нөхрөө оршуулах үедээ хэлж байв.

Нөхрөө бие барсны дараа байнга л түүнийг дурсана. Хайртай нөхөр нь байгаагүй бол өдий дайны амжилтад хүрэхгүй байсан гэдгээ залхахгүй ярина. Карло Понти бол түүний хувьд хожлын тасалбар байжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img