2024-10-08, Мягмар
16 C
Ulaanbaatar

Л.Цэрэндулам: Вьетнамын дайнд эмзэглэсэн ахын минь сэтгэлээс “Бүүвэйл хорвоо” дуу төрсөн

Ард түмнээсээ “Дууны шүлгийн хаан” хэмээх эгнэшгүй их алдрыг хүртсэн зохиолч, яруу найрагч Лувсангийн Дагвадорж 1936 онд Ховд аймгийн Буянт суманд төржээ. Тэрээр 1950 онд Төмөр замын техникумын цахилгаанчийн курс төгссөн. Зүүнхараагийн Төмөр замын Соёлын ордонд сайн дурын уран сайханч байхдаа “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дууг дуулж, “Тожоо жолооч” жүжигт тоглож байжээ. 1960-аад онд Улаанбаатар хотноо Рашаан сувилалд эмчлүүлж байхад нь түүний төрөлхийн аргил хоолойгоор эвлэг дуулахыг сонссон тус сувилалд мөн эмчлүүлж байсан УАДБЧ-ын дарга Д.Батцэнгэл чуулгадаа ирж ажиллахыг урьсан байдаг. Унаган авьяас нь түүнийг ийнхүү урлагийн замд хөтөлсөн байна. 1967 онд Октябрийн баярын 50 жилийн ойд зориулсан уралдаанд түүний бичсэн “Залуусаа, дуулаад явъя” шүлэг нь түрүүлснээр түүний уран бүтээлийн гараа эхэлж “Цэлгэр цэнхэр нутаг”, “Дуундаа жаргалтай дэлхий”, “Хөглөж орхиогүй эгшиг”, “Эр хүн”, “Хүж дэлхий амгалан байг”, “Ухаарч амьдрах хорвоо” зэрэг шүлгийн ном, “Буянтын урсгал” роман, “Сохор хүүхэн”, “Нүгэл нь үгүй хайр”, “Учгийн зангилаас” зэрэг өгүүллэг, тууж бичиж “Хоёр зуун дууны түүвэр” хэвлүүлжээ. Л.Дагвадорж УАДБЧ-д дуучин, утга зохиолын эрхлэгч, МЗЭ-ийн нарийн бичгийн дарга, "Үлгэрийн далай" чуулгын дарга, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн музейн эрхлэгчээр тус тус ажиллаж байв. “Уг нь бол би дууны шүлгийн хаан биш, боол нь юм” гэж даруу загнасан эл найрагч “Хайр дааж амьдарна”, “Унаган хайр”, “Ухаарч амьдрах хорвоо”, “Бүүвэйл хорвоо”, “Эмч хүн жаргалын ээж”, “Нисэгчийн дуу”, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Эр хүн”, “Бүсгүй хүн”, “Хүүгийн бодол”, “Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу”, “Хүн хүндээ хайртай явъя”, “Оторч адуучны дуу”, “Дэлхий минь, хүмүүс минь”, “Өр өвтгөх юм бүхнийг дуул”, “Жолооч миний жаргал”, “Саальчин бүсгүй”, “Хүж дэлхий амгалан байг”, “Хүний маань дээд ээж минь”, “Сайхан монгол морь минь”, “Эрэл хүслийн дуу” зэрэг хүний сэтгэлийн торгон утсыг хөнддөг гурван зуу орчим дууг зохиосон нэгэн билээ. Үзэгдэх гэж өндөлзөлгүй, харагдах гэж ханхалзалгүй эглээс эгэл амьдарсан эл их хүмүүний төрсөн дүү, “Лувсангийн Дагвадорж сан”-гийн тэргүүн, хүний их эмч Л.Цэрэндуламтай уулзаж хөөрөлдлөө.

-“Дууны шүлгийн хаан” хэмээгддэг яруу найрагч Лувсангийн Дагвадорж ах тань Ховдын Буянтын хүн байх аа?

-Лувсангийн Дагвадорж гэдэг хүн миний төрсөн ах юм. Би дээрээ гурван ахтай. Тэдний маань бага нь яруу найрагч ах маань. Бид ахыгаа “Даадай” гэж авгайлан нэрлэдэг сэн. Манайх Ховд аймгийн Буянт сумын уугуул айл.

Ах маань “Буянт сумын Бурхан улаан уулын зүүн хормойд хадны завсраас ургасан ганц улиасны дэргэд нутаглаж байхад намар төрсөн” гэж өөрөө ярьдаг байсан. Бодвол аав ээж маань тийн хэлсэн юм бол уу даа.

Бичиг баримтаас нь харахад 1936 оны наймдугаар сарын 10-нд төрсөн гэж бичсэн байдаг юм билээ. Багадаа аав ээжтэйгээ амьдарч байхдаа Ховдын арван жилийн сургуульд цөөхөн жил сурсан.

-Дунд сургууль төгсөөгүй гэсэн үг үү?

-Дөрөвдүгээр анги төгсөж чадсан бол уу, үгүй бол уу гэж боддог юм. Ховдын Буянт сумын Тавын газрын бичиг үсгийн дугуйланд сууж байж бичиг үсэгт тайлагдсан юм шиг байгаа юм. Намайг зургаа долоон настай байхад ах Ховдын сургуулиас гэртээ хүрээд ирсэн юм аа.

-Сургуулиа яагаад орхисон юм бол?

-Аав, ах хоёрын яриаг чагнаж байхад “Байж суух айл, орон байр байхгүй, хоол ундгүй ядруухан учраас хичээлээ орхиод ирсэн юм байна” гэсэн ойлголт жаахан байсан надад үлдсэн. Миний ах ер нь дөрөвдүгээр ангийн боловсролтой л хүн.

Дээд сургуульд сураагүй. Төмөр замын техникумын машинистын курс төгсөн, цахилгаанчин болсон ч тэр мэргэжлээрээ ажиллаагүй хүн. Манайх Буянт сумын 108-ын төвд аж төрж байхад ах Станц хэмээх газар эмнэлгийн санитар хийж байсан гэдэг. Ах “Улаан тариа хийгээд, жирэмсэн эх төрөөд” гэж ярьж байсан нь санаанд үлдэж.

Тэгэхээр тэнд манай сумын бага эмчийн салбар юм уу, эмнэлэг байсан болж таарч байгаа юм. Аав Лувсан “Соёл” нэгдлийн малчин, ээж Бунтуугийн Норхил саальчин хүн байсан. Манай Буянт сум хэзээнээс тариалангийн талбай ихтэй. Галдан бошигт хааны үеэс Буянт голоос салаа татан тариа тарьдаг, төмс, хүнсний ногоо ургуулдаг байсан угшилтай ийм сайхан газар.

Буянт голын сав дагуухь тэр тариалангийн талбайг манай нутгаас эхлээд шуудуу татан Нэгийн газар, Арвын, Долоогийн, Зургаагийн, Дөрвийн газар гэж нэрлэдэг байсан.

Дагвадоржийн дүүМанайх бол Буянтын Арвын газарт нутаглан тариа тарьдаг байсан. Зундаа тариалангийн талбай ялаа шумуул ихтэй, халуун учраас уул өөд нүүж зусна. Ах маань хожим энэ тухай “Буянтын урсгал” гэж их сайхан роман туурвисан. Тэнд бидний амьдралыг тодорхой бичсэн байдаг. Манайх тавин зургаан онд нутгаасаа шилжин нүүсэн юм.

-Хаашаа шилжин нүүв?

-Миний нагац ах Намсрай Улаанбаатар хотод Комбинатад ажиллаж байхдаа манайхыг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод нүүлгэж ирсэн. Одоогийн Мандал сум шүү дээ. Ах тэр үед арван естэй, би есөн настай байж. Шилжиж ирээд ах цахилгаан станцад галч хийж байсан. Том зуухны ам руу төмөр замаар явдаг яйшкинд нүүрс түрж авчирч хийнэ.

Ах минь жаахан байсан учраас нүүрсээ даахгүй учир би өдөрт очиж түрэлцэж өгдөг байлаа. Ахдаа л тусалж байгаа ухаан нь юм биз дээ. Галчаасаа машинист болсон. Энэ үедээ Зүүнхараагийн төмөр замын клубт сайн дурын уран сайханч байсан.

Л.Ванган гуайн “Тожоо жолооч” жүжгийн жолооч нарын даргын дүрийг бүтээж, албаны хувцас өмссөн зураг нь байдаг юм. “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дууг дуулна.

-Дууны хаан найрагч маань дуунд авьяастай хүн байж?

-Уран сайханчдын бригад төмөр замын зогсоолуудаар тоглолт хийж их явна. Дорноговийн Сайншандад тоглож ирчихээд “Сайн шанд гэж сайн устай газрыг нэрлэдэг юм байна. Гол мөрөн байхгүй, худгаас ундны усаа авдаг газар байна” гэж ярьж байсан. Ах маань жаран онд шарлаад маш хүнд өвдсөн. Комд орсон.

-Тэгээд гайгүй болоод босоод иржээ?

-Комд ороод хэцүү байхад нь “Дүү нарыг нь уулзуул” гээд намайг хоёр эрэгтэй дүүтэй минь эмнэлэгт оруулж ахыг тойруулсан. Тэгэхэд ах минь хүрэн юмаар огьчихсон ухаангүй хэвтэж байлаа. Азаар орос эмчийн хүчээр ах комоос гарч эдгэсэн. Жаран нэгэн оны хавар ах биеэ сувилуулах гээд Улаанбаатар хотын Рашаан комбинат руу рашаан сувилалд явлаа. Одоогийн “Оргил” рашаан сувиллын баруун талд шүү дээ.

Энд Ардын дуу, бүжгийн чуулгын дарга Д.Батцэнгэлтэй танилцаж. Тэр хүн ахыг дуулуулж үзээд баргил сайхан хоолойг нь сонсон таашаасан байгаа юм. Батцэнгэл даргын урилгаар сувиллаас гаруутаа УАДБЧ-д дуучин болсон. Дуучин болоход нь хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай багшилж байсан гэдэг. “Цооцоо багш” гэж их ярьдаг байсан. Цогзолмаа гуайтай уулзаж нэг сайхан дурсамж яриулах сан л гэж бодох юм. Даанч, надад тэр том хүн олдохгүй л байх даа.

-Чуулгад удсан бол уу?

-УАДБЧ-д дуучин, утга зохиолын ажилтан, боловсон хүчний эрхлэгч зэрэг ажил эрхэлж хорин хоёр жил ажилласан. Дуучин байхдаа хөдөөгүүр их явна аа. Наян гурван оноос Монголын зохиолчдын эвлэлд соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн-зохиолч Д.Цэдэв даргын туслах, боловсон хүчний эрхлэгчээр ажиллаад, 1986-1991 онд “Үлгэрийн далай” чуулгын эрхлэгч, уран сайхны удирдагч байсан даа.

Сүүлд Нацагдоржийн музейн эрхлэгчээр ажиллаж байгаад ерэн зургаан онд дөнгөж жархан насандаа бурхан болсон доо, ах минь.

-Ямар ааш зантай хүн байв?

-Ах маань угийн их дөлгөөн л дөө. Хэр барагтай уурлахгүй. Дуугүй байдгийн нууц нь уран бүтээлээ л боддог байсан байх. Хараалын үг хэлэхгүй шүү дээ. “Улаан сухай” гэдэг үг хааяа хэлнэ. Улаан сухай гэдэг чинь говьд жалганд ургадаг сайхан модлог ургамал юм уу даа. Бүүр их уураа хүрэхээр “нохойн баас” гэдэг хүн байсан.
-Уран бүтээлээ хэдийд эхэлсэн байдаг бол?

-Жаран дөрвөн оны арванхоёрдугаар сард “Тогоочийн дуу” гэдэг шүлэг бичиж, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дагважамц хөгжмийг бичиж чуулгын дуучин Норовжав дуулсан байдаг. Тэр үед Дагважамц гуайн дуунууд ид шуугиулж байлаа. “Тэнгэрт түгсэн оддын дундаас…” гээд мандаж байлаа. Ж

аран долоон онд “Шинэ жил” шүлэгт Гаадангийн Алтанхуяг аялгуу зохиож дуулсан. Завханы гавьяат С.Батсүх, Бат-Энэрэл хүү хоёр дүрсжүүлж дуулсан байсан даа. (“Шинэ жилдээ, шинэ ондоо…” гэж аялж өгөв. Л.Б)

Дараагийн дуу нь “Оторч адуучны дуу” байна.

“Удмаас хурдан хүлгийн давхианд
Уургын үзүүрт салхи исгэрнээ
Уулын нугын өвс нь сугсраад
Дөрөөн таваг шүргэн байна
Адуу минь зүсээрээ сайхан байна
Адуучин би жаргаж явна аа” гээд явдаг даа.

Дагвадорж-Гавьяат жүжигчин Самандын Жавхлангийн дуулдаг дуу даа?

-Гавьяат жүжигчин Вандан анх гитартайгаа дуулсан юм. Батсүх гавьяатын дараа Жавхлан дуулсан. Юм чинь дэс дараалалтай байх учиртай. Хамаагүй юм дуугараад Батсүхийн урд Жавхланг оруулчихвал утгагүй шүү дээ. (инээв. Л.Б) Батсүхийнх их гоё. Эхлээд уртын дуу яваад, морь тачигнатал давхиад ёстой нэг эр хүний хийморь сэргэтэл дуулдаг байсан даа.

-Лувсангийн Дагвадорж найрагчийн “Хүүгийн бодол” дуу мөн ч сайхан үг, аялгуутай шүү?

-Энэ дууг анх Өлзий-орших гавьяат дуулж олноо хүргэсэн.
“Холын газар, усны уртаас
Хайртай нутгаа санах юм даа хө
Хорвоо дэлхийн түмний дотроос
Хонгор ээжийгээ бодох юм даа хө” гэсэн их сайхан үгтэй дуу шүү дээ. Дараа нь би дуулсан гэхэд алдас болохгүй. (Инээж, дууг аялж сонсгов.)

Сүүлийн үед гавьяат С.Жавхлан дуулж “Хүүгийн бодол” нэртэй цомог ч гаргасан.
-“Дуучин эвлэг хоолойгоороо
Тугалын зэлнээ өөвлөсөн
Даруухан эвлэг зангаараа
Түмний хайрыг өвөрлөсөн
Сэтгэл алдам ялдамхан
Саальчин бүсгүй минь сайн байна уу” гэсэн үгтэй “Саальчин бүсгүй” дуу ч мөн сайхан шүү…

-Энэ дууг Монгол Улсын гавьяат жүжигчин Банзрагч гуай анх дуулсан даа. Би 1970 онд Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний анги төгсөөд Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллахаар томилогдлоо. Дараа жилийнх нь зун Намын хорооны томилолтоор хөдөө сумдад ажиллалаа.

Хоёр лектор, нэг жолооч, нэг эмч гэсэн бүрэлдэхүүнтэй үзэл суртлын бригад гарлаа. Тэлмэн суманд очоод үзлэгээ хийгээд сууж байсан чинь сумын цагаан хоолойгоор “Саальчин бүсгүй минь сайн байна уу” гэсэн дуу л цангинаад байдаг. Би дотроо “Ямар сайхан дуу вэ, саальчдад зориулсан дуу байна” гэж л бодлоо. Тосонцэнгэлд очлоо. Идэрийн голын хөвөөгөөр саалийн ферм гарчихсан. Үнэхээр сайхан байгаа юм. Чи ер нь ферм мэднэ биз дээ?

-Мэднэ ээ, наяад онд саалийн тасгийг хэлдэг байгаагүй юу?

-Саалийн ферм дээр очиход л саальчин хүүхнүүд чинь цагаан халаад өмсчихсөн, хувингаа барьж гунхаад мөн ч сайхан байжээ. Саалийн ферм бүхэнд очиход л нөгөө дуу чинь яваад л байгаа. Булнайн фермүүд дээр ч сонсогдож байсан. Бүтэн сар шахуу хөдөөгүүр ажиллаж ирээд ээлжийн амралтаа аваад хотод ахындаа онгоцоор нисэж ирлээ.

Манай ахынх одоогийн Мянган нэрийн барааны дэлгүүрийн урд талд гадна талдаа шаттай хоёр давхар байранд байдаг байсан. Эхнийхээ эхнэр, охинтой амьдардаг байсан юм. “Сонин сайхан юу байна” л гэж байна. “Хөдөөгүүр нов ногоон их л сайхан зун болж байна. Үзэл суртлын бригадаар явахад “Саальчин бүсгүй” гэдэг дуу л орой болгон цуурайтаж байна. Хэдэн өдөр энэ дууг сонслоо. Сурах гэж оролдлоо. Ганц хоёр бадгийг нь ч цээжилчихлээ” гэж сонирхуулсан чинь л аягатай цайгаа барьчихаад суугаад байна.

Тэгснээ “Тэр дуу чинь одоо ахынх нь шүлэг шүү дээ” гэж байна. Тэгж ахынхаа дуу гэдгийг мэдэж баяр хүргэсэн санагддаг. Бидний үе чинь их бүрэг ичимтгий байсан болохоор ахдаа баяр хүргэсэн л байгаа даа гэж бодогддог юм. Бүдүүлэг үе байсан шүү дээ. (Инээв. Л.Б)

-“Бүүвэйл хорвоо” дууны тухай та юу яримаар байна?

-“Бүүвэйл хорвоо” дууны түүхийг ах маань их гоё ярьдаг байсан. Тэр үед Вьетнамын дайн болж байсан. АНУ Вьетнам руу дайрч дайн хийгээд тэнд бөөн юм болж байж. Энэ дайны сураг ажгийг сонсоод “Бүх дэлхий энх амгалан байж, эх үрс дайнд үрэгдэхгүй байгаасай” гэсэн бодол ахад төрж дээ.

Зөвлөлтийн сонин дээр бүсгүй хүний шанаа руу буу тулгаж буудаж байгаа империалистуудын зураг гарсан байна л даа. Бас ахын ойролцоо амьдардаг нэг сайхан залуу гурван хүүхэдтэй эхнэрээ хаяад явсныг харсан нь ч нөлөөлж. Энэ бүхнийг харж, сонссоны эцэст шүлгээ бичиж, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, ардын жүжигчин Л.Мөрдорж гуай аялгуу зохиосон. Мөрдорж гуай чинь манай нутгийн хүн шүү дээ.

-Төв аймгийнх гэдэггүй бил үү. Наймдугаар Богд Жавзандамба хаантны өргөмөл хүү дээ?

-Богд хааны өргөмөл хүү гэгддэг ч Ховдын гаралтай юм шиг байгаа юм. Хоёулаа дуугаа хийчихээд радиод бичүүлэх гээд явж гэнэ ээ. Зангад гуай дуулдаг шүү дээ. Найруулагч нь сонсчихоод “Бүүвэйл хорвоо гэдэг чинь юу гэсэн үг юм.

Бүх дэлхийг унтуулах гэж байгаа юм биш үү” гэж загнасан байгаа юм. “Бүх дэлхийг унтуулах гэж байгаа дууг бичихгүй” гээд буцаасан гэж байгаа. Тэр үед АСК гээч юм их болно. “Авхаалж сэргэлэнчүүдийн клуб” гэсэн тэмцээн л дээ. Одооны энэ шоу цэнгүүнээс их гоё юм болно оо.

Нэг АСК дээр Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин, гавьяат жүжигчин Боорой гуай дуулчихсан чинь маргаашнаас нь эхлээд “Бүүвэйл хорвоо бүгдийг бүүвэйл. Элэг бүтэн эвсэг амьдаръя” гэж залуус нэлэнхүйдээ дуулж эхэлсэн байгаа юм. Дуу давалгаалаад эхлэхээр радиогийн найруулагч дуудаж бичиж авсан гэдэг. Анхных нь дуучин Зангад гуай мөртлөө Боорой гуай дуулж дэлгэрүүлэх хувьтай байж л дээ. Зангад ах чинь яг манай нутгийн хүн шүү дээ.

-Буянтынх байх шүү?

-Манай хоёрынх чинь айл саахалт байсан улс. Зангад ах манай Дагваа ахаас гурав дөрөвхөн сарын ах, жилээрээ яг чацуу улс. Зангад ах Тавын газарт төрсөн хүн.

Дагвадорж-“Нисэгчийн дуу”-ны хөшөө боссон гэл үү?

-Тэр дуу далан онд зохиогдож, одоо болтол дуулагдаж байна. Энэ дуунд 2005 онд хөшөө босгосон. Энийг эгч нь шүүмжилсээн. Хөшөөн дээр “Мөнгөн цагаан хөлөг минь” гэхийг “хүлэг” гэж бичсэн. “Дуулж явна” гэхийг “дуулаж явнаа”, “дүүлж явна” гэхийг “дүүлэж явнаа” гэх мэтээр үгийг нь дандаа буруу бичсэн байгаа. Энэ хөшөө Нисэхэд байгаа. Цаана нь Чингис хааны хөшөө байдаг юм. Би энэ хоёр хөшөөний зургийг яагаад ташралдуулж авсан гэхээр “Чингис Монголын хаан юм бол миний ах дууны хаан” гэсэн утгаар авсан юм.

(Ахынхаа “Хайр дааж амьдарна” номын хуудас сөхөж зураг харуулав. Л.Б) Хөгжмийг бичсэн урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Насанбуянтай уулзаж “Дууныхаа үгийг сайтар шалгахгүй яав даа” гэхэд “Би дууныхаа үгийг бүгдийг мартчихдаг” гэж байна лээ.

Төмөр хөлгийг морь мал болгоод биччихнэ гэдэг мөн гунигтай яа. Би энэ талаар “Хэрвээ ах минь амьд мэнд байсан бол энэ дууны хөшөөг сүхээр цавчаад унагаах байсан” гэж хэвлэлд яриа өгч л байсан. “Нисэгчийн дуу” зохиосны нэг шагнал байдаг юм.

-Ямар шагнал байдаг билээ?

-“Дотоодын ямар ч нислэгээр аль ч аймаг руу тус байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд үнэ төлбөргүй нисээрэй” гэсэн юм билээ. Даанч муу ах минь тэгж аймаг, сум хэсэж тэнэх боломж гаралгүй байсаар бурхан болсон доо. Ганц ч удаа нисээгүй байх гэж боддог.

-Ах тань нисэгчийн тухай олон дуу зохиосон байх шүү?

-“Нисэгчийн гэргийн дуу”, “Нисэгчийн аавын дуу”, “Нисэгчийн ээжийн дуу” гээд иж бүрнээр нь зохиосон байдаг.

-“Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу”, “Цэрэг эрийн гэргийн дуу” хоёр ч бас л сэтгэл хөвсөлзүүлсэн шүлэгтэй шүү?

-Ардын жүжигчин Батчулууны аялгуу шүү дээ. Ная, наян нэгэн онд нэг жилийн дотор зохиогдож гавьяат жүжигчин Өлзий-Орших, Дарханы Энхбат гавьяат хоёр дуулсан. Монголын радиогийн “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгийн хамгийн их хүсэлт авсан оргил дуугаар шалгарч байсан. Цэргийн дарга нар энэ хоёр дууг тухайн үедээ их шүүмжилж, ахыг загнасан гэж байгаа.

-Ийм гайхамшигтай дуу зохиогоод өгөхөд юунд нь загнадаг байна аа?

-БХЯ-наас “Цэргүүдийн сэтгэл санааг үймүүлж, гэр орныг нь санагалзуулсан” гэж их зэмлэсэн гэж байгаа. Ах маань гэхдээ гутраагүй, харин ч цэргийн сэдэвт сайхан дуу улам олныг бичсэн дээ. Ах маань цэргийн алба хаасан эсэхийг би сайн мэдэхгүй юм. Үеийнх нь зарим хүний яриагаар цэрэгт очоод нэг хоёр сар болоод шарласнаас болоод халагдсан гэж сонсогддог л юм.

-Дагвадорж найрагчийн сэтгэлийг гэгээлж байсан бүсгүйчүүд хэн хэн байна?

-Манай ах УАДБЧ-д дуучин байхдаа Драмын театрын үйлчлэгч Цэнд-Аюуш гэдэг эмэгтэйтэй танилцаж хорь гаруй жил амьдарсан. Хөөрхөн дагавар охинтой эгч байлаа. Ах эгч хоёр маань дундаасаа хүүхэд төрүүлээгүй. Дараа нь Батдорж гэдэг эмнэлгийн дунд мэргэжлийн эмэгтэйтэй суусан. Дөрвөн хүүхэд нь том болчихсон байсан.

Би наян нэгэн онд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга байхдаа ахдаа нэг захиа бичсэн юм. Тэр үед гэр бүл салах гэдэг МАХН-ын хурлаар хүртэл ордог байлаа шүү дээ. Би гуч дөнгөж хүрсэн залуухан болохоор ахыгаа ойлгохгүй шүү дээ. Ах 1981 оны арваннэгдүгээр сарын 30-нд захиа бичсэн байдаг юм.

-Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг болохоор шалгаагаад байх ч хэцүү юм даа?

-Эгч нь тал хагасыг нь уншиж өгье л дөө. “Сайн байна уу, миний дүү. Хайрт ээж минь. (Ах минь надаас арав гаруй ах хүн шүү дээ гэж санаа алдав. Л.Б) Дүү минь, ах нь сэтгэлийн жаргалгүй жаргаж явахаар сэтгэлийн жаргалтай зовж явъя. Үр буяны жаргалгүй хорвоо үхэхдээ нэг үхнэ, хоёр үхэхгүй. Үнэн цагаан үг, уран бүтээл минь нэг биш хоёр амьдарна. Чи үзнээ гайгүй.

Өнөөдөр би үл жаргах үйлстэн харагдавч үхэхээсээ өмнө хөшөө дурсгалаа босгосныг хожим мэдтүгэй. Мэндийн сайхан хорвоо байхад миний төлөө зовоод яахав, миний дүү. Ахад нь алдар гавьяа хэрэггүй. Миний шүлгийг ард түмэн уншиж дуулж яваа болохоор би мөнхийн гавьяатай. Энэ л надад мөнхийн нэр, гавьяа шагнал минь билээ. Энэнээс илүү шагнал надад хүнддэнэ” гэж бичиж байсан. Миний ах яасан ч их зөнч, агуу авьяастай найрагч байсан юм бэ. (Захиаг уншиж байхдаа хоолой нь зангиран нулимс нь урсаад ирэв. Л.Б)

ХАЙР ДААЖ АМЬДАРНА

Шүлгийг Л.Дагвадорж Аялгууг Ё.Сүхбаатар

Үйлний хайчаар галаа шилээбэрдээгүй ээж минь
Хутгаа буулгалгүйгээр айлдаан ороогүй аав минь
Үй зайгүй амин зүрхний хайртай ханийн заяандаа
Хэн нь ч хэнийгээ чи гэж дуудаа нь үгүй жаргал
Хүсэл учралын сайхан хорвоод
Хайр дааж амьдрахын учир энэ ээ
Хувин дүүрэн сүүгээ цалгиулаа нь үгүй ээж минь
Дөмөн хүлгийнхээ уургыг гишгээ нь үгүй аав минь
Дөч эргэм насандаа ухаарлын үүдийг нээгээд
Дөмгөрхөн их хорвоогоо үүрэхийн чинээнд алханаа даа
Дахилт
Үйлчин эмээгийнхээ учигтай зүүг зэврүүлээгүй ээж минь
Өндөр өвгийнхөө дээд талд суугаа нь үгүй аав минь
Сүү нь сүүгээрээ байгаагаас учирлахын үйл нь байна уу даа
Дуу нь дуугаараа үлддэгээс ухаарлын учиг олдоно доо
Дахилт

Л.Дагвадоржийн шүлгийн дуунууд

“Арван наймтын уянгын дуу” (Хөгжим Г.Алтанхуяг) “Амьдралын анхны хонх” жүжгийн дуу/
“Бүүвэйл хорвоо” 1972 он (Хөгжим Л.Мөрдорж)
“Бэрцэцэг” киноны дуу (Хөгжим Г.Алтанхуяг)
“Дэлхий минь, хүмүүс минь” (Хөгжим Х.Сэргэлэн)
“Жалам хар” бүжгийн дуу (Хөгжим Э.Чойдог)
“Жолооч миний жаргал” (Хөгжим З.Батсүх)
“Зөвлөлт нөхөд” (Хөгжим З.Батсүх)
“Зүрх минь уйлах юм” (Хөгжим Г.Алтанхуяг)
“Маргааш би” (Хөгжим Б.Даваа)
“Миний аз жаргалын дуу” (Хөгжим Д.Галсанбат)
“Миний нутаг сайхан аа” (Хөгжим Т.Насанбуян)
“Нартай хорвоо намуухан бүүвэй” (Хөгжим С.Бүтэд)
“Нисэгчийн дуу”/ “Нисгэгчийн дуу” (Хөгжим Т.Насанбуян)
“Нэгдэлч түмнээ дуулъя” / “Нэгдэлчин түмнээ дуулъя” (Хөгжим Г.Алтанхуяг)
“Отрын адуучин” (Хөгжим Г.Чойжилжав)
“Өлзиймаа” (Хөгжим Г.Алтанхуяг)
“Өр өвтгөх юм бүхнийг дуул” (Хөгжим Б.Бямбабаяр)
“Саальчин бүсгүй” (Хөгжим Э.Чойдог)
“Сайхан монгол морь” (Хөгжим П.Пүрэвсүрэн)
“Тэмээчний дуу” (Хөгжим С.Цогтсайхан)
“Унаган хайр” / “Унаган хайрын дуу” (Хөгжим Г.Алтанхуяг)
“Уулс халхалсан намар” (Хөгжим Д.Баттөмөр)
“Ухаантай ээж” (Хөгжим Д.Алтантуул)
“Ухаарч амьдрах хорвоо” (Хөгжим С.Цэрэнчимэд)
“Үйлсийн сайхан Улаанбаатар” (Хөгжим Д.Лувсаншарав)
“Үлгэр дууссан хойно” киноны дуу (Хөгжим Г.Алтанхуяг)
“Хайр дааж амьдарна” 1988 он (Хөгжим Ё.Сүхбаатар)
“Хоёулаа явъя хонгор минь” (Хөгжим Б.Даваа)
“Хүж дэлхий амгалан байг” (Хөгжим Д.Алтантуул)
“Хүн хүндээ хайртай байдаг юм” (Хөгжим Ё.Сүхбаатар)
“Хүүгийн бодол” (Хөгжим С.Задгай)
“Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу” (Хөгжим Ц.Батчулуун)
“Цэрэг эрийн гэргийн дуу” 1978 он (Хөгжим Ц.Батчулуун)
“Чи бидэн хоёрын дэлхий” (Хөгжим Б.Магсаржав)
“Шинэ жил” (Хөгжим Г.Алтанхуяг)
“Эмч хүн жаргалын ээж” (Хөгжим Д.Алтантуул)
“Энгүй сайхан эх орон” (Хөгжим Д.Баттөмөр)
“Эр хүн” (Хөгжим Р.Энхбазар)
“Эрэл хүслийн дуу” (Хөгжим Л.Галмандах)
“Хүний маань дээд нь ээж минь” (Хөгжим З.Батсүх)
“Ятга чи ялдам нэгэн бүсгүй байсан юм уу” (Хөгжим Д.Алтантуул)

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img