Түрүүчийг ЭНД дарж уншина уу.
-Та үеийнхээ зохиолчдоос хэнтэй ойрхон байв?
-Танай Баянхонгорын нэг банхайсан сайхан амьтан байсан даа.
-Аа, Банхар Пүүжээ ах уу?
-Миний анд “Их Тээлийн даваа”, “Үдийн наран өндөр”, “Танил хорвоо” гээд мөн ч олон сайхан ном бүтээлтэй хүн дээ. Бид хоёр их үерхэнээ. Гэрт нь их очно. Одоо хүү Пүрэвжаргал нь “Монгол коммент” хөтлөх юм байна шүү дээ. Гэргий Навчаа нь их сайн хүн шүү дээ.
-Та “Тэнгэрээс залрагсдын “мөр”-ийг “Тэнгэрийн хүүхдийн наадгай”-гаар мөшгөхүй” гэсэн сонин ном хэвлүүлсэн дээ?
-Монголын Үндэсний номын санд миний ийм нэртэй номын баяр болсон. Номын сан чинь одоо миний гэр л гэсэн үг дээ. Энд аугаа Ринчен гуай, Дамдинсүрэн гуай, Лувсанвандан нарын олон мэргэдийн мөр үлдсэн сайхан эрчистэй газар. Тэр номын тухайд өөр гарагийнхан Оор Монголд бууж байсан онцын зоригтой таамналууд багтсан монгол, англи хэлнээ гарсан ном юм даа.
-Таны тэр номыг харж байхад хадны сүг зургийг нэлээд судалсны тань үр дүн, бодомж сэтгэлгээний бүтээл гэж хэлж болохоор юм билээ. Хадны сүг зураг эртний хүмүүсийн бодол сэтгэлгээг хадгалсан код гэж зарим эрдэмтэд үздэг юм гэл үү?
-Би ардын багш, эрдэмтэн-зохиолч С.Дулам шиг айхтар онол, код энэ тэрийг сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан хадны зураг гэдэг хуучин чулуун зэвсгийн үеэс эхтэй. Бид харин сүг зураг гэж буруу нэрлээд байгаа юм.
Бид өвөг дээдсээ сүг сүүдэр гэдэггүйтэй адил хадны зургийг сүг гэж нэрлэх нь зохимжгүй юм. Хомосапиенс буюу ухаант хүн үүссэн цагаас хадан дээр зураг зурсан байна. Дэлхийн эрдэмтэд хоёр зуун тавин мянгаас зуун мянган жилийн хавьд ухаант хүн төлөвшсөн гэж үздэг. Хүн мичнээс үүссэн гэдэг Ч.Дарвины хувьслын онолыг өнөөгийн эрдэмтэд догма буюу үхширмэл үзэл болсон гэж шүүмжлэх хэсэг хүмүүс байна.
АНУ-ын Техасаас гурван хумст үлэг гүрвэлийн мөрийн дэргэдээс тэр үеийн хүний нүцгэн тавхайн мөр, Канадын Арктикт зуун сая жилийн өмнөх хүний гарын дардас олдсон нь үнэн бол Homo Sapiense гэдэг ухаант хүмүүн дөнгөж 250 мянган жилийн өмнө Homo Erectus-ээс үүссэн нь худал болж таарах гээд байна уу гэмээр.
Миний номонд тэнгэрээс, од гаригаас оюун ухаант хүн юм уу, ямар нэгэн амьтад ирж байжээ, тэрийг нь манай дэлхийнхэн ч юм уу, бидний өвөг дээдэс зураад үлдээчихжээ гэдэг таамаглалыг дэвшүүлсэн хэрэг.
-Та яасан том зоригтой таамаглал дэвшүүлсэн юм бэ?
-Дөрвөөс зургаан сая жилийн өмнө Зүүн Африкийн модон дотор бичнээс үүссэн Ustralopitihecines гэдэг хүн төрхтөн нь яван явсаар ухаант хүн болж улмаар 40 мянган жилийн тэртээ Сибирийн өмнө талд буюу өнөөгийн Төв Азийн өндөрлөгт ирсэн гэсэн онол нь шал худлаа болж таарах гээд байгаа нь 250 мянган жилийн өмнөх Cinanthropus буюу Бээжин хүний яс Бээжингийн ойролцоогоос олдсон, Ява арлаас 800 мянган жилийн тэртээх хүний гавлын яс олдсон зэргээр нотлогдох мэт.
“Австралиас гадна Мексикт Homo sapiens 250 жилийн өмнө чулуун багаж зэвсгээ бариад ан хийж, аж ахуй эрхэлж байсан гэдгийн нотолгоо байж байх юм” гэж Стевен Стронг нар бичсэн.
Мөн “1979 онд Зүүн Африкт Танзани улсын Латоли гэдэг газарт судлаачид галт уулын царцмаг дээр гарсан хүний хөлийн мөр олжээ. Мари Ликэу болон бусад хүмүүс өгүүлэхдээ, энэ мөр нь орчин үеийн хүний мөрөөс ялгагдахааргүй байлаа гэсэн. Тэдгээр эрдэмтдийнхээр бол энэ нь 3.6 сая жилийн өмнөх хүний өвөг дээдэс өнөөгийн хүнийхтэй яг адил хөлтэй байжээ гэсэн үг юм” гэж Мишэл Кремо бичсэн.
-Таны хийсэн хадны зургийн судалгаа ухаант хүн үүссэн цаг хугацаа, орон зайтай чухам ямар учир холбогдолтой болоод явчихав?
-Би дэлхийн мэргэдийн бичиж нийтлүүлсэн зүйлсийг өөрийн судалсан хадны зурагтай харьцуулж энэ номыг гаргасан юм. Сиэтл хотын сансрын “Блю Марбл” дээд сургуулийн одон орны бодис зүйч Димитр Атри газрын гүнд 2.8 км-т байсан савханцар нянг судлаад уг нян гэрэл, нүүрстөрөгч, хүчилтөрөгчийн аль алинаас тэжээл авдаггүй, харин цацраг идэвхт уран, торий, кали зэрэг элементээс гардаг эрчим хүчээр амьдардгийг тогтоосон байгаа юм.
Энэ нь маш эрт балрын наана хэлэхэд 2.7 тэрбум жилийн настай байж магадгүй гэнэ. Уг нянг сансраас эх дэлхийд ирсэн, ионжуулсан цацраг туяаны хүчээр тэсэж үлдсэн “гийчин” гэж үзэж байгаа юм байна. Эрдэмтэд сансарт ийм нян амьдрах боломжтой эсэхийг судалсны эцэст сансрын туяа нь ионжуулсан цацраг туяаны эх ундарга байж болзошгүй гэж үзсэн байна.
Ийм туяа нь том хэмжээний оддын дэлбэрэлтийн дараа үүсдэг байна. Уг нянг 2002 онд ӨАБНУ-ын алт олборлодог уурхайн гүнээс олж илрүүлсэн юм билээ. Димитр Атригийн үзэж байгаагаар цацраг туяагаар хооллодог “харь гариг”-ийнхан дэлхийн гадаргууд хүрэх боломжтой тийм туяаны хүчээр тодорхой орон зайд амьдарч чадах гэнэ. Энэ мэдээлэл миний таамагласанчлан өөр гаригийнхан алт олборлохоор дэлхийд ирсэн, Улаан нүдэн гариг дэлбэрсэн, Хөхдэй мэргэний одны ордод том сүйрэл болсон зэрэгтэй холбогдоод байна уу даа гэж бодож байгаа.
-Монгол нутагт ухаант хүн хэдий үеэс амьдарч байсан бол. Найман зуун мянган жилийн хүн амьдарч байжээ гэж сонсож байсан юм?
-Хэнтий аймгийн Норовлин сумын Салхит гэдэг газраас олдсон хүний гавлын ясны оройн хэсэг бий. Түүнийг судлаачид одоогоос 600 мянган жилийн өмнө амьдарч байсан хомо эректусынх гэж тодорхойлсон.
Хожим нь Францын анторополог, хүний гарал үүслээр мэргэшсэн судлаачид судалж үзээд эртний хомо сапиенсынх байна гэж тогтоосон гэж палеонтлогич Д.Түмэн үзсэн байдаг. 200-100 мянган жилийн өмнө Төв Азид, тэр тусмаа Монгол оронд хүн аж төрж байсан бол Дарвины онол одоогийн залуучуудын хэлээр “будаа болж” байгаа нь тэр.
Хүн гэдэг амьтан Африкт үүсээд дэлхийгээр тарсан биш, Азид үүсээд дөрвөн зүгт дэлгэрсэн ч биш, Африкт үүсэх нь үүсээд, Европт үүсэх нь үүсэж, Азид үүсэх нь үүссэн гэдэг таамгийг би дэвшүүлж байгаа юм. Мичнээс хүн үүссэн гэдэг нь худал болох нь мичний хросом 48 байхад хүний хромсом 42 байдгаас харагдана.
Монгол дахь археологийн дурсгалууд 300 мянган жилийн өмнөх юм бол хуучин чулууны үе гэдэг хамаагүй урагшлах учиртай. Гэтэл манайхан дөчхөн мянган жилд хамааруулдаг нь утга учиргүй.
-Таны номонд хадан дээрх нисдэг хүний зургуудыг харьцуулсан. Энэ нь дэлхийд нисдэг хүмүүс ирж байж гэдгийн баталгаа болно гэж үү?
-2014 оны намар би хадан дээрх дальтай хүний зураг үзэхээр Архангай аймгийн Өлзийт сумын нутагт байх Янгирт гэдэг газарт зорьж очиж зургийг нь дарсан. Жигүүрт хүнийг эртний ацтекууд хадан дээр зосоор зурчихсан байхыг интернетээс би олж харсан.
Үүнээс улбаалж хүн төрхтэй жигүүрт амьтад дэлхийд айлчилсан юм биш үү, өөрсдийн үзээгүй амьтныг харахдаа манай өвөг дээдэс хадан дээр тэдний дүрсийг зураглан үлдээсэн юм биш байгаа гэж бодож байгаа юм.
-Та бүр харь гаригийнхан дэлхийд ирснийг эртний хүмүүс хаднаа сийлсэн байна гэж барим тавим өгүүлээд байгаа нь сонирхолтой юм?
-Өөр гаригийнхны тухайд манай түүхэн сурвалж бичгүүдэд ч дурдсан нь бий. “Монголын нууц товчоо”-нд гэхэд “Монголчуудын дээд өвгө Бөртэ чоно Дээд тэнгэрээс заяат төрсөн” гэж тов тодхон өгүүлсэн байгаа. “Их шар тууж”-д “Эндээс дөрвөн түмэн бээрийн дээр огторгуйд асар бат гэгээн хий дүгрэг зөвшөөрөг (нар зөв) эргэн буюу.
Түүнд наран, саран одод шүтэж аюу. Тэдний дээр огторгуйд явагчийн тэнгэр нэр сууж…” гэсэн байдаг. Огторгуйд явагч тэнгэр нар гэж өөр гаригийнхныг барин тавин хэлжээ гэхэд төөрөлдсөн хэрэг болохгүй болов уу. Ханбогдын Зүүн хатавч хэмээх цохионд 2013 оны өвөл алдарт Оюу толгойн ордыг нээсэн зартай геологич Гарамжав бид хоёр очлоо.
-Тэндээс сонин сайхан юу олж үзэв?
-Цохионы урд талд сансрын хуяг скафандртай юм уу гэмээр хүний зураг байх юм. Тэр хүн дуулгатай юм шиг мөртлөө өдгөө АНУ зэрэг оронд өөр гаригийнхныг дүрсэлж байгаатай ижлэвтэр толгойтой өөр нэг амьтантай уяагаар холбогдсон мэт байх юм.
Мөн манай Цэвээндорж, Баттулга нарын мэргэдийн “багтай хүн” гэж таамагладаг хүн ч байж байна. Тэр хүнийг орой дээрээ долгион баригчтайгаар данхар толгой, чамархайгаа хүрсэн хөмсөгтэй, том нүдтэй, загзгар биетэйгээр дүрсэлж. Биеийн байдлыг харахад мөн л сансрын хуягтай байж магадгүй. Түүний хажууд дуулганы шил хийгээд хүний нүд гэмээр дөрвөн нүдтэй хүний толгой байх аж.
Энэ хоёр хүний дээхэнтэй дээр дороосоо гэрэл цацарсан байдалтай, дээрээ тавцан маягийн юмтай нисдэг таваг зурчихсан байх юм. Энэ хаанахын хэн гэгч вэ. Энэ бүхэн л намайг “Дэлхийд эрт дээр үед нисдэг хүмүүс ирж байж” гэж таамаглал дэвшүүлэхэд хүргээд байгаа юм.
-Тэнгэрээс ирэгсэд тэгээд эртний хүмүүсийн уран бүтээлд амилан хаднаа үлдэж гэх гээд байна уу та?
-Манай их зохиолч Д.Нацагдорж “Од” шүлэгтээ “Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном” гэж зөнтэйгөөр бичсэн байдаг. Оросын “РЕН” телевизээр Америкийн Ерөнхийлөгч Эйзенхаур Америкийн цэргийн N баазад тэнгэрээс ирэгсэдтэй хэлэлцээр хийжээ гэсэн мэдээг цацав. Энэ бол тун ноцтой мэдээ байсан. Худлаа бол америкчууд “Ийм тийм юм болоогүй” гээд уг мэдээг няцааж байх учиртай. Гэтэл тэгээгүй. Тэгэхээр цаанаа учиртай л зүйл байсан байх.
-Эвэртэй хүний гавлын яс хүртэл олдсон тохиолдол байдаг гэв үү?
-Эвэртэй хүний зураг хадан дээр элбэг үлдэж. Ханбогдын Жавхлант, Шийр, Далайн дуулгын Хөх үзүүр, Зүүн хатавч зэрэг газрын хаданд тийм зургууд нэлээд хэд таарсан. 1835 онд дэлхийн археологийн түүхнээ хүний нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн нэгэн нээлт гарсан.
Манай говьд малтлага хийсэн Бельгийн эрдэмтэн Фридрих Мейснер хүний эвэртэй хохимой толгой олж. Археологич эхлээд хүний гавлын ясанд эвэр суулгасан байх гэж бодож л дээ. Тэгэх нь ээ, эвэр гавлаас нь ургасан байж.
Мөн 1880-аад онд Английн Бредфорд гүнлэг дэх нэгэн хиргэсүүрээс хүний эвэртэй гавлын яс хэд хэд гарсан байна. Хөмсөгний нь төвгөр яснаас дээш хоёр ямхын орчимд ургасан эврээс өөр гажиг эдгээр хүмүүсийн араг ясанд байсангүй. Эдгээр нь хэдий үеийн хүмүүсийн яс вэ гэсэн асуултад “Эртний” гэсэн ганц үгээр бөөрөнхийлж орхисон байдаг.
-Энэ тухай гадны эрдэмтэд юу гэж үздэг юм бол?
-Австралид харь гаригийнхны сансрын хөлөг сүйрсэн тухай эрдэмтдийн бичсэнийг би уншиж байсан. Тэрэн шиг манай говьд тийм нэг хөлөг сүйрээд түүнд явсан одны хүний яс олдсон нь тэр эвэртэй хүний гавлын яс юм болов уу гэж бодох үе бий.
Алдарт жанжин Македоны Александрыг монголчууд андахгүй байх. Түүнийг эртний монголчууд Сулхарнай буюу хоёр эвэрт гэдэг байлаа. Яагаад хоёр эвэрт гэв ээ. Александр толгойдоо төрөлхийн эвэртэй байжээ. Чингээд үсчнээр үсээ засуулаад, эврийг нь үзсэн тэр үсчнийг цаазаар авч байсан гэнэ.
2016 оны хавар Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутаг Өвгөн Хонгоржийн дүгнэгэр ууланд Боловсролын их сургуулийн захирал, профессор Мөнхжаргал, археологич Эрдэнэбаатар бид гурав үйлтэй хадны зургаа авч явтал эвэрт хүний зураг үзээд хөл газар хүрэхгүй баярласан.
-Ямаршуухан зураг байх юм?
-Нөгөө манай говиос олдсон эвэрт хүний толгой л шууд санаанд бууж байгаа юм. Дундговь аймгийн Дэл уулын Баруун билүүний хойт үзүүрт гурван эвэрт хүн байна гээч. Оросын археологич Э.А.Новогородова “Шивирийн Лена мөрөн, Байгаль далайн хадны зургуудад “хоёр эвэртэй” хүн төрхтний дүрс элбэг байдаг, Ангарт гараа өргөсөн, “гурван эвэрт”-ийн дүрс дайралддаг” гээд эдгээрийг “сансрын утга бүхий” гэж нэрлэсэн нь учиртай.
Америкт Ацтек нар эвэрт хүнийг зосоор зуран үлдээсэн байх юм. Зургаан метр өндөр үлэмж биетний араг яс олдсоныг эрдэмтэд хараахан нууцыг нь тайлж чадаагүй л байна. Гайхалтай яа. Энэ мэт олон сонирхолтой зүйл хадны зургийг тайлан уншиж олж харах боломжтой байгаа юм.
-Сонин сонин мэдээлэл багтааса мөн ч сонирхолтой ном юм аа?
-Энэ номыг маань академич Д.Цэрэнсодном ариутган шүүж, өмнөтгөл бичсэн. Англи хэлнээ орчуулагч Г.Дэлгэрмаа орчууллаа.
Номоо “Одот тэнгэр оорцог хадан дээр”, “Огторгуй дахь хуйлрал оршуулгын хөшөөн дээр”, “Хариас ирэгсдийн хөлөг ханан хадан дээр”, “Тэнгэрээс ирэгсэд тэрэм хадан дээр”, “Жигүүрт хүн цохио чулуун дээр”, “Эвэрт хүн элгэн хадан дээр”, “Сүүлт хүн чулуун дээр”, “Үлэмж биет үхэр чулуун дээр” гэх мэт нэлээд хэдэн бүлэгт хувааж орууллаа.
Ном зүй л гэхэд монгол, англи, орос хэлээр гарсан дөчөөд номыг жагсаалтаар орууллаа. Сая номын баяраа хийхдээ зарим номоор нь үзэсгэлэн гаргасан. Юм баримттай байх нь дээр биз дээ.