2024-07-24, Лхагва
18 C
Ulaanbaatar

Үерийн далан, сувагт халиа үүсэж, авто замын зорчих хэсэг рүү орох эрсдэл нэмэгдэж байна

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн хоёрдугаар сарын 2-ны өдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Энэ үеэр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй ажлууд, мөн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өглөө.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд халиа тошин ихээр үүссэн газруудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас баг ажиллаж, нийт зургаан байршилд 3584 шоо метр мөсөнд суваг гаргаж, 1017 шоо метр мөсийг зөөж тээвэрлэсэн бөгөөд 680 тонн шороогоор хаалт хийж, 250 кг бодис цацан, 6800 шоо метр ус соруулсан байна.

Сар шинийн баярт зориулсан өргөтгөсөн үзэсгэлэн, худалдаа нийслэлийн дөрвөн байршилд гарч буй. Эдгээр байршилд мах, цагаан идээний болон бусад хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хоолны хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллалаа. Тодруулбал, өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлт 80 хувьтай байгаа юм.

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-ын дарга Ц.Банзрагч нийтийн үйлчилгээний мэдээллийг танилцууллаа. Өнгөрөгч 14 хоногийн байдлаар тус төвд нийт 1002 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс бүртгэгдсэн гомдлын тоо 97, зөвлөгөө, мэдээлэл өгсөн 488, бүрэлдэхүүн байгууллагуудын мэдээлэл 406, зохицуулалт хийсэн ажил тав, олон нийтийн сүлжээгээр ирсэн зургаан гомдол байсныг тэрбээр танилцууллаа. Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.34 хувиар, өнгөрсөн 14 хоногийн байдалтай харьцуулахад 13.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байжээ.

Өнгөрсөн 14 хоногт мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн болон гэр хороолол, орон сууцны хороолол дундах гудамж, зам, талбайн гэрэлтүүлэг, модны гэрлэн чимэглэлийн асалт, ашиглалт хариуцсан байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт явууллаа. Ингэхдээ зургаан дүүргийн 10 байгууллагын хариуцсан гэрэлтүүлэгт түүвэрлэн шалгалт хийж, 112 зөрчил илрүүлэн бүртгэлжүүлсэн бөгөөд холбогдох байгууллагуудад мэдэгдэн засварлах үүрэг өгчээ. Түүнчлэн халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх чиглэлд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 121.5 тонн бодис, 109 тонн давс, 30 тонн хайрга, 50 тонн дайрга зарцуулсан байна.

Цаашид хүйтний эрч суларч байгаатай холбоотойгоор үерийн далан сувагт халиа үүсэж, айл өрх, авто замын зорчих хэсэг рүү орох эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс үерийн далан сувгуудад урьдчилсан сэргийлэх үзлэг шалгалтыг тогтмол хийж, бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатайг Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-ын дарга Ц.Банзрагч онцолсон юм.

Эх сурвалжUlaanbaatar.mn
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img