2024-05-03, Баасан
16 C
Ulaanbaatar

Арнольд Шварценеггер: Би АНУ-ын дажгүй Ерөнхийлөгч болох байсан гэж одоо ч боддог

“Терминатор”, “Үнэн худал”, “Бүхнийг санахуй”, “Цэцэрлэгийн цагдаа” гээд олон кинонд тоглон Холливудын жинхэнэ од болсон “хүн хад”, өдгөө 77 нас зооглож буй ч эрч хүчээр дүүрэн хэвээр яваа эрхэм бол Арнольд Шварценеггер. Түүнийг өөрийн бичсэн “Ач тустай бай: Амьдрахуйн долоон арга” (“Be useful: Seven tools for life”) номоо сурталчлахаар Лондонд ирэхэд нь “Би-Би-Си” агентлагийн сэтгүүлч Колин Патерсон уулзаж ярилцжээ.

-Та бол хар залуугаасаа бодибилдингээр хичээллэн бие бялдраа гайхалтай хөгжүүлж чадсанаар нэр алдарт хүрсэн хүн. Иймд энэхүү “Guardians” бэлтгэлийн танхимд тантай ярилцах болсонд минь гайхаагүй гэдэгт найднам?

-Миний өглөө төмөр өргөж бэлтгэл хийсэн “Claridge’s”-ээс энэ танхим хавьгүй илүү юм гээч. Надад мэдээж ийм газар ярилцах таатай байна. Дэндүү танил орчин.

-Та “Ач тустай бай: Амьдрахуйн долоон арга” номоо сурталчлахаар Англид хөл тавьжээ. Таны ном бие хүчний бэлтгэлээс дэндүү хол хүмүүст хүртэл таалагдаж буй нь хачирхалтай. АНУ-ын Бүгд найрамдах намын улстөрчид, дэмжигчдэд төдийлөн таатай ханддаггүй “The Guardian” сонин хүртэл таны номын тухай шүүмждээ, “Амьдралаа үр бүтээлтэй болгохыг хүссэн хүн бүхэнд энэ номыг уншихыг зөвлөж байна” хэмээн сайшаажээ?

-Ер нь сонин хэвлэлийн шүүмжүүд дээр номыг маань голдуу нааштайгаар хүлээн авч буйд баяртай байна. Жишээ нь, “Los Angeles Times” сонины шинэ номын буланд, “Энэ номыг уншсанаар би спортоор илүү их хичээллэх болсон уу? Мэдээж тэгсэн, ойлгомжтой” гэж бичсэн нь надад ямар их урам өгсөн гээч. Үүний тулд, бас хүмүүсийг амьдралдаа илүү их амжилт олоосой гэсэндээ л би энэ номыг бичсэн шүү дээ.

Гэхдээ би хэзээ ч хүмүүсийн урам зориг, бүтээлч үйл хийх сэдлийг өдөөх илтгэгч болохыг мөрөөдөж байсангүй. Тэр тусмаа энэ сэдвээр ном бичнэ гэж бодож ч явсангүй. Өсч торних насандаа дэлхийн хамгийн булчинлаг эр болохыг л хүсдэг байв. Дээр нь кинонд тоглож долларыг сая саяар нь олохыг эрмэлздэг байсан шүү. Тэр бүх зорилго, мөрөөдөлдөө эцэст нь хүрчээ.

Би бодибилдингийн “Мистер Олимп” тэмцээнд долоо, “Орчлонгийн мистер”-т дөрвөн удаа тус тус түрүүлснээс гадна 30 гаруй жилийн дотор хичнээн ч кинонд тоглож, хэдэн сая ч доллар цуглуулав.

Тэр бүх амжилтын дараа би шинэ мөрөөдөл, шинэ зорилготой болсон. Хүмүүс миний амьдралдаа хүрсэн бүхнийг шагшин магтаж зөвлөгөө өгөхийг хүсэх нь өдрөөс өдөрт нэмэгдсээр ирсэн. Иймээс л би мэдэх бүхнээ хүмүүстэй хуваалцаж, урам зориг хайрлах нь зүйтэй гэж шийдсэнээр энэ ном мэндэлсэн дээ.

Schwarzenegger

-Таныг олон хүн “self-made man” буюу өөрөө өөрийгөө цогцлоосон хүний тод жишээ гэж үздэг. Энэ талаар та юу гэж хэлэх вэ?

-Хүмүүс миний тухай тэгж дүгнэхэд би тэгтлээ дуртай биш. Нэг ч хүн бусдын тусламжгүйгээр аливааг бие даан орь ганцаараа хийж чаддагүй юм. Ер нь хүн гэдэг өөрийгөө тэтгэхээс гадна бусдаас тусламж авахгүйгээр тоймтой урагшилна гэж ер үгүй.

Надад л гэхэд бодибилдингээр хичээллэж эхлэхэд Эртний Грекийн Херкулес баатрын тухай 1960-аад оны кинонуудад тоглосон Английн Лийдс хотын бодибилдингчин Рег Парк маш их урам хайрлаж билээ.

Зургаан сая шахам хүн надад итгэн миний төлөө саналаа өгөөгүйсэн бол би Калифорни мужийн захирагчаар хоёронтаа сонгогдохгүй байсан нь ч мөн тодорхой.

“Шаргуу хөдөлмөрлө”, “Өчүүхэн жижгээр хэзээ ч бүү сэтгэ”, “Амаа хамхиж, оуюн ухаанаа нээ” зэрэг нийт долоон бүлэгтэй энэ номондоо хүмүүс яагаад бусдаас тус дэм хүсэх хэрэгтэйг тайлбарласан юм. Үүнийг ойлгосон хэн боловч өөрсдөө ч бусдад туслах ёстойгоо ухаардаг.

Би амьдралдаа бишгүй их ялагдаж, бас бишгүй их хохирол амссан. Залуудаа бодибилдингийн мөн ч олон тэмцээнд харамсалтайгаар ялагдаж, миний тоглосон цөөнгүй кино үзэгчдэд зохих ёсоор хүрэлгүй алдагдал хүлээсэн дээ.

Мөн болчимгүй үйлдлээсээ болж гэр бүлийн харилцаандаа ан цав суулгаж, АНУ-ын нөлөө бүхий Ерөнхийлөгчдийн нэг агсан Жон Кеннедийн зээ охин Мариа Шрайверээс салахад хүрч байв.

Бусдад сургамж болж, урам зориг өгөөсэй гэх үднээс шинэ номондоо би уналт бүрийн дараа эргэн тойронд минь хорвоо хөмрөх шиг болсон ч алдаа, оноогоо дэнслэн хатуужиж, улам шаргуу хөдөлмөрлөж, илүү хүчирхэгжин хөл дээрээ босч байсан тухайгаа дэлгэрэнгүй бичсэн юм.

Бид алдаа бүрийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай байх хэрэгтэй. Тэр бүхэнд өөр хэн нэгнийг буруутгах утгагүй. Алдаагаа хүлээн зөвшөөрч дүгнэлт хийгээд, дараа нь илүү сайан хүн болж эргэн ирэх нь л хамгаас чухал.

Schwarzenegger

-Хэрэв та АНУ-д төрсөнсөн бол тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд итгэл төгс ялах байсан тухайгаа хэлсэн нь бий. Та хэдийгээр их амжилтад хүрсэн ч АНУ-ын Үндсэн хуулийн заалтын дагуу хэзээ ч Ерөнхийлөгч нь болж чадахгүйдээ харамсдаг уу?

-Харамсах ч юу байх вэ. Гэхдээ л би өөрийгөө гайгүй сайн Ерөнхийлөгч болох байсан гэж одоо ч боддог юм. Нөгөөтэйгүүр, Америкийн ачаар л би амжилтад хүрч чадсан хүн шүү дээ.

Австрийн буйдхан Таль хотод төрсөн би 19 настайдаа л Америкт анх хөл тавьж байлаа. Америк орон надад маш их боломж олгож, Америкийн ард түмэн намайг элэгсэг дотноор хүлээн авсан. Юу үнэн, тэр үнэн. Энэ улсад намайг амжилтад хүрэхэд хэн ч саад болоогүй. Иймд би Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй ч үүнд харуусах утгагүй.

Гэхдээ Үндсэн хуулийн заалтыг өөрчилж болно шүү дээ. Үүний тулд улсад маань цагаачлалын бодлогын шинэчлэл шаардлагатай.

Одоогийн Ерөнхийлөгчийн суудлын төлөөх Жо Байден, Дональд Трамп нарын өрсөлдөөн надад тэгтлээ таалагддаггүй. Америк цусаа сэлбэн залуу, эрч хүчээр дүүрэн улстөрчидтэй болохоос өөр аргагүй.

40-50 настай, бүр түүнээс ч залуу хүмүүс бус 70-80 настай хөгшчүүл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй нь нэг л сонин сэтгэгдэл төрүүлэх юм байна шүү дээ.

Schwarzenegger-Та кино урлагт хайртай хэвээр гэж нэг бус удаа ярьсан. Харин дахин кинонд тоглох уу?

-Маш сонирхолтой хэдэн киноны төсөлд намайг урьсан. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй ярихад арай эртдэнэ. Хамгийн сүүлд өнгөрсөн жил телевизийн “ФУБАР” олон ангит киноны гол дүрд тоглосондоо баярладаг. Зураг авалтын талбайд дахин гарна гэдэг юутай ч зүйрлэшгүй ээ.

-Хамгийн сүүлд та кино театрт ямар кино үзсэн бол?

-“Барби”-г. Маш сайн хийсэн кино гэж санагдсан. Энэ киног 1980-аад онд хийсэн бол би Кений дүрд тоглох ч байсан юм бил үү. (Инээв)

-Ямар ч киног нэр алдраараа амжилттай болгодог том оддын эрин яагаад дуусав аа? Урьд өмнө та, Сильвестр Сталлоне, Брюс Виллис гээд олон жүжигчин тэгж чаддаг байлаа шүү дээ?

-Миний хүргэн Крис Пратт энэ тухай дуулчих вий. (Инээв) “Огторгуйн харуулууд” (“Guardians of the Galaxy”), “Юрийн галавын цэцэрлэг” (“Jurassic Park”) гээд олон кинонд тоглосон од түүнтэй миний охин Кэтрин маань гэрлэсэн шүү дээ.

Гэхдээ л би тантай санал нэг байна. Өнөөгийн жүжигчид киног чирж амжилтад хүргэснээрээ бус, Бэтмен, Супермен зэргийн дүрд тоглосноороо од болж байх шиг.

Эцэст нь хэлэхэд, шоу бизнест 10-20 жил тутамд техник хэрэгсэл, зураг авалтын арга, жүжигчдийн тоглолт гээд бүх зүйл орвонгоороо эргэж өөрчлөгддөг нь илт ажиглагддаг юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img