Бямба гарагийн шөнө Ойрх Дорнодод болсон үйл явдал дэлхий дахиныг цочроож, олны анхааралд өртлөө. Энэ өдөр Иран Улс өөрийн гол дайсан болох Израилын эсрэг түүхэнд анх удаагаа шууд халдлага үйлдсэн ч Израил халдлагаас амжилттай хамгаалж чадсан юм. Хагас жилийн өмнө ХАМАС-ын гэнэтийн халдлагад өртөж байсан Израилын эрх баригчид энэ удаад дайралтад бэлэн байж, холбоотнуудынхаа дэмжлэгтэйгээр олон зуун дрон, баллистик болон далавчит пуужинг амдан устгаж чаджээ.
“Аль-Аксагийн тэнгэр дэх пуужингууд”
Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Израил руу Иран халдсан нь Дамаск дахь Исламын улсын консулын газарт өгсөн агаарын цохилтын хариу байсан бөгөөд энэ цохилтод Иран Израилыг буруутгасан юм. Энэ хэргийг сануулвал, дөрөвдүгээр сарын нэгний өдөр F-35 онгоцнуудаас зургаан пуужингаар Дамаск дахь Ираны Элчин сайдын яам, консулын газар оршдог Меззе дүүрэгт агаарын цохилт өгсөн.
Цохилтын улмаас 13 хүн амиа алдсаны дотор Ираны зургаан цэргийн зөвлөх, тэр дундаа Исламын хувьсгалын харуулуудын корпусын өндөр албан тушаалын хоёр генерал багтаж байв. Энэ хэрэгт Ираны тал Израилыг буруутгасан ч Израилын эрх баригчид үүнд хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрөөгүйн дээр үгүйсгээгүй юм.
Ингээд Иран ням гарагт өөрийн нутаг болон Ирак, Сири дэх холбоотон бүлэглэлүүдийн баазаас 300 гаруй дрон, пуужинг Израилын зүгт хөөргөсөн байна. Үүнээс 99 хувийг нь амдан устгасан гэж Израил болон Америкийн цэргүүд мэдэгдсэн бөгөөд амдан устгахад АНУ, Их Британи, Франц, Иорданы цэргийнхэн тусалсан аж.
ВВС агентлагт ЦАХАЛ-ын төлөөлөгч генерал Питер Лернер мэдээлэл өгөхдөө, халдлагад 170 дрон, 30 далавчит пуужин, 120 баллистик пуужин оролцсон гэж онцолсон байна.
Зарим баллистик пуужин Израилын өмнөд зүгт байх Неватим агаарын баазад унасан ч бага хохирол учруулсан, агаарын бааз үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа гэж Лернер мэдэгджээ. Мөн энгийн иргэдийн дунд ноцтой хохирол амсаагүй, урьдчилсан мэдээллээр нэг охин шархадсан гэнэ.
ВВС агентлагийн онцолсноор, Ираны энэ халдлага Оросын арми Украинд өгсөн цохилттой адил байсан аж. Энэ цохилт өргөн цар хүрээтэй, дрон, далавчит пуужин, баллистик пуужин ашигласан бөгөөд агаараас эсэргүүцэн хамгаалах систем маш олон тооны байг устгахын тулд хүч тарамдах шаардлагатай болохуйц нөхцөл байдлыг үүсгэхийн тулд ийм олон төрлийн зэвсгийг ашигласан гэж шинжээчид үзэж байна. Мөн судлаачдын онцолсноор, Иран Улс Оросын ойрын холбоотон, тиймээс энэ төрлийн цохилт өгөх туршлага судалсан байж болзошгүй аж.
ОХУ-ын арми Украинд хамгийн өргөн цар хүрээтэй цохилт өгөхдөө 100 гаруй дрон, пуужин ашиглаж байв. Тухайлбал, 12 дугаар сарын 29-ний өдрийн цохилтод 158 нэгж дрон, пуужин оролцсоны 87 пуужиннг амдан устгажээ. Олон төрлийн зэвсэг ашиглан цохилт өгсний улмаас тухайн үед Украины агаараас эсэргүүцэн хамгаалах системийн ачаалал нэмэгдэж, 100 хувь амдан устгаж чадаагүй аж.
Шинжээчдийн онцолсноор, Оросынхтой адилаар олон тооны дрон, пуужинг Иран Израилд өгөх цохилтод ашигласан нь Израилын агаараас эсэргүүцэн хамгаалах системд ачаалал өгөх зорилготой байсан гэнэ.
Гэвч Израилын тухайд байдал өөр байлаа. Сүүлийн хоёр долоо хоногийн туршид Ираны төрийн өндөр албан тушаалтнууд хариу өгөхөөр бэлдэж байгаа гэж удаа дараа анхааруулж байв. Ингэснээр Израил болон түүний холбоотнууд цохилтод бэлдэж, хөлөг онгоц зэрэг агаарын байтай тэмцэх нэмэлт хэрэгслүүдийг байршуулах хугацаа өгчээ.
Ингээд Иранаас хөөргөсөн дрон, пуужинг амдан устгахад АНУ оролцож, агаараас эсэргүүцэн хамгаалах систем бүхий хөлөг онгоц гурван баллистик пуужинг амдан устгасан бол цэргийн онгоцууд ч олон бай устгасан байна. Мөн амдан устгах ажилд Израилын агаарын цэргийн хүчин, агаараас эсэргүүцэн хамгаалах хуурай замын ангиуд оролцжээ. Харин Иорданы Агаарын цэргийн хүчи өөрийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч явсан олон арван дроныг устгасан байна.
ВВС агентлагийн онцолсноор, ийм өргөн цар хүрээтэй цохилтыг амдан устгасан нь тагнуулын мэдээ ирсэн, хэд хэдэн орны агаараас эсэргүүцэн хамгаалах системийг сайтар зохион байгуулсан, хуурай замын болон агаарын амдан устгагчид олон байсны ач гэнэ.
Ираны халдлагыг тогтоон барьж чадсан нь асар их амжилт гэж Израилын улс төрчид мэдэгдсэнтэй олон улсын ажиглагчид ч санал нийлж байна.
Израил ямар хариу өгөх вэ
Бямба гарагт өргөн цар хүрээтэй цохилт ирж, үүнийг Израилын тал амжилттай амдан устгасан ч үүгээр хоёр орны дайсагнал дуусахгүй гэж Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант мэдэгджээ.
Одоо Израилын Батлан хамгаалах яам Иранд хариу өгөх талаар хэлэлцэж байгаа бөгөөд зарим эх сурвалжийн өгүүлснээр, нөхцөл байдлыг хурцатгахгүйгээр, атомын объектуудад цохилт өгөх хувилбарыг авч хэлэлцэж байгаа гэнэ.
Харин Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий штабын тэргүүн генерал Мохаммад Багери Израилыг сүрдүүлж, Израил хариу үйлдэл хийвэл “манай дараагийн ажиллагаа илүү өргөн цар хүрээтэй байна” хэмээжээ.
Мөн Израилын хариу арга хэмжээ нь АНУ-ын дэмжлэгтэй бол Ойрх Дорнод дахь АНУ-ын баазууд руу довтолно гэж сүрдүүлсэн байна.