2024-10-07, Даваа
-8 C
Ulaanbaatar

Амиараа тэмцэл эхлүүлсэн бүсгүй буюу Салтанат Нукеновагийн хэрэг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо эмэгтэйчүүдийн эрх, Казахстан дахь гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог болох тухай хуулийг дэмжсэн жагсаал болжээ.

Казинформ агентлагийн мэдээлснээр, Казахстаны иргэд болон АНУ, ОХУ, Беларус, Кыргыз, Тажикистан, Туркменистан, Узбекистаны гаралтай 100 гаруй хүн Нью-Йоркийн Таймс сквер талбай дээр цугласан байна. Энэ жагсаалыг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч казах бүсгүйчүүд зохион байгуулжээ.

Тэд Казахстанд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох тухай хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлсний дээр энэ хуульд ямар нэг өөрчлөлт оруулахгүйгээр батлахыг Казахстаны Ерөнхийлөгчөөс хүссэн байна.

Жагсаалд оролцогчид хуулийг дэмжихийн дээр гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан Салтанат Нукеновагийн хэргийг шударгаар шүүхийг шаарджээ. Түүнчлэн хүчирхийллийн улмаас амиа алдсан 30 гаруй эмэгтэйн хэргийг дахин шалгахыг шаардаж байгаа гэнэ. Энэ төрлийн жагсаал Сан-Франциско, Европын хотуудад ч болсон байна.

Тэмцэл эхэлсэн шалтгаан

Дэлхий дахиныг хамарсан, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэл Казахстанд гарсан аймшигт хэрэгтэй холбоотой.

2023 оны намар Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан куандык Бишимбаев эхнэр Салтанат Нукеновагаа хэрцгийгээр хөнөөсөн. Энэ аллагын дараа Казахстаны сенат эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох тухай хууль баталсан юм.

Хэргийн талаар өгүүлвэл, 2023 оны 11 дүгээр сарын есний өдөр болсон үйл явдал Казахстаны олон нийтийг цочроосон юм. Тухайн үед, сайд асан Куандык Бишимбаевын дүүгийн эзэмшлийн зоогийн газарт 31 настай Салтанат Нукенова амиа алджээ. Энэ хэргийн улмаас ихээхэн шуугиан дэгдэсний улмаас хэргийн шүүх хурлыг шууд дамжуулахаар болсон аж.

Мөрдөн байцаагчдын тогтоосноор, Бишимбаев эхнэрээс үхтэл нь зодож, дараа нь хэргийн ул мөрийг баллахыг завджээ. Бишимбаев Нукеновагийн толгой, биед нь цохиж, боохыг завдсан байна. Үхэлд хүргэсэн гэмтлийг Бишимбаев болон түүний өмгөөлөгч нар Салтанат унах үедээ санамсаргүй гэмтсэн гэж мэдүүлсэн бол шүүх шинжилгээгээр “удаа дараагийн цохилтын улмаас үүссэн гавал тархины гэмтлийн улмаас эмэгтэй нас барсан” гэдэг нь тогтоогджээ.

Хүчирхийлэгчээс салах гэсэн ч аминаасаа хагацсан нь

Бишимбаевын өмгөөлөгчид түүнийг “санамсар болгоомжгүйгээр хүний аминд хүрсэн” гэх зүйл ангиар шүүлгэхийг хүсэж байгаа. Үнэндээ тэр анх удаа эхнэрээ зодоод, золгүй явдал болж эхнэр нь амиа алдчихаагүй. Өмнө нь ч байнга хүчирхийлдэг байсан Бишимбаев гунигт тэр өдөр найман цагийн туршид эхнэрээ зодсоор зэрлэгээр хөнөөсөн нь энэ.

гэмтэн

Шүүх хуралдааны үеэр яллагч талын мэдэгдсэнээр, Бишимбаев эхнэрээ хамаатан садан, найз бүсгүйчүүдтэйгээ харилцахыг хориглодог, утас, зурвасыг нь шалгаж, үйл хөдөлгөөнийг нь хянаж, ажил хийхийг хориглодог байжээ.

“Үндэслэлгүйгээр хий хоосон хардаж, түрэмгий харьцдаг байсан” гэж прокурор мэдэгдсэн бол мөрдөн байцаагчдын өгүүлснээр Бишимбаев эхнэрээ байнга зодож, хүчирхийлдэг байсан гэнэ.

Түүнчлэн шүүх хурлын үеэр Салтанатын найз бүсгүй түүнтэй харилцсан зурвасаа харуулсан нь Бишимбаев гэр бүлийн хүчирхийлэгч байсан гэдгийг нотлох өөр нэг нотолгоо болжээ.

Энэ зурвас дээр Салтанат найз бүсгүйдээ сэтгэлийн зовлонгоо уудлаж, нөхрөөсөө салах гэж байгаа талаараа ярьсан байна. Түүнчлэн “манай гэрийнхэнд миний зодуулсан зураг байгаа болохоор тэр зургийг ашиглаж өөрийг нь сүрдүүлнэ гэж бодоод байгаа. Тэгээд намайг хариу сүрдүүлэхийн тулд нүцгэн бичлэг хий гэж дарамтлах болсон” хэмээжээ.

Хохирогч бүсгүй ахдаа ч энэ талаар ярьж байсан бөгөөд хэдэнтээ салах гэж ах дээрээ очиж байсан ч Бишимбаев яаж ийгээд л эргүүлээд авчихдаг байж, хүчирхийллийн золиос болсон хүмүүс эрс шийд гаргаж чаддаггүй харамсалтай тохиолдлуудын нэг.

Хэрэг болдог тэр шөнө буюу 11 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө Салтанат Нукенова Бишимбаеваас сална гэдгээ хэлжээ. Үүнд уурссан нөхөр нь түүнийг зэрлэгээр зодож, улмаар бүсгүй хүнд гэмтлийн улмаас хэдэн цагийн дараа нас барсан байна. Харамсалтай нь нөхөр нь түүнд эмнэлгийн тусламж дуудсангүй, харин үүний оронд танил зөн билэгтэнрүүгээ залгаж, “тэр сэрсэнгүй, нүүр нь хөхөрчихөж” гэж асуухад өнөөх нь “тэр ердөө л ядарчихсан, удахгүй сэрээд, та хоёр харина” гэж хэлсэн гэдэг.

Эхнэр нь ухаан алдсан үед эмнэлгийн түргэн тусламж дуудахын оронд мэргэч төлөгч рүү залгасан Бишимбаевын жигшүүрт үйлдэл үүгээр дуусахгүй. Тэр хэрэг үйлдсэн газар болох зоогийн газрын эзэн хамаатан нь ирэхэд хамтдаа ажилтнуудыг тарааж, ажиглалтын камерын дүрс бичлэгийг устгажээ. Хэдий тэд ийнхүү хэргийн ул мөрөө баллахыг завдсан ч устсан бүх бичлэгийг дахин сэргээж чадсан байна.

Бишимбаев одоо хүртэл хэргээ хүлээгээгүй, Салтанатын “гэмтэл унаснаас үүдэлтэй, би цохиогүй” гэж мэдүүлж байгаа бол өмгөөлөгч нь “онц хэрцгийгээр хүний амь нас хөнөөсөн” гэх зүйл ангийг “санамсар болгоомжгүйгээр хүний аминд хүрсэн” заалтаар өөрчлүүлэхийг чармайж байгаа аж.

Сайд асан Бишимбаев мөнгөтэй нөлөөтэй нэгэн. Тэр 2017 онд онц их хэмжээний авлига авсан хэрэгт буруутгагдан 10 жилийн ял сонсжээ. Гэсэн ч мөнгө, нөлөөгөө ашиглан, хугацаанаасаа өмнө суллагдах хүсэлт гаргаснаар ердөө хоёрхон жил ял эдлэж, 2019 онд суллагдсан аж.

Өмнө нь шийтгэлээс хөнгөхөн бултаж чадсан түүнийг одоо ч зүй ёсны хариуцлагаас мултарч болзошгүй гэж олон нийт үзэн, тиймдээ ч төрөл бүрийн тэмцлийг эхлүүлсээр байна. Тэдгээрийн нэг нь #засалтанатвесьмир уриалга бөгөөд дэлхийн өнцөг булан бүрийн эмэгтэйчүүд энэ хэштегийг ашиглан эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцсээр байгаа юм.

Түүнчлэн, “Бишимбаевын талд мөнгө, шүүх байгаа бол Салтанатын ар гэрийн талд бүх дэлхий зогсож байна” гэсэн бичлэгүүд ч тархжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img