2024-10-07, Даваа
7.5 C
Ulaanbaatar

Мартин Скорсезе: Би Есус Христийн тухай кино хийж байж л санаа амарна

Кино урлагийн амьд домог, алдарт найруулагч Мартин Скорсезе ирэх арваннэгдүгээр сард 82 нас хүрэх ч хоёр, гурван жил тутамд дэлгэцнээ шинэ киногоо гарган маш идэвхтэй ажилласаар явна. Гангстер киноны мастер гэгддэг түүний хоёр дахь бус, бүр гурав дахь, дөрөв дэх амьсгал нээгдсэн гэлтэй, шинэ кино болгон нь улам өргөн цар хүрээтэй, гүйцэтгэлийн хувьд илүү нарийн болж байгаа аж. “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, “Эмми”, “Грэмми”, Английн “BAFTA”, Францын “Сезар”, Канны кино наадмын “Алтан дал модны мөчир”, Берлины кино наадмын “Алтан баавгай”, Венецийн кино наадмын “Мөнгөн арслан” гээд дэлхийн кино урлагийн бүхий л нэр хүндтэй шагналыг хамсан тэрээр ер зүгээр сууж чаддаггүй нэгэн. Гандан бууршгүй түүний бүтээсэн “Цэцгэн сарны алуурчид” (“Killers of the Flower Moon”) кино гэхэд л Лос Анжелест өнгөрсөн сард болсон “Оскар”-т нэр дэвшсэн билээ. Мартин Скорсезе “The Hollywood Reporter” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа сүүлд хийсэн кино, ирээдүйд барьж авах киноны төслүүдийнхээ талаар хүүрнэж, кино наадмуудын ач холбогдол болон киноны ирээдүйн талаар бодлоо хуваалцсаныг орчуулан хүргэж байна.

-Таны кино урлагийн шидэт аяллын сүүлийн зогсоол нь одоогоор “Цэцгэн сарны алуурчид” болж байна. Асар их цар хүрээтэй карьераа эргэн харвал та юугаараа илүүтэй бахархаж, ямар туршлага, сургамж, хамтын ажиллагаа танд онцгой ач холбогдолтой байсан гэж үздэг вэ?

-Би замналаа хараахан дуусгаагүй тул туулсан карьераа эргэн хардаггүй л дээ. Иймд энэ асуултад хариулах амаргүй юм. Юутай ч Роберт Де Ниро, Леонардо Ди Каприо нартай хамтран ажиллах нь надад үнэ цэнтэй. Мөн монтажчин Телма Шунмейкертэй 1980 оноос хойш тасралтгүй хамт ажилласаар ирлээ. Өөр бишгүй олон хүнийг нэрлэж болно. Ер нь харилцан хүндэтгэл, итгэлцэл дээр үндэслэсэн хамтын ажиллагаа үүсгэх нь миний хувьд хамгийн чухал.

Туршлага, сургамжийн хувьд гэвэл тэдгээрээс өнөөг хүртэл суралцсаар л байна.

-Кино наадмууд өдгөө хэр чухал вэ?

-Маш чухал. Учир нь кино наадмууд үзэгчдэд дэлгэцийн бүтээлийг олсон орлогын хэмжээ, олон нийтэд түгж алдаршсанаар нь бус урлагийн төрөл гэдэг талаас нь харуулдаг юм.

Харамсалтай нь өдгөө дэндүү олон кино наадам оршин тогтнох ёстойгоо нотлох хүнд байдалд орсон гэлтэй. Гэхдээ урьд өмнө ч ийм л байсаар ирсэн байж болох юм. Юутай ч кино наадмууд ус агаар мэт хэрэгтэй.

Мартин Скорсезе-Роберт Олтмен нэгэнтээ, “кино бол олон амьдралаар амьдрах боломж” гэж хэлсэн байдаг. Таны хувьд киноны аялалдаа ямар шинэ адал явдлуудыг мэдэрч амьдрахыг хүсч байна вэ?

-Надад төлөвлөсөн олон төсөл бий. Жишээ нь, би Есус Христийн тухай кино хийж байж л санаа амарна. Энэ киног хэрхэн яаж хийх талаар бодож, кино зохиолыг нь зугуухан бичиж сууна даа.

Үүнээс гадна өөр олон сэдвээр кино хийх судалгааг эхлүүлсэн.

-Кино урлаг бизнесийн хувьд ирээдүйд хэрхэх бол?

-Би кино бизнесийн ирээдүйн талаар огтхон ч сэтгэл зовнидоггүй. Кино хийдэг техник хэрэгслүүд залуучуудад улам л хүртээмжтэй болж байна шүү дээ. Хамгийн чухал нь кинонд сэтгэлээсээ хандаж, бүр дурлаж байж хийх хэрэгтэй. Тэрнээс биш найруулагчийн карьерыг хөөцөлдөн их мөнгө олохыг зориод дэмий. Тийм хүн өөр аргаар баяжих нь дээр.

Өнөө цагт кинонд бизнес, олоох орлого, технологи, “хүмүүст нөлөөлөхүй” зэрэгт маш их анхаарах болжээ. Гэвч тэр бүхэн кино бүтээх бодит ажилтай ямар ч холбоогүй. Миний бодлоор кинонуууд хэсэг зуур нэлээд болхи, нүсэр хүнд гэмээр болох байх. Хэдий тэглээ ч кино мөхөхгүй. Киног устгах боломжгүй.

Мартин Скорсезе

-Таны намтрыг бичсэн Винсент Лобрутто таныг дэлхийн киноны өөр нэг Стэнли Кубриктэй харьцуулахдаа “Стэнли Кубрик хүйтэн бөгөөд задлан шинжлэх аналитик сэтгэлгээтэй бол Мартин Скорсезе халуун бөгөөд сэтгэл хөдлөл ихтэй” гэсэн нь бий. Тэр үнэн үү?

-Мэдээж. Би чинь итали цустай хүн тул тийм байхаас өөр яах вэ дээ. (Инээв)

Би итали цагаачид ихээр суурьшсан Нью Йоркийн Квинси дүүрэгт дэлхийн хоёрдугаар дайны ид үед 1942 онд төрсөн юм. Манайх Элизабет стрит гудамжны 232 тоотод байлаа. Хөршүүд бараг бүгд ээжийн талын эмээгийн минь төрсөн нутаг, Италийн Сицили арлын Палермо хотоос холгүй орших Кирмина тосгоноос гаралтай.

Харин замын нөгөө талд 241 тоот байшин байв. Хөршүүд нь бүгд мөн л Палермогоос холгүй, гэхдээ уулан дээр орших Пулици тосгоноос ирэгсэд. Тэнд аавын минь аав төржээ.

Замын хоёр талд өөд өөдөөсөө харсан энэ хоёр башингийн залуу, бүсгүй хоёр танилцсан нь миний аав, ээж. Ээж хожим ярихдаа, залуу хосод нэг хүндрэлтэй асуудал тулгарсан нь тэр хоёр өөр өөр үндэстэн байсан явдал гэж билээ. Уг нь зүгээр л хоёр өөр тосгоных шүү дээ. Гэтэл ээж минь яалт ч үгүй “хоёр өөр үндэстэн” гэсэн юмдаг. (Инээв)

-Та анх хэзээ кинонайруулагч болно гэж эргэлт буцалтгүй шийдсэн бэ?

-Миний ээж Кэтрин 40 жилийн турш оёдолчноор ажилласан эмэгтэй. Амралтын өдрүүдэд ээж минь намайг кинотеатр руу дагуулж яван “Фараонуудын нутаг”, “Оз улсын шидтэн” гээд олон киног үзүүлдэг байсан юм. Манайх их сүсэгтэй, хуучинсаг үзэлтэй католик гэр бүл тул намайг лам болгоно л гэнэ шүү дээ. Гэвч би кинотеарт хүүхдийн кинонууд үзэж эхлээд л кино хийдэг найруулагч болно гэж шийдэж билээ.

Мартин Скорсезе-Та кино бүтээх урам зориг, онгодыг хаанаас авдаг вэ?

-Яг эндээс, тэндээс гэх аргагүй, янз бүр дээ. Ер нь урам зоригийг, онгодыг зогсоо зайгүй хайж байх нь чухал.

Нэг удаа би зочид буудалд телезийн сувгуудыг сольж байхдаа Малигийн нэгэн найруулагчийн кино эхэлж буйтай таараад дуустал нь үзэж билээ. Тэр ер бусын кино намайг гайхшруулж, надад маш их урам зориг өгсөн юм.

Товчдоо бол чөлөөт цагаа үр бүтээлтэй ашиглан нүдээ том нээн орчин тойрноо харцаараа үргэлж “нэгжиж” байхгүй бол зураг авалтын үеэр тэгэх зав гарахгүй, киногоо хэрхэн дуусгах талаар л цаг үргэлж бодоход хүрдэг.

-Алдар нэрд хүрсэн найруулагч таны хувьд кинондоо санхүүжилт олох ямар ч асуудалгүй биз?

-Миний төсөөлсний дагуу ганц, хоёрхон кино маань л хангалттай санхүүжсэн. Бусад киноны маань хувьд гэвэл зураг авалтын дор хаяж арван хоног үлдээд байхад л төсөв дуусчихдаг байв.

“Гавьяат мастерууд” энэ тал дээр ямар ч асуудалтай тулгардаггүй гэж бодож болохгүй. Энэ бол том эндүүрэл. Төсөв гэдэг киноны сургуулийг дөнгөж төгссөн залуухан найруулагч ч бай, агуу Федерико Феллини ч бай, хэний ч ялгаагүй айхтар толгойн өвчин шүү.

-Та нэгэн номондоо, “Өөрийнхөө дотор хүнийг чагнаж, амьдралдаа тохиолдсон явдлуудыг эргэн санаж байх нь кино найруулахад чухал үүрэгтэй” гэж бичжээ. Энэ зарчмаа та одоо ч баримталдаг уу?

Мартин Скорсезе

-Тэгэлгүй яах вэ. Өөрт тань тохиолдсон зүйл дээр тулгуурласан кино л хамгийн сайн болдог. Тэр ч бүү хэл та алс холын гаригийг зүүдэлж, тэр зүүд толгойноос тань гарахгүй байгаа бол тэр тухай кино хийж яагаад болохгүй гэж. Хэдийгээр уран зөгнөлт ч гэсэн та зүүдэндээ тэр гаригт байсан тул үзэгчид танд итгэнэ.

-Зураг авалтын үеэр та киноны багийн хүн бүрийг завгүй байлгахыг эрмэлздэг гэсэн?

-Ингэснээр би киноны багийн хэн ч гэсэн өөрийгөө хэрэгтэй хүн гэж мэдрээсэй гэж хичээдэг юм.

Нүүр хувиргагчийн гуравдахь туслах байна уу, супер од байна уу, хамаагүй. Бүгд л дор бүрнээ ямар нэг юм хийгээд завгүй байх учиртай. Хэн нэгэн түр зуур хийх юмгүй болсон бол түүнд ямар нэг үүрэгт ажил зохиох хэрэгтэй. Зураг авалтад оролцогч бүр хэрэгтэй хүн гэдгээ ойлгох нь л киноны багийг нягтруулахад хамгаас чухал.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img