2024-05-03, Баасан
15 C
Ulaanbaatar

Хенри Фордыг амжилтад хөтөлсөн муза

Хенри бол тухайн цагийнхаа домогт хүн байлаа. Гэхдээ ийм хүн болоход түүний суу билиг төдийгүй үнэнч хань Клара Жейн Брайтын дэмжлэг ихээхэн нэмэр болсон юм. Клара алдарт Хенригийн эхнэр төдий байсангүй, тэр нөхрийнхөө карьер, амжилтад гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Хенри аугаа төлөвлөгөөгөө гардан гүйцэтгэх үед Клара ард нь бат бэх хамгаалалт, дэмжлэг болон зогсож, хүнд үед нь үргэлж дэмжиж, төвөгтэй шийдвэр гаргахад нь тусалдаг байж.

Хорьдугаар зууны эхээр хүч чадал, эд хөрөнгө хүмүүсийн хувьд олонд танигдах гол тулгуур байв. Энэ үед суут бизнесмен, Форд Моторс компанийг үүсгэн байгуулагч Хенри Форд дэлхийн хамгийн алдартай, нөлөө бүхий хүмүүсийн нэг болж чадсан юм. Тэр тансаг хэрэглээ байсан автомашиныг хүн бүрт хүртээмжтэй хэрэгсэл, амьдралын салшгүй нэг хэсэг болгосон нэгэн. Энэ амжилтад хөтөлсөн гол хүн нь түүний эхнэр Клара Жейн Брайт

Клара бүхий л амьдралынхаа туршид Хенрид дэмжлэг, урам зориг өгдөг байв. Тэр үнэнч хань, зөвлөгч, ажил хэргийн түнш байжээ. Клара нөхрийнхөө санааг дэмжиж, хэрэгжүүлэхэд нь тусалдаг байж.

Хенригийн бага нас

Хенри 1863 оны долдугаар сард Ирланд гаралтай олон хүүхэдтэй, чинээлэг фермерийнд мэндэлжээ. Нэгэн удаа аав нь түүнд шинэ халаасны цаг бэлэглэв. Хенри нарийн механизмын учрыг олохоор цагийг задлаж орхисон гэдэг. Түүнд энэ нь маш хялбар, сонирхолтой санагдаж байсан бөгөөд үүнээс сарын дараа гэхэд л хөршүүдийнхээ цагийг засаж өгдөг болжээ.

Хүү 12 настайдаа анх удаа локомобиль олж харан ихэд гайхширсан гэдэг. Энэ өдрөөс эхлээд “өөрөө хөдлөгч механизм” бүтээнэ гэж шийджээ. Харин ээж аав нь хүүгийнхээ энэ сонирхлыг дэмжсэнгүй, түүнийг фермер болгохыг хүсэж байлаа. Тиймээс Хенри 16 настайдаа гэрээсээ явж, Детройтыг зорьсон байна. Энэ хотод механикчийн урланд туслах хийж, шөнө нь цаг засварчнаас суралцдаг байв. Ингээд дөрвөн жилийн дараа гэртээ харилаа.

Хөршүүдээсээ хөдөө аж ахуйн төрөл бүрийн хэрэгсэл цуглуулан, засаж янзлан, олсон мөнгөөрөө үнэтэй хослол авч өмссөн гэдэг.

Эхнэртэйгээ танилцсан нь

Клара Жейн Брайант мөн л фермерийн гэр бүлд төржээ. Өтгөн үс, сайхан нүдтэй Клара ухаантай нэгэн байв. Тэд танилцан, анхны болзоон дээрээ Хенри өөрөө угсарсан цагаа үзүүлжээ. Энэ цаг ердийн болон бүсчилсэн цагийг харуулдаг байв. Ийм цаг угсарч чадсан эр хүн сайн нөхөр болно гэж Клара бодсон гэдэг.

Хамтын амьдрал

Ford

Тэднийг гэрлэхэд эцэг эхчүүд нь ойн 80 акр газар бэлэглэжээ. Энэ газарт Хенри багахан ч тохилог байшин барив. Дөрвөн жилийн дараа хүү Эдсел мэндэллээ. Өрхийн тэргүүн мод хөрөөдөх газар ажиллуулж, тайрдас зардаг байв. Гэсэн ч тэр өөрөө явагч дугуйны талаарх бодлоо орхисонгүй.

Ингээд эхнэрийн хамт Детройт явж, Эдисоны гэрлийн компанид ажиллах болжээ. Клара эсэргүүцсэнгүй, харин мөрөөдлөө биелүүлэхэд нь Хенрид тусалдаг байжээ.

Дэнлүү барьсан муза

1891-1899 онуудад Хенри механикч инженерээр ажиллаж, шөнө оройгоор амбаартаа анхны машинаа угсарч байлаа. Хөршүүд нь түүнийг “гажиг амьтан” гэж боддог байсны дээр машин бүтээчихнэ гэдэгт хэн ч итгэж байсангүй.
Гагцхүү Клара л түүнд итгэж байв. Клара техник мэддэггүй байсан ч нөхөртөө хайртай, нөхрийнх нь мөрөөдөл биелээсэй гэж хүсдэг байв.

Тэр үргэлж нөхөртөө тусална. Нөхөр нь анхны мотороо гэртээ чирж орж ирэхэд Клара хүүхдээ орхиод хүнд төмрийг гал тогоонд суурилуулахад туслаж байв. Мотор ажиллахад гал тогооны хамаг тавилга сүйдсэн ч тэд мотор ажилласанд ихэд баярлаж байжээ.

Өвлийн шөнө Клара, Хенри хоёр хамтдаа амбаарт ажиллан, Клара гар нь даарч, хөлдөх дөхдөг байсан ч нөхрийнхөө ажилд туслан керосин дэнлүү барьж өгөн, гэрэлтүүлдэг байсан гэдэг.

Ингээд гурван жилийн дараа амбаараас “төмөр мангас” гарч, гудамжаар яван хөршүүдийг цочоов. Жолооны ард Хенри эхнэрийн хамт жаргалтайгаар суух аж.

Хенригийн машин

Эдисоны компанид ажиллаж байсан Хенри Форд автомашины компанийн хамтран эзэмшигч болохын тулд энэ компаниас гарчээ. Гэвч энэ компаниасаа мөн л гурван жилийн дараа гарсан аж. Учир нь компанийн хамтран эзэмшигчид тансаг зэрэглэлийн үнэтэй машин бүтээх хүсэлтэй байсан бол Хенри хямд машин зарах мөрөөдөлтэй байлаа.

Түүнд мөнгө бага ч урам зориг их байв. 1903 онд Хенри “Форд Моторс” компаниа үүсгэн байгуулж, өөрийн нэрээр нэрлэсэн “Форд А” машинаа гаргахаар болжээ. Түүний компани амжилттай өсөн дэвжиж, 1914 он гэхэд худалдаанд гарч буй 10 машин тутмын нэг нь Форд Т загварын машин болов.

1914 оноос эхлэн Хенри ажилчдынхаа цалинг нэмж, улмаар Их хямралын үеэр ажилчдын цалинг хоёр дахин нэмжээ. Энэ санааг эхнэр Клара нь хэлж өгсөн гэдэг. Сайн ажиллахын тулд хүмүүс ирээдүйдээ итгэлтэй байх ёстой гэж Клара зөвлөж байв.

Тухайн үед л Хенригийн компанийн ажилчид долоо хоногт таван өдөр ажиллаж, хоёр өдөр амрахын дээр хагас жилээс дээш хугацаагаар ажилласан бүх ажилчин компанийн орлогоос хувь хүртдэг байжээ. Гэхдээ болзолтой, энэ урамшууллаа архи зугаа цэнгээнд зарцуулахгүй, гагцхүү гэр бүлдээ зориулах ёстой.

Үргэлж хамтдаа

Хенри Форд хойд насанд итгэдэг нэгэн байж. Дараа төрөлдөө ямар хүн болон мэндлэхийг хүсэж байгаа талаар нь түүнээс асуухад “хэн ч байсан яах вэ, Клара л хажууд минь байвал болох нь тэр” гэж хариулсан гэдэг.

Хенри Форд 1947 оны дөрөвдүгээр сарын долооны өдөр 83 насандаа таалал төгссөн юм. Үүнээс хэдэн жилийн дараа Клара нөхрийнхөө араас явжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img