2024-05-14, Мягмар
6 C
Ulaanbaatar

Роберт Оппенхеймер: Би одоо үхэл, энх тайвныг сүйрүүлэгч болчихлоо

Цөмийн бөмбөг бүтээх Манхэттены төслийн удирдагч Роберт Оппенхеймерийн тухай бодит түүхийг өгүүлэх “Оппенхеймер” кино өнгөрсөн жил үзэгчдэд хүрч байлаа. Энэ кино ихээхэн шуугиан тарьж, олны анхаарлыг татсан юм. Киноны гол дүрийн эзэн Оппенхеймер 1904 оны энэ өдөр мэндэлжээ. Тэр хэн байв?

1945 оны долдугаар сарын 16-ны өглөө эрт Роберт Оппенхеймер дэлхийг өөрчлөх мөчийг бункерт хүлээж байв. Энэ газраас 10 км зайд, Америкийн Нью-Мексико мужийн Жорнада дель Муэрто цөлд Trinity хэмээх нэртэй дэлхийн анхны цөмийн бөмбөгийг турших ёстой.

Тэр үед Оппенхеймер хэт ачааллаас болж туйлдаж унахын даваан дээр байлаа. Хэзээ ч илүүдэл жинтэй байгаагүй ч төсөл дээр ажиллах гурван жилийн хугацаанд 178 см өндөртэй Роберт турж эцсээр 52 кг болтлоо туржээ. Тэр өдөр Роберт ердөө дөрвөн цаг унтаж, түгшүүр, тамхинаас үүдэлтэй ханиалгын улмаас дахин дахин сэрж байв.

Роберт Оппенхеймерийн амьдрал дахь огцом эргэлтийн энэ мөчийг түүхч Кай Берд, Мартин Шервин нар “Америкийн Прометей” намтарчилсан номонд бичиж үлдээжээ.

Түүхчдийн бичсэнээр, бөмбөг хаяхаас хэдхэн минутын өмнө АНУ-ын армийн генерал Оппенхеймерийг тасралтгүй ажиглаж байв. “Доктор Оппенхеймер цаг ойртох тусам улам л түгшиж, бараг амьсгалахгүй байсан”…

Цөмийн бөмбөгийн дэлбэрэлтийн улмаас нар ч харагдахгүй болов. 21 килотонны хүчин чадалтай тэр дэлбэрэлт тухайн үедээ түүхэн дэх хамгийн хүчтэй дэлбэрэлтэд тооцогдож байсан бөгөөд голомтоос 160 км зайд ч дэлбэрэлтийн долгионыг мэдэрчээ.

1960-аад онд Оппенхеймер ярилцлага өгөхдөө цөмийн бөмбөг турших тэр мөчид “Бхагавадгита” туульсын “Одоо би үхэл, энх тайвныг сүйтгэгч боллоо” гэсэн мөр толгойд орж ирсэн” хэмээн өгүүлж байв. Харин цөмийн бөмбөг туршсаны дараа тэр хямралд оржээ.

Чинээлэг гэр бүлээс гаралтай ганцаардмал нэгэн

Пабло Пикассо, Винсент Ван Гогийн зураг ханаар нь дүүрэн, Нью-Йоркийн бөс бараа импортлогч чинээлэг эрийн гэрт Роберт Оппенхеймер 1904 онд төржээ. Хүүхэд байх үеэс нь л ээж аав нь түүний бүхий л хүслийг биелүүлдэг байв.

Ирээдүйн физикч сайн боловсрол эзэмшин, багаасаа л франц, герман, эртний грек, латынь хэл судлаж байсан бол хожим нь холланд, санскрит хэл сурчээ. Хэдийгээр олон хэл эзэмшсэн, толгой сайтай нэгэн байсан ч үеийнхэнтэйгээ хэл амаа ололцож чаддаггүй байв.

Бусад хүүхдүүд түүнийг дээрэлхэж, нэгэнтээ хөвгүүд түүний хувцсан дээр ногоон будгаар бэлэг эрхтэн зурж, хүйтэн байшинд хоьж байжээ. Яваандаа Роберт үе тэнгийнхэнтэйгээ учраа ололцох гэж хичээхээ больж, бүхий л эрч хүчээ байгалийн шинжлэх ухаан, утга зохиол судлахад зарцуулсан гэдэг.

“Найзуудаас илүү надад физик л хэрэгтэй” хэмээн тэр ярьж байв.

Сайн сурагч биш сайн сургагч байсан

Хамтран зүтгэгчдийнх нь үзэж байснаар, Роберт эрдэм шинжилгээний судалгаа хийх авьяас, туршлагагүй нэгэн байсан гэдэг. Залуу физикч харин багшлах талдаа ихээхэн сайн байсан гэгддэг бөгөөд нэгэнтээ түүнд хичээл зааж байсан Нильс Бор удахгүй залуу хүү профессороос шалгалт авч эхэлнэ хэмээн наргиж байсан гэдэг.

Үнэндээ Робертод сурахад тун амархан байв. Хурц ой ухааны ачаар шинэ мэдлэгийг маш хурдан өөрийн болгодог ч тун удалгүй сонирхол нь буурдаг байсан гэдэг.

Харвардад сурч байхдаа улирал тутамд зургаан хичээл сонгож авч, тэднийгээ хангалттай судлаж чадахгүй байсандаа Роберт хожим харамсаж байв. Мөн өөрөөс нь илүү амжилттай яваа нэгэнд атаархдаг байсан гэгддэг бөгөөд нэгэн удаа өөрөөс нь авьяас бага ч хичээнгүй Фрэнсис Фергюссон сүй тавьсан талаараа дуулгахад атаархсандаа түүнийг боох гэж оролдож байсан гэдэг.

Гэхдээ тэр хосгүй чадвартай багш болжээ. Калифорнийн их сургууль болон Калифорнийн технологийн дээд сургуулийн оюутнууд эрдэмтэн Робертыг ихэд хүндэтгэж, нэг ч лекцийг нь тасалдаггүй байсны дээр Робертыг дуурайн хувцасладаг байсан аж.

openhamer

Хар нүх үүсэх зарчмыг дүрсэлсэн нь

1939 онд Роберт Оппенхеймер Калифорнийн их сургуулийн оюутан Хартленд Снайдерын хамтаар гайхалтай боловч хожим нь хэдэн арван жилээр мартагдсан нээлт хийжээ.

Тэд оддын сүйрэл хар нүх хэрхэн үүсгэдгийг тооцоолж, шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэл хэвлүүлсэн байна. Харин зарим хамтран зүтгэгчид нь тэдний энэ тооцооллыг боломжгүй хэмээн үзэж, эрдэм шинжилгээний нийтлэлд онцгой ач холбогдол өгсөнгүй.Тухайн үед дэлхийн II дайн эхэлчихсэн, хүмүүсийн хувьд оддын тухай судалгаа шинжилгээтэй манатай байлаа.

Гагцхүү 60-аад онд физикч Жон Уилер энэ асуудлыг эргэн сөхөж, цаашлаад 90-ээд онд л хар нүх байдгийг батлах туршилтын нотлогоо бий болсон юм. Оппенхеймер энэ үед амьд мэнд байсан бол Нобелийн шагнал хүртэх байлаа.

Энэ эрдэм шинжилгээний нийтлэл хэвлэгдсэний дараа Роберт суурь шинжлэх ухаанаас гарч, генерал Лэсли Гровсын хамтаар Манхэттений төслийг удирдах болов.

“Манхэттены төсөл “ нь АНУ-ын цөмийн зэвсэг боловсруулах хөтөлбөрийн код нэршил бөгөөд энэ хөтөлбөрийг 1942 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлжээ.

Өмнө нь хүн удирдах ямар ч туршлагагүй Оппенхеймер үй олноор устгах хүчирхэг зэвсэг боловсруулахын тулд хэд хэдэн Нобелийн шагналтнуудыг удирдан ажиллахаар болов.

Эйнштенд тэнэг, Труменд уйланхай санагддаг байсан Роберт

Роберт Оппенхеймер Манхэттены төсөлд оролцох болсон шалтгаан нь гэнэн ч гэмээр. Тэр бээр үр дагавар нь хүн төрөлхтнийг айлгаж, улмаар хэн ч дайн өдүүлэх зүрхгүй болгохоор тийм хүчтэй зэвсэг бүтээнэ гэж боджээ. Гэхдээ Робертын тооцоолол алдав.

Өөрийн гараар аймшигт зэвсэг бүтээсэндээ туршилтын үед л шаналж байсан Робертын хувьд Хирошима, Нагасакиг бөмбөгдсөн үйл явдал асар их цочрол болсон юм.

Хирошима, Нагасакиг бөмбөгдсөнөөс хоёр сарын дараа Оппенхеймер Трумэн ерөнхийлөгчтэй уулзахдаа ЗХУ ч цөмийн зэвсэг бүтээж чадна гэдгийг ойлгуулахыг хичээж байв.

Роберт Оппенхеймер цөмийн дайн болно гэдгээс ихэд айж, гараа цустсан хэмээн хямарч байжээ. Харин Ерөнхийлөгч Трумен Оппенхеймерийг тайвшруулж, эрдэмтэн бөмбөг хаях шийдвэр гаргаагүй учир цус эрх баригчдын гар дээр л үлдэнэ хэмээж байв. Үүний дараа Трумен Робертыг “уйланхай амьтан” хэмээн нэрлэж байсан гэдэг.

Түүнийг таагүй байдлаар хочилдог байсан хүн нь гагцхүү Трумен байсангүй.

Хоёрдугаар дайны дараа Оппенхеймер улс төрийг сонирхож, эрх баригчдад зөвлөгөө өгч, АНУ-ын цэргийн сайд Хенри Стимсонд захидал бичиж, цөмийн эрчим хүчний олон улсын хяналтын талаарх эсээ бичиж байлаа. Харин консерваторууд Оппенхеймерыг коммунистуудад талтай хэмээн буруутгаж, түүнийг үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулагч хэмээн нэрлэж байв.

Өөрөөсөө хардлагыг холдуулахын тулд тэрээр хамтран зүтгэгчдийнхээ эсрэг мэдүүлэг өгч байсан ч “Оппенхеймерийн хэрэг” гэгдэх байцаалтад тэрээр холбогдож, улмаар нууц материалууд үзэх эрхгүй болж байжээ.

Эйнштейн тухайн үед энэ хэрэгтэй холбоотой сонсголд түүнийг орохгүй байх, өөрийгөө дорд үзүүлэхгүй байхыг зөвлөсөн ч Роберт өөрийгөө зөвтгөж, эрх баригчдад үзүүлэх нөлөөллөө сэргээхийг хүссэн аж. Зөвлөгөөг нь аваагүй түүний талаар Эйнштейн нарийн бичгийн даргадаа ярихдаа Робертыг “тэнэг” хэмээн өгүүлж байжээ.

“Тэгшитгэлээр илаарших боломжгүй”

Оппенхеймер суурь шинжлэх ухаанаас гарсан нь амьдралынх нь хамгийн том алдаа гэж үздэг байсан талаар эхнэр Китти нь өгүүлж байв.

Манхэттены төслийн бусад оролцогчид судалгаандаа эргэн орсон бол Оппенхеймер ийм алхам хийсэнгүй, харин тухайн цаг үеийн дэлхийн хүчирхэг хүмүүстэй холбоо харилцаа тогтоож, улс төрийн чухал хүн болохыг хичээж байв.

Ингээд 1945-1967 оны хооронд улаан хоолойн хорт хавдрын улмаас хэвтэрт орж, энэ хугацаандаа эрдэм шинжилгээний нийтлэл ердөө тавыг хэвлүүлжээ.

Өвчинтэй нүүр тулж, үхлийн ирмэг дээр ирсэн Роберт Оппенхеймер бүхий л хүчин чадлаа ашиглаж чадаагүй гэж үглэдэг байж. Тиймээс эхнэр Китти нь нөхрийнхөө найз Фримен Дайсонд хандаж, түүнийг хэсэг хугацаанд судалгаанд эргэн татан оруулахыг гуйсан гэдэг.

Харин Дайсон татгалзжээ. “Түүний шаналлыг тэгшитгэлээр илааршуулахад хэдийнэ оройтсон” хэмээн өгүүлсэн гэдэг. Роберт Оппенхеймер 1967 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр таалал төгсжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img