УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Сүүлийн үед УИХ-аас гарч байгаа тогтоол шийдвэрүүд сонгуульд зориулсан, иргэдэд шууд мөнгө тараахаар чиглэсэн, сонгогчдын саналыг худалдаж авахад чиглэсэн олон зөрчилтэй олон хууль гаргах саналд нөлөөлөхийг оролдож байна. Тэр дундаа өнөөг хүртэл тогтож ирсэн санхүүгийн механизм, институцыг эвдсэн хуулиуд гарч байна. Хоёрдугаарт, улс төрийн нөхцөл байдлын талаар Бүлгийн хурлаар ярилцлаа. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр С.Зориг агсны хэрэгтэй холбоотой улс төрд байнга ашиглагддаг зүйлсээр манай гишүүд байр сууриа илэрхийлсэн. Сонгууль дөхөхөөр С.Зориг агсны хэрэг дандаа яригддаг. Энэ хэргээр нэг улс төрийн хүчин дандаа хожоо хийж байдаг. Нэг улс төрийн хүчин дандаа буруутан болдог. Тэр хэрэгтэй холбоотой материалыг өнөөг хүртэл ил тод нээлттэй болгодоггүй. Хаалттай байх тусам, нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг. Ийм л нөхцөл өнгөрсөн хугацаанд явж ирсэн. Өнөөдрийн бүлгийн хурлын шийдвэрээр С.Зориг агсны хэрэгтэй холбоотой бүхий л асуудлуудыг хууль дүрмийн хүрээнд нээлттэй болго гэж бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлсэн. Нээлттэй болгох эрх нь Засгийн газарт бий. Тиймээс С.Зориг агсны хэргийн бүх материалыг нээлттэй болгох бичиг, шаардлагыг хүргүүлнэ” гэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Сүүлийн үед болж байгаа нөхцөл байдлыг орон даяар харлаа. Хэд хэдэн нэвтрүүлгийг Монголын 19 телевизээр цагийг нь давхцуулж, үзэгчдэд сонголтгүйгээр үзүүллээ. Тухайлбал, “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг. С.Зориг агсны гэргий Булган ярилцлага өглөө. Эдгээр нэвтрүүлэг нийгмийг ихээхэн талцуулж байна. Иргэдийг хувааж байна. Энэ нь цаашлаад үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөхүйц болчихлоо. 1998 оны аравдугаар сарын 2-ны хар өдрөөс хойш 26 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд тухайн аллагын эзэд илэрсэн эсэхээр олон түмнийг эргэлзээтэй байдалд оруулсан. Тиймээс АН-ын бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг явуулъя гэж шийдлээ. С.Зориг агсны аллагатай холбоотой хэргийг нууцаас гаргаж, ил болго. Тэр байтугай эрүүдэн шүүсэн гээд байгаа асуудлыг ч гэсэн ил болго. Тэгэхгүй бол 2000 онд Цагдаагийн даргад байсан хүн МАН ялахгүй бол С.Зориг агсны хэрэг илрэхгүй гэсэн. Тэрнээс хойш 26 жил болсон байна. Хэд хэдэн сонгуульд ингэж орсон” гэв.