2024-05-20, Даваа
10 C
Ulaanbaatar

В.Набоков: Танилуудын минь дунд дэндүү олон сэхээтэн луйварчид байдаг нь миний нүгэл

Оросын элит гэр бүлд төрж өссөн Владимир Набоков хар багаасаа оросоос гадна англи, франц хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ. Тэрээр 1916 онд арвандолоохон насандаа нагац ахаасаа сая гаруй рубль өвлөсний дээр Москвагаас холгүй орших гэр бүлийнхээ Рождествено эдлэнд эзэн суусан гэдэг. Гэвч Октябрийн хувьсгал гарснаар түүний гэр бүл эхлээд Герман, улмаар АНУ-д цагаачлахад хүрчээ. Нобелийн утга зохиолын шагналд найман удаа нэр дэвшсэн хэрнээ нэг ч удаа хүртээгүй В.Набоковын эшлэлүүдийг ОХУ-ын “Правила жизни” сэтгүүл ийн эмхэтгэснийг хүргэж байна.

Миний бичсэн бүх номыг эх оронд минь хэвлэхийг хорьсон нь Орос оронд л гарз болохоос надад бол биш ээ

  • Үнэн бол орос хэлний бусад үгстэй авцалддаггүй цөөн хэдэн үгийн нэг нь юм.
  • Бурханд хөтөчтэй жуулчид бус ганцаардмал аялагчид л хүрдэг.
  • Уян сэтгэлийг мэдрэмжээс ялган авч үзэх шаардлагатай. Учир нь уян сэтгэлтэй гээч хүн хувийн амьдралдаа айхтар харгис байж болдог. Харин нарийн мэдрэмжтэй хүн хэзээ ч харгис байж чаддаггүй.
  • Миний амьдралын туйлын эмгэнэл гэвэл маш баялаг, дуулгамтгай орос хэлээ хоёрдугаар зэргийн англи хэлээр солиход хүрсэн явдал юм.
  • Амбиц ихтэй ч авьяасгүй, сайхан сэтгэлтэй ч дундаж хүмүүс өөрсдийн нооргоо бусдад ил болгодог.
  • Би хэзээний л тааруухан уран илтгэгч. Миний хэл ярианы баялаг оюун санааны минь гүнд оршдог тул цаасан дээр л гарч ирдэг юм. Шууд л уран яруу ярих гэдэг надад гайхамшиг гэж санагддаг. Би нийтэлсэн бүхнээ олон дахин засварлан янзалж байж л олны хүртээл болгсон юм. Харандаагаар бичсэн хичнээн ч зүйлээ баллуурдсан юм бүү мэд.
  • Дурсамж дурдатгалдаа дурлах тусам тэр чинь илүү хүчирхэг, илүү гайхамшигтай юм шиг санагддаг талтай.
  • Надад зохиол бичихийг заасан хүн гэж үгүй. Энэ утгаараа би Прусттэй төстэй ч юм шиг…
  • Герман хэл яриа миний огиудсыг хүргэдэг. Цементэн зам дахь гэрлэн дэнлүүнүүдийн тусгал, урган цэцэглэх туулайн бөөрний модод, эндхийн сохор хүмүүсийг хөтлөх бурханлиг гэмээр нохдоос гадна балиар, уйтгартай Берлин, муудсан хиам, өөртөө сэтгэл ханасан бусармаг байдлын үнэр хамар цоргидог учраас л тэр.
  • Олон цэг нь өлмий дээрээ чимээгүйхэн одсон үгсийг илэрхийлдэг байх.
  • Би аль нэг хэл дээр сэтгэдэггүй. Би дүрсээр сэтгэдэг. Хүмүүс ямар нэг хэл дээр сэтгэдэг гэдэгт би итгэдэггүй.
  • Би загасчилдаггүй, хоол хийдэггүй, бүжиглэдэггүй, ямар нэг ном унш гэж зөвлөдөггүй, гарын үсгээ зурж үлдээх дургүй, элдэв тунхаглалыг дэмждэггүй, хясаа иддэггүй, согттолоо уудаггүй, сүмд залбирдаггүй, сэтгэл зүйч эмч нарт ханддаггүй, жагсаал цуглаанд оролцдоггүй.
  • Сексийг нийгмийн тогтолцооны хувьд, сексийг ерөнхий ойлголтынх нь хувьд, сексийг хүндрэлтэй асуудлын хувьд, сексийг бусармаг зүйлийн хувьд ярихыг би дэндүү уйтгартай сэдэв гэж боддог. Сексийг амар тайван байлгая л даа.
  • Жинхэнэ зохиолч хүн өрсөлдөгчдийнхөө уран бүтээлийг сайтар судлах учиртай. Үүний дотор бурхныхыг.
  • Би “Анна Каренина”-г XIX зууны утга зохиолын оргил бүтээл гэж боддог. “Иван Ильичийн үхэл” мөн ойролцоо. Харин “Сэргэлт”, “Крейцерийн сонат” ер таалагддаггүй. Үүнээс гадна Толстойн шүүмж нийтлэлүүд авахын аргагүй. Үүнээс гадна би “Ах дүү Карамазовынхан”, ёс суртахуун үглэсэн “Гэм зэм” зэрэгт дургүй. Мэдээж хэрэг би зан суртахуун, өөрийгөө нээх эрэлхийллийн эсрэг биш. Гэвч дээрх номуудад гэм зэмийн тухай хэт гэнэн ойлголт, сониных гэмээр бичлэгийн хэв маяг нь олиггүй гэж боддог.

  • Би ачааны машин, радио хүлээн авагч зэргийг хэрэглэхийг болиулж, мотоциклийн чимээг хуулиар хориглон хөнгөн хөгжмийг олон нийтийн газар тавихыг болиулмаар байна. Мөн зочид буудлуудын ванны өрөөг зайчлахын тулд bidet жорлон тавихыг ч хоригломоор байна даа.
  • Номуудад минь дэндүү олон мунхаг улстөрчид, танилуудын минь дунд дэндүү олон сэхээтэн луйварчид байдаг нь миний нүгэл шүү.
  • Германы хөлсний орон сууцны эвдэрхий буйдан дээр дөчин гурван жилийн тэртээ бичсэн эхний зохиолоос эхсүүлээд миний бичсэн бүх номыг эх оронд минь хэвлэхийг хорьжээ. Энэ нь Орос оронд л гарз болохоос надад бол биш ээ.
  • Миний үгний баялаг оюун санааны минь гүнд оршдог тул гарч ирэхэд нь зайлшгүй цаас хэрэг болдог.
  • Хорвоод ганцхан сургууль бий. Түүнийг авъяасын сургууль гэдэг юм.

В.Набоков

  • Би Америкийг бас Лолитаг зохиох ёстой байсан юм.
  • Би шатар тоглох дуртай. Учир нь шатарт ч, урлагт ч хууралт гэдэг тоглоомын ердөө нэг хэсэг байдаг.
  • Хүн бүр өөр өөр юманд сэтгэл догдолдог… Тийм юм зайлшгүй байх хэрэгтэй. Харин жигшдэг зүйлсээ тоочиход амархан. Тэдгээр нь, тэнэглэл, дарангуйлал, гэмт хэрэг, харгислал, поп хөгжим.
  • Би ер нь яах гэж номуудаа бичсэн юм бэ? Таашаал авах гэж, амаргүй бодлогын хариуг олох гэж. Нийгэмд нөлөөлөх гэсэндээ, ёс суртахуун номлох гэсэндээ биш л дээ. Зүгээр л би гоё задаргаатай оньсого зохиох дуртай юм.
  • Уран зөгнөлгүйгээр шинжлэх ухаан байдаггүйтэй адил баримтгүй урлаг гэж мөн үгүй. Энд гэж хэлэхэд, онч мэргэн үг афоризмд хэт автах нь зөнөж буйн шинж бас байж болох талтай.
  • Шинжлэх ухаан гэдэг миний хувьд юуны түрүүнд байгалийн шинжлэх ухаан. Эвдэрсэн радио хүлээн авагчийг засах чадвар биш шүү.
  • Сүүлийн жилүүдэд хамгийн мэдрэмжтэй бичдэг зохиолчид бол Сэлинжер, Апдайк нар гэж бодох юм.
  • Аливаа сайн төлөвлөгөөнд ямар нэг хуурмаг юм байх хэрэгтэй юм шиг надад санагддаг.
  • Бодит байдал гэдэг бодсоноос илүү субъектив зүйл.
  • Би хүнд мэдэгдсэнээс хамгийн хүчтэй зүйлст татагддаг. Тэдгээр нь зохиол бичих, эрвээхэй барих.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img