2024-06-16, Ням
29 C
Ulaanbaatar

“Бяцхан удирдагч” Маржи Робертс “төмөр хатагтай” Маргарет Тэтчер болж хувирсан нь

45 жилийн тэртээ 1979 оны тавдугаар сарын 4-нд Их Британийн парламентын сонгуульд Маргарет Тэтчер тэргүүтэй Консерватив нам зүүний үзэл бодолтой лейбористуудыг итгэл төгс ялжээ. Ингэснээр Маргарет Тэтчер Европын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон юм.

Тэрээр эдийн засгийн хямралд нэрвэгдэн их гүрний цог гялбаагаа алдсан Их Британийг дэлхийн улс төрийн тэргүүн эгнээнд эргүүлэн авчрахыг амлаж, хэлсэн үгэндээ ч хүрсэн. Гэсэн хэдий ч төрөлх улсдаа хамгийн их үзэн ядагддаг улстөрч болж хувирсан гэдэг.

Хүнсний лангууны эзний охин

TetcherАливаа аугаа хүний намтарт хүнд хэцүү хүүхэд насандаа шоовдорлогдсон ч бүхий л бэрхшээлийг даван туулж амжилтад хүрнэ гэж өөртөө амлаж байсан гэх мэт зүйл ажиглагддаг. Харин Маргарет Тэтчерийн намтарт тиймэрхүү зүйл ер үгүй.

Хэзээний шазруун, зорьсондоо хүрч байж санаа амардаг зантай түүнийг эцэг эх нь Маржи, мөн “бяцхан удирдагч” гэж өхөөрдөн нэрлэдэг байжээ. Бүтэн нэр нь уг нь Маргарет Хилда Робертс.

Тэрээр Алфред, Беатрис Робертс нарын гэр бүлд 1925 оны аравдугаар сарын 13-нд Грантем хэмээх жижигхэн хотод төржээ. Грантемийн хэмжүүрээр тэднийх нэлээд чинээлэг гэр бүлд тооцогддог байв. Алфред хоёр ч хүнсний лангууны эзэн, эхнэр Беатрис нь нэлээд их захиалга авдаг ажилсаг оёдолчин учраас л тэр.

Алфредийн өвөг дээдэс XIX зуунд Английг ниргэсэн Их өлсгөлөнгийн үеэр тэнгис далайг гатлан Америкт хөл тавьсан ирландууд байж. Халаасандаа улаан зоосгүй тэд нүүж ирсэн шинэ нутагтаа бүхнийг эхнээс эхлүүлэхэд бишгүй бэрхшээлийг даван туулсан нь тодорхой. Учир нь тэд католик шашинтай ирландууд байсан юм. Протестант шашинтай Англид ч, Америкт ч тэднийг ойшоодоггүй, элдвээр гоочилдог байжээ.

Иймд ирландууд шинэ нийгэмд дасч зохицон хөл дээрээ босч ирэхэд юунаас ч шантралгүй ихэд хичээл зүтгэл гаргах шаардлагатай байсан аж. Алфредийн өвөг дээдэс тэгж чаджээ. Тэдний үл шантрах хичээл зүтгэлтэй хөдөлмөрч зан нь дараа дараагийн үеийнхний генд бат бэх суусан гэлтэй. Маржид ч мөн уламжлагджээ.

Дэлхийн нэгдүгээр дайны үед Алфред фронтод явж байлдах зургаан өргөдөл гаргасан ч хараа муутай тул эмнэлгийн шалгалтыг нэг ч удаа давж чадаагүй аж. Иймд тэрээр хүнсний лангуунуудаа ажиллуулахын зэрэгцээ улс төрд идэвхтэй оролцон Грантемийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож чаджээ. Түүний хүнсний лангууны бизнес төдийгүй улс төрийн элдэв үйл ажиллагаанд бяцхан охин Маржи нь байнга дагалдана.

Tetcher

Гэхдээ тэрээр аавын эрх охин байсангүй. Алфред гэр бүлийнхнээ дарангуйлдаг нэгэн биш ч охиндоо ихээхэн шаардлага тавьдаг чанд хатуу эцэг байжээ. Тэр үеийн Англид ихэвчлэн хүү нараа тэгж хүмүүжүүлдэг байсан гэнэ. Гэвч Алфред, Беатрис Робертс хоёр хүү заяасангүй, хоёр охинтой болж, бага нь Маргарет байжээ.

Иймд “self made man” буюу өөрөө өөрийгөө бүтээсэн мятаршгүй хөдөлмөрч Алфред охидоо хөдөлмөрч хичээнгүй, бие даасан байдалтай болгох гэж хүмүүжүүлэхийг эрмэлзсэн аж. Тэгээд зорьсондоо ч хүрчээ.

Маржи ном унших дуртай, хичээлдээ сайнаас гадна маш идэвхтэй, нийгэмд дасан зохицох чадвар сайтай охин болсон байна. Тэрээр олны дунд байнга бужигнаж өдрийн дотор үй олон ажил амжуулна. Маржи шүлэг зохиож уншин олон нийтийн мэтгэлцээнд оролцохын сацуу зүлгэн дээрх хоккей тоглож, усанд сэлэлтийн спортоор хичээллэж, төгөлд хуур хүртэл тоглодог байжээ. Тэрээр сургуульдаа бүхий л хичээлд сайн ч химид онцгой амжилт гаргасан тул энэ чиглэлээр их сургуульд элсчээ.

Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд Робертсийн гэр бүл лангуунууддаа фронтод зориулан хөрөнгө цуглуулах ажлыг санаачилсан ба үүнд Маржи маш их идэвх зүтгэлтэй оролцсон байна. Чухамхүү дайн л охинд эх оронч үзлийг гүн суулгаж, эцэст нь улс төрд ороход нь нөлөөлсөн байж болох юм. Дайн дэгдээгүйсэн бол тэрээр Лондоны аль нэг лабораторид химичээр чимээгүйхэн ажиллах байсан биз ээ. Ингэж л Маржи Маргарет болж хувирчээ.

“Төмөр хатагтай”

Tetcher

Маргарет Робертс 1943 онд 17 насандаа Оксфордын их сургуульд элсэв. Тэнд л тэрээр улс төрийн анхны алхмуудаа хийжээ. Үүний сацуу Маргарет сургалтын төлбөрөө төлөхийн тулд маш их ажиллахад хүрнэ. Хэдий тийм ч тэрээр оюутнуудын амьдралд идэвхтэй оролцохын дээр Оксфордын их сургуулийн Консерватив холбооны гишүүн болжээ.

Сурлагынхаа үеэр Маргарет Робертс академик хүрээлэлд хүйсээр ялгаварлан гадуурхах явдалтай тулгараад зориудаар үүнийг эсэргүүцэн маш эмэгтэйлэг хувцаслах нь зүйтэй гэсэн үзэл бодолтой болсон аж. Тэр цагаас хойш энэ үзэл бодлоосоо салаагүй. Маргарет Тэтчерийг даашинзны оронд өмдтэй, эсвэл өөр нэг юнисекс өмсгөлтэйг нь харсан хүн үгүй.

Гэртээ тэрээр хэдий зав муутай ч нөхөр Деннис Тэтчерт өглөөний хоолыг нь байнга бэлдэж, заримдаа бүр үдийн зоогийг ч хийдэг байжээ. Энэ нь түүний эрчүүдийн үзэл бодолд авталгүй эмэгтэй гэдгээрээ улс төрийн тэмцэлд ялах нэг нөхцөл болсон гэж үздэг.

1952 оны хавар түүний аав Алфредийг анх удаа Грантемийн удирдах зөвлөлд сонгоогүй аж. Үүний шалтгаан ойлгомжтой, тус хотын зөвлөлд үнэмлэхүй олонхи болсон Лейборист намынхан хэт шашинлаг аавыг нь албан тушаалаас нь огцруулжээ.

Лейбористууд уламжлал ёсоор Английн хотуудын ядуу хэсэг, нэн ялангуяа ажилчдын эрх ашгийг хамгаалсаар иржээ. Тэгээд ч дэлхийн хоёрдугаар дайн дуусч, 1952 оны хэрэг.

Нацист Германыг бутцохиход ЗХУ гол үүрэг гүйцэтснийг дэлхий нийтээр мэдсэн. Иймээс ч даяараар зүүний үзэл газар авсны нэг нь өнөөх л Их Британи. Үүнээс болж Маргарет Тэтчерийн эцэг албан тушаалаасаа огцорчээ.

Энэ тухай нулимс дуслуулан хожим хойно дурссан тэрээр улс төрийн карьерийнхаа туршид зүүний үзэл бодолтой Их Британид төдийгүй дэлхий даяар тэмцсэн аж. Түүний улс төрийн хатуу чанд бодлогыг хожим хойно “Тетчеризм” гэж нэрлэсэн билээ.

Маргарет Тэтчерийг Их Британийн Ерөнхий сайд болсон 1979 онд улс оронд нь байдал дэндүү “хогийн” байсан учраас тэрээр Лейборист намын өмнө нь хэрэгжүүлсэн нийгмийн бүх хөнгөлөлтийг цуцалжээ. Тэр ч бүү хэл бүр 1950-иад оноос хэрэгжиж эхэлсэн дунд сургуулийн хүүхдүүдийг үнэгүй сүүгээр тэтгэх хөтөлбөрийг ч хүчингүй болгосон байна. Иймээс ч түүнийг “сүү хуйлгайлагч” гэж дуудах болжээ.

Гэвч төрөөс олгодог иймэрхүү тэтгэмжүүдийг ихээр хазаарласны дээр “British Telecom”, “British Gas”, “British Airways” гэх мэт төрийн мэдлийн компаниудыг хувьчилснаар тус улсын төсөвт арвин их мөнгө цутгаснаас гадна хувийн компаниудын бизнес цэцэглэхэд хүргэсэн аж. “Төмөр хатагтай” үүнээс гадна компаниудын бизнесий идэвхжил, хүн амын хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор татварыг хоёр дахин бууруулжээ.

Tetcher

Сонирхолтой баримт гэвэл, Маргарет Тэтчер “төмөр хатагтай” хочоо дэмжигчдээсээ бус, харин ч гол дайсан ЗХУ-ын удирдагч Л.Брежневээс хүртсэн аж. 1976 году түүнийг ЗХУ-ын гадаад бодлогын талаар эрс шүүмжлэлтэй хандахад Л.Брежнев, “Яасан сүрхий төмөр шиг эмэгтэй вэ” гэсэн гэдэг.

Энэ хоч нь Маргарет Тэтчерт эхэндээ таалагдаагүй ч няцашгүй байдлыг нь ийн дайсагнагч тал хүлээн зөвшөөрснийг мөн хүлээн авч дэмжигчиддээ өөрийг нь нь ийн нэрлэхийг зөвшөөрсөн гэнэ лээ.

Харин Их Британийн хатан хаан, хоёрдугаар Элизабеттэй тэрээр амаргүй харилцаатай байжээ. Уг нь тэр хоёр нэг л насны зөрүүтэй. Маргарет Элизабетээс ганцхан насаар эгч. Аль аль нь нэг л шийдсэн бол үзэл бодлоосоо урвадаггүй зантай нь нөлөөлсөн байж болох юм даа…

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img