2024-06-15, Бямба
14.6 C
Ulaanbaatar

Раисигийн үхэл Иран дахь эрх мэдлийн төлөөх тэмцлээс үүдэлтэй байж болзошгүй

Тавдугаар сарын 19-ний өдөр Ираны Ерөнхийлөгчийн нисдэг тэрэг сүйрсэн талаарх мэдээлэл гарсан нь дэлхий дахины анхаарлыг ихэд татсан юм. Тухайн үед Ибрахим Раиси албаны төлөөлөгёдийн хамт Азербайжанаас буцаж явсан бөгөөд хоёр нисдэг тэрэг амжилттай газардсан бол Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд, мужийн захирагч зорчин явсан нисдэг тэрэг Азербайжантай залгаа хилээс холгүйхэн ууланд осолдсон талаар өмнө нь бид олон улсын агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар мэдээлж байлаа.

Нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдсан Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нарыг оршуулах ёслол даваа гарагт болж, Иран даяар таван өдрийн гашуудал зарлажээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй, цаг агаарын нөхцөл муу байсан, манантай үед нисгэгчид зүг чигээ алдсан, Америкт үйлдвэрлэсэн нисдэг тэрэг хуучирсан байсан тул техникийн гэмтлээс болсон гэх төрөл бүрийн таамаглал дэвшүүлж байгаа юм.

Үүний зэрэгцээ, энэ ослыг зориудаар зохион байгуулсан байж болзошгүй гэх таамаглал осол болсон үеэс л олон хүнд төрж байлаа. Түүнчлэн олон улсын хэвлэлүүд ч үүнтэй холбоотой төрөл бүрийн таамаг дэвшүүлж байна.

Тухайлбал, Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси амиа алдсан нь тус улс дахь эрх мэдлийн төлөөх дотоод улс төрийн тэмцлийн үр дагавар байж мэднэ, гаднаас ч оролцсон байхыг үгүйсгэхгүй, энэ тохиолдолд гол сэжигтэн нь Израил гэж Туркийн Hurriyet сонин бичжээ.

Энэ сонин Засгийн газрыг баримтлагч бөгөөд дээрх таамаглалыг нийтлэлдээ дэвшүүлсэн тоймч Абдулькадир Сельвигийн үзэж байгаагаар, онгоцны сүйрэлд гадны хүчин хамааралтай бол гол сэжигтэн нь Израил, “гэхдээ энэ бүс нутагт АНУ-ын дэмжлэггүйгээр Израил хөдлөж чадахгүй” гэнэ.

Үүний зэрэгцээ, Иранд тус улсын дээд лидер Али Хаменеи өндөр настай болсонтой холбоотойгоор эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж байгааг тоймч онцолсон байна. Тоймчийн үзэж байгаагаар, Ибрахим Раиси дээд лидерийн албан тушаалд очих магадлал өндөртэй хүмүүсийн нэг байсан ч Хаменеигийн хүрээллийнхэн дээд лидерийн хүү Можтаба Хаменеиг залгамжлагчаар тодруулах эрмэлзэлтэй байгаа аж.

Түүнчлэн, Гадаад хэргийн сайд Амир Абдоллахиян ч бай болсон байхыг үгүйсгэх аргагүй гэж тоймч онцолсон байна.

“Раисигийн дараа Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсийн нэг нь Амир байсан. Энэ осол түүний амь насанд халдсан үйлдэл байсан бол энэ нь нэг сумаар хоёр туулай буудсан хэрэг боллоо ” хэмээн Hurriyet сонины тоймч онцолсон байна.

Сүйрлийн өөр нэг шалтгаан нь Раиси Азербайжантай ойртох болсонтой холбоотой байж мэднэ гэж тоймч таамагласан байна.

“Азербайжаны Ерөнхийлөгч асан Абульфаз Эльчибей Өмнөд Азербайжантай нэгдэхийн төлөө зогсдог байсны улмаас мөн л үгсэн хуйвалдааны золиос болж эрх мэдлээс түүнийг холдуулсан гэж” тоймч Сельви онцолжээ.

Энэ зуур, АНУ-ын захиргаа Ибрахим Раиси амиа алдсан нисдэг тэрэгний осолд АНУ болон Икзраилыг холбоотой гэж Ираны тал буруутгахаас ихэд болгоомжилж байгаа гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Politico сонин мэдээлжээ.

Тус сонины мэдээлснээр, Вашингтон бүс нутгийн статус-квог хадгална гэж тооцолохын дээр таамаглал, хардлага сэрдлэгэ нь Израилтай харилцах харилцаанд хурцадмал байдлыг үүсгэж болзошгүй гэж болгоомжлон Ираны үйлдэл бүрийг анхааралтай ажиглаж байгаа гэнэ. Мөн ойрын үед Ираны улс төрд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй гэж АНУ-ын тал таамаглаж байгаа аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img