2024-06-16, Ням
24 C
Ulaanbaatar

Нүүрс экспортлогчид юуг анхаарах вэ?

ZolooЖ.Золжаргал
Монгол нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал

Нийт дүнгээрээ бол сүүлийн 5 жил БНХАУ-ын нүүрсний хэрэглээ огцом өссөн буюу 2016 оноос хойш 1 тэрбум тонноор нэмэгдэж жилд 4.3 тэрбум тоннд хүрсэн. Үүний 95 хувь нь эрчим хүчний нүүрс. Коксжих нүүрсний хувьд 533 сая тонноос 591 сая тонн хүртэл буюу 59 сая тонноор нэмэгджээ. Эндээс үндсэн чиглэлийг нь анзаарч болно. Өөрөөр хэлбэл суурь аж үйлдвэрээс илүүтэй хүн амын хэрэглээ, үйлчилгээ салбар огцом нэмэгдсэнтэй холбоотой эрчим хүчний нүүрсний хэрэглээ нь түлхүү өссөн байна.

Тэгвэл цаашдаа хэрхэх вэ? Эдийн засгийн өсөлтөөс мэдээж бүх зүйл хамаарна. Гэхдээ тодорхой зүйл бол Хятадын эдийн засаг улсын хөгжлийн түвшин сайжрахын хэрээр үйлдвэрлэгчээсээ үйлчилгээний салбар руу нэлээд хэвийж буй. Хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, ахуйн хэрэглээ, үйлчилгээний салбарт шаардлагатай эрчим хүчээр хангах хэрэгтэй гэсэн үг. Иймээс эрчим хүчний нүүрсний хэрэглээ ойрын жилүүдэд өндөр хэвээр байна. 2030 оноос эхлээд нүүрсний хэрэглээ буурна гэж тооцдог. Гэхдээ тэр хүртэл бас нэлээд хэдэн жил байна. Одоогоор таахад бэрх. Ямар ч байсан огцом буурах үндэслэл бол байхгүй. Эрчим хүчний 5500 ккал жишмэл нүүрсний өнгөрсөн жил дунджаар 714 юань/т байв. Энэ жил үнийн уналттай байна.

Харин коксжих нүүрсний хувьд өнгөрсөн жил 108 сая тонныг гадаадаас авсан. Үүнээс 69 сая тонныг Монгол Улсаас. Энэ бол түүхэн дээд хэмжээ. 2024 оны хувьд ч мөн их хэмжээгээр авах төлөвтэй байгаа. Гэхдээ үнэ буурч байна. Цаашдаа дахин буурах төлөвтэй байна. Үндсэн шалтгаан нь гангийн үйлдвэрлэл буурч байна. БНХАУ-ын нэг хүнд ногдох гангийн хэмжээ 742 кг байгаа нь Япон Улстай оройтож очсон гэсэн үг.

Дэлхийн тэргүүлэгч дэд бүтэцтэй Япон Улсын нэг хүнд 802 кг ган ногддог. Гэхдээ Хятадын хүн ам, барилга байшин, зам харилцааны нягтрал Японоос харьцангуй бага. Тиймээс цаашдаа гангийн хэрэгцээ бараг нэмэгдэхгүй байх. Бүс ба зам санаачилгын хүрээнд олон улсын төслүүдэд БНХАУ идэвхтэй ажиллаж байгаа. Гэхдээ тус улсын эдийн засгийн өсөлтийн удаашрал, дэлхий дахины хямралт байдлаас болоод цаашид гадаад бүтээн байгуулалт хэрхэн явах нь тодорхой бус байна. Эндээс дүгнээд хэлэхэд коксжих нүүрсний Хятадын зах зээл, үнэ ойрын жилүүдэд сайн байхгүй нь.

Өнгөрсөн жил ба энэ жилийн Хятадын коксжих нүүрсний импортын өсөлтийн цаана дэлхийн нүүрсний худалдааны чиглэлийн өөрчлөлт, олон улсын хямрал, ойрын найдвартай хөршүүдтэйгээ түлхүү хамтарч ажиллах хүсэл зэрэг нөлөөлж байна. Монгол Улс, ОХУ-аас түлхүү авч байгаа. ОХУ-ын дэд бүтцийн хязгаарлалтаас болоод энэ жил нийлүүлэлт нь дорвитой нэмэгдэхгүй байгаа тул Монголоос ахиухан авч байна.

Ирэх жил ОХУ-ын дэд бүтцийн чадамж дахин 30 сая тонноор нэмэгдэнэ. Тэр нь манайд нөлөөлөх байх. Хоёр дахь хүчин зүйл нь Хятадын уурхайнуудын олборлолтын өртөг өндөр байгаа учраас манайхаас авах хэмжээ нэмэгдсэн. Гэхдээ Хятадын дотоодын уурхайнууд бас ашиг олж ажиллах шаардлагатай учраас монголын нүүрсний нийлүүлэлтийг хязгаарлах хүчин зүйл болох магадлалтай. Энэ ч ойлгож болохуйц зүйл.

Тиймээс энэ жилийн хувьд хэмжээ боломжийн их байх ч үнэ бага байх нь тодорхой байна. Ирэх жил үнэ ба хэмжээний хувьд аль аль нь сорилтын өмнө тулгарч болзошгүй. Харин эрчим хүчний нүүрсний хувьд ойрын жилүүдэд ахиу хэмжээгээр нийлүүлэх боломж нэмэгдэж байна. Тиймээс дэд бүтцээ сайжруулахад үргэлжлүүлэн анхаарах хэрэгтэй байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img