Цагдаагийнхан “Их Бит” ХХК-ийн IHC койн, Ард бит ХХК-ийн ARD койн, Элф Эдүкэшн ХХК-ийн ELFC койнуудыг анхдагч зах зээлд гаргаж хөрөнгө төвлөрүүлсэн хүмүүст холбогдох хэргийг шалгаж эхлээд буй.
Энэ дуулиан IHC койныг гаргасан О.Мөнхжин тэргүүтэй залуусыг хорьж шалгасан явдал байлаа. Эргэн сануулахад “Их Бит” ХХК-ийг хувийг О.Мөнхжингөөс гадна Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, Б.Идэр-Од нар хамтран эзэмшиж койнд мөнгө төвлөрүүлж эхэлсэн юм. Б.Идэр-Одын хувьд койн гаргаж мөнгө босгосны дараа хувьцаагаа шилжүүлсэн учраас хариуцлагын гадна үлдэж буй. Тэрээр өнгөрсөн оны гуравдугаар сард Австрали руу явсан хэмээн хэвлэлүүд онцолж байна.
Койны халуурал ид байх үед хэвлэл мэдээллийн гол сувгууд койн сурталчилсан төлбөртэй мэдээллээс татгалзаж, койны эрсдлийн талаар мэдээлэл хүргэж, засаг зүгээс СЗХ, Монгол банк сэрэмжлүүлсэн мэдэгдэл гаргаж, эдийн засагчид байр сууриа идэвхтэй хүргэж байсныг энэ дашрамд онцолъё. Тухайн үед буюу 2021 оны наймдугаар сард гэхэд л эдийн засагч Г.Батзориг “Койн бол нэг төрлийн компьютерийн код. Энэ кодны цаана ямар нэгэн бизнес, бодит зүйл байхгүй. Тэр утгаараа бид койныг хөрөнгө оруулалтын түвшинд харахгүй байгаа.
Блокчейн дээр суурилсан цахим мөнгөнүүд гарч байна. Гэхдээ үүнийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт бэлэн мөнгө төлбөрийн хэрэгсэл болох чадвартай байдаг. Ийм савлагаа өндөртэй зүйл төлбөрийн хэрэгсэл болж чадахгүй. Өнөөдөр 150 койноор талх худалдаад авлаа гэж бодъё. Маргааш 1500 койноор худалдаж авах уу? Товчхондоо үнийн хэлбэлзэл өндөртэй зүйл төлбөрийн хэрэгсэл болж чадахгүй” хэмээн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа онцолж байсныг эргэн сануулъя.
Энэ мэт өчнөөн ярилцлага, нийтлэл хөвөрснийг жагсаавал барагдахгүй. Гэхдээ тухайн үед анхааруулаад байхад койн авч, мөнгөө цаас болгосон гэж иргэдийг шууд буруутгах хэцүү. Койн авах сэдэл төрүүлтэл олны сэтгэл зүйд нөлөөлж, өөрсдөө их хэмжээний ашиг хийж хөрөнгөжсөн сошиал инфлүүсэрүүдэд ч хариуцлага тооцох учиртай.
Ингэж онцлохоос аргагүй нөхцөл үүсээд байна л даа, өнөөдөр. Олны танил, сошиалд нөлөөтэй эрхмүүд “Нүүрсчдийн шуугианыг койнчдоор дарах гэлээ, ингэж болохгүй” гэх мэтээр бичиж, яриад эхэллээ. Шуудхан хэлэхэд койнчдыг өрөвдөх энэ тактик байгаа онохгүй байна. Нүүрсчдийн хэрэг тусдаа шалгагдаж яваа, койнчдын хэрэг ч бас тусдаа кейс гэж хардаг хэрсүү болцгооё, бултаараа.
Шуугианыг шуугианаар дарах тактикийг улстөрчид гарамгай хэрэгжүүлдэг, энэ удаагийнх ч тийм сэдэлтэй өрнөснийг үгүйсгэхгүй. Гэхдээ олонх иргэд нүүрсний хулгай дээр ч, койны луйвар дээр ч хариуцлага нэхэх чадвартай, тэр дайны хэрсүү бол улстөрчид ямар ч башир арга хэрэглээд санасандаа хүрч чадахгүй нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг шиг тодорхой зүйл.