R’nB дуучин Рианна (Робин Рианна Фэнти) энэ сарын 12-нд Америкийн хөлбөмбөгийн лигийн финалын тоглолтын завсарлагаанаар ахин тайзнаа гарах гэж байна. Тэрээр 2018 онд Грэмми шагнал гардуулах ёслолд дуулснаасаа хойш тайзнаа гараагүй байгаа юм. “Turning points”-т “Пепси-гийн оронд тус шоуны гол ивээн тэтгэгч болсон Apple music-ийн хүчээр энэ гайхалтай тохироо бүтсэн бололтой” хэмээн тодотгожээ. “Форбс” сэтгүүл хоёр жилийн өмнө Рианнаг тэрбумтан болсныг зарлаж байсан юм. Тухайн үед тус сэтгүүл дуучин бүсгүйн хөрөнгийн хэмжээг 1.7 тэрбум ам.доллар хэмээн тооцож байв. Дуучны хөрөнгийн 1.4 тэрбум нь Рианнагийн байгуулсан Fenty beauty косметикийн компанийн үнэлгээ аж. Үлдсэн хөрөнгөнийх нь тухайд Savage x Fenty дотуур хувцасны компанийн 270 сая ам.долларын үнэлгээ болон хөгжим, уран бүтээлийнх нь орлого хэмээн “Форбс” онцолж байв. Рианна гоо сайхны бүтээгдэхүүний бизнесээ эхлэхдээ бүх төрлийн арьстай эмэгтэйчүүдэд зориулсан косметик бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж зарлаж байж. Дуучны энэ бодлогыг Fenty effect хэмээн нэрлэж байжээ. Сонирхуулж хэлэхэд Fenty beauty эхний жилдээ 550 сая ам.долларын орлого олж байсан аж.