2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

Хөгжлийн банкны сонсгол уу, хөгжил гацаах шүүх хурал уу?

Т.Доржханд гишүүн Төрийн ордонд өчигдөр өрнөсөн Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэх судлах сонсголын үеэр Дарханы арьс шир цогцолбор ХХК-ийн захирал Д.Энхбаярт “Танай төслийн ард ерөнхийлөгчөөр ажиллаж явсан хүн байдаг гэж үнэн үү” гэсэн асуулт дайв. Мань эрд төслийн хөрөнгө оруулалтын талаарх захирал залуугийн тайлбар сонирхолтой санагдаагүй нь асуулт, хандлагаас нь илт анзаарагдана лээ.

Сонсголыг хөтөлж суугаа Б.Энхбаяр гишүүний асуулт хандлагаас ч төслийн хөрөнгө оруулалт, өгөөж падгүйг харчихаж болохоор байв. Ер нь сонсголд сууж асуулт асуусан гишүүдийн хэн нь ч байцааж суугаа залуутайгаа баялаг бүтээгч гэж харилцсангүй.

Тасхийтэл хөгжүүлбэл жилдээ зургаан долоон тэрбум ам.доллар чирээд ирэх хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн суурь болох арьс ширний цогцолборыг байгуулах гэж бор зүрхээрээ хөрөнгө мөнгө босгож дэд бүтцээс эхлээд чамгүй бүтээн байгуулалт өрнүүлчихсэн яваа бизнес эрхлэгч гэж харсангүй. Б.Энхбаяр ба УИХ-ын гишүүдээс нийтлэг анзаарагдсан алдаа энэ л дээ. Ганц энэ төсөл ч биш, бусад олон төсөл дээр бизнес эрхлэгчидтэй ёжилсон, доромжилсон, дайрч давшилсан өнгө аясаар харилцаж суугаа нь гоё харагдахгүй байна.Сонсгол

Зүй нь төр бол хувийн хэвшилд бизнесээ хийх нөхцөлийг нь бүрдүүлэх учиртай субьект. Харамсалтай нь манай төр сүүлийн үед хувийн хэвшилтэйгээ өрсөлдөн уралдан бизнес хийх гэж адгах болсныг олон кейсээр нотолж болно. УИХ-ын дарга десант хувцас өмсч очоод хувийн компаниас ордыг нь булааж авсан тэр өдрөөс хойш төрийн энэ улайрал бүр ч эрчимжсэн. Сая жишээ татсан Дархан арьс ширний цогцолбор дээр ч ялгаагүй. Төр тусдаа арьс ширний цогцолбор байгуулах гэж адгаж яваа.

Олонд “арван хувийн” гэдгээрээ танигдсан гишүүн өнөө төслийг нь ахалж, эзэмших газартаа хашаа хатгачихсан, өчнөөн евро, долларын санхүүжилт ярьсан шигээ сууж буй.

Гэтэл ердөө хажууханд нь хувийн хэвшил арьс ширний цогцолбор барих ажлаа аль хэдийнэ эхэлчихсэн, төрийн хийх ёстой дэд бүтцийн асуудлаа шийдчихсэн, төр үүргээ хүлээгээгүйнхээ хариуд дэд бүтцэд зарцуулсан мөнгөнийх нь хүүг төлнө гэж амлаад Засгийн газрын тогтоол хүртэл гаргачихсан явааг зориуд онцолъё.

Баялаг бүтээгчдээсээ бизнесийг нь ингэж булаадаг жишээ гудамжин дахь ТҮЦ-ээс эхлээд стратегийн том төсөл дээр хүртэл анзаарагддагийн тов тод жишээ л дээ, энэ төсөл. Хогийн цэгт хөглөрч буй арьс ширийг доллар болгох гэж зүтгэсэн хувийн хэвшлийнхээ тайлбарыг гүйцэд сонсч ч чадахгүй улстөржиж адгаж суугаа нь өнөө цагийн улстөрчдийн үнэн төрх болсныг та бид бултаараа харж байна. Хөгжлийн банктай холбоотой сонсголд “Дарханы арьс ширний цогцолбор” компани шиг “ялтан”-ы байр сууринаас оролцож яваа бизнес төслүүдийг жагсаавал барагдахгүй. Ингэсгээд зогсъё.

Уг нь яг өдийд Хөгжлийн банкны нээлттэй сонсгол огт өөр өнгөөр өрнөх учиртай. Хөрөнгө оруулалт таг гацсан, инфляц гаарсан, доллар хаданд гарсан, улстөрчдийнх нь их хулгай нүүрснээс эхлээд дэлгэгдсэн ийм цагт баялаг бүтээгчдийнхээ хэрэгжүүлж буй төслийг хэрхэн урагшлуулах вэ, санхүүжилтынх нь гацаанаас яаж гаргах вэ, үүсчихсэн асуудлыг нь ямар аргаар шийдэх вэ, улстөрчдийн оролцоо бий бол тэр хэцүү нөлөөллөөс нь гаргах шийдэл юу байна гэсэн хандлага л өдгөө өрнөж буй сонсголоос хүчтэй анзаарагдмаар санагдах юм. Гэтэл “Чиний бизнесийг бид хийнэ, тийм учраас дуугүй бууж өгөөд эх орноосоо явна уу” гэсэн хандлага гаргасан шигээ суугаа нь гашуун ч гэлээ бодитой үнэн болчихлоо. Шуудхан хэлэхэд төрийн ордонд өрнөж буй Хөгжлийн банктай холбоотой сонсгол нь ШҮҮХ ХУРАЛ, сонсголд оролцож суугаа гишүүд нь ШҮҮГЧИД шиг харагдаад байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img