2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

Тагнуулын бөмбөлөг буюу Хятад II дайны үеийн технологи ашигладгийн учир

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын нутаг дээгүүр Хятадын цэргүүд хөөргөсөн агаарын бөмбөлөг ниссэн нь багагүй шуугиан тарив. Америкийн эрх баригчид энэ бөмбөлгийг тагнуулын мэдээлэл цуглуулж, Хятадын талд дамжуулдаг байж болзошгүй хэмээн үзэж байлаа. Чухам ямар мэдээлэл дамжуулж байсан нь тодорхойгүй, Хятадын тал энэ бөмбөлгийг цаг уур судлалынх гэж мэдэгдсэн ч АНУ хоёрдугаар сарын дөрөвний өдөр бөмбөлгийг устгасан нь БНХАУ-ын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Орчин цагт тагнуулын мэдээлэл цуглуулах олон дэвшилтэт арга гарсан ч Хятад энэ бөмбөлгийг ашиглаж байгаагийн шалтгаан нь юу вэ? Шинжээчдийн үзэж байгаагаар, агаарын бөмбөлөг нь хиймэл дагуул эсвэл дронуудаас олон давуу талтай гэнэ.

Агаарын бөмбөлөг тагнуулын хиймэл дагуулаас юугаараа илүү вэ?

Хоёрдугаар сарын хоёрны өдөр АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, Хойд Америкийн дээгүүр ниссэн агаарын бөмбөлөг нь Хятадын цэргүүдэд зориулж чухал мээдэлэл цуглуулж байсан гэж хэлэхэд хэцүү, учир нь БНХАУ-ын тагнуулчид АНУ болон бусад орнуудыг тагнахын тулд дэлхий орчмын тойрог замд хиймэл дагуул илгээх болсон гэж онцолж байв.

Гэхдээ агаарын бөмбөлгүүд нь хиймэл дагуул болон дронтой харьцуулахад ихээхэн давуу талтай байдаг гэж шинжээчид үзэж байна. Стратегийн болон олон улсын судалгааны төвийн пуужингийн эсрэг хамгаалалтын төслийн захирал Том Карако c4isrnet.com хэвлэлд мэдээлэхдээ, агаарын бөмбөлөг нь хиймэл дагуултай харьцуулахад газартай ойр оршдог, тиймдээ ч тойрог замын систем рүү хүрэхээргүй мэдээлэл эсвэл электрон дохионуудыг барьж авах боломжтой байдаг хэмээн онцолсон байна.

“Тагнуулын төхөөрөмж сансарт байх үедээ барих боломжгүй мэдээллийг агаарын бөмбөлөг олж авдаг. Энэ нь дулааны хэт улаан туяаны цацраг эсвэл тагнуулын дохио ч байж болох юм” хэмээн тэрбээр өгүүлжээ.

Агаарын бөмбөлөг нь харьцангуй нам дор, удаанаар нисдэг, өгөгдсөн чиглэлээр л явдаг хиймэл дагуулаас ялгаатай нь чиглэлээ өөрчлөх боломжтой тул сонирхож буй салбарын мэдээллийг авахад илүү хялбар байдаг гэдгийг Гузоны хүрээлэнгийн Батлан хамгаалахын концепц, технологийн төвийн захирал Брайан Кларк ч онцолсон байна.
Бөмбөлөг агаарын урсгалаар туугддаг ч алсын зайнаас түүнийг удирдах боломжтой тул чиглэлийг нь тохируулж болдог аж. Түүнчлэн энэ төрлийн төхөөрөмжүүд нь урт хугацаанд нэг газраа тогтон мэдээлэл цуглуулах боломжтой гэнэ.
Хоёрдугаар сарын хоёрны өдөр болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч нутаг дээгүүр нь явж буй бөмбөлгийг тагнуулынх хэмээн онцолж байсан юм.

Учир нь АНУ-ын пуужингийн гурван баазын нэг нь байдаг Монтана дахь Агаарын цэргийн баазын орчимд агаарын бөмбөлгийг илрүүлжээ. Ингээд Пентагон нууц мэдээллээ алдахгүйн тулд шуурхай арга хэмжээ авсан гэнэ. Гэхдээ чухам ямар арга хэмжээ авсан талаар тодорхой тайлбар өгөөгүй юм.

Ингээд хоёрдугаар сарын дөрөвний өдөр F-22 онгоцноос пуужин харваж, Хятадын тагнуулын гэгдэх агаарын бөмбөлгийг устгасан юм.

Агаарын бөмбөлгийг пуужингаар устгасны дараа БНХАУ АНУ-д эсэргүүцэл илэрхийлсэн. Харилцаа “хэцүүхэн” байгаа ийм үед судалгааны бөмбөлгийг устгасан нь байдлыг улам дордуулж байна гэж БНХАУ мэдэгдсэн бол Америкийн Ерөнхийлөгч Жо Байден энэ хэрэг хоёр орны харилцаанд муугаар нөлөөлөхгүй хэмээн мэдэгдсэн юм.

АНУ-ын арми агаарын бөмбөлгийг хэрхэн ашигладаг вэ?
АНУ ч энэ төрлийн агаарын бөмбөлгүүдийг цэргийн ажиллагаа явуулах үедээ ашигладаг болоод удаж байна. 2000-аад оны эхээр Америкийн Батлан хамгаалах яам тагнуулд зориулсан ашигт ачаа бүхий агаарын бөмбөлгүүдийг Ирак, Афганистаны дээгүүр хөөргөж байв.

Түүнчлэн АНУ-ын арми пуужингийн халдлагын тухай сэрэмжлүүлэхэд ашигладаг, 31 мянган кг жинтэй холбоост агаарын бөмбөлөгт холбодог, далавчит пуужингаас хамгаалах Joint Land Attack систем боловсруулахын тулд 2,7 тэрбум доллар зарцуулсан юм. Харин 2017 онд нэг агаарын бөмбөлгийн холбоос тасарч, Мэрилендээс Пенсильвани руу нисэн, цахилгаан дамжуулах шугамыг гэмтээн, эрчим хүч тасалдуулсан хэрэг гарсны дараа дээрх хөтөлбөрийг цуцалж байв.
Гэсэн ч энэ онд агаарын бөмбөлөг боловсруулах төсвийг нэмэхээр болсон юм. Өнгөрсөн онд Politico сонин мэдээлэхдээ, АНУ-ын Батлан хамгаалах яам 2023 оны төсөвтөө агаарын бөмбөлөг үйлдвэрлэх төслийн санхүүжилтийг багтаагаад зогсохгүй бөмбөлөгт зарцуулах хөрөнгийг эрс нэмснийг онцолж байлаа.

2021 онд агаарын бөмбөлөгт 3,8 сая доллар төсөвлөж байсан бол 2023 онд 27 сая доллар төсөвлөжээ.
Дэлхийн нэг болон хоёрдугаар дайны үед өргөнөөр ашиглаж байсан “эртний” технологийг Хятад ашиглаж байгаа нь Конгресс болон Батлан хамгаалах яамны анхаарлыг татна гэж Америкийн батлан хамгаалах болон агаар сансрын бодлогын салбарын шинжээч Байрон Каллан үзэж байна. Гэхдээ энэ нь агаарын бөмбөлөг боловсруулах санхүүжилтийг нэмэхэд нөлөөлөх эсэх нь тодорхойгүй хэмээн тэрбээр онцолжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img