Удирдаач гэхээр ийм зураглал л санаанд буудаг. Телевизээр “Уран Хас” бүжгэн жүжгийн вальс эгшиглэх бүрд хөгжимчдийн өмнө зогсох дэгжин эрийг сониучирхан хараад суучихдаг байж билээ, хүүхэд ахуйдаа. Тэр үеийн мэдрэмжээс ургасан зураглал л даа. Ж.Чулуун гэж хүний тухай бичих хүсэл тэр цагаас эхтэй байх.
“Удирдаач ер нь юугаараа давтагдашгүй, ямар онцлогтой мэргэжил вэ” гэсэн асуултыг хэд хэдэн хүнд тавьж байсан ч урлаг судлаач Эсүгийн “Өөр өөрийн хөгжимдөх аргатай олон хөгжимчний гараас нэг цул бүтээл төрүүлэх шид удирдаачийн дохиурт л бий. Тэр жижигхэн дохиурын дороос сэтгэл гэгэлзүүлсэн хүчирхэг аялгуу урсдаг. Ингээд бодохоор удирдаачдыг би аялгуу урлаачид гэмээр санагддаг. Хамгийн гайхалтай нь тэд биеэрээ хөгжимддөг. Буй биеэрээ хөгжим болж байж л хөгжимчдөө хөглөж, үзэгчдийн сэтгэлийг хөндсөн аялгуу төрүүлдэг өвөрмөц мэргэжил л дээ” гэсэн үг онцгой сэтгэгдэл төрүүлсэн.
Яг л хүсч хүлээсэн хариу маань. “Уран Хас” -ын Ж.Чулууныг буй биеэрээ, бүхий л сэтгэл, оюунаараа хөгжим байсан гэж хөгжимчид дурсдаг юм билээ. Хөгжим судлаачид Ж.Чулууны гарын хөдөлгөөнийг “жигүүртэн шувуу нисэн буун, нисэн буух мэт” гэсэн нь яалт ч үгүй онцгой зүйрлэл. Энэ эрхмийн чамин дохиурын дор аялгуу урлаж суусан нэг хөгжимчин “Чулуун багшийг удирдахаар өөрийн эрхгүй л нотоо тоглочихдог. Бүр дэгэлзэж гэгэлзэж, шаналж, уярч, шатаж, догдолж тоглодог.
Нэг л мэдэхэд бүтээлээ тоглоод дуусчихсан сууна шүү дээ” гэж сэтгэгдлээ хуваалцсан байдаг. Ж.Чулууны хүү удирдаач Ч.Чинбаттай нэлээд хэдэн жилийн өмнө хуучилж суухад “Оркестрыг ховсдож байгаа юм шиг авч явж чаддаг. Нүүрнийхээ мимик, гарынхаа хөдөлгөөн, нүднийхээ харцаар удирддаг” гэж аавыгаа дурссан нь санаанд тодхон байна.
Түүний удирдсан оркестр чамин дуугаралт, сонсогчдыг хөглөх чадвараараа бусад удирдаачаас эрс ялгардаг байж. Н.Жанцанноров хөгжмийн зохиолч “Ж.Чулуун багшийн удирдсан оркестр эвтэй, зөөлөн, уран дуугардаг” гэж хэлсэн удаатай. Дэлхийн томоохон театруудад тоглох нь хаа газрын удирдаачдын мөрөөдөл л дөө. Ж.Чулуун мөрөөдлөө гүйцээсэн удирдаач. Москвагийн Большой театрын симфони оркестр 1980-аад онд Шостаковичийн “Баярын удиртгал”-ыг тоглох гэж байж л дээ. Удирдаач нь Ж.Чулуун. Тоглолт эхлэхээс өмнө оркестрын хөгжимчид хэд хэдэн нот буруу дуугаргаж Монголын удирдаачийг сорьж гэнэ.
Тэр үед Ж.Чулуун нот алдангуут нь зогсоож засч өгснөө “Намайг шалгаж дууссан бол ажилдаа оръё” гэж байж. Большой театраас гадна Болгар, Польшийн томоохон театр, Чех, Молдавын оркестрыг ч удирдаж явж. Тоглолт дууссаны дараа оркестр нь босч алга ташдаг байсан тухай хөгжимчид өнөөдөр ч өөр зуураа хуучилцгаадаг юм билээ. Сэтгэл нь хөдөлсөн Европын хөгжимчид “Гайхалтай. Үнэхээр сайхан хамтарч ажиллалаа” хэмээн дуу алдаж байсан гэдэг. Гадны удирдаачаар удирдуулсан оркестр барагтай л бол ийм хүндэтгэл үзүүлж, бахдан шагшдаггүй бичигдээгүй хууль хөгжмийн ертөнцөд үйлчилдэг.
Гэхдээ ер бусын дотоод авьяас, гарын ур, торгон мэдрэмж, мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн гүйцэтгэлийн өмнө урлаг ихэмсэг загнадаггүйг харуулсан бахдам түүх дэлхийн түүхэнд өчнөөнөөрөө л дөө. Тийм түүхийн гол дүрүүдийн нэгд Монголын Ж.Чулуун бардам багтана. Азийн Монголын хувьд удирдаач мэргэжлийн түүх тийм ч зузаан биш, дал гаруйхан жилийн настай. Анхны удирдаач нь Билгийн Дамдинсүрэн, тэгээд Жамъяны Чулуун гэсэн нэр бичигддэг юм. Хоёулаа сургууль соёлын мөр хөөж мэргэшээгүй, байгалийн авьяас дээр нэмэх нь орос мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөгөөр л оркестр удирдаад эхэлж. Гайхалтай нь тэд удирдаач мэргэжлийг дэлхий үнэлэхээр хэмжээнд эзэмшицгээсэн гэдэг.
Ж.Чулуун удирдаач Чехийн хөгжмийн академид сурахаар болж л дээ. Орос хэлэнд “а” ч үгүй учраас тусгай хэлмэрчтэй яваад очжээ. Монголын удирдаачийг шалгасан их сургуулийн доктор профессорууд “Энэ хүнд удирдаачийн талаас заах юм алга” гэцгээж байж.
Гуч гаруй жил удирдаачаар ажиллаж, дэлхийн сонгодог болон үндэсний 40 гаруй дуурь, балет, 80 шахам симфони, бүтээлийг удирдан тоглуулах үед нь Ж.Вердийн “Травиато”, “Риголетто”, “Отелло”, Чайковскийн “Хунт нуур”, “Нойрсож буй гоо бүсгүй”, “Шелкунчик”, А.Моцарт, Л.Бетховен, Б.Шуберт, Д.Шостаковичийн бүтээлүүд тайзнаа тавигдаж байсан юм.
Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноров “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжмөө Ж.Чулуунаар удирдуулах сонголт хийж байжээ.
Хөгжмийн зохиолч “Тэр их хүн миний хөгжмийг удирдсан нь бас намайг сонгосон хэрэг л дээ. Өчнөөн хөгжимчид, замбараагүй олон хөгжмийн зэмсэгтэй тийм нүсэр оркестрыг Ж.Чулуун багшаас өөр хүн тийм цэгцтэй удирдаж чадахгүй байсан гэж хөгжмийн мэргэжилтнүүд ярьдаг. Яах аргагүй үнэн. Ж. Чулуун багш удирдсан учраас үндэсний сэтгэлгээ хэв шинж талаасаа шинэчлэл хийж чадсан. Тийм ч учраас Н.Жанцанноров гэдэг хүн өдий дайны яваагийн нэлээд хувийг сая ярьсан хоёр киноны хөгжим эзэлдэг юм. Ер нь уран бүтээлч хүн хэний ухаан, авьяасын хүч дэмээр хаана хүрснээ бодох учиртай.
Шолоховын “Дөлгөөн Дон”-гүйгээр Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” төрөхгүй, Моцартгүйгээр Бетховен мэндлэхгүй. Уран бүтээлчдийн жам л даа, энэ” хэмээн дурсамж сөхлөө. Дурсамж гэснээс “Мандухай цэцэн кино” –ны Исмэл тайжийг элсээр булдаг хэсэг дээр бөмбөрийн нүсэр дуу сонсогддог доо. Яг тэр бөмбөрийн цохилттой хэсгийг Н.Жанцанноров удирдаач Ж.Чулуунтай хамт хийж байж. Эхний удаад нь Б.Балжинням найруулагч баахан хүмүүсээр бөмбөр нүдүүлчихэж. Хөгжмийн хүн биш учраас ая дан таарсан цохилт хийлгээгүй нь тодорхой. Хөгжимтэйгөө уяхын тулд киноны хөгжмийн зохиолч, удирдаач хоёр сүүлд нь өөрсдөө бөмбөр нүдсэн хэрэг. Н.Жанцанноров хөгжмийн зохиолч хорьдугаар зууны сод удирдаачийн тухай бас нэгэн дурсамж сөхлөө.
Хөгжмийн зохиолчийн найруулсан нэг концертын үеэр “Уран Хас” бүжгэн жүжгийн вальс эгшиглэж дээ. Мэдээж удирдаач нь агуу Ж.Чулуун. Найруулагч “Та хөгжмийн дундуур эхний хийлчээс хийлийг нь аваад тоглоорой” гэж. Үндэсний хэд хэдэн хөгжим тоглочихдог удирдаачийг хийл гайхалтай тоглодгийг урлагийнхан, сонгодог урлагт дурлагчид андахгүй. “Уран хас”-ын автор найруулагчийн хүсэлтийг дурамжхан хүлээж авсан ч зохиосон хөгжмөө өөрөө хийл хөгжмөөр амилуулжээ. Н.Жанцанноров хөгжмийн зохиолч тэр агшныг “Гайхамшигтай” гэж тодотгов. Сүүлд удирдаачийн хүү Ч.Чинбат ч үзэгчдэд ийм гайхамшигтай мэдрэмж бэлэглэж байсан юм. Энэ эрхэм хөгжмийн урлагт ч өөрийн гэсэн тод мөртэй.
ЮНЕСКО-гийн гишүүн зуу гаруй орны үндэсний радиогоор Монголын Ж.Чулууны “Ардын хоёр дууны найруулга” эрх дархтайгаар эгшиглэдэг. Хийл найрал хөгжимд зориулсан “Ардын хоёр дууны найруулга” –ыг нь ЮНЕСКО 1973 онд Азийн хөгжмийн үнэт бүтээл хэмээн бүртгэж хамгаалалтдаа авсан түүхтэй. Ж.Чулууныг “Ардын хоёр дууны найруулга”-аа Чех, Будапешт, Берлиний урлагийн наадмын тайзнаа эгшиглүүлэхэд үзэгчид тэр аяараа босч алга ташиж байсан гэдэг. Урлагийн өндөр мэдрэмжтэй барууны үзэгчдийг гайхшруулсан тоглолтынхоо талаар XX зууны сод удирдаач “Миний сайн тоглосных биш ээ. Морь малаасаа өөр юм бараг мэдэхгүй монголчууд ийм юм тоглочихлоо гэж гайхаа биз” хэмээн даруухан ярьж сууж. Бүр хожим хүү Ч.Чинбат нь “Ардын хоёр дууны найруулга тийм ч хөнгөн тоглочихоор зохиол биш л дээ.
Одоогийн хөгжим бүжгийн сургуулийн дунд ангиас дээшээ тоглох бүтээл. Монголчууд ийм сайхан ая зохиож, хийл хөгжмөөр гайхалтай тоглолоо гэж л алга ташсан байх” хэмээн аавыгаа дурссан юм. “Уран Хас” бүжгэн жүжгийн тухай урлаг судлаачдын дүгнэлт, шагшралыг түр орхиё. Уран гартай Хас хэмээх залуугийн хайр сэтгэлийн түүхийг өгүүлдэг энэ бүжгэн жүжгийн вальсын аялгуу хүн бүрийн зүрхэнд эгшиглэдэг. “Уран Хас” бүжгэн жүжгийг үзсэн, үзээгүй хүн бүрийн сэтгэлд эгшиглэх вальсын хөг, аяз ирэх он жилүүдэд ч бүдгэрэхгүй биз ээ. Учир нь цаг мөнхөд амьдрах шид зөвхөн урлагт л харьяалагддаг. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Ж.Чулуун багшийн хамгийн том бүтээл бол “Уран Хас” бүжгэн жүжгийн хөгжим. Чайковскийн “Хунт нуур”-тай харьцуулах боломжгүй. Адилхан хөгжмийн драмууд ч гэлээ Чайковскийнх өгүүлэмж, зөрчилдөөнтэй.
Харин Ж.Чулуун багшийнх дүрслэлийг голчилсон. Хөгжмийн цоморлиг, өөрөөр хэлбэл хөгжмийн альбом. Тус бүрдээ гайхамшигтай илэрхийлэлтэй хөгжмийн альбом. Чулуун багшийн бүтээл нас урттай байгаагийн амин сүнс нь ерөөсөө л удирдаачийнх нь мэдрэмж. Тухай нь би гэхэд л Чулуун багш шиг найрал хөгжмийг тийм ойрхон, гүнзгий мэдрэх боломжгүй” гэсэн үгээр XX зууны сод удирдаач, авьяас төгөлдөр аялгуу урлаачийг дурссан бичил зураглалаа төгсгөе.