2024-05-23, Пүрэв
20 C
Ulaanbaatar

Жек Уэтерфорд: Охид нь эрхтэй байсан учир Чингисийн байгуулсан гүрэн 150 жил оршсон

“Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан”, “Монгол хатадын нууц товчоон” номын зохиогч, Америкийн монгол судлаач Жек Уэртефордтой ярилцлаа.

-Таны “Монгол хатадын нууц товчоо” ном их сонирхолтой бүтээл. Яагаад Монголын хатдын талаар ном бичье гэж шийдсэн бэ?

-“Монголын нууц товчоо”-ны 215 дугаар зүйлд Чингис хаан “Охиддоо соёрхол өгье” гэчихээд юу ч бичээгүй үлдээчихсэн байсан. Чингис хаан охидоо яг юу гэж магтсан юм бол гэсэн асуулт энэ үед төрсөн л дөө. Чингисийн охидыг судалмаар, Монгол хатдын талаар мэдмээр санагдсан. Тэгээд л “Нууц товчоо”-ноос тасарсан тэр хуудасны эрэлд гарсан.

-Судалгааны явцад Монголын хатдын талаар материал хэр олдоцтой байсан бэ?
-Үнэнийг хэлэхэд материал хангалттай биш байсан. Олон газраас хайсан. Түрэгээс, Монголоос, Хятадаас, бүр Нью-Иоркоос ч хайсан. Монголын эмэгтэйчүүдийн тухай газар газрын хүмүүсийн бичсэн юмыг уншихад их сонирхолтой санагдсан шүү. Тухайн үеийн эмэгтэй хүнд байхааргүй их мэдэл, байхгүй тэгш эрх Монголд л байсан байж таарсан. Эрчүүдтэй нэг ширээнд сууж хоол идэх, адил байр сууринаас ярилцах, дуртай үедээ эрчүүдийн яриаг таслах гэх мэт бусад ертөнцөд эмэгтэй хүнд огт байдаггүй эрх мэдэл монгол эмэгтэйчүүдэд байсан. Үүнийг тухайн үеийн гадна дотны эрдэмтэд, судлаачид, аялагчид нүд нь орой дээрээ гарч бичдэг байсан. Монгол эмэгтэйчүүд гэж өндөр өндөр малгай өмсч, том том дуугарсан, эрэгтэйчүүдтэйгээ адил эрх мэдэлтэй, дуртай үедээ Ромын папаас ирсэн төлөөлөгчийг “Та дуугүй байж бай. Одоо би ярина” гэж яриаг нь тасалдаг, эрчүүдтэй ижил ташаагаа тулж суудаг, эмэгтэй хүнээс гарамгүй зан араншин гаргадаг сонин сонин хүүхнүүдийн тухай гадны ажиглагчид их бичсэн байсан. Энэ мэдээлэл, тэмдэглэлүүд дэлхийн эмэгтэйчүүдийн түүхэнд эмэгтэйчүүдийн эрх мэдэл эдэлдэг байсан тухай бичсэн хамгийн эртний сонирхолтой баримт байсан. Тэр баримтуудыг уншихад монгол эмэгтэйчүүд улс гүрнийг захирсан эдийн засгийн том эрх мэдэлтэй хүмүүс байсан нь харагддаг. Улстөрийн , цэргийн эрх мэдэл тэдэнд байсныг эдгээр баримтуудыг уншаад ойлгосон.Жек Уэтерфорд

-Таны судалсан, бичсэн хатдаас хэн нь илүү хайрламаар, хүндэлмээр санагдсан бэ?
-Алаги бэхи маш хүндлэлтэй эмэгтэй. Тэр Онгудыг захирч байсан. Одоогийн умард Хятадын нутаг л даа. Хууль, анагаах ухааныг сонирхож судалдаг ухаалаг хатан байсан. Алаги бэхиг судлаагүй, шүүгээгүй үед ямар ч хүнийг цаазлах эрх тухайн үед байгаагүй. Төрийг түшиж улсыг засч байсан хатан л даа.

Эмэгтэй хүнийх нь хувьд хайрламаар нэг бүсгүй бий. Тэр нь Чэчэгэн. Ойрадад өгсөн гүнж. Ойд амьдарч байсан ойрадуудыг талын монголчуудтай нэг ижил соёлтой болгох хүнд үүргийг Чингис хаан охиндоо өгсөн байдаг. Тэр хатан хэд хэдэн ойрад эртэй ханилсан. Олон хүүхэд төрүүлсэн. Эмэгтэй хүнд ахамдмаар их ачааг үүрч байж Ойрадыг монгол болгож чадсан гайхалтай эмэгтэй.

Чингис хааны үед хүндэлмээр нэг эмэгтэй байсан. Бага насны охин л доо. Нэр нь Алтани. Тулуйг татар эр булааж аваад зугатахад хамгаалж тэмцэж чадсан. Тийм жаахан охиноос ийм их зориг гарсан нь гайхал бишрэл төрүүлсэн. Магадгүй тэр охин Чингис хаанд эмэгтэй хүн ийм хүчирхэг гэдгийг ойлгуулж өгсөн байх. Алтанитай адил нэртэй нэг хатан байсан. Түүхчид нэг бол Чингис хааны, нөгөө бол Өгөөдэй хааны охин гэж үздэг. Тэр эмэгтэй Монголын их гүрний нэг нэсэг болсон Кавказын улсуудыг хамаарч захирч байсан. Нөхрөө нас барсны дараа Кавказад байдаг Азарбейжан, Армени, Грузинийг захирч байсан хатан.

-Мандухай цэцэн хатаны талаар бичсэн байсан?
-Мандухай цэцэн хатан бол маш хүндлэлтэй эрхэмсэг хатан. Чингис хааны шууд ургийн охин биш л дээ. Гэхдээ монгол төрийг авч явж чадсан. Мандухайд нөмөр болох ах байгаагүй. Түшиж тулах хэн ч байгаагүй. Гэтэл тэр эмэгтэй Чингис хааны байгуулсан монгол төрийг авч үлдэхийн тулд бүхнийг хийсэн. Монгол төрийг эргүүлж нэгтгэсэн гавьяатай хатан. Чингис хаан өөрөө байсан бол Мандухайг миний охин гэж хэлэх байсан.

-Монголыг хүчирхэг байхад охид эмэгтэйчүүд нь ямар нөлөө үзүүлсэн бэ?
-Чингис хааны их гүрний түүх түүнийг нас барахад л дуусах байсан. Яг л бусад улсын түүхтэй адил. Гэтэл охид нь хариуцлагатай, билигтэй, улсыг авч явах эрхтэй байсан учир Чингисийн байгуулсан их гүрэн 150 жил оршин тогтнож чадсан. Чингис хааны охид Монголын их гүрний холбоо, харилцаа худалдаа, хууль, эрхийн бүх асуудлыг зохион байгуулж, гардан удирдаж байсан. Тийм учраас л Монгол хүчирхэг байсан. Төв шугаманд эрчүүд нь явж ар талынх нь бүхий л ажлыг эмэгтэйчүүд нь зохион байгуулж байсан.

-Тухайн үед ихэнх улсад эрчүүдийн эрх илүү байсан. Тийм ертөнцөд эрчүүдтэйгээ эн зэрэгцсэн бүсгүйүүдтэй улс байна гэхээр гайхалтай санагдаж байна. Үүнд Чингисийн нөлөө байв уу, эсвэл анхнаасаа Монголд эмэгтэйчүүдийн эрх ийм байсан гэсэн үг үү?
-Монгол эмэгтэйчүүдийн тэгш эрх, нийгэмд оролцох оролцоо Чингисийн үеэс өмнө бүрэлдэн тогтсон байсан. Хятад эмэгтэйчүүдийг аваад үзье л дээ. Тэд гэртээ л байдаг, гэрийнхээ л ажлыг хийдэг. Лалын шашинтай эмэгтэй гэхээр нүүрээ хаачихдаг. Тэр эмэгтэйг гадаад ертөнц харахгүй. Харин монгол эмэгтэйчүүд эрчүүдийн адил явна, юм үзнэ, ярина, маргана, байр сууриа хамгаална, хууль тогтооно, ёс журамд оролцоно. Энэ талаараа монгол эмэгтэйчүүд онцлог байсан.

-Тэгэхээр үүнийг нүүдэлчин соёлтой холбож ойлгож болох нь ээ?
-Тийм ээ, тэгж ойлгож болно. Нүүдлийн соёл гэдэг бол өөр ертөнц. Нүүдэлчин байсан хар Кидан, Түрэг угсаатнуудын эмэгтэйчүүд нь яг ийм зоригтой, омог төгөлдөр эмэгтэйчүүд байсан. Хар Хитанд гэхэд хатад нь төр барьж байсан түүх бий. Нүүдэлчин соёлынх нь онцлог гэж ойлгож болно.

Жек Уэтерфорд

-Чингисийг олон жил судалсан хүний таньд хувьд асуух нэг асуулт байна. Ямар ч чимэг хачиргүйгээр Чингис гэдэг хүнийг тодорхойлооч?

-Хүмүүс Чингисийг эхэн үедээ хүндэлж байсан. Түүний гаргасан хууль, олон улсын харилцаанд гаргаж ирсэн ололт, амжилтыг мэддэг үедээ магтдаг байсан. Харин дараа нь мартаж эхэлсэн. Байгуулсан зүйлийг нь өмнө нь байсан мэтээр бодож эхэлсэн. Тэр үедээ хүмүүс Чингис хааныг муулж байсан. Перс, Хятад, Орос зэрэг оронд Чингис хааны үүсгэсэн хууль, шуудан, зам харилцаа, дипломат ёсыг өнөө хэр мөрдөж байгаа. Би анх Чингис хааныг мянганы агуу хүн гэж бодож л судалгаагаа эхэлсэн. Гэтэл судалгааныхаа явцад хамгийн агуу хууль ёсыг бий болгосон, бүрдүүлсэн, хүн юм гэдгийг л ойлгосон.

-Их засаг хуулийн талаар юу хэлэх вэ?
-Их засаг хууль бол бүх хуулиас өмнө гарсан бүх хуулийн эх хууль. Яагаад гэвэл Их засаг хуульд туссан заалтуудыг дэлхийн улс орнууд одоо болтол хэрэгжүүлж чадахгүй байна. Тухайлбал эмэгтэйчүүдийг хулгайлахгүй гэсэн заалтыг Их засаг хуульд Чингис хаан хийж өгсөн. Гэтэл өнөөдрийг болтол эмэгтэйчүүдийг хулгайлах хүний хулгайг хааж чадаагүй л байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлж чадвал дэлхийн бүх хууль хэрэгжинэ гэж би боддог.

-Нүүдэлчдийг өнөө хэр нүүдэлчин хэвээр нь байлгаж байгаа, нүүдэлчин соёлын оршин тогтнох үндэс болсон чанар таныхаар юу вэ?

-Нүүдэлчин соёлыг авч үлдэж байгаа хамгийн чухал чанар нь биеэ даасан байдал. Монгол хүмүүс мал ахуй, гэр орон, үр хүүхэд байгалиа хамгаалж авч үлдэх ёстой. Үргэлж өөрчлөгдөж байдаг энэ бүх зүйлд нүүдэлчид бэлэн байдаг. Харин суурин соёл иргэншилтэй улсад амьдрадаг хүний хувьд өөр. Аливаа нэг асуудал тулгарахад өмнө нь шийдэж байсан арга зам, мэдлэгээрээ давж гарах гэж оролддог. Гэтэл нүүдэлчид гарч ирж байгаа бэрхшээл бүртэй өөр аргаар тэмцэж, тухайн байдлаас гарах арга замыг олдог. Өөрчлөлт бүрд бэлэн байж , зохицож чаддаг чанар нь нүүдэлчин соёл иргэншил одоо болтол оршиж байгаагийн гол шалтгаан гэж би боддог.

-Таныг монголд гэртэй гэхээр их гайхсан шүү. Танайд орж ирээд бүр их гайхлаа. Монголын говийг санагдуулахаар тохижуулсан өрөө, арслантай авдар, монгол зургууд гээд. Та Монголд их хайртай юм аа?
-Би бүр жаахан байхдаа л Монголд ирж үзэхийг мөрөөддөг байсан.Монголын тухай таван ширхэг марк олсноосоо хойш бүр ч их боддог болсон. Гэхдээ тэр үед Монгол хаалттай байсан л даа. Монгол руу ирэх ямар ч боломж байгаагүй. Харин 1990 онд Турк судлалын ажил эхлүүлчихсэн байхдаа Монголд ирсэн. Хархоринд байдаг Туркийн булшийг судлах гэж. Анх ирэхдээ шөнө буусан. Улаанбаатарыг ч үзэж амжилгүй Хархорин руу явсан. Өглөө нь цэлийсэн талд сэрээд л анхны харцаар дурласан. Судалгааны ажлаа дуусгаад буцахдаа “Дахиж ирэхгүй байх. Тэгээд ч эргээд ирлээ гэхэд одоо төрж байгаа шиг ийм гоё мэдрэмж төрөхгүй биз дээ” гэж бодсон. Гурван сарын дараа эргээд ирсэн чинь бүр ч гоё санагдсан. Монголын тухай бичмээр санагдсан. Энэ орны тухай л бичиж байж Ази, Европ хоёрыг ойлгох юм байна гэж бодсон. Турк эндээс гаралтай, Уйгур эндээс гаралтай. Ази, Европын дунд Монгол байдаг юм байна, энэ орныг ойлговол Ази, Европ хоёрыг ойлгох юм байна гэдэг бодол орж ирсэн. Нүүдэлчний соёл иргэншлийг ойлгох юм бол дэлхий ертөнцийн хувирал өөрчлөлтийг ойлгох юм байна гэж бодсон. Нүүдэлчний соёл дотроо Монголыг ойлгоё гээд явж байтал Чингис гэдэг хүнийг ойлгохгүй бол Монголыг ойлгохгүй юм байна гэж бодсон. Тэгээд Чингис хааны тухай асууж сураглаж эхэлсэн. Чингис хааны түүхийг ойлгоод, Монголтой холбоод Ази, Европыг ойлгож эхэлсэн чинь Монголд дурлачихсан.

-Нөгөө Түрк судлалын ажлаа дуусгасан уу?
-Түрк судлалаар бичсэн анхны номоо хэзээ ч дуусгаж чадаагүй. Туркээ судлах гэж ирээд Монголд дурлачихсан учраас дуусгаж чадаагүй. Би хижээл насны эрэгтэй хүн. Настай эрэгтэй хүн залуу эмэгтэйд дурласан тухай түүх их байдаг. Гэтэл би залуу эмэгтэйд дурлахын оронд Монголд дурлачихсан. Ингээд л би Монголоос салж чадахаа байсан. Миний хижээл насны дурлал бол Монгол. Хэрвээ хүн дахин төрдөг бол би дараа төрөлдөө Монголд төрнө гэж боддог шүү.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img