Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Монголын иргэн В.Ойдовын пассив хауст зочилж, магтаалын үг харамгүй хайрласан билээ. Буанган эрхэм “АНУ-ын Засгийн газрын хөтөлбөрийн төгсөгч Oidov Vaanchig-ын Пассив & Нийтэд Хүртээмжтэй Лаборатори Хауз-аар зочлох завшаан надад тохиолоо. Энэхүү байшин нь нийтэд хүртээмжтэйгээс гадна эко барилгын арга барилыг шингээснээр агаарын бохирдол, эрчим хүчний хэрэглээг бууруулсан үлгэр жишээ байшин болж чаджээ. Агаарын бохирдлыг бууруулах, нийгмийн тэгш бус байдлыг арилгах, мөн нийтэд хүртээмжтэй байдлын талаарх олон нийтийн мэдлэгийг сайжруулах В. Ойдовын гаргаж буй цуцашгүй хичээн зүтгэл нь бидний шийдэх ёстой чухал асуудлууд юм. Гайхалтай түүхээсээ хуваалцсан Танд баярлалаа!” хэмээх үгсийг В.Ойдовт хаягласан юм.
В.Ойдов эрчим хүчний хэмнэлттэй, хүртээмжийн жишээ болсон байшингийн эзнээс гадна Рехтус ХХК-ийн захирал. Рехтус нь сэргээн засалт, ахуй засал ба бие даан амьдрах үйлчилгээнд зориулагдсан туслах хэрэгслийн импорт ба үйлчилгээг үзүүлэгч Монголын анхны компани билээ.
В.Ойдовтой түүний “үлгэр жишээ” байшин, хүндэт зочны талаар ярилцлаа.
-Америкийн Элчин сайд танайд зочилсон шүү дээ. Элчин яагаад танай байшинг очиж үзэхээр болсон бэ?
-Элчин одоогийн хэллэгээр бол нөлөөлөгч. Түүнийг харж байгаа өчнөөн хүн бий. Энэ хүний хөдөлгөөн, хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг олны анхаарлыг татдаг. Түүний нөлөөгөөр дамжуулж энэ байшинд хүмүүсийн анхаарлыг татахыг хичээсэн юм.
-Та урьсан юм уу?
-Би урьсан.
-Урилгыг тань хүлээж авсан болохоор тэр хүний сонирхлыг татсан байх нь ээ?
-Яах аргагүй тэгсэн. Мэдээж огт сонирхол татахааргүй зүйл рүү Элчин очихгүй л дээ. Надад ямар боломж байсан гэхээр нэгдүгээрт миний байшин одоогийн хэллэгээр трэнд болж байгаа. Эрчим хүчний хэмнэлттэй, Монгол Улс эрчим хүний дутагдалд орсон яг энэ үед ийм байшингийн ач холбогдол өндөр. Манай байшин агаарын бохирдолд хувь нэмрээ оруулдаггүй гэдгээрээ давуу талтай. Агаарын бохирдол ихтэй үед зөвхөн зуны бус бас өвлийн байшин болж хувираад байна. Нийслэлчүүдийн хувьд өвөл хүүхдүүдээ агаарт гаргах нь чухал болсон. Агаарт амьдрах боломж, эрчим хүчний хэмнэлт бол манай байшингийн онцлог. Үүн дээр миний үлгэр болтол нь ярьж байгаа нийтэд хүртээмжтэй байдал нэмэгдсэн. Элчин сайдыг урихдаа энэ байшингийн тухай олон хүн мэдээсэй гэж хүссэн юм. Олон хүн ийм байшин баривал агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах юм.
-Хүндэт зочинд мэдээж байшин таалагдсан байх л даа. Тэр ямар нэгэн дэмжлэг үзүүлэх талаар ярьсан уу?
– Элчин урилгыг маань хүлээж авна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг гэдгээс гадна надад аль хэдийнэ том дэмжлэг үзүүлсэн гэсэн үг.
-ЭСЯ-ны мэдээнд таныг Америкт суралцаж төгссөн гэдгийг онцолсон байна лээ?
-Тийм ээ, би Америкт төгсөгчдийн холбооны гишүүн л дээ. Америкт төгсөгчдийн холбооны гишүүн ийм байшин барьсан учраас Элчин сайд та боломжтой цагтаа манайд морилно уу гэж урьсан юм.
-Лаборатори хаус гэсэн шүү дээ. Танай байшинд дээрх хүндэт зочноос гадна хэр олон хүн зочилсон бэ?
– Одоогийн байдлаар 50-иад хүн зочлоод байна. Жилийн хугацаанд хүмүүст бага багаар үзүүлээд л байгаа. Хувиараа ирсэн хүмүүсээс гадна Анагаахын болон ШУТИС-ийн оюутнууд ирсэнийг онцолъё. Албан байгууллагаараа ирсэн тохиолдол ч байсан.
Лаборатори гэдэг үгийн утгыг нь мөшгиж үзвэл ямар нэг судалгаа шинжилгээ хийдэг, юмыг харьцуулж үздэг, сайн мууг нь шинждэг газрыг хэлдэг юм байна. Ийм байшин барьчихвал нэг насны хөрөнгө болно. Өдөр тутмын зардал буурна. Тухтай, үзэмжтэй байна гэж би яриад байгаа юм.
-Хүмүүст үзүүлж харуулаад, тайлбарлаад байгаа нь ийм байшин олон баригдаасай гэж хүсч байгаа гэсэн үг биз дээ?
-Мэдээж хэрэг, нууж байгаа юм ерөөсөө байхгүй.
-Ийм байшинтай болмоор байна гэхэд барьж өгдөг хүмүүс байгаа юу?
– Байгаа, технологи, зургийнх нь дагуу барих боломжтой. Хүн болгон өөр өөрийн сонголттой. Зарим нь шовгор оройтой, өөр нэг нь хавтгай дээвэртэйг, арай том метр квадраттайг эсвэл арай жижгийг хүсч магадгүй. Энэ бүх хүсэл эрчим хүчний хэмнэлттэй буюу пассив гэдэг онцлогоор хязгаарлагдана. Шовгор оройтой байшин дулаанаа дээшээ алдах магадлалтай учраас ийм загварууд оновчтой сонголт биш байх жишээтэй. Хэрэв сар болгоны цахилгааны төлбөр бага гаргадаг болгомоор байвал эрчим хүчний хэмнэлттэй байшинд тавигддаг тодорхой шалгуурууд бий. Тэр шалгуурыг гарцаагүй дагах учиртай.
-Танай байшин 130 саяд боссон гэсэн үү?
-Тийм. М.кв нь 2,3 сая.
-Амины орон сууцанд зээл авахад чамгүй босго тавигддаг, тэр шалгуурыг яаж давсан бэ?
-Нэгдүгээрт байшин чинь үнэхээр эрчим хүчний хэмнэлттэй юу гэдгийг нотлох шаардлагатай болдог. Нотолж чадахгүй бол зээл чинь буцаагдана, эсвэл огт өөр нөхцөл рүү шилжнэ. Хоёрдугаарт барьж өгч чадах компани байна уу, үгүй юу. Хас банкин дээр гэхэд эрчим хүчний хэмнэлттэй байшин барьдаг арваад компани байна. Хамгийн эхлээд байшингийн зураг эрчим хүчний хэмнэлттэй гэдэг нөхцөлийн дагуу зурагдсан байх ёстой. Хоёрдугаарт барих компанитай ойлголцсон байх шаардлагатай. Баригдахад бэлэн боллоо гэхэд банк зээл өгнө. Банкнаас зээл авахын тулд мөн барьцаа хөрөнгөтэй байх ёстой.
-Банк бол пассив хаусанд зээл өгөх сонирхолтой байгаа гэсэн үг үү?
-Тийм. Том хандивлагч нар ногоон зээлийг дэмждэг учраас эрчим хүчний хэмнэлттэй байх шалгуур гарцаагүй тавигддаг юм билээ. Бид нэг дэлхийд амьдарч байгаа учраас бөмбөрцгөө эрүүл байлгах тухай бүгд бодож эхэлсэн. Цаашдаа ч эко зээлийн бүтээгдэхүүнүүд улам л нэмэгдэх болов уу. Бүүр илүү таатай нөхцөлтэй болж ч магадгүй санагдсан. Хүлэмжийн хийн асуудал, дэлхийн дулаарал бүх юм энэ рүүгээ чиглээд л явж байна шүү дээ.
-Эмээ чинь ирж үзээд ахмад настны бүлгийн “эксперт”-ийн зүгээс онц үнэлгээ өгсөн гэж ойлголоо?
-Эмээ маань ер гаруй настай хүн бий. Хотод дүүгийнд өвөлжиж байгаа. Тэнд настай хүн гарч ороход хүндрэлтэй шиг байгаа юм. Харин манай байшинд орж гарахад настай хүнд их тухтай, ямар нэг саадгүй, халтирахгүй аятайхан байна гэсэн юм. Аргагүй л дээ, би чинь өөрөө таягтай юм чинь халтирч унахаар орчин бүрдүүлэхгүй байхыг бодно шүү дээ. Ариун цэврийн өрөө маань орон зайтай. Тийм учраас эмээд маань их таалагдсан. Эмээгийнхээ өвөрт нь өссөн хүүхэд шүү дээ, би. Багадаа ээж, аав хоёр ийш тийшээ явахаар эмээгийнд очдог. Өвөрт нь унтдаг байсан. Тэр ч бас мундаг нэр төрийн хэрэг л дээ. Эмээ маань 13 хүүхэдтэй. Өчнөөн ач, зээтэй. “Эмээгийн өвөрт унтдаг байсан” гэж хэлэх цөөн хэдэн хүүхэд бий. Би хоёр дахь ач нь.
-Анагаахын оюутнууд ирсэн гэсэн. Тэдний хувьд байшингийн аль хэсэг чухал байв?
-Анагаахын хөдөлмөр заслын оюутнууд ирсэн юм. Жишээлбэл харвалттай хүний хувьд хувийн орон сууцыг яаж өөрчилбөл зохимжтой вэ гэдэг тэдэнд сонин байсан. Хаалга, коридорын эргэлт, цонхны тавцан, гал тогооны тавилга ямар байх ёстой вэ гэдгийг нүдээр харж байж илүү сайн ойлгоно. Зурган дээр хичнээн гоё үзүүлээд бодитоор харахыг гүйцэхгүй шүү дээ. ШУТИС-ийн архитектурын ангийн оюутнууд бас ирсэн. Оюутнууд надад дүн тавих нь ч хаашаа юм. Гэхдээ миний зорилго бол цаас, онол, номонд байдаг юмыг бодит амьдрал дээр ийм байдаг шүү гэдгийг л буулгаж үзүүлсэн хэрэг.
-Гол нь барилгын компаниуд хүртээмжтэй орон сууц барих гэдэг “мессеж”-ийг хүлээж авсан болов уу?
-Тэд юу ойлгосныг хэлж мэдэхгүй байна. Барилгын компаниуд ийм байшин барьж сурахад хоёр хүчин зүйл нөлөөлнө. Байшин бариулах гэж байгаа иргэдийн боловсрол чухал. Гайгүй компани бол хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан судалдаг. Муу компани бол зүгээр л дөрвөлжин хайрцаг босгочихоод, түүийгээ зарах гэж оролддог. Би энэ байшингийн талаар фэйсбүүкээр “хашгираад” байгаа гол шалтгаан нь иргэдийн энэ талын мэдлэгт дусал нэмэх гэсэн юм.
-Та бол цонхны бариулыг хаана байрлуулах гэдгээс авхуулаад олон юмыг өөрийнхөө онцлогт тохируулаад хийлгэсэн байна лээ?
-Зөвхөн миний онцлог биш, байшинд амьдарч байгаа хүүхдийг бас бодолцсон. Зөвхөн ганц хүнд зориулсан бол утгагүй байшин болно.
-Мөрөөдлийн байшингаа босгосон гэж ойлгож болох уу?
– Энэ бол бодит хэрэгцээнд үндэслэсэн байшин. Мөрөөдөж зурсан эд биш. Манай байшингийн газар дээр тог 220 вольт авдаг боловч 180 болж бууж орж ирдэг. Тэгэхээр өндөр хүчин чадалтай цахилгаан зуух хэрэглэх боломжгүй байсан. Энэ бол нэгдүгээр хэрэгцээ. Цахилгаанаар “зодчихъё” гэвэл зуух нь ажиллахгүй. Гал түлдэг зуух тэнд ажиллуулах боломжгүй. Эхнэртээ тэгж ажил удмааргүй байсан. Энэ бол хоёр дахь хэрэгцээ, гурав дахь хэрэгцээ гэвэл би хотын агаарын бохирдлоос зугтаж оччихоод нүүрс түлж таарахгүй. Би хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлгөөний дутагдалтай хэрнээ өөрөө орж гарч чадахгүй байшин бариулчихвал утгагүй. Энэ бол дөрөв дэх хэрэгцээ.
-Ийм байшин олноор нь бариад эхэлбэл хямдрах болов уу?
-Тэгнэ. Олныг баривал нэгжийн хямдрал үүснэ шүү дээ.
Яндангүй байшин учраас олноор нь баривал агаарын бохирдол буурна. Яндангүй байшин хэрнээ цахилгааны мөнгө сард 500-600 мянга гараад байвал дарамттай. Гэтэл манайх 30-40 мянган төгрөг төлөөд байхаар инээгээд л амьдарна биз дээ.
-Халаагч хэрэглэдэг гэсэн үү?
-Тэгдэг, пассив гэхээр манайхан ямар ч мөнгө төлөхгүй гэж ойлгоод байдаг, тийм биш шүү. Пассив гэдэг тодорхойлолт нь нэг байшингийн метр кв-ыг 365 хоног халаахад 15 киловатт цагаас дээш гарахгүй байхыг хэлнэ. Энэ л хамгийн том шалгуур. Түүнээс биш нарны толь хэрэглэснээрээ пассив болчихдог юм биш. Галзуу зузаалснаараа пассив болчихдог юм биш. Битүүмжилснээрээ ч болчихдог юм биш. Байшингийн урсгал зардал өндөр биш, орчин нь бохирдолгүй бол нэг том шалгуур хангасан гэсэн үг.
Хүртээмж гэдгийг тооцоогүй бол хүн өндөр настай болно, хүүхэдтэй болно. Тэр болгондоо байшиндаа өөрчлөлт хийх шаардлагатай болдог. Өтлөөд ирэхээрээ хүнээр асруулахад хүрнэ. Ийм нөхцөлд байшин чинь тохиромжгүй бол өөр байшин хайх болно. Тэр бүх зардлыг эхний хөрөнгө оруулалтаараа л шийдэх боломжтой.
50 жил амьдрах байшингаа дахин өөрчлөх шаардлагагүйгээр тооцоод загвар гаргана гэсэн үг. Урсгал зардал маш хямд тусна.
-Танайх бас хөрсний нөхцөлөө шинжлүүлсэн гэсэн үү, тэр нь байшингийн өртөгийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн үү?
-Тэгэлгүй яах вэ, шинжлүүлсэн, тэгж байж сууриа цутгах юм чинь. Өртөг нэмэхэд нөлөөлөлгүй яах вэ. Байшингийн зөвхөн зураг гэхэд л долоо, найман сая төгрөг шүү дээ.
-Хэрэв төр агаарын бохирдлыг бууруулах бодлого барьж байгаа бол хөрсний нөхцөлийг айл бүр тусдаа шинжлүүлэхгүйгээр эрдэмтдийн судалгааг ашиглах, бага орлоготой иргэдэд пассив хаусны бэлэн зураг загвар ашиглах боломж олговол байшингийн үнэ нэлээд буурах боломжтой юм биш үү?
– Маш зөв. Хэрэв өртөг бууруулж чадвал олон өрх ийм байшинтай болж, Улаанбаатарын утааг багасгах боломжтой. Өртөг бууруулах ажил төр засгийн бодлогоор явдаг зүйл байхгүй юу. Улаанбаатарын хөрсний нөхцөлийг тодорхойлсон судалгаа байдаг бол бид заавал нэмж судалгаа хийлгэх шаардлагагүй л дээ.
Эрчим хүчний хэмнэлттэй байрны нэг давуу тал нь байршил голохгүй. Нар л тусч байх хэрэгтэй. Бохирын асуудлыг бие даасан системээр шийдэж болж байна. Бага хэмжээний тог байхад амьдарч болохоор байгаа юм.