2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Эрүүл мэнд-Үндэсний баялаг” уриан дор хэрэгжүүлж буй хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны хэрэгжилт, үйл ажиллагааны явцтай танилцлаа. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, дэд сайд С.Энхболд нарын хамт Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв болон “Фамили медикал” эмнэлэгт ажиллав.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Г.Ууганцэцэг дүүргийн хэмжээнд 383892 иргэн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдахаас энэ оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар 110,762 иргэн буюу 28.8 хувь нь хамрагдсан бөгөөд улаан хоолойн хавдрын урьтал эмгэг, ходоодны шарх, хавдар, элэгний хортой, хоргүй хавдар, умайн хүзүүний хавдрын урьтал эмгэг, элэгний В, С вирусийн шинэ тохиолдол зэрэг өвчлөл, өөрчлөлтүүд зонхилон илэрч байгаа талаар танилцуулав.

Тусламж үйлчилгээний чанар хүртээмж, эрт илрүүлгийн хамралтын хувийг дээшлүүлэх зорилгоор 18-30 насны иргэдийг зөвлөх поликлиниктээ, бусад насны бүлэг буюу дуран оношилгоотой багцыг дүүргийн нутаг дэвсгэр дэх улсын болон хувийн эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн хүмүүст хүрч очиж ажиллах зохицуулалт хийжээ. Тухайлбал, бүрэн тоноглосон эрт илрүүлгийн автобус ажиллуулж, өнгөрсөн онд 1,509 хүнийг хамруулсан байна.

Иргэн бүрийг эрт илрүүлэгт хамруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх энэхүү арга хэмжээнд төрийн өмчийн 49, хувийн хэвшлийн 27 байгууллага хамтран ажиллаж байна. Эдгээрийн нэг нь “Фамили медикал” эмнэлэг юм. Тус эмнэлэг Баянзүрх дүүргийн хоёр, 21, 27 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн ес, 16 дугаар хорооны 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэгт хамруулах гэрээтэй бөгөөд өдөрт 60-70 хүн хамрагддаг. Энэ хугацаанд 12,600 гаруй хүн эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдсанаас 250 орчим хавдрын урьтал болон батлагдсан тохиолдол илэрчээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмнэлгүүдэд ажиллах үеэрээ үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр эрүүл мэнддээ анхаарч шинжилгээ, оношилгоонд хамрагдахаар ирсэнд нь талархал илэрхийлээд “Энэхүү эрт илрүүлгийн арга хэмжээ нь Монгол Улсын хүн амын нас, насны бүлэгт зонхилон тохиолдох өвчин, эмгэгийг илрүүлэх, эмчлэх зорилготой. Цаашид иргэн бүр жил тутам эрт илрүүлэгт хамрагдаж хэвших нь чухал байна. Бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол дээшилснээр монгол хүний дундаж наслалт нэмэгдэж, амьдралын чанар дээшилнэ” гэв. Мөн гэр бүл, ойр дотнынхныхоо эрүүл мэндэд анхаарч эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд идэвхтэй хамруулаарай гэж Ерөнхий сайд уриаллаа.

Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэгжүүлсэн энэхүү кампанит үзлэгт улсын хэмжээнд хүн амын 25.7 хувь буюу 852,834 хүн хамрагдсан байна.

Өвчлөлийн нийт 636.360 сэжигтэй тохиолдол дунд хоол боловсруулах тогтолцооны өвчин (48.3%) зонхилж байгаа бол хүүхдийн өвчлөл дунд амны хөндийн өвчлөл өндөр үзүүлэлтэй байна. Эрт илрүүлгээр 5.518 хавдрын тохиолдол илэрснээс 2347 нь хортой хавдар байна.

Засгийн газраас цаашид эрт илрүүлэх үзлэг, оношилгооны дүн, мэдээлэлд үндэслэн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тус салбарын тогтолцооны өөрчлөлт хийх зэрэг ажлыг төлөвлөж байна.

Эх сурвалжЗасгийн газар
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img